Өгүүллэг

ЗАД

Хөвчид түймэр гарчээ. Балагтай энэ түймрээс болоод багийн дарга Санж хаврын харшинги цагаар хүлэг нь эмээлтэйгээ, хүн нь дээлтэй хатаж гүйцэв. Дайн дууссан баяртай мэдээ өнөө маргаашгүй болсон энэ үед ялалтын баяртай зэрэгцэн хуримаа хийхээр товлосон залуу дарга өдийд хурим найрын бэлтгэл хийж суух байтал түймрээс өөр бодох юмгүй шогшиж явлаа. Жил хагасын өмнө цэргийн албанаас халагдаж ирсэн Санжийг гуя шилбэн дэхь сумны шархны зовиураас илүү тайгын түймэр туйлдуулж орхив.

Хайртай бүсгүйнх нь төрсөн эцэг, хадам ааваа гэж дуудан алдан сүжрэх болсон хашир өвгөн Сандагийн хэлсэн үгийг ой тойндоо ортол бодон бодон шогшино. Дайны хажуугаар дажин гэгчээр намрын анхны цасны түрүүчээр уугиад өнгөрсөн их хөвчийн түймэр яг тэр газраа дахин гарсан байв.

Дөрвөн жил үргэлжилсэн дайн хэзээ мөдгүй дуусан алдаж, ялалтын уухай чихэнд хангинан алдах тэр цагт гайт түймэр гарч хамаг амьтныг сандаасанд бухимдаж яваа нь энэ. Санж багийнхаа чадал тэнхээтэй хэдэн эрчүүдийг дайчлан хамж, сүүлчийн ээлжнийхнийг хоол хүнсний хамт өчигдөрхөн түймрийн голомтонд хүргэсэн аж. Чадал тэнхээтэй ч гэж дээ. Өөрөөс нь хоёр сарын өмнө бөмбөгөнд өртөж хуйхаа сийчүүлсэн дүлий Баасан, хавар намарт солирдог хөөрүү Сүх, ойцон Бадрах гэгч доголон эр за тэгээд хэдэн шальдар бульдар банди л байх шив.

Эзэнгүй мэт эль хуль оргисон гэрээрээ орж, замын тоосноосоо салаад удахгүй гэрлэхээр сүй тавьсан сэтгэлт бүсгүйнхээ гэрээр дайраад гарав. Хашир өвгөн Сандаг хүргэн хүүгээ голонгуй харснаа:

-Хөвчид гарсан түймэр хөвдөндөө өвөлждөг юмдаа. Хавар гай тарих вий гэж чамд сануулсан л санагдах юм.
Хөгшин хүний үгийг нохой хуцахын наагуур боддог бололтой. Одоо хэдэн ч хүн очоод ч дийлэхгүй болоо вий. Харин “галзуу” Сэд өвгөн дээр хурдхан оч. Өөр арга байхгүй гэж хэлээд жишүү харан гаансаа сэтгээд суучихжээ.
Үнэхээр өнгөрсөн намар “Баруун Хавцгайтаас утаа суунаглаад байх шиг, хүүхээ” гэж Санжийг сэтгэлт бүсгүйтэйгээ уулзахаар ирэхэд нь хэлэхэд тэр дурандаж нэг харвал үзэгдэх юм үгүйд санаа амарч үл тоосон билээ. Өглөө түүнийг мордоход өвгөн дагаж гарч ирснээ:

-Өөрөө завгүй бол Хавцгайт руу хүн мордуулаарай, хүү минь. Өдийд гарсан гал эвгүй шүү хэмээн захисан ажээ.
Өвлийн бэлтгэл өвс хадлан гээд их ажил ундарсан үе тул өвгөний үгийг тэгсгээд мартсан байв. Гэтэл тэр үг өнөөдөр орой руу орж, юун хурим найр манатай болж, өөртөө уурласан уураа мориндоо гаргах адил туранхай хүрэн мориныхоо гуянд ташуур өгөн шогшуулна.

Ийнхүү шогшуулсаар Сэд өвгөний гэрийн барааг харж, нохойн дуу ойртох тусам, санаа зовон халширч байлаа. Өнгөрсөн намар аймгаас ирсэн ухуулагчийн хамтаар багийнхаа иргэдийг цуглуулж улаан армийн ялалтын тухай ярихын хажуугаар шашингүйн үзлийг баахан таниулж, мэрэг төлөг тавих, өргөл барьц авах, илбэ шид үзүүлэхийг чандлан хориглоно гэж өмнөх ширээгээ дэлсэн алдан тунхаглачихсан хүн, нутгийнхандаа “галзуу” Сэд хэмээн цоллогдсон хэлэмгий доломгой энэ өвгөний аяыг олж ярина гэдэг бэрх санагдана.

Багийн дарга, намын орлогч гишүүн байж “Сэд гуай, зад тавиад өгөөч. Түймэр дийлдэхээ байлаа” гэвэл өмнөөс нь шороо цацаж ч мэдэх хүн гэдгийг Санж гадарлана. Тэр оновчтойхон хэлчих үг олохгүй явсаар Сэд өвгөний уяан дээр буув.

  • -Нохой хорь оо гэвэл гэрээс:
  • -Нохойгүй ээ гэх бүгтхэн дуу сонсогдов.
  • Түмэн нөхөөс болсон тас хар гэрийнх нь навсгар үүдийг сөхөж ороод нүд дасгаж ядан харвал баруун хоймроо завилан суусан өвгөн ухасхийн босож,

-Өө дарга. Амгалан морилж явна уу? Алив дээшээ суу гээд өглөөнөөс хойш галлаагүй бололтой тулгандаа аргал зэрэглэв. Санж гэрийн доторхийг тойруулан хараад “Яажшуухан амь зуудаг юм бол доо? Мал тооллогоор дөрөвхөн бод, арваад бог тоолуулж байсан санагдана. Фронтод хос алтан бөгж бэлэглэсэн гэгдэх энэ нөхөр ер нь арга дом хийж, хүн мунхруулаад…” гэж хар цохин бодох зуур, утаа унгитган зуух руугаа үлээж суугаа навсгар өвгөнийг хараад, дөнгөж сая бодсон хардаж сэрдсэн бодлоо шилгээх санаатай дэмий л тооно өөд харав.

Санж өвгөний хийж өгсөн бүгээн цайг оочлон сууснаа:

-За Сэд гуай маргааш өглөө багийн төв дээр дулаан хувцастай очоорой. Хамаг эрчүүд түймэрт яваад та бид хоёр л үлдлээ. Жаал хүнс хоол авахад гэмгүй шүү. Хөгшин залуу хоёр партизан түймэртэй нүдэлдээд байж дээ гэчихээд хариу хүлээв. Сэд өвгөн түүний ирсэн зорилгыг гадарлах тул “Танай төр засаг илбэ шид хийхийг хориглодог биз дээ?” гэж хэлнэ хэмээн бэлдэж сууснаа, түймрийн дайчилгаанд яваарай гэсэн багийн даргын үгэнд цочин өндөсхийж,

  • -Үгүй дарга минь. Миний хөл муу гэхэд

-Эх орон шатаж байна Сэд гуай минь. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй мөлхдөг цаг ирлээ гээд царайг нь ажив. Өвгөн тэрүүхэндээ тулганыхаа өмнө түнтэгнэн багийн даргынхаа царай өөд үе үе харж мушийсхийн нэгийг бодож дуугаа хураажээ. Санж ч дахин үг хэлсэнгүй. Түүнийг мордуулж өгөхөөр гарч ирсэн өвгөн уянаас холдон буй Санжийн араас:

  • -Хүү минь. Ус цэлмэж үү? хэмээн хашгирав. Санж эмээл дээрээ хөндөлдөсхийгээд:
  • -Цэлмэсэн байна билээ. Сэд гуай гэж хэлчихээд мориндоо ташуур өгөв.
  • Буцах замдаа тэрээр нэг их том үйл бүтээчихсэн хүн шиг Сандаг
  • өвгөнийхөөр буув. Өвгөн:
  • -Цаад Сэд чинь гэртээ байна уу? Юу гэнэв? гэвэл
  • -Ус цэлмэж үү? л гэж байна гэсэн тоомжиргүй үгийг сонссон өвгөн баяртай инээмсэглээд:

-Болж дээ, хүү минь. Цаадах чинь тэгж л хэлсэн бол баараггүй. Одоо түймэрт санаа зоволтгүй. Хүү минь бусад өөр ажлаа бод гэвээ. Санж гэнэт өнөөдөр шуудан ирдэг өдөр гэдгийг санаж сумын төв орохоор яаран мордов. Сумын төв дээр түүнийг “Дайн дууссан” гэсэн баяртай мэдээ хүлээж байгааг зөн совин нь шивнээд байлаа.

Санж хүрэн морио давьчин давьчин “Дайн дууссан шүү” гэсэн ялалтын мэдээтэй багийнхаа бүхий л айлууд руу буцаад шогшино гэдгээ мэдсэн мэт тохой хэрийн яргай ташуураар морио гуядан яарч явав. Сэд өвгөн буцаж ороод бие арчих даавуу шуувуухан авч сугандаа хавчуулаад холхон саахалт хэрийн зайд байх Эгийн голыг чиглэн алхав. Өвгөн томдсон гутлаа шороо манартал чирэн, навсгар дээлийнхээ сэмэрсэн ханцуйгаар байн байн хөлсөө шудрах тоолондоо багийн даргын залийг бодож:

-Үгүй мөн гэж инээмсэглэн толгой сэгсэрч явлаа. Ийнхүү багийн дарга Санжийн зальт арга хэрэгжиж үдээс хойшоос эхлэн шивэрсэн бороо тав хоног зүсэрч, хөвчийн түймэр дарагдсан авч хаврын тариалалтын үеэр түмний ажлыг сүрхий саатуулаад авсан юм.

Зохиолч: Санжааагийн Батжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button