Өгүүллэг

ШАГЖ ГЭЛЭН

Ер нь эр хүн гэдэг их тэнэг амьтан. Хэзээ ч ү хэхгүй юм шиг амьдарна. Айхаа мэдэхгүй, даарахаа мэдэхгүй, өвчин тусахаа ч мэдэхгүй. Түрүү булчирхайд асуудал гарахаас нааш эмнэлэгт очно гэж бараг л худлаа. Идэр залуу насандаа ай даа мөн хөөрүү дээ. Эхнэрээсээ илүү сайныг олохгүй гэж мэдсээр байж эхнэрээсээ дор юмтай сээтэгнэнэ. Мэссэжээ устгахгүй тэнэгтэж явж байгаад л эхнэрүүддээ а луулна даа. Хийсэн rэм нүrэл нь ойрхон доо хөөрхий.

Өтлөхгүй юм шиг явсаар тавь хүрээд өвгөн болохын цагт өнгөрсөнд хийсэн өчүүхэн алдаандаа хүлүүлж амьтан болно доо хөөрхий. Хүүхнүүддээ хэлэхэд бид чинь тавин нас хүрээд л бэлrийн чадвар доголдоод та нартай ахиад нэг эмэгтэй хүн амьдраад л явчихдаг гэж байна.

Воршийловын мэргэн 6ууч, эсвэл Пушкаревагийн аав шиг цамцныхаа хүзүүний товчийг хүртэл товчлоод, өмдөө гэдсэн дээгүүрээ татчихсан амьтад л явна ш дээ. Өвөө нар өдөр тутам өмсдөг форм болчихсон дамран малгай, өмд цамцнаас өөр өмчгүй шахам байхад ээжүүд зүгээр хуруу хумсаа будаад, алт мөнгө ээмэг бөгжөө шажигнуулаастай.

Тэтгэвэр буулаа эхнэрт хураалгалаа. Мөнгө төгрөгний мэдэл байхгүй ээ чааваас. Тэтгэврээс үлдээснийг нь аваад л ач зээ нартаа зайрмаг энэ тэр дөхүүлээстэй. Үр хүүхэд ач зээ нарынхаа гар хөлийн үзүүрт мөнхөд зарагдаастай. Хороо хорин, талх маханд дувт яваастай. Хөгшнийхөө өгсөн хоолыг нь идээд л, зассан оронд унтаад л хүний гарт орно доо. Хааяа бухимдаад эмгэнтэйгээ муудалцах гэхээр хүүхдүүд “аав дуугай, аав дуугай” гээд л бол оо.

Гэр бүлийн хүрээнд өрнөж буй аливаа асуудлыг ээжүүд хүүхдүүдтэйгээ яриад л дээгүүрээ шийдчихнэ. Маниуст мэдэх юм гэж нэгээхэн ч байхгүй. Цагаан сар боллоо. Үр хүүхдүүд алтан ээмэг, торго дурдан, чихэр шокалад, аль өнгөтэй өөдтэйгээ ээждээ бариастай. Хөөрхий муу аавд ганц шил архи тэгээд л бол оо. Түүнээсээ зоргоороо уух эрхгүй ээ. Эмгэнийхээ нүдийг хариулж хэл амтайхан ганц нэг татна.

Аавд өгөх мөнгө төгрөг дувт ээжийн гараар дамжаастай. Май энийг аавд өгчих, тохируулаад бага багаар өгөөрэй ч гэх шиг. Ээжүүд өвчин хэллээ, бөөн сүр бадарч үр хүүхдүүд нь цуглаад маргааш нь эмнэлэгт хэвтүүллээ. Аавууд өвчин хэллээ, даралтны эмээ уулаа, өглөө нь цоглог гар босоод ирлээ.

Ээжүүд тувт өөрсдийгөө реклаамдаастай. Алтан хэвлийдээ тээж, ангир сүүгээ хөхүүлсэн шүү ээж чинь гээд л. Тэгж бүүвэйлээд л, тэгж хуурайлаад л гэж яриад л. Аав чинь ажил мажил гээл явчихдаг байсан юм, ээж чинь л чамайг өсгөх гэж зовсон гэж ярих жишээний. Үр хүүхдүүд нь тувт ээжийгээ хүрээлээстэй.

Аавуудад ярих юм байхгүй ээ. Санах ч юм байхгүй. Алдаа нь ил оноо нь далд. Хар өглөөгүүр бослоо гэж хамаг амьтанд ад болно. Улс төрийн тойм үзэх гэхээр таньд тэрнээс хэрэггүй юм байхгүй гээд удирдлага олдохгүй. Эцэг хүний эр хүний тавилаан гэж энэ дээ. Идэр залуу насандаа мандаж явсан эр хүн өтөл буурал насандаа гундаж амьдарна даа хөөрхий.

Тийм болохоор эрчүүддээ хэлэх хэдэн үг байна. Одоо бидэнд эрх дураараа, эр зоргоороо байх богинохон хугацаа үлдэж байгаа тул цөм урагшаа… Хийморь өөдөө….

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button