"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

ХОНИГОЙ

Зохиолч, яруу найрагч, МУСГЗ Э.Хархүү

Манай сургуульд Бүтэмж нэртэй нэг багш байх. Жараад оны үе юмаа. Гэртээ ганцаар дөрвөн ханатай товхийсэн хөөрхөн гэрээ өндөр мөртэй шалан дээр барьчихна. Тэрээр бага ангийн багш хүн. Шавь нар нь сурлагаар тун дориун , биеэр намхан тул шавь нараасаа нэг их ялгарахгүй. Тэдний ангид биерхүү өсгөлүүн хэдэн хүү байх. Заримдаа сурагчдаа гэрээр давтуулна.

Хэд хэдээрээ суучихсан тоо бодож, ном уншиж байх нь их хөөрхөн . Хүүхдүүд багшдаа хачин дотно. Амралтын өдөр хэдүүлээ аргал түүж ирээд багшийндаа өгчихнө. Хөдөөнөөс эцэг эх нь сүү хоормог дөхүүлнэ. Бүтэмжийг бид Бүүеэ гэцгээх. Ямар учиртайг хэн мэдлээ, өдий болтол авгай аваагүй. Тавь шүргэж байгаа гэхэд тэн тан алхалсан чийрэг нэгэн. Ийм нэг бодь эр сумын төвийн зүүн талд ганц гэрээр аж төрдөг байлаа.

Хашаа нь цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн , дээр үеийн ламын хашаа гэсэн үг. Ширхэг чулуу ч үл үзэгдмой. Заг, аргал түлшээ цэмцийтэл хураагаад бүтээчихнэ. Багш бид хааяа тэднийхээр орох. Унд устай, элбэг дэлбэг сайхан айл. Нэг өдөр тэднийд хөдөөний нэг хөгшин ирээд өнчин хурга өгчихөөд явжээ. Түүндээ Бүүеэ Хонигой гэж нэр өгөв. Хойтон Хонигой том биетэй, мяндас шиг намирсан гоёмсог мөнгөлөг үс ноостой сайхан төлөг болов оо. Сургууль руу эзнээ дагаад хүрээд ирэх. Сургуулийн гадна эзнээ хүлээгээд хэвтэж байснаа баруун жалганд очоод өвс ногоо чимхэлнэ.

Хичээл тарахыг андахгүй, майлсаар гүйгээд ирнэ. Хүүхдүүдийн чихэр боовыг торжигнотол идчихнэ. Хонь, эзэн хоёр зэрэгцээд л гэр өөдөө явахыг харахад нэг их өхөөрдмөөр , Хэдэн жилийн дараа Хонигой лагс том биетэй, шигүү мяндсан зогдортой сайхан эр хонь болж билээ. Заримдаа сумын төв дээгүүр хаа хамаагүй явж харагдах. Эзнээ дуудахлаар хар барааны газраас шогшоод ирнэ.

Мал махны үеэр зарим хүн Бүүеэгээс хонийг нь худалдаж авах гэж шална. Том ч үнэ хаяна. Бүүеэ халгаахгүй, бүдүүн шарын үнэ өгсөн ч би хонио зарахгүй ээ, хэн хэндээ хань болоод байж байх нь сайхан байдаг юмаа гэх. Сүүлдээ хүмүүс ч шалахаа больсон бололтой.

Жинлүүр дээр тавивал лавтайяа хоёр гурван төлөгний жин татах байх. Хонигой мушгирсан том эвэртэй, данх шиг сүүлтэй, хар нүдэн ирэг. Нэг удаа түүн рүү нохой дайрахад гасалтал мөргөсөн гэдэг. Хааяа төрхгүй хүүхэд чихэр боовхоноор хуурч байгаад барьж аваад мордчихно. Бүүеэг үзэхлээр Хонигой хурдаараа цогихтой зэрэг нөгөө хүүхэд пидхийгээд ойчих. Ангийнх нь хүүхдүүд Хонигойг их өмөөрнө. Тэр хонь ч тэднийг сүрхий сүрхий таньж чих хоолойгоо маажуулж зогсох дуртай.

Бүүр хожим нь Хонигой биеэ даахаа болиод гэрийнхээ гадаа өвс тэжээл, элдэв боов талххан идээд хэвтэж босож байдаг болж билээ. Бүүеэ хонио хүүхэд шиг эрхлүүлнэ. Хоорондоо хэл амаа ойлголцдог ч юм уу гэмээр . Тэр нэг өглөө ангийнх нь хүү , охин хоёр багшийндаа иртэл Хонигой гэрийнхээ хаяа дэрлээд үхчихсэн байхтай таарчээ. Охин нь эхэртсэн дуугаар “Багшаа Хонигой өнгөрчихсөн байна шүү дээ” гэж хашхирав.

Багш дээлээ дутуухан ханцуйлаад гарч ирж. Хэсэг харж зогссоноо буцаж ороод өөрийнхөө дээлээр бүтээчихээд цааш эргэхдээ нүдээ арчиж явсан гэдэг. Мал хүн хоёр ижилсэнэ гэдэг сэтгэл уярмаар сайхан байдгийг энэ түүх өгүүлнэм билээ. Мал эзнээ, малгай толгойгоо гэдэг аргагүй л үнэн юмаа. Э.Хархүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button