"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

“ТЭР ЖИЛИЙН ХАДЛАН”

Говьд хадлан гэж юу гавихсан билээ. Дөрөө зурам өвс халиурсан хангайтай зүйрлэмгүй чухам нөгөө Итгэлт баяны хэлдгээр ичмээр дамшиг. Гэтэл бас учир байнаа. Нарийн бодвол ичмээр биш харин ч бахадмаар байдгийг говийнхон андахгүй хормой өвс нь аагь шимээрээ хангайн бүтэн бухлаас илүү байдагт л гол нууц буй. Говийнхоо хамаг шим шүлтийг хөхөж ургадаг болохоор арга байж уу гэдгийг өгүүлэхийн ялдамд тэр зуны арваад өдөр нутгийнхаа хадланд явсан тухай бяцхан дурсамж хүүрнэе.

Өрх бүрээс нэг хүн хадланд гаргахаар бригадын дарга шийджээ. Манайхаас би явах боллоо. Наймдугаар анги төгссөн, бас айлын том хүү. Тийнхүү гэрээ төлөөлөөд ухаа мориндоо хөнжил, гудас, уут дүүрэн хурууд боорцог, хатсан борц ганзагалаад дэрс намилзаж агь шаваг, ээрэм шарилж багсайтал ургасан Шавагтай хэмээх газрыг зорин очлоо. Шавагтайн голын хойд дэнж дээр хоёр майхан дэрвэж харагдана. Гадаа нь утаа май суунаглаад нэгэн хүн гал тогоо барьж байгаа нь миний таних нутгийн өвгөн Лувсандаваа гуай байлаа. Олон хүн цугларсан бололтой морь мал багшраад хадуур барьсан хүмүүс энд тэнд босон суун бөртөлзөх аж.

Майхны хойхно морио чөдөрлөчихөөд харжээ байхнаа дэрсний өндөр ургасан нь гайхмаар байлаа. Морьдын нуруу дэрсэн дундаас үзэгдэхтэй үгүйтэй харагдана. Заримынх нь эмээлийн бүүрэг цухалзаж хяр нь нарны гэрэлд гялсхийх аж. Миний бараанаар сургуулийн гурав дөрвөн анд минь гүйж ирлээ. Мөнхөө гэж надаас ах хүү “За найз минь хадуур чинь хурц биз. Өвс дэрс ч сайн гарчээ. Хэдүүлээ нэг баг болцгооё, чамайг хүлээж байлаа. Бид өчигдөр ирсэн” гэж байна. Морь далдрам дэрс рүү ч шунгаж өглөө дөө. Тэвэр тэврээр нь овоолсоор байтал орой болоход бид тавын өвс уул овоо шиг юм болж хүмүүс ч биднийг магтах янзтай.

Бидний дөрвөн хүүгээс гадна намар аравдугаар ангид орох нэг охин байлаа. Нэрийг нь Дулмаа гэх. Бид түүийг жаахан Дулмаа гэх, жаахан Дулмаа яасан бэ? Зангуу түүхээр явсан гээд л дуулж шоолох гэж оролдовч тэрбээр тоосон шинжгүй толгой гэдгэр алхаж явах. Бидэнтэй тоглож наадах ч үгүй өвс хадахдаа биднээс дутахгүй нь гойд . Нэг өдөр Дулмаа: “Та нар уучлаарай, би Бальдгар ахтай нийллээ. Намайг хамт хадалцъя гэсэн юм” гэж хэлээд яваад өгөв. Биднээс бараг эгчмэд юм болхоор юу ч хэлж чадсангүй амаа ангайгаад хоцорцгоов. Тийнхүү дөрвөн муу банди Дулмаадаа гологдов. Бальдар гэж баруун голын гэгдэх хачин сайхан дуулдаг биднээс арав ах яралзсан цагаан шүдтэй тэвхгэр бор эр.

Хүмүүсийн ярилцах нь Сэрээнэн гуайнхаас салхаа байсан хүн одоо тэдний өвсийг хадаж байгаа. Дулмаа охинд нь л санаатай даг аа . Тэрнээс хаа тэртээ баруун голын Бальдар энд юу хийж байгаад байхсан билээ гэлцэнэ. Тэгэхлээр чинь Дулам биднээс өрх тусгаарладаг нь аргагүй биз. Нэг үдэш би найзтайгаа морь харж яваад дэрсний захад Дуламтай тааралдав. Бариад авлаа хүүе хаая ч гэсэнгүй дүү нар минь томоотой бай нусаа нэг татчих гээд жишим ч үгүй алхчихдаг байна шүү. Бид хоёр ичээд хоцорч билээ. Маргааш нь Дуламыг харахаар нүүр халуу оргиод нэг л биш ээ. Ингээд бидний хооронд нэвтэрч болшгүй улаан шугам татагдчих шиг санагдаад байдаг болов. Бид хэдээс нэлээд зайтай Бальдар ах Дулмаа хоёр өвс хадаж байгаа нь андашгүй. Хадуурных нь шир шир гэсэн чимээ их л содон, бодвол Бальдар ахын чийрэг гарын чимээ биз. Төдхөн

Далай вангийн Юндэнгөөгөө

Даанчиг цэвэрхэн төржээ.

гэсэн эр хонгор уянгалах сайхан дуу байн байн сонсогдоно. Бид ч тэр дууг сонссоор байгаад сурчихлаа. Дагаад дуулах аядна. Даанчиг цэврхэн төржээ гэхээр Бальдар ах өөрийгөө дуулаад байх шиг санагдах боллоо. Чийрэг хол алхаатай , тэвхийсэн сайхан эр болохоор тийнхүү өөрийгөө л хэлээд байх шиг бодогдоно. . Харин тэр дал мөрөө дарсан эзэг нь байхгүй юм. Тэрбээр түнжин толгойтой нэгэн билээ. Бид дөрөв нэг үдээс хойш зэсрэв. Шороот хавийн айлуудаар бууж мордож айраг эргүүлэх гэсэн хэрэг. Эмээлээ тэмэрчихээд морьдоо хөтлөн өндөр ургасан дэрсэн дундуур явсаар захад нь хүрмэгц морио эмээллэж унаад зулардаг байгаа даа. Айраг ханатал уулаа бас хэнийх ч билээ нэг айлын эгч та нар том болцгоожээ, эр улс байна, үүнийг хуваагаад уучих гээд морин шилтэй нэрмэл өгсөнийг шимсээр байгаад барж орхив.

Нар жаргахаас өмнөхөн хөөрхөн халмаг амьтад сэмхэн ирээд мөнөөх дэрсэнд морьдоо чөдөрлөчихөв. Орой нь өвс хүлээж авах юм боллоо. Бидний норм сох дутлаа. Магтсан хүүхэн хуриманд гэдэг л юм боллоо Бригадын аж ахуй Чулуун гуайд байцаагдлаа. Гүрийцгээлээ дээ. Хамгийн сүүлд Банзар гэдэг дуу цөөтэй бүрэг жаалыг сүрхий чанга дуугаар загнаж гарав. Мань эр шилээ маажиж зогссоноо үнэнийг хэлчихдэг байгаадаа. Урагшгүй , зориггүй муу туучий гэж би дотроо халаглав. Ийн байтал Чулуун гуай өнөө шөнө сартай байгаа та хэд нормоо гүйцээж байж унтаарай гэв. Бидний энэ байдлыг харж зогссон Бальдар ах араас минь ирээд, санаа зоволтгүй ах нь хамжилцаад өгчихье гэснээр төд удалгүй сар дээхэн хөөрсний хойно өвсөө түүж дуусгав.

Бальдар ахад бидний баярласан гэж туйлгүй. За дүү нар минь одоо унтацгаа гэж хэлээд майхны зүүн хойно ихээ зайтай бяцхан хадны цаагуур далд орчихов. Нэг нь саваагүйтээд сэмхэн өнгийвөл мань эр тэнд ор засчихсан Дуламтай хоёул байхыг харжээ. Түүнээс хойш бид “Жаахан Дулмаа” дуугаа ч больж нөгөө Дулам охиныг хоргоодгоо бүр больж билээ. Удалгүй бид дөрөв нэг хэрэг мандуулваа. Тэр нэг үдийн хоолноос болсон явдал юмаа. Их ч өвс хадчихаад сүрхий өлсөөд ирцгээв. Хүмүүс гурилтай хоол цохиж харагдана. Лувсандаваа гуай аягалаад үдийн халуунд хөөрхий өвгөн хөлсөө шудраад л. Гэтэл хоол нь шөл багатайгаас гадна гурил нь нэлээд бөөн бөөн бололтой. Амт нь сайхан юмаа. Говийн хонины мах арга ч үгүй биз.Хэд үмхэлснээ биднээс арай ахмад Цэдэв хэлж байна шүү.

Больё та минь ийм заваан хоол байх гэж, баян айлын нохойн хоолноос доор юм гэж байх юм. Энэ яриаг Лувсандаваа гуай сонсчээ. Хяслантай юм шиг яг тэр үед бригадын дарга Пэлжээ ах хүрээд ирэв. Тэр хүн бидний хоёрынх нь нагац л даа. Дулам гүйж ирээд та хэдийг Пэ дарга дуудаж байна гэлээ. Дотор эвгүй оргиод ирэв. Лууяа өвгөн гомдол мэдүүлжээ. Та нар үүнээс өөр ямар хоол идэж өссөн улс вэ? Соёлын тогоонд өдий жил чанагдчихаад яасан боловсордоггүй нөхөдөв. Би аяга хоол идлээ, шинэ махтай сайхан хоол байна. Барагтай байцгаагаарай хө гэж байна. Сүхдүүлсэн үхэр шиг болж билээ. Ах маань өөр олон юм хэлсэнгүй. Өвс хадаж байхад мөнөөх “соёлын тогоо” гэдэг үг байн байн бодогдоод байв.

Нээрээ ч долоо найман жил сургууль номоор явсан гэхэд бид хэд түүхий л улс байж дээ. Бригадын хадсан өвс ч их болж дэнж дэвсгэр дэлгэсэн өвс гэдэг ногоорч цайраад зах нь үл харагддаг боллоо. Дахиад хэд хонохсон гэж хорхойсоцгооно. Гарын цэврүү ч арилж өвс хадна гэдэг урамтай бөгөөд амттай гэж юу хэлхэв. Нөгөө Бальдарынхаа данагар данагар алхаатайг сонссон шиг хоорондоо барилдаж ноцолдсон шиг хэдэн сайхан өдрийг өнгөрүүлэв. Чадал тэнхээ ч орчихсон юм шиг бие сэтгэл дэвэлзэж хөвөлзөөд ээрэм шарилж өвс дэрсний үнэр ханхлаад л ….. хадлангийн сүүлчийн өдөр боллоо. Үнэ цэнэ ч гарлаа. Хүүхдүүдийн бригад хоёр дугаар байр эзэлж бид бөөн баярт умбав. Бодвол сумнаас ирүүлсэн биз, хүүхэд бүрийг тав таван дэвтэр хоёр талаасаа гардаг будгийн харандаагаар шагнав.

Тэр орой Дулам бидэн дээр ирээд “Сайхан байлаа дүү нар минь, хичээл номдоо сайн сураарай” гэж хэлээд нэг нэг дэвтэр өгчихөөд гунигтай ч юм шиг нүүр дүүрэн инээмсэглэчихээд гарав. Намар сургуульдаа ирцгээлээ Дулам ирсэнгүй, дараа зуны амралтаар хөдөө гэртээ ирвэл Дулам баруун голын бэр болсон сураг дуулдав. “Юндэнгөөгөөг” гайхалтай сайхан дуулдаг Бальдар ах санасандаа хүрч нутгийн жаахан Дуламаар минь гэр сэтгэл хоёроо мялаасан түүх ийм бүлгээ. Хадлангийн тэр намраар хамгийн азтай олзтой байсан хүн гэвэл Бальдар ах л байжээ.

Орь залуу хонгор багынхаа сэтгэлээр тэр жилийн хадлангийн зөөлөн цэнхэр сэвшээтэй ногоон зуныг дурсахад Бальдар ахын “Юндэнгөөгөө” дууны гэгэлгэн цээл аялгуу чихнээ уянгалан , гэрэвшингүй бөгөөд гэмшингүй дулаан харцтай сургуулийн анд Дуламын ботгон хар нүд тормолзон, агь таана, мөнгөлөг буурал намиа нь салхинаа сугсран дохилзох дэрс сулины өег хэрнээ гашуувтар үнэр цээж дүүрэн ханхлах авай.

Э.ХАРХҮҮ 2016 ОН Ардын зураач: Г.Одон “Ажлын дараа”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button