Өгүүллэг

ХОНХ Зохиолч: Цэвэгжавын Ганболд

Үүрийн жавар хугачин суурин даяар хонхон дуу хангинав. Энэ дуу бүр алс хөдөө малчны хотонд хүрч хоточ нохдыг ч шуугиулж амжлаа. Нэг муу цоорхой төмөр торхонд галт тэрэгний зам төмрийн тайрдсаар хэлэрхүү юм хийж суурингийн захиргааны манаачийн шовгорын хажууд байрлуулсан нь олон жилийн дараа “хэл орохдоо” цөөнгүй хүний сэтгэлд үүрийн жаврыг ус мэт цутгачихав.

Бараг мартагдсан энэ чимээ анхлан дуугарахдаа хорвоогийн хоёр үнэнийг зарласан гэхэд болно. Нярайлж чадахгүй өнжиж хоносон эх хонхон дуунаар цочин хоёр яс хагацаж, хүүхдийн часхийх “зар” сайхь дуутай зэрэгцэн суурингаар нэг тархжээ. Тэр хүү өдгөө хоёр хүүхдийн эцэг болж хот хүрээ бараадсан гээд бодохоор чамгүй олон жил хонх дуугараагүйг нотлоно. Харин хоёр дахь нь гэвэл хоршооны манаач бүхий л суурингийнхантайгаа хамжаад ч шөнө дөлөөр авалцсан агуулахын түймрийг унтрааж эс дийлээд бачуурахдаа модноос боомилсон гашуун түүх бий. Энэ л хоёр үнэнийг мэдэх хөгшид хонхон дуунаар сэртхийх нь аргагүй. Манаачийн боомилсон модноос ойрмогхон хоёр ч хүн өөрийгөө дүүжилсэнээс хойш суурингийнхан яаж ийгээд алсуур тойрох болжээ. Ааштай авиртайгаараа зартай нэг эр тэр модонд хөлөө хүргэхэд “Хөлөө бишээ хүзүүгээ” гэж шивэгнэсэн гэх гэрчгүй яриа нэг хэсэгтээ л буйд нутгийнханы чихийг дэлдийлгэсэн. Суурингийнхан хийгээд хөдөө алсынхан бүгдээр удтал хэлэлцээд уг модыг огтлон шатааснаар дээрх яриа алгуур мартагдсан билээ.

Хонхон дууг ер ажралгүй зүүд нойрондоо умбагсадыг ч буруутгах аргагүй. Тэдний дунд хонх ямар үед дуугардаг, дуугарахаар яах ёстойг мэдэхгүй залуус ч мэр сэр бий аж. Хөгшид түрүүлэн босож ойр тойрныхоныгоо сэрээх зуур түгшүүрт харцаар сууринг халиагаад ноцтой гэхээр зүйл юуг ч эс олж мэдэв.

Бужгар эмгэн босохоор завдаж чүдэнзээ тэмтэчсэнээ гэрийн зүүнтээгээс гарах нэгэн чимээ олж сонсоод түр азнав. Хэзээ эхэлсэнийг эс мэдэх тэр чимээний төгсгөлийг эмгэн хүлээж цөхөөд хий ханиалган “анхааруулга” өгөөд ч тусыг эс олов. Эмгэн сүүлдээ өөрийгөө сатааруулж эрхээ эргүүлэхдээ маани мэгзэм уншсангүй. Харин эрхнийхээ бөөрийг имрэн тоо тоолж байлаа. Эмгэн нэг л мэдэхэд мянга давуулан тоолоод залхаж залуу насаа дурсав.

Суурингийн нилээд хойхно их зургаан ханатад Урнаа хүүхэн нойрмоглон эргэж хөрвөөхдөө эр нөхрөө сэм өврөөс нь сугарч одсоныг мэдээд гайхан өндийлөө. Урнаагийн урд хашааны Дүнгэр өвгөн зулын гэрэлд дүнгэнүүлж байсан Сундуйн жүдийн төгсгөл дээр гацаж сандарсанаа хонхон дуунаар сэхээ авч дахин нэг зул нэмж өргөөд Маанийн ерөөл дүнгэнүүлэн өөд болоогүй нэгний хойтохыг уншчихав. Хамгийн урд захын айлын пүнзнээс сэм бөртөлзөн гарсан нэгэн нохойд боорлуулан барьц алдахдаа барьж явсан хөлдүү хонины гуяа шидчихээд амь зулбав. Хашааны булан бараадан гүйх эртэй “амь зулбагч” мөргөлдөхдөө “Ахаа би юу ч аваагүй нохой л…” гэж ам алдчихлаа. Урнаа хүүхний нөхөр амь зулбагчийг “Аа тийм бий” гээд мөрнөөс нь шүүрэн завдтал улаан нүүрэнд нь гал бууж тас гэдрэг савчихав.

Айл бүрийн тооноор гэрэл сүүмэлзэн гэрийн хаалга онголзож эхэлсэн ч хонхон дуу тасралтгүй цуурайтсаар л… Нэг хоёроор цувсаар даруй хориод хүн суурингийн захиргааны үүдэнд цуглав. Цуглагсад бие биенээсээ “Юу болсон… Ямар аюул нүүрлэв?” гэсэн нэг л асуултыг давтан асууж, хариуд нь бүгд дэмий л мөрөө хавчина. Хүмүүс уван цуван цугласаар хашаа дүүрсэн ч, манаач хонхны хэлийг савчуулсаар л байв. Хүмүүсийн тэвчээр алдагдан юу болсоныг манаачаас асуухад “Ахлагч ирсэн үү?” гэсэн асуултаар бүгдийн амыг таглав. Манаачийн дуунд нулимс хөвөхийг настайчууд анзаарсан тул түүний хэлсэнийг дэмжин хүмүүсийг тэвчээртэй байхыг дахин дахин сануулна. Ахлагч ирээгүй нь төдөлгүй тодорхой болоход хонхон дуу үргэлжиллээ.

Хэдийгээр үүр хаяарах болсон ч тэнгэр бүрхсэн тул ойр тойрны бараа үл мэдэгдэнэ. Даарсан хүмүүс хөр цасан дээр дэвхцэх чимээ олон морьтон уулгалан довтолгох шиг сүрдэм ажгуу. Сайтар анзаарсан хүнд бол бүгд нэгэн хэмээр товшлон дэвхцэх агаад гагцхүү нэгэн сондгой чимээ л удирдаач үгүй найрал хөгжмийг баллаж байлаа. Ганцаар бусдаас сондгойрон огцом хэмнэлтэйгээр үсрэх эр бол Урнаагий нөхөр Дансран ажээ. Эхнэрийнхээ өврөөс сэм сугаран өрөөлийн өвөр эзгүйчилсэн энэ эр хонхон дуунаар түргэн авахдаа өрөөсөн хөлийнхөө жийргийг ололгүй бахиалаа нүцгэн жийсэн юмсанж. Тасхийм жаврыг уясааж ядан яргаж мандах нар будан суусан сууринг гийгүүлж эс дийлсэн ч бараа бараагаа таних бүүдэн гэгээ хайрлав. Хонхон дуу тасраагүйгээр үл барам өртөөлөн түгэж хот айлуудыг нойрноос нь сэрээж дөнгөсөн билээ.

Хот айлынханы үр хүүхэд, за бүр холын хамаатангаас ядаж нэг ч болов хүн сууринд бий. Тэд ч мөн битүү түгшүүрт автан хоттой малаа ч билчээхээс эмээв. Сууринтай хамгийн ойрхон хот айлд хоноглосон ахлагч бүрзгэрдүүхэн өндийхэд айлын эхнэр хонхон дууг түүнд уламжилсанаар ахлагч хөнжлөөсөө дурамжхан сугарлаа. Дансрангийн өвөр рүү сэм нэгэн зөөлөн зүйл гулсахад эргэн харвал хугас шөнийн жаргалд хөвсөн эмэгтэй хуруугаараа “Чишш…” гэсэн дохио өгчихөөд эргэв. Эмэгтэйг Дансрангаас төдийлөн холдож чадаагүй байхад хүмүүс шуугилдахад мань хүн улалзан нүүрээ дарсан нь илүүц байлаа. Суурингийн ахлагч хашаанд морьтойгоо орж ирээд цуглагсадын өмнө дөрөө мултлахад хонхон дуу намжив.

Ахлагч хүмүүсийг нэгэнтээ халиагаад тэдэнд хандаж ямар нэгэн зүйл хэлэх хэрэгтэй болсоныгоо ойлгон манаачийн шовгорын шат өөд өгслөө. Манаач түүнийг тосоод чихэнд нь хошуугаа наав. Ахлагч байн байн толгой дохино. Манаачийг хошуугаа салгахад ахлагч биеэ цэхлэн хоолой засав. Цуглагсад амьсгаа даран нам жим боллоо.

-Та бүхнийг цуглуулсан явдал бол биднийг ивээгч тэнгэрт асар том хоёр цонх гарсаных билээ. Наран ургах зүгт гарсан цонхонд аварга том цаг цохилж буй нь харагдав. Мөн нар жаргах зүгийн цонхоор үй түмэн үлэг гүрвэл тэжигнэн давхилдаж, төвөргөөн нь агаар цалгиан газар доргиолоо. Хамгийн гол нь цонхон доорх бичээсийг манаач маань тайлж уншсан явдал юм. Бичээсэнд:

  • -Цаг зогсоход амьдрал төгсөж
  • Цаг цохилоход амьдрал эхэлнэ
  • Эхлэлийг хэн ч эс үзмүү… хэмээжээ гээд шатаар уруудахдаа ахлагч тэсэлгүй эрхийгээрээ нулимсаа шилэмдэв.

Хэд хоногийн дараа суурингийнхан хонх дуугараад хэр удаж буй талаар маргалдав. Манаач эр “Арван тав хоносон” гэхэд бусад нь “Үгүй шүү долоо хоносон” гэж дуу нэгтэй мэтгэв. Манаач ч мөчөөгөө өгөлгүй “Та нар архи уугаагүй, архиндаа уулгасан байна. Би тасралтгүй согтоод яг арван тав хонож байна” гэснийг хоршооны худалдагч “Үнэн шүү. Тэр надаас арван тав хоногийн өмнөөс архи зөөсөн.

Худлаа гэвэл хонх дуугарах хүртэлх долоо хоногийн өрийн данс нь өдөр цагтайгаа байгаа” гэж баримт гаргав. Энэ бүхнийг чимээгүй сонсож хэвтсэн Бужгар эмгэн “Муу согтуу толгой хамаг ажил алдуулаад…” гэж уурсан таягаа гозолзуулахад бүгд сэхээрэв. Тэд буруутныг олох гэж нилээд буурьтай хэлэлцсэний эцэст бүгдээр гарч, захиргааны хашаанд очин “гайтай” хонхыг буулгаж, шон модыг нь шатаагаад гэр гэрийн зүг алхлаа. Зиндаа бууж төрхөндөө орсон төмөр торхийг суурингийн ганц дархан Сэмгэр гэр рүүгээ үүрэн майрганав. Манаач Сэрсэнжав түүнээс олон түлхүүрээр онгойдог бат бөх цоож хийж өгөхийг хүсчээ.

Зохиолч: Цэвэгжавын Ганболд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button