"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Хүнийх /өгүүллэг/ Т.Аззаяа

Зүүн шанхных нь үсийг гарынхаа алгаар зөөлөн илбэлээ. Тэр маань сэрвэлзэн, нүдээ хагас нээхэд нь би хурууныхаа өндгөөр уруулд нь хүрээд

  • –Чшш гэж аяархан шивнэв. Нойроо харамласан нялх хүүхэд шиг үрчигнэж байснаа тэр ахиад л гүн нойрондоо умбасан бололтой.
  • -Юу зүүдэлж байгаа юм бол? Намайг болов уу? Аль эсвэл…? гэж бодсоноо Шүүдэр гэнэт хачин их гуниглаж, санаа алдлаа. Түүний амьдралыг ер нь Эсвэл гэдэг үг илэрхийлж чадах ч юм шиг. Учир нь тэр бүх зүйл дээр хоёр дахь сонголт нь байсаар ирсэн. Арван жилийн сагсан бөмбөгийн тэмцээнд ч үргэлж “замена”-аар сонгогддог байсан. Ядаж тэр ээждээ хүртэл хоёрдогч хүүхэд нь байсан мэт. “Наад том охиноо чи өөрөө тэжээ” гэж аавд нь хэлээд охин дүүг нь хөтлөөд гарсан тэр цагаас хойш юм бүхэнд тэр орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэсээр залхаж гүйцэв. Түүнийг байхад хэн ч магнайгаа тэнийтэл баярлахгүй. Байхгүй байсан ч хэнд ч хохиролгүй. Зүгээр л завсрын.

Хайр дурлалд ч тэр. Очиж очиж гэр бүлтэй хүнтэй, бүр албаныхаа даргатай ингээд ч явж байх гэж. Гэвч түүнд өөрийн эрхгүй алдраад байгаа сэтгэлээ хүлчихэж болохгүй нь гаслантай. Анх удаа ажлын талбар дээр гараад, нэгнийх нь төрсөн өдөр гэхэд юугаа ч бодолгүй дагаж очсон тэр өдрийг амьдралынхаа жаргалтай, эсвэл зовлонтой өдрүүдийн алинд нь багтаахаа Шүүдэр ойлгоогүй л яваа. Тэгэхэд тэр хэн нэгний хувьд дахиад л хоёрдогч нь, нууц амраг нь болсон. Гэвч анх удаа эр хүнд өврөө нээж, ухаангүй дурлаж үзсэн.

“Миний найз өөрийнхөө аз жаргалыг л бод. Хүн нэг л амьдарна шүү” гэсэн найзуудынхаа үгэнд баярлан, өөрийгөө буруутгахыг хүсээгүй. Бодлынхоо ертөнцөд шувуу шиг дүүлэн ниснэ. Тэндхийн тэнгэр нь даанч харанхуй байдаг нь хачирхалтай. Урдахаа харалгүй жигүүр алдах вий гэхээс сэмхэн айна.

Амрагийнхаа духан дээр зөөлөн үнсчихээд, сэрээхгүй гэсэндээ өлмий дээрээ хөнгөхөн хөнгөхөн гишгэлсээр хонгилын өрөөнд очиж, хувцсаа өмслөө. Шүүдэр түүнээс түрүүлж ажил дээрээ очих ёстой. Хүмүүсийн хэл амны бай болохыг хүсээгүйдээ ч тэр үү. Магадгүй нууц амраг нууц хэвээрээ үлдэг гэж бодсон биз.

  • Замаас такси барихаар гараа өргөтөл хар өнгөтэй соната машин урд нь хөндөлсөн зогслоо.
  • –Хүргүүлэх үү?
  • Жолооч нь давгүй юм гээч гэж нэг бодсоноо үг дуугүй хаалгыг нь онгойлгон дотор нь орж суув.
  • -Ийм хөөрхөн бүсгүйг найз залуу нь хүргэж өгдөггүй юм уу? Эсвэл найз залуугүй юм уу?
  • Ямар олон үгтэй юм бэ? гэж нэг хэлэх гэсэн авч, больж –Байхгүй гэж дуулдах төдий хариулав.
  • -Тийм гэж үү? Тэгвэл надад боломж байгаа юм байна тийм үү?
  • Энэ удаа Шүүдэр юу ч хариулсангүй. Залуу дахиад нэг юм асуух гэснээ санаа нь зовсон бололтой амаа жимийн, хурдаа үл ялиг ихэсгэв. ФМ-ээр хоёулангийнх нь үл таних баргил хоолойтойн эмэгтэй дуулахыг эс тооцвол нам гүм явсаар ажлынх нь үүдэнд ирлээ. 1500 төг гарт нь атгуулчихаад буух гэтэл Шүүдэрийн ханцуйнаас жолооч хархүүгийн гар татаад авах нь тэр.
  • -Уучлаарай. Мөнгө өгөх хэрэггй ээ. Харин надад дугаараа өгөөч тэгэх үү? Үнэнийг хэлэхэд би чам шиг сайхан эмэгтэй харж байгаагүй юм байна.

Харц нь дөлгөөн, сэтгэл татам. Ийм харцтай эрийн уруул нь ямар амттай бол? Бүсгүйн зүрхний цохилт алгуурхнаар түргэслээ. Тэр нэг л мэдэхэд утасны 8 оронтой тоог хуудас цаасан дээр тэмдэглэж өгчихөөд үл ялиг инээвхийлэн, ажил руугаа алхлан оров. Тэр хэзээ хамгийн сүүлд хүнээс ийм үг сонссоноо мартаж орхижээ. Түүний ухаангүй дурласан дарга нь ч нэг ч удаа түүнд ингэж хэлж байгаагүй. Үүнд нь ч эмзэглэдэггүй байж. Хоёрдогчийн заяанд дасчихсан явсан учраас. Гэтэл сая хэн нэгэн түүнийг өмнө нь харж байсан бүх эмэгтэйчүүдээсээ хамгийн сайхан нь гэж хэллээ гэж үү? Итгэмээргүй юм.

Тасгийнхаа хаалгыг угзран таттал насан турш нуугдаж явахыг хүссэн тэр царай угтан авлаа. Даргын эхнэр. Бас түүний хоёр хүүхэд.

  • -Өө сайн уу, Шүүдэрээ? Миний дүүгийн ажил сайн уу? Багахан үрчлээ суусан ч, 10 насаар залуу харагддаг шингэн царайгаараа тэр эмэгтэй өөдөөс нь инээв. Харц нь дальдчин, бушуухан хаалгаар гараад гүйчихмээр байсан ч ямар нэг сэжигтэй үйлдэл хийж болохгүй гэдэгтээ хоригдон хөлөө “тушлаа”.
  • -Сайн сайн байна уу, Нараа эгч ээ? Та ямар хэргээр яваа юм?
  • -Өө манай хүн өчигдөр шөнө ажил дээрээ хононо гээд л гараад явсан. Сая ирсэн чинь байдаггүй. Өглөөний цайгаа уух гээд гарсан юм байлгүй дээ. Би солих оймс, жаахан хоолтой авчирсан юм. Тэрийгээ өгөх гээд л. Ажил гэхээр л ухаанаа алдчихдаг хүн дээ. Гэхдээ ямар хүүхэн шуухан эргүүлээд яваа биш дээ л гэж бодож тайвшрах юм. Хаа очиж тохьтой томоотой хүн шүү миний хань чинь.
  • -А..ан тийм үү. Энэ үеэр цонхны тавцан дээр байсан жижиг шилэн ваарыг бага хүү нь татаад унагаачихав.
  • -Өө, аавынхаа юмыг миний хүү чинь яаж байгаа юм бэ? Энэ хоёр аавыгаа санаад байна гэсээр байгаад дагаад хүрээд ирсэн юм. Хэрэг тарих гээд байж л дээ.
  • Шүүдэрийн нүдний аяга нулимсандаа түүртээд бүрэлзэнэ. Яаж ч чадсангүй. Хамаг байдгаараа хөлөө барих гэж хичээсэн боловч, өрөөнөөс аль хэдийн гараад гүйчихсэн байлаа.
  • -Хүүе миний дүү хаачих нь вэ?

Чигээрээ 00-ын өрөө рүү гүйж ороод, угаалтуурынх нь усыг тултал нь гоожуулав. Ширүүн усны чимээнд түүний цурхиран уйлах дуун бүрэн дарагдахгүй аж. Гэвч хоёр өрөөний цаана суугаа дарынх нь эхнэрт сонсогдохгүй байх хэмжээнд бол хангалттай сайн дарагдсан байв.

Яагаад уйлаад байгаа юм? Чи өөрийнхөө аз жаргалыг л бодох хэрэгтэй гэж нэг шийдэмгий хэлж үзтэл сэтгэлийнх нь булангаас Гэвч чи бусдын аз жаргалыг булаахыг оролдсон гэж хүний хэлэх сонсогдов. Үүнээс үнэн бас гашуун үг байхгүй мэт.

Энэ мөчид жин жин хэмээх мессежний дуу түүний бодлыг сатаарууллаа. Hi. Turuun dugaariig chin avsan zaluu bna. Yu bna daa? Chi mini bodloos salahgui yum. Нэг ч гэсэн хүний хувьд анхдагч нь байх гэсэн, бас хүнээс авсан юмаа эргүүлж өгөх хүсэл түүний зүрхийг эзэмдлээ. Шууд л утсаараа дарга руугаа “Bayrlalaa” гэсэн үгтэй мессежийг явуулаад, зориг шулуудан ажлаасаа гарахаар шийдэв. Тэгснээ яг юунд нь баярлах билээ дээ? гэж бодосхийлээ.

Эхнэрийнхээ орлон тоглогч болгосонд нь уу? Биш ээ. Бурхнаас хүртэл нуугдан байж амсуулдаг байсан бал бурамд нь баярласан хэрэг. Гэвч тэр бурам хүнийх байсан. Хүний юм хэзээ ч бүр мөсөн өөрийнх болдоггүй жамтай аж. Нулимсаа арчиж, хувцсаа янзлаад өнгөрсөндөө биш, ирээдүйд болж магадгүй байсан бүх зүйлд сүүлчийн удаа харамсан гар утсаа тас атгасан чигээрээ ажлынхаа хаалгаар гарлаа.. Нууц амрагийн, бас хоёрдогч амьдралын хаалгаар ч бас гарсан хэрэг. Шүүдэрийг одоо жинхэнэ хайр хүлээж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button