Сонин хачин

Их сургуульд хэдэн төгрөг зарцуулах бол гэж ээж минь…

Бага насны минь дутуу гацуу борогхон амьдрал минь… Ухаан орсон цагаас минь л миний дэргэд аав аа гэж дуудах хүн байсангүй. Дандаа л ээж, ээж, бас дахин ээж…

Ээж ажилдаа явна. Ээж хоолоо хийнэ. Ээж гэрээ цэвэрлэнэ. Бүгдийг л ээж минь амжуулдаг байж.

Харин сургуулийн биеийн тамирын арга хэмжээ, тэмцээн уралдаан, эцэг эхийн хурал болоход ээж минь ирдэггүй байлаа. Үнэндээ хоёр биенээ тэжээх гэж зүтгэж ажиллаж байсан ээжид минь сургууль дээр ирэх зав байдаггүй байлаа.

Ажил …. ажил… ажил…

Ийм л амьдралд өсчээ, би.

15 нас хүрэх жил юм даг. Анх удаа ээжээсээ төрсөн өдрийн бэлэг авлаа. Дулаахан бор өнгийн ноосон цамц.

Ээжээсээ бэлэг авна гэдэг хичнээн сайхан ч дотроо би ээжийгээ ихэд өрөвдөж байлаа. “Ээж минь цамц надад авч байхын оронд энэ мөнгөөрөө хиймэл шүдээ хийлгэхгүй дээ…” гэж бодож байв.

Өөртөө биш үр хүүхэддээ бүхнийг зориулдаг эх хүн гэдэг агуу .

Гар нь хатууран эвэршээд нүүрэндээ ямар ч гоо энгэсэг түрхээгүй ээж минь миний төлөө хичнээн зүтгэж ажиллаж байгааг ойлгодоггүй байж дээ.

Зургийн альбом дээрхи залуу насны ээжийн минь ганган зураг үнэхээр л түүх болон үлджээ. Цав цагаан шүдээ яралзуулан инээх ээжий минь залуу нас гангар шаазан шиг хэврэгхэн бас богинохон байж.

Дэрвэлзэж явсан залуу насаа орхиж дэндүү жаахан үрийнхээ төлөө зүтгэхээр эвэршсэн гар, энгэсэггүй царайг сонгожээ ээж минь. Өөрийн эрхгүй нулимс гарч байлаа.

Удалгүй ахлах сургуулиа төгслөө. Энэ үед дэвшин суралцах тухай сургуулийн тухай хурал болоход ээж маань анх удаа гараа өргөн босч “Их сургуульд хэдэн төгрөг зарцуулах бол…” гэж асууж билээ.

Их сургуульд явах ямар ч бололцоогүйг минь мэдсээр байж, яагаад… гэж бодон гайхан ээж рүүгээ харахад ээж минь гэртээ хариад надад хадгаламжийн дэвтэр үзүүллээ.

Их сургуульд сурах 4 жилийн зардлыг ээж минь цуглуулсан байлаа. Өөрийгөө гаргуунд нь хаян байж ажиллаж байсан ээжээрээ бахархаад баршгүй.

Нутгаасаа хол сургуульд явах үед ээж минь нүд дүүрэн нулимстай инээвхийлэн “Миний хүү хичээгээрэй. Ээжийнх нь санаа одоо л нэг амарч байна. Энэ ороолтийг ээжийгээ санасан үедээ зүүгээрэй” хэмээн хэзээ ч юм бас л гараараа нэхсэн улаан ноосон хүзүүний ороолт надад зүүлгэж билээ.

Их сургуулийн 4 жилийг ээжийнхээ өгсөн бор ноосон цамц, улаан ороолтоор чимэн амжилттай төгсөв.

Амьдралын баяр баясгалантай үед ч, уйтгар гунигтай зовлонтой үед ч сэтгэлийг минь дулаацуулах энэ л цамц, ороолт хоёр.

Ээжийн үнэртэй цамц, ороолт хоёртойгоо байхад би алзахгүй гэж боддог юм.

Ээж минь тэнгэрийн холоос намайг харан хамгаалж л суугаа даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button