Өгүүллэг

Шад шүлгийн мөрөөр… (Өгүүллэг)

Богд уулын хэжлэг даган өгссөн өвгөн гэлэн урд нь яваа шавь бандийнхаа үүрсэн судраас адис авав уу гэлтэй тонгосхийн мөргөөд -Ээ багш минь. Эрдэмт дээдсийн бүтээсэн жанлав цогцолсон судар номоо уулын мухар хадны хагархайд нуух ч гэж дээ. Цөвүүн цагийн өнгөнд өвгөн гэлэнгийн нүгэл арвидах буй за. Гэхдээ баруун хүрээний хийд шиг буруу номтоны гарт түйвээлгэснээс нуусан нь зөв биз хэмээн бодов.

Нар хажсан толин хөх хадны зүүхэн талд томхон дошны дайтай нүх харагдахад -Чин Сүжигт минь одоо болно. Энэ нүх мөн байх хэмээн дуугарав. Богинодсон шар жигүүнэн тэрлэгийх нь мөрөнд бадар үүрэгний ором гарсан бандийн зоо нурууг нь дагаж нэвт хөлөрсөн харагдах нь хийдийн гол судар ном овоохон хүнд байсан бололтой.

-За хүүхээ сураа гаргаад ир. Багш нь оръё. Чи хүн хараад сууж байгаарай… Багшийнхаа араас судруудаа хэд тасалж өгөөрэй гээд нар гэрэлтсэн саримгар чихээ дэлбэгнүүлэн шүдгүй буйлаа гарган инээв. -Багшаа би оръё. Та намайг сүүлд нь татаад авчих гэхэд ширэн богцноосоо хамгийн том судраа гарган шавьдаа адис өгөөд, бүсэлсэн суран аргамжийг авч өөрийнхөө бүсэлхийгээрээ ороон тооно тушин зангидав.

-За хүүхээ сураа аажуухан цуваад байгаарай. Багшаа буухаар судруудаа энэ ширэн богцоор бага багаар тасалж өгөөрэй гэж хэлээд эгц босоо нүхээр оров. Багшийгаа алдчих вий дээ гэж болгоомжтой цувж өгсөөр арван алд сур дуусах дөхөхөд сая сур хөнгөрлөө. -Сураа татаарай гэсэн бүдэг дуу сонсогдоход яаран татаж, үүрч ирсэн судруудаа тос даасан хушин шаргал богцоор гурвантаа өгөөд амсхийв. -Багшаа та болж байна уу гэсэн хувраг хөвүүн хашгирсаар байлаа.

Гэтэл дэргэд тавьсан сурных нь үзүүр амь орох шиг огцом татагдаж барьж авахын завдал өгөлгүй нүхрүү шургах могой шиг гулсан ороход сүнсээ хальтал айсан шавь нь -Багшаа багшаа та яагаад сураа татчихав аа. Дотогшоо орчихлоо гэж хашгирав. Чив чимээгүй ёр анирласан эгц нүхрүү нүүрээ шаан хэвтсэн хуврагийн чихэнд багшийнх нь бүдэг дуу сонсогдов.

-За чи хурдан буц. Багш нь энд судраа сахин судар болно. Намайг энд буйг мартаж үз шавь минь. Би чамд босоо захтай дээл үлдээсэн. Багшийнхаа бор гэрийг аваад хурдан нүүгээрэй. Шар шувталж хар хүний зам мөрийг хөө. Цөвүүн цаг дуусч шашин ном дэлгэрэхээр аандаа хүмүүс олж ирнэ. Хурдан буц гэж цуурай татан сонсогдов оо.
Багшийнхаа үгэнд итгэж чадаагүй шавь хөвүүн нүхний ойролцоох толин хадыг мартахгүйн тулд шад шүлгийн мөр хэлж адислаж орхиод нулимсаа арчин эргэн эргэн харсаар буцав….

…Түүхийн ээдрээ тайлагдтал нэгэн жаран өнгөрсний хойно судар бичгийн хүрээлэнгийн залуус багшийнхаа заасан замаар өгсөн өгсөөр ханан хадны ташланд үдшийн шаргал туяа солонгорон буух цагт олж ирэв.
Гэтэл өнгө гэрлийн хувилгаан нарны цацраг сүвлэх мэт босоо монгол бичгээр -Шүншиглэн бүтээсэн эрдэнийн судраа Шүтээн болгон сахисаар өөрөө судар болсон буурал гэлэн буянт багшдаа мөргөмүү гэсэн шад шүлгийн мөр дурайн харагдав аа.

Энэхүү шад шүлгийн мөрөөр олон сар жил хайн бэдэрсээр сая ирж агуй мэт агуу номын сүмрүү ганц ганцаар ар араасаа ээлжлэн орсон эрдэмтэн залуус нарны дусал атгасан мэт тод гэрэл гялалзуулан явсаар олон жил хайсан эрдэнэ мэт олдвороо олж очиход Очир завилгаатай өвгөн гэлэнгийн шарил өөдөөс нь бурхан мэт тосон угтжээ.
Цөвүүн цагийн сүүлчийн бурхан …гэж залбирсан багш нь өвдөг сөхрөн мөргөв.
Номын авшиг оршсоор…

Соёрхын Пүрэвсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button