Өгүүллэг

Нэгэн бүсгүй /Өгүүллэг/

Би нэгэн бүсгүйг сайн мэддэг…тэр бүсгүй маш сонин бүсгүй… Хавар болохоор тэр бүсгүй борооны дусал болчихдог… анхны борооны дуслууд тэр бүсгүйг бий болгодог…тунгалаг бас шингэн…гоо үзэсгэлэн… түүнд хүрч болохгүй…. түүнд хүрэх юм бол тэр урсаад алга болох тул түүнд хүрэх боломжгүй…зүгээр тэр гоо сайхныг хараад л байх…борооны дусал эмзэг шүү дээ… Зүгээр л харах…хайрлах…бас тэр бүсгүйг хамгаалах…эмзэгхэн борооны дуслыг нарнаас бас хүйтнээс хамгаална…миний л хажууд байхгүй бол тэр бүсгүй оршиж чадахгүй…хэн ч түүний тэр эмзэг байдлыг ойлгохгүй…хамаагүй хүрнэ…өөрсдийгөө бүр тэр бүсгүйгээр угааж ч магадгүй…тэр бүсгүй чинь бороон дусал шүү дээ… Тиймээс би түүнийг бүхэл хаврын турш хамгаалан хажууд нь байдаг… Тэр бүсгүй хавар болгон анхны борооны дуслуудаар бүтдэг…хавар болгон шинээр бий болдог. Магадгүй та бүхэн итгэхгүй байх…гэхдээ л би тэр бүсгүйтэй учирсан юм.

Харин зун …тэр бүсгүй турьхан эмзэг дэлбээтэй ягаахан өнгөтэй цэцэг болчихдог… Хүчтэйхэн санаа алдахад дэлбээ нь тасраад унчихаар тийм эмзэг…гэхдээ тэр маш сайхан үнэртэй…зуны турш тэр сайхан үнэртэйгээ байна. Мэдээж хүмүүс үүнийг мэдэхгүй тул би түүнийг зуны турш бас л хамгаалах ёстой. Хайр найргүй тасчиж өөр хэн нэгэнд бэлэг болгоод өгчхөж магадгүй… энэ ертөнц ийм сайхан гоо үзэсгэлэнтэй үргэлж дайн зарласан мэт байдаг шүү дээ…миний мэдрэх… энэ хайр…тэр цэцгийг зуны турш хажуудаа байлгахад хүргэнэ…ТАЙТГАРАЛ БОЛ ХАЙР ЮМ ДАА…

Би нарны гэрэлд байлгаж үргэлж усалж арчилсаар байтал намар болдог… Намар …намар тар сэрүүхэн, бас зөөлхөн үлээх…надад уйтгар гуниг авчирдаг…газар унасан шаргал навчсыг үл ялиг хуйлруулан хийсгэх салхи болчихдог… Хацар биеийг тэр илбэж зөөлхөн сэвэлзэнэ…харин би түүнд хүрч чадахгүй…тэр салхи юм хойно бүхий л хүмүүсийг ингэж таалдаг байх…гэхдээ надад л арай өөр мэдрэмж…зөөлхөн… хайр шингээсэн…үсийг минь яг ээж шиг минь илбэж байгаа мэт…надад л …зөвхөн надад л…тийм сайхнаар илбэн таалж байгаа юм шиг санагддаг байх…ТӨӨРӨГДСӨН ТАЙТГАРАЛ Л ХАЙР ЮМ ДАА…

Намар түүнийг арчиллах, хамгаалах шаардлага байхгүй харин би харамласаар байдаг…тэр хэнийг хамаагүй энхрийлэн таалдаг учир…навчсыг хуйлруулан тоглож байхад нь хүртэл би навчсаас харамладаг….тэгээд тэр алга болчихдог… Өвөл бол миний хувьд тэр чигээрээ хүлээлт…тэр өвөл алга болдог…би түүнийг цас болчихсон байх гэж бодоод өвөл цасан гишгэхээсээ хүртэл айдаг…тэгсэн ч тэр цас болоогүй…өвөл тэр яг хаана юу болоод байж байдгыг би мэддэггүй тул хаврыг хүлээдэг… ТӨӨРӨГДСӨН ТАЙТГАРЛЫГ ХҮЛЭЭСЭН ХҮЛЭЭЛТ Л ХАЙР ЮМ ДАА….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button