"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

БЭРҮҮД – ӨГҮҮЛЛЭГ

Балдан Дулам хоёр гурван хүү төрүүлж өсгөжээ. Дулам хадмууддаа дархан бэр гэж нэр сайтай бэр явсан бөгөөд даанч охин үр заяасангүй. Хүүхдүүд өсөж эрийн цээнд хүрчээ. Хоёр хөгшинд одоо хүсэх юм үр хүүхдийнхээ гал голомтыг үүсгэх бэрийн хүслэн болоод байв. Нэг баяртай мэдээ сонсогдсон нь том хүү нь эхнэртэй болж байгаа сураг дуулдаад удалгүй нэг л сайхан нартай өдөр хүү нь эхнэрээ дагуулаад ороод ирэхэд нь хоёр хөгшин бөөн баяр болон угтаж авлаа.

Хүүтэй хүн охинтой гэдэг нь үнэн юм байна гээд л байдгаа л том бэрдээ барьсан даа. Хэдий том бэр нь хотын хүн бөгөөд хөдөөгийн орчинд дасахгүй эхний хэд хоног хэцүү байсан ч бэрээ гэх хоёр хөгшний сэтгэлд талархаж байлаа. Хүү нь ч өөрөөс нь илүү эхнэрт нь сэтгэл гаргаж байгаа ээж аавдаа ч баярлаж байв.

Удалгүй бэр нь бие давхар гэж сонсоод хоёр хөгшин хэрдээ баярлаж төрөхийг нь дөхүүлээд явахаар болоход хүү нь та хоёр ирээд яахав гэж хорьсон ч хөгшид хөл хөөрцөг болсоор хот явлаа. Ирээд удалгүй хотын бүгчим агаарт дасаж чадалгүй буцсан ч хүүдээ -За хүү минь, ажил яахав нялх биетэй эхнэрээ сайн асраарай гээд байн байн захисаар нутаг буцав.

Ачтай болсноо орсон гарсан болгонд ярьж бэрээ хотын хүн гэхэд хоол унд сайтай гээд л магтаж өгнө дөө хөөрхий. Балдан гуайнд орсон хүн анхны ачаа үзсэн юм байна. Бэр нь их сайн хүн юм байна гэдгийг мэдэж аваад гардаг байлаа. Удалгүй дунд хүү нь эхнэр авч ээж ааваа хотод авчирч хөлтэйхэн хурим хийв. Бэрийнхээ ухаалаг үгэнд хоёр хөгшин бүүр баярлаад ханашгүй байлаа. Өнчин өрөөсөн өссөн бэр нь хадам хоёр хөгшнөөсөө ээж аавын хайрыг амталж буйдаа нэн баяртай байгаа нь мэдээж байлаа. Хөл хүнд бэрийнхээ алхах гишгихийг нь хүртэл хянаж

-Ээ миний охин болгоомжтой бай дулаан хувцасла гээд өмнөөс өвдөх нь халаг санаа зовно. Бэрдээ хөдөөнөөс дулаан гутал хувцас хийж өгч явуулна. Энэ бүхэнд бэр нь сэтгэл санаа өөдрөг эсэн мэнд амаржлаа. Хоёр хөгшин нэг ач нэг бэр ярьдаг байсан бол одоо хоёр ач хоёр бэрээ магтаж ярихаар боллоо доо.

Бага хүү нь нэлээн хожуухан нутгийн бүсгүйтэй гэрлэв. Эцэг эх нь хориглосонгүй. Хөрөнгө муутай олон хүүхэдтэй айлд хүргэн орсонд хоёр хөгшин гомдсонгүй. Харин мэддэг айлд хүргэн орсонд баярлаж байв. Энэ олон хүний дунд миний хүү олны хүчээр сайн явнаа гэж харж байв. Бага хүүгийнхээс нь хоёр ихэр хүү төрсөнд хоёр хөгшин толгой дээрээ бага бэрээ бараг л залчихав. Одоо бүүр хоёр хөгшинд өдөржин яриад дуусахааргүй олон ачтай болов. Аль хэдийн зургаан ачтай болжээ.

Зун болохоор хүүхдүүд нь цуглаад хоёр хөгшин сэтгэлийн жаргал гэдгийг жинхэнэ эдэлдэг байлаа. Ач нараа үзээд л хоёр хөгшин хүүхэд шиг л дунд ороод л инээд хөөр болоод л явдаг байв. Хадмуудаа элэгсэг хадам ээжийн үлгэр дууриалал ч юм уу бэрүүд нь сайхан харилцаатай байдагт нь Дулам эмгэн тун баяртай байдаг байлаа. Ах захаа хүндлэх ёс энэ айлд л жинхэнэ утгаараа хэрэгжих аж. Энэ хоёр хөгшин хэзээ өөрийнхөө гурван хүүхдийг магтаж байсангүй. Харин бэр ач нардаа урмын үгийг харамгүй хэлэх аж. Балдан өвгөн хүнд өвдөж хотод очиж эмнэлэг хэвтлээ.

Хүний гарт орсон тул асаргааны хүн хэрэгтэй болов. Хүүхдүүд нь ажлынхаа заваар сахих боловч эр улс юм хойно нарийн юмыг нь мэдэхгүй юм гарна. Бэрүүд нь ээлжинд орж ирэв. Ажлынхаа завыг харж байгаад гурван бэр нь нөхрүүдийнхээ ажилтай үед хадам ааваа асардаг байлаа. Өтгөн шингэнийг асгах ,хоолыг нь аманд хийж өгөх, эмийг нь өгөх эмчтэй уулзах гээд энэ олон ажлыг гурван бэр нь төрсөн аавынхаа төлөө юм шиг л хийдэг байлаа. Цуг хэвтэж буй хүмүүс өвгөний бэрүүд нь гэхэд итгэдэггүй байлаа. Үгүй байлгүй таны охид биз гэдэг байж.

Өвгөн хөөрхий удалгүй өвчнөө дийлсэнгүй хорвоог орхихдоо үр хүүхэд бэрүүд хань ижилдээ сэтгэл дүүрэн өөд болов. Хадам ээжийгээ энэ хэцүү үед нь эмэгтэй хүний торгон ухаанаар л бэрүүд нь л түшиг болж байв. Ээлжилж ээжийгээ халамжилна. Зарим үед бүүр цуг сувилалд явж эмчлүүлж ирэх үе ч байлаа. Эмгэн Дулам хүүтэй хүн охинтой гэдгийн жаргалыг эдэлж байгаадаа бэрүүдээ баярлаж явдаг байлаа. Харин бэрүүд нь энэ хүнээс их юм сурсан ханийн минь ээж би асрах халамжлах ёстой гэсэн сэтгэлээр хүндэлж яваа нь энэ сайхан харилцааг цаашид үргэлжлүүлэх цагаан замын эхлэл болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button