Өгүүллэг

ГЕРМАН БОХЬ

1990-ээд оны үед манай нутагт хүү нь тэр үеийн ардчилсан Германд улсад сурдаг нэгэн сайхан айл байлаа.

-Тэдний хүүг зуныхаа амралтаар нутагтаа ирсэн сургаар манай гудамны хүүхдүүдийн нар нь гарч тэдний зүг чавхдан гүйж очоод арай ч бүгдээрээ орохгүй ээ бас тактиктай..

Хоёр хоёроороо ээлжлэн орж, үүдэнд нь бие биенийгээ нудралцан ичингүйрэн зогсож байхад ээж нь хэзээний ойлгон бидэнд тэр хол газраас хүүгийнхээ авчирсан герман бохийг нэг нэгээр нь өгөн магнай хагартал баярлуулж ,бид нар бэлгэнд авсан ховор нандин гадаад бохио нүдний цөцгий мэт хайрлан гамнаж ,бага багаар таллан зажилж ,үнэр амтыг нь мэдэрч нандигнаж, хэдэн өдөр аз жаргалд умбаж өөр хоорондоо хэр зэрэг үлдсэнээ харуулж тааралдсан бүхэнд гайхуулан гүйлдэж тэр жилийн зуныг баяртай хөөртэй гайхуулах бохитой үддэг байж билээ.

Жил жилийн зун нутгийн ахыг гэртээ ирэхийг нь бүгдээрээ сураг тавин чагнаж гадаад бохины үнэр амтыг төсөөлөн ярилцаж хашааны буланд хөгжилдөн гүйлдэж зуныг тэсч ядан хүлээдэг байлаа.

Хүнлэг сайхан сэтгэлтэй аав ээжийнх нь зочломтгой сайхан чанар ,нутгийн хэдэн бор хүүхдүүдийг мартахгүй тэр хол газраас герман бохь авчран баярлуулж байсан хүүгийнх өгөөмөр сайхан сэтгэл нь тэр үеийн хүүхэд бидний зүрх сэтгэлд сайхан дурсамж болон үлдэжээ.

Гучин хэдэн жилийн дараа ч хааяа бодоход тэр гайхам сайхан бохины үнэр амт,гааных нь сэнгэнэсэн сайхныг мэдрэх шиг болдог билээ. -Аяа бидний хүүхэд насны дурсамж бүр гэрэлтэй гэгээтэй,цас шиг цагаахан тунгалаг,нар шиг цацарсан сайхаан сайхан.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button