Өгүүллэг

УЧРАЛ /Өгүүллэг/

Навч цэцэг найгасан зуны дунд сар билээ. Тэр зун , ардын их наадам болоход , монгол орны янз бүрийн нутгаас , олон овгийн хүмүүс цуглажээ. Тэр наадамд зүүн хязгаараас нэг залуу ирсэн байв. Нэр нь Очир гэдэг. Тэр залуу үнэхээр цовоо сэргэлэн эр боловч, бичиг мэддэггүй байсан нь түүнийг ихэд гутаах ажээ. Очир ирэхэд наадам эхэлчээд, тоймгүй олон хүн хүний бужигнан явах нь хөгжилтэй сайхан байв . Огторгуйд агаарын хүчит хөлөг элэн дүүлэн нисцэгээж, зарим нь сонин хаялж байв. Хаялсан сонин гялтганан эргэлдсээр газар буухыг Очир ихэд сонирхон харж явав.

Гэтэл Очирын ойролцоо нэг сонин унав. Ухасхийн хүрч очвол, түүн дээр нэг хүүхний зураг байв. Хажууд нь уурга барьсан морьтой хүний зураг байхыг нарийвчлан үзвэл Очирын өөрийн нь зураг байв.Очир ихэд гайхав. Энэ зургийн гурван жилийн өмнө киноны зурагчинд авахуулсан атал одоо гар зураг болоод сонин дээр гарчихсан байдаг нь ямар сонин юм бэ? гэж гайхав. Аль нутгийн хэний хэн гэдгий нь мэдэхсэн гэхээс Очирын сэтгэл яарчээ. Гэвч бичгий нь гаргахгүй болохоор ямар ч учиртай юм бэ? Бүү мэд Хүнээр уншуулья гэснээ, ийм залуу хүн , одоо хүртэл бичиг сурахгүй яасан юм бэ ? гэж зэмлэх байх гэж зовон гайхаш барж явтал тэр өдөр нь өнгөрчээ. Маргааш нь Очир аль л хүн олонтой газраар явж, нэр үл мэдэхгүй хүүхний тухай хэн юу ярих бол гэж, битүү ажин явав. Гэтэл улс тус тусын үзэж байгаа юмандаа шохоорхоод тэр хүүхний тухай юу ч ярьсангүй. Тэхэд нь аргаа бараад , өнөөх сонингоо ил гаргаж , хүний анхаарлыг татах санаатай , заримдаа өөрөө уншигч мэт болон маяг үзүүлж явав.

Тэгж явсаар дүүрэн хүнтэй нэг асарт оров. Голд нь сууж байсан нэг өвгөн :

  • Ээ ? Ухуулагч ирэв үү . Заа хүү минь уншаад байгаарай нөхөд
    зай тавиад өг гэтэл , Очир ихэд сандарч,
  • Өршөөгөөрэй ? Би ухуулагч биш . Өвгөн гуай гээд шалавхан гарч одов.

Асрын хүмүүс нирхийтэл инээцгээв.Очир бүр ч их ичив.”Эрхийг сурахаар , бэрхийг сур “ гэсэн юм. “Миний хүү насныхаа багад бичиг заалгаж сур “ гэж хөгшин ээжийнхээ үглэж эрүүдэхийг хайхрахгүй явсны минь гай одоо гарч байна гэж Очир гэмшив.

Тэндээс Очир , нэгэн том байшинд орсон нь урлагийн үзэсгэлэн байжээ. Гэтэл тэнд өнөөх хоёр зураг байв. Тэр зургийг чухам азаар нэг хүн тайлбарлаж байв. Тайлбарлагчийн яриаг сонсвол: Хүүхний нэрийг Бумаа гэнээ. Очирын зургийг зурсан хүн үнэхээр тэр мөн ажээ.Алс баруун хязгаарын урчуудын артельд ажил хийдэг тэр хүүхэн энэ наадамд ирсэн сурагтай. Бумаа гэдэг тэр хүүхэнтэй учрахыг Очир тэсгэлгүй их хүсэв. Гайхшаа барж , тэр хавиар дэмий л эргэж хөлхөж явтал нар жаргажээ. Тэр өдөр Бумаатай уудзаж чадсангүй . Хэрэв ингэсээр байгаад уулзаж чадалгүй өнгөрвөл дэмий. Яагаад ч гэсэн уулзах хэрэгтэй гэж санав. Гэвч уулзаад юу гэж ярих билээ? тэр хүүхэн , цэвэр боловсон хүн тул , түүнтэй би хөдөөнийхөө хөшүүн зангаар харилцаж яасан ч болохгүй. Хэрэв тэгвэл тэр намайг харах ч үгүй өнгөрнө гэж бодов.

Тэгсээр үдэш болоход нэгэн наргианы газар очив. Тэнд олон залуучууд цуглаад зарим нь бүжиглэж, зарим нь хөгжимдөж, бас зарим нь дуулцгааж байв. Наргиан хөгжилтэй сайхан болж байлаа. Нэг хартал өнөөх хүсэлт хүүхэн нь Очирын нүдэнд үзэгдэв. Зүрх нь цохилж , зүс нь улайх шиг боловч , Бумаагийн цэвэрхэн царай , нарийн нурууг хэдийн ажиглажээ. Тэгж байтал тогтоомын удирдагчийн хүссэнээр Бумаа хүүхэн биелэх бүжиг бүжиглэв. Уран гоё хөдөлгөөн нь хөгжмийн аятай зохицож бүгдийн баясгаланг өрнүүлэв. Очир, хязгаарт байдаг танил нэг байлдагчаар биелэх бүжиг заалгаж муухан сурсан тул , Бумаатай хамт бүжиглэх завшаан олов… Давцан дээр гараад бүжиг бүжиглэв. Залуучууд улам хөгжилдөж алга ташцагаав. Бүжиг дуусмагц Бумаа Очирыг хараад , урьд зүс үзсэн мэт болоход нь толгой дохижээ. Очирыг дурлалын хочит нүдээр хариу ёслоход Бумаа бас , ер бусын харцаар харж билээ. Төдий удалгүй давцангийн наргиан завсарлав. Нэг мэдсэн Бумаа алга болжээ…

Хаашаа явсныг бүү мэд . Залуучууд тараад , зарим нь кинонд зарим нь шийд явчив.

Хосгүй цэвэрхэн тэр хүүхэнтэй танилцах азгүй юм болов уу ? гэж Очир баахан гомдов. Маргааш нь Очир голдуу бөхийн тэрүүгээр явав . Бумаа ер харагдсангүй . Наадам тарчихав. Бумаатай уулзаж чадаагүйдээ Очир баахан уйтгартай явжээ. Уулзаж чадахгүй ч гэсэн ядахдаа нэг захидал бичье гэтэл , өөрөө бичиг мэдэхгүй , хүн танихгүй хэнийгээ гуйж бичүүлэх билээ. Тэгсээр орой хирд хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн үүдэн дээр очтол Бумаатай яг тулгарчихав. Сандарсандаа мэндэлчихсэн нь сайхан завшаан болжээ. Тэх зуур Бумжаа:

  • Үгүй би таныг нэг л үзсэн хүн шиг, хаана үзлээ? Гэж эелдэгхнээр
    асуухад , ам нээж юм ярих шалтаг эрж ядсан Очирт аятайхан юм болж,
    -Тиймээ ? Та намайг үзэхээр барахгүй, зурсан хүн биш үү? Харин би таныг танихгүй боловч, танилцахад юу нь хождох вэ – гэж баясангуй царайгаар хэлэв. Тэхэд Бумаа ,
  • Юу гэнээ ? Зурсан гэнэ үү ? гэхдээ зурсан зураг нь санагдаж, үгүй та чинь хэн гэнээ ? хаана ажил хийдэг билээ ? гэжээ. Очир дун цагаан шүдээ яралзуулан, -Миний нэр Очир гэдэг. Хөдөөний нэг малчин эмгэний хүү . Би хэдийн таны тухай гарсан сонинг уншлаа. Миний морь унаад зогсож байгаа зургийг та мөн ч сайхан зуржээ. Мөхөс миний зураг эрхэм танд олдоод бас гоёмсог сайхан зургийн чинь эх сэдэв болсон байдаг нь юун сонин хэрэг вэ? гэхэд Бумаа : -Хүүе , тэр чинь таны зураг байсан юм уу? мэдсэнгүй . Таны тэр зургийг би ч олсон юм биш , мастер маань над өгсөн юм. Харин зөвшөөрөлгүй зурчихсан миний буруу болсон байх. Өршөөгөөрэй гэж инээмсэглэхэд Очир улам хөхөрч:
  • Би ч таныг өршөөе…

Гэвч та намайг мөн өршөөх биз… гээд яриагаа үргэлжүүлүүлэх үес хоёр залуу үзэсгэлэнгийн цэцэрлэг рүү хандаж явав. Бумаа бол нилээд боловсролтой, ном унших дуртай хүн ажээ. Энэ удаа утга зохиолын нэг цоморлиг барьж явав. Очирын өөрөөсөө дутуугүй боловсролтой хүн гэж санажээ. Зурагтай сонинг уншсан тухай Очирын хэлснийг бодоод лав л сонин их уншдаг хүн юм гэж бодож билээ. Цэцэрлэгийн модон доторхи нэгэн вандан дээр амран суухдаа Бумаа барьж явсан номоо сөхөж хараад , дотроос нь ямар нэг сонирхолтой зүйл олох мэт болж хэдэн мөр уншсанаа :

  • -Үгүй би аятайхан уншиж чадахгүй юм. Та нэг сайхан уншиж өгнө үү ? гэв Очирын царай барсхийж, ичих , сандрах зэрэгцээд бүлх залгичихсан юм шиг бүлхэлзэж байснаа түүнийгээ Бумаад мэдэгдэхгүйг хичээж биеэ төв болгоод :
  • -Эрхэм минь , миний хоолой зангираад нэг л аягүй . Харин та тун сайхан уншиж байна. Цааш нь уншаач дээ гэв . Ичиж мэгдсэнээс болж хоолой нь үнэхээр чичирсэн бөгөөд бие нь баахан дагжсаныг өөрөө мэджээ. Бумаа санаанд ч орсонгүй .
  • За тэгвэл би уншья. Харин та битгий шоолоорой гээд цааш уншив. Бумаагийн уншихыг Очир сонсогч болон суувч , хамаг залуу насаа хий дэмий өнгөрөөж байгаагаа гэмшин санаж байв.

Гэвч Бумаагийн хөөрхөн ааш, хөгжилтэй яриа нь Очирыг төдхөн тайтгаруулжээ. Тэндээс хоёр залуу , шөнө дөл болтол хамт зугаалан явжээ. Тэгж явахдаа бие биесийн ааш зан , аж төрлийг харилцан сайн мэдэлцээд дахиад хаана ч уулзсан хэзээний танил хүн шиг болсондоо хоёулаа урамтай байжээ. Очир өсөх насандаа үоё цэвэрхэн хүүхэн бишгүй олныг харсан боловч Бумаа шиг ийм сэтгэлийн чимэг болсон хүүхэнтэй ер учирсангүй билээ.

Түүнээс хойш олон хоног өнгөрч хоёр залуу бараг өдөр бүр уулздаг байв . Сүүлдээ бүр сайн танилцаад дасалцах төлөвийг олжээ. Гэвч Очирын боловсролгүй , ядаж бичиг мэддэггүйг Бумаа огт мэдээгүй байсан ажээ. Тэгсээр Бумаа , Очир хоёр хойшхи ажилдаа яарч, нэгэн өдөр, нутаг нутагтаа буцах болов…

Салах ёс гүйцэтгэх үесэд Очир , Бумаагийн явах машины гишгүүр дээр зогсож түүнийг үдэхдээ:

  • За Бумаа ? Миний зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтэж эхэлсэн нь над нар шиг сайхан санагдана. Чи бид хоёр , одоо нэгэнт сайн танил болжээ. Бид хоёрын хооронд , амьдралаа холбохын бат холбоо тогтсон гэж би итгэе. Ганцхан чи над, алт шиг ганц үгээ хэзээ хэлэх юм бэ? гэхэд Бумаа :
  • За , чи тэгж итгэж болно биз. Гэвч би одоогоор чамд юу гэж хэлэх билээ? Үнэнээ хэлэхэд , би ямагт ганцаараа яваад энэ насыг барахгүй нь лав . Эрх биш нэгтэй нь амьдралаа холбох биз. Тэхэд над ямар нэг хээнцэр залуу хэрэгтэй биш . Төрөлх байдлаараа сэтгэлд минь зохицсон, ааш зан , аж явдлаараа хүнд гологдохгүй боловсон ёсыг эрхэмлэх хүн хэрэгтэй . Чи ч бас тийм хүнийг хүсэх биз? Тэхлээр бид хоёрын явдал ямар болох хь гагцхүү бие биенийхээ итгэснийг хир зэрэг хүндэтгэн сахихаас болох биш үү? гэхэд -Бумаа минь. Чи намайг итгээч? Чинийхээ итгэлийг би юунд хөсөрдүүлэх юм вэ? Чамгүйгээр би чаж амьдрах вэ? гэр хэлэх зуур явах гэж байгаа олон хүн машин дээрээ гарч ирэв. Тэхэд нь Бумаа хүний дэргэд элдэв юм ярихаасаа зовж, өврөөсөө бяцхан цаас гаргаж ирээд : “ Чи лав үнэнээсээ хэлж байна уу” гэж бичиж өгвөл , Очир намайг ондоо хүүхэнтэй зугаалах уу ? гэж асууж байгаа юм байх гэж бодоод үгүй гэж толгой сэгсэрчээ.

Бумаа, аягүй муухай харж тас шавхуурдах адил ширэвтэл машин ухасхийн хөдөлж цааш хурдлан явчив. Очир дэмий малгайгаа авч даллан үдсээр хоцров. Бумаагийн хойноос удтал гөлрөн зогссон Очир шүүлс алдаж Бумаагийн сэтгэлд юм оруулчихсаныгаа машид гэмшээд бичиг суралгүй хоцорсны маань гай бас л гарч ирэв гэж өөртөө тэсэлгүй их гомджээ.

Тэндээс Очир нутагтаа буцаж ирсний дараа бүр өөр байдалтай болжээ. Урьд нь ээжийнхээ нэг юм хэлэхэд хэдэрлэж цухалдаад мордож явчдаг байсан тэр хүү , одоо хөгшин ижийнхээ гадаа, гэртэх хамаг ажилд нь туслалцаж, малдаа сайн явдаг болоод , бичиг сурна гэхээс толгой дээш татдаггүй болсон нь бүхэнд гайхалтай билээ…

Бумаад би өөрийгөө бичиг мэддэг гэж итгүүлсэн биш үү? Тэр ч бас боловсон ёсыг эрхэмлэх тийм хүнийг хүсдэгээ тэр надад хэлсэн, тэхлээр би Бумаатай дахин уулзахаасаа нааш бичиг сурч амжих хэрэгтэй гэж Очир маш их мэрийжээ. Эх нь хүүгийнхээ энэ их хичээл мэрийлттэй , хэлсэн үгнээс гардаггүй болсныг гайхаж хандаггүй болов. Амьд мэнд явахдаа хүүгийнхээ сайн сайхныг нэг үзэх нь үү ? гэж горьдон суух болов.

Хойт жил нь болов. Очир бичигт нилээд сайн сурчээ. Ном сонин зэргийг саадгүй уншдаг болсон нь түүнд сохор байснаа нүд орсон юм шиг санагджээ. Зүрхний хайрт Бумаагаа ямагт дурсан санасаар билээ. Тэсэлгүй их хүсэн мөрөөдөхдөө , зургий нь харж харж өхөөрдөн магтдаг байжээ. Нэгэн өдөр Бумаагийн зургийг харж тийнхүү суухдаа :

  • Толь шиг цэвэрхэн царайны чинь
  • Тоглож мишээх нь янзтай юм.
  • Торомгор хар нүдний чинь
  • Тоглож ширтэх нь учиртай юм …

гэж бичсэн нь түүнд одоо хүртэл хадгалаастай байдаг билээ. Очир бичигт яаравчлан сурсны ачаар Бумаатай харилцахдаа ямар ч саадгүй болсон төдийгүй , Бумаа энэ мэтийн уран үгтэй захидлыг явуулдаг болсон ажээ. Бичиг сурснаар ном хэвлэлээс хол ойрын элдэв сонин юмыг үзэж мэдэх болжээ.

Өвөл нь болов. Гэтэл нэгэн өдөр . Бумаагаас захидал ирэв . Тэр захидалд өгүүлсэн нь : “Чамаас би холбоогоо тасаллаа. Би үүгээр нэгэнт замаа олсон. Харин буруу нь минийх биш …” гэжээ. Энэ захидлыг хүлээн авмагц Очир гуньхралын хар үүл бүрхэв . Бумаагийн зүрхтэй хамт лугшигч Очирын халуун зүрхэнд хурц сум шаасан мэт боллоо. Очир тэсэлгүй их гомдовч Бумаа арай тэх хүн биш сэн.Ямар жигтэй юм бэ гэж гайхна. Чи бид хоёр ямар шүү сайхан танилцаад , амьдралынхаа замыг ямар шүү сайхан нээлээ? Одоо яах чинь энэ вэ? гэж уйтгарлан боддог болов. Гэвч Очирын ингэж зовж байгааг хэдэн мянган километрийн цаана байгаа Бумаа яаж мэдэх билээ?

Тэгээд маргааш нь болоход шуудангаар ирсэн саяхны нэг сонин дээр “фронтод бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцсон зураач Бумаа өнөөдөр нийслэлд ирлээ” гэж зарлагдсан байжээ. Очирын сэтгэл хоромхон зуур сэргээд сэтгэлийнхээ гүн дотор хайртныхаа алдрыг магтаж байв.

Орой болохын алдад Очирт гэнэт нэг бодол төрөв. Бичиг захиа нь ямар ч байсан биеэрээ уулзаж байж учраа олье гэж тэр бодов. Очир явахаар шийджээ. Уулын өндөрт харьдаггүй , уудам талд цуцдаггүй унаган зээрд морь нь уяан дээр хүлээж байв. Төдий удалгүй Очир ээжийдээ хамаг учраа хэлж итгэлт сайн морио унаад амраг Бумаатайгаа уулзах гэж алсыг зорин мордов. Морь нь агсам омогтой ам нь дийлдэхгүй хөндөлсөн тэмүүлсээр шөнийн харанхуйн дундуур үзэгдэхгүй болов.

Очирын мордсоноос хойш гурав дахь шөнө нь билээ. Бумаа нийслэлд ирж нилээд хэд хоноод маргааш өглөөгүүр СССР-т явах гэж байв. Шуудангийн хүн тэр үдэш Бумаад нэгэн дугтуйтай бичиг авчирч өгөв. Бумаа түүнийг санамсаргүй хүлээж аваад үзэхтэйгээ зэрэг царай нь хувьсхийж шууд хумин атгавал гэнэт нэг хүн үүд тогшив.
За болно гэж хэлэх сацуу нэгэн хүн орж ирэхийг үзвэл Очир байжээ.

  • “Энэ муу хуурамч амьтан , чи энд юу хийж ирэв” гэж санаад мэндлэхийнхээ урьд, чи чинь хайчиж яваа хүн бэ? гэж асуув.
  • Бумаа чи сайн биз дээ. Би сая ирлээ гээд Очир ондоо үг хэлсэнгүй солиотой хүн шиг гөлрөн харсаар нэг сандал дээр суув…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button