Өгүүллэг

ГИЙЧИН (Богино өгүүллэг)

Хаврын дунд сарын арван тавдаар Дарамбал өвгөний өвөлжөөний урдах жалга дамжсан бүдэг жимээр ачаатай тэмээ хөтөлсөн хүн аажуухан наашилж явлаа. Нутаг усандаа хөх Дарамбал гэгдэх давжаа хар өвгөнийг зорин ирж золгуут хийх ах дүү хамаатан садан цөөхөн болохоор хонь хариулж явсан оонон Бэрхын сониуч зангийн хорхой асч, нулимсаа цувтал ширтэв. Бор цохионы баруун суганы бууцанд өвөлждөг Бэрхын хажуугаар гараад хөх өвгөнийх өөд очиж буй холын гийчнийг оноож таньж чадсангүй.

-За энэ чинь хэн байдаг билээ гэж бодоод хаврын салхинд жихүүцсэн хондон ягаан царайгаа том нэхий нударгаараа таглан ортууз шиг ширүүн ов тов буурал сахлаа илбэв. Дөрөөний суранд элэгдсэн мээтэн гутлынхаа түрийнээс мод толгойгоо авч бүсэндээ хавчуулсан хүүдийтэй туулайн баас, хатсан навчны хольцноос ганц нэг нэрэх зуур Дарамбал өвгөнийхрүү байн байн харц хаясаар байлаа.

Тэмээ ачаа хөталсөн хүнийг таньж чадаагүйдээ дотор нь загатнах шиг болсон оонон Бэрх хонио туусаар гэрийн зүг сажлав. Зудтай жилийн хөр цас цагийн жам, салхины аясаар хөвхөртөн сууж нөмөр ээвэр газраар нялх ногоо цухуйх дөхсөн цаг билээ. Нохой зулгаах, ногоо идэхийг нь ялгаж өгсөн байгалийн шалгаралд торж үлдсэн хэдэн малаа тууж явахдаа үхтэл ч өдий байна аа хэмээн өглөөнөөс орой хүртэл цас ухаж явсан, цагийн хатуу ард үлдсэнийг сануулах жирэвгэр зэрэглээ нүд гижигдэн эрвэлзэнэ.

Хэдэн малаа дөхүүлчихээд хөх өвгөнийхөөр ороод гаръя байз. Холоос яваа хүнээс чимх тамхи олдож юуны магад хэмээн бодоод цасанд нэвтэрч тэмээний толгой шиг банхайсан палигар гутлаа чирэн алхав. Хөх Дарамбалын эцэг Дархижав дархан гэж зожиг ааштай хар модны хожуул шиг тагдгар хүн байсныг оонон Бэрх үсэг гаргахгүй ч аав ээжийнхээ ярианаас барагцаална.

Харин хөх Дарамбал гангийн наранд гадаа сууж тэрэгний мөөр нүдэж, алх дөш золгуулан төмөр балбаж суудаг билээ. Энэ бүхнийг эргэцүүлэн явсаар гэртээ харьж эхнэрийнхээ дөхүүлсэн хоёр хуруу өөхтэй хуршинга хавирга хөшиглөн цайлж аваад гарав. Харахад хараа бараа ойрхон ч гэлээ салхи залгин алхахад сүрхий зайтай дээд хотны ганц гэрт хүрч хоолой засан очвол гэрээс адууны хөх хомоол шиг зэгэл саарал үстэй ахимаг хүн гарч ирсэн нь Дарамбал байлаа.

-За тавлаг сууна уу та минь гэсээр инээмсэглэн очсон Оонон Бэрхын зүг толгой дохисон Дарамбал сөөнгөдүүхэн хоолойгоор мэнд мэдэж дурамжхан янзтай инээвхийлэв. Сожуу бөхтэй хүрэн атны ачааг буулгаж хотны баруун талын хуучин пүнзний үүдэнд зэрэгцүүлэн тавьсан харагдана. Хар модоор зургаан яс зааж хийсэн баримхан хаалганы суран бариулаас татаж гэрийн эзнээс түрүүлэн орвол гэрт хүн байсангүй.

-За Бэрх минь танай урд хөндийгөөр цас ханзарч байна уу гэж асуусан өвгөн өөд инээхийлэн харсан Бэрх
-Цагийн жамаар сууж л байна. Цас хайлахаар шар усны үерт автчих вий гэж бодох боллоо. Танайхаар хаанахын айлчин гийчин ирэв гэсэн Бэрх өөд гайхан харсан Дарамбал унжсан зовхио сөхөн доогтой ширтээд -Манайд ямар л бурхан айлчлан морилох билээ хэмээгээд инээж байлаа. -Гадаа уяатай хүрэн ат, бууцны хажууд зэрэгцүүлж тавьсан тэнгийн ачааг та авчраа юу гэхэд -Чи мөн доогтой хүн шүү. Эцгээ ингэж дуурайх гэж… Чиний аав залуудаа яг л чам шиг хүн даапаалсан шогч хүн байж билээ гээд холыг бодсон янзтай тооно өөдөө ширтэв.
Өөрийгөө зүүдлээгүй байгаа даа хэмээн бодоод ийш тийш харвал айлчин гийчин ирсэн янз алга байлаа.

Гэнэт айх шиг болж хурдхан цайгаа уугаад гарахаар өндөлзвөл -Жаахан суугаач дээ хэмээх нь цаанаа л нэг хань татсан янзтай байлаа. -Би танайд айлчин ирлээ гэж бодлоо. Тэгээд ганц хүүдий тамхи олдож юуны магад хэмээн горьдлоо хө. Очиж хэдэн малаа хотлуулна. Татах тамхигүй хамар өтчих гээд болдоггүй хэмээгээд босов.

  • Жихар жихар хийлгэн шүдээ хавирах хүрэн тайлагруу хараад гайхан дуу алдсан Бэрх
  • -Энэ тэмээ тэгээд хэнийх болов оо гэхэд үл итгэсэн мэт өөдөөс нь харсан Дарамбал
  • -Хаха энэ Банхарыг чиний өөдөөс боргоож сүйд болох вий хэмээгээд уячихлаа гэв.
  • Үг дуугүйхэн зогсож байсан Бэрх тэмээнд тэгнэж ирсэн ачааг зааж
  • -Энэ ачаа хэнийх вэ хэмээн уурсан асуув.
  • -Түлшгүй болчихоод хоёр хормой харгана үүрч ирлээ хэмээгээд үдэж өгөв.
  • Эргэн эргэн харсаар явж одсон Бэрх
  • -Би соиорчироогүй байгаа даа хэмээн бодов.
  • Гэтэл тэр шөнө үүр цайтал төмөр балбах дуу ян ян хийхэд хэдэн удаа гарч харсаар үүр цайлгав.
  • Маргааш нь бас л төмөр давтах сонсогдох бүдэг чимээ гарч нойр хулжааж орхив.
  • -Хөөе Чанцал аа гэж эхнэрээ дуудаж сэрээгээд чи сонсооч хө. Дээд хотонд төмөр давтаад байна уу гэхэд нойрмоглон өндийсөн эхнэр нь чимээ анирдсанаа
  • -Алх дөшний дуу гараад байна. Өвгөн минь унтаач гэж төвөгшөөнгүй хэлээд буруу хараад хэвтчихлээ.
  • -За би ганцаараа солиороогүй л юм байна гэж бодоход сэтгэл нь багахан амсхийв.
  • Өглөө эрт босч хөх Дарамбалын хот өөд харвал чимээ аниргүй нам гүм байлаа.
  • Нар дээр хөөрөх үед хэдэн хонио туусаар бэлчээрт хүрээд Дарамбалынх өөд харвал нөгөө хүрэн ат өвдөг дараатай уруудаж, цас цоохорлон өвс тармаж байлаа.
  • -За өнөө шөнө л очдог хэрэг хэмээн бодохоос өдөр өнгөрөхгүй зовоож байв.
  • Өлиг өвчтэй мэт байн байн харсаар үдээс хойш хонио эргүүлэн гэрээ бараадуулж орхиод харив.

-Эхнэр нь цай аялгалж өмнө нь тавиад, хоймрынхоо ганц авдарнаас цаасанд боосон жаахан тамхи гаргаж сарвайв. -Ээ бурхан гончиг сүм. Миний янзага хаанаас ийм сайхан бэлэг олоод ирэв ээ гэхэд -Дээд хотны Дарамбал гуай ирж цай уугаад явлаа. Чамайг тамхи асуугаад шөрхтэй борлон шиг шуухитнаж явсан гээд инээгээд байсан гэхэд -Ий бурхаан. Цаад өвгөн чинь чөтгөр болчихоогүй биз гээд сэжиглэнгүй харав. Ийнхүү учир битүүлэг хэрэг явдлыг гайхан бодсоор тэсч чадалгүй нөгөө тамхинаас чимхэж гаансандаа чихэж аваад асааж татвал гэр дүүрэн үнэртэж толгой нь эргэх шиг болсон ч чийг зуусан шинэхэн тамхи цаанаа л нэг нүнжигтэй байв.
Угсруулан хоёр ч татаад цайгаа уун тамшаалж суулаа.

Үдшийн бүрий залгаж, одод анивчихын үес дээлээ өмсөн, хурган лоовуузаа бүчлээд гарсан Бэрх чимээ чагнавал өчигдрийн алх дөшний дуу бүдэг бадаг сонсогдож байв. -Очно оо очно. Яадаг ч байсан очно гэж үглэн, сул чулуунд бүдчин алхсаар дөхөж очив. Бор гэрийнх нь тооноор хөх галын дөл маналзаж ширэн хөөрөг хөвхөлзтөл үлээх сонсогдох аж. Зөөлөн зөөлөн алхсаар өвгөний гадаа ирээд ийш тийш харж сэтгэл мятрангуй зогсож байтал баруун сүвээнд нь хатуу зүйлээр ёворч

-Бүү хөдөл. Буудчихна шүү. Үхсэнээ шиншлээд яваа нохой вэ чи гэх урьд өмнө сонсож байгаагүй аргил дуу гарахад навтас хийлээ. Айсандаа өмдөндөө сур харвачих шахсан Бэрхийг чичрэн зогсох үед -Наадахаа аваад ороод ирээ гэх Дарамбалын дуу гэрээс сонсогдов. Дүүгтэл галласан зуухны урд хөөрөг түнхэлзтэл үлээсээр хар хөлс нь цувсан Дарамбал голоороо тагжийсан цагаан шүд гарган инээж -Наашаа суу гэхэд жаахан тайвшрав.

Хоймортоо эгнүүлэн тавьсан өч төчнөөн бууны гол төмөр замаг сойлгыг тааруулан гагнаж байлаа. Гэрийн баруун талд сөхрөн суугаад гөлөлзөн харвал ширвээ сахалтай хүдэр хүрэн эр Дарамбал өөд найрсангуй харж, хотруу мярааж буй чоно шиг гэтэж явсаар ирлээ гээд тачигнатал инээв. Хиртэй алчуураар хөлсөө арчсан Дарамбал

  • -Чи мөн хүүхэд шиг хүн шүү. Уяатай тэмээг манай нохой гэж хэлэхэд гайхаж харсаар явахад чинь үхтэлээ инээд хүрсэн дээ гээд
  • -За Бэрх минь энэ муусайн гамин цэргүүд дэндлээ. Миний сайн нөхөр намайг зорьж ирсэн юм. Цагаан оросоос авсан энэ хэдэн бууг засч сэлбэх гэж өчнөөн юм боллоо.
  • Өнөө шөнө нөхрөө гаргаж өгнө. Чи дөхүүлэлцээд ирэх үү. Надад ямар унаад явах адуу мал байх биш. Нутгийн хүн таарвал чи нэг арга зохиож хэл гэж цоргитол ширтэв.
  • -Тэгье ах минь. Би хүргэлцээд ирье.
  • Харин тэндээс жаахан цай, атга тамхи олдох болов уу гэхэд ширвээ сахалт инээж
  • -Олдоно оо. Олдоно. Чамд бүтэн дугуй булант, нэг дүнстэй өгье гэж хэлээд бүгд инээлдэв.
  • 1920 оны гахай жилийн хавар байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button