Өгүүллэг

Алдуурсан төөрөг

Бурхан болоочдыг нэгэн цагт нутаглуулдаг байсан хийгээд одоо хүн тавихаа болиод хөсөр хаягдсан ээвэр дулаан энгэрийг эмжин чанх хойш зурайсан шороон замаар нэгэн портер машин тоос татуулан хар утаа олгойдуулсаар өгсөж явна.

– Зам гэж там даа. Уг нь шороо асгаж индүүдсэн л ухаантай юм. Гэлээ гээд энэ хүнд ачаатай машинууд байнга сүлжиж байгаа болохоор … Тэгээд ч манайхан ямар олигтой юм хийх биш. Дарга нар танаж тайрч идсээр үлдсэн жаахныг нь гурилдаад орхино. Тэгээд л нэг ширүүн бороонд урсчихна шүү дээ. Замын донсолгоог гаргах зуур Баатар ийнхүү бодоод

–Бас энэ халууныг ээ там юмаа, там юм хэмээн үглэсээр цонхоо нээв. Урдаас нь байнга цуврах машинаас пургисан нунтаг цагаан шороо цонхоор чихэн орж ирэхэд мөн л ундууцсаар яаран сандран цонхоо хааж

– Арай ч их аччих вуу даа, овоо хүнд байна шүү гэж бодтол замын хонхорхой таарч жолоогоо зүүн тийш огцом дарлаа. Машин замаасаа бараг гарчих дөхсөнөө овсгоотой хурдан мушгисны хүчинд тэгшрээд ирэв. Баатарын дотор зарс хийлээ. Тэрээр саяхан замын хажуугийн нэгэн булшны чулууг дайрчих шахжээ. Жолоогоо огцом дарахдаа зэрвэс хартал авсных нь таг цөмрөн алга болж өгөршиж хувхайрсан хэлхээтэй араг яс харагдсан ажээ. Түй. Түй… Зүүн мөрөн дээгүүрээ давуулж хэдэнтээ нулмиснаа тайвширч булш бунхнуудыг ажиглаж эхлэв. Зарим нь бараг замд тулж замын хоёр талаар асгасан барилгын хог хаягдалтай холилдон хөглөрчээ.

Тэрээр хурдаа хасаж ойр байгаа нэгэн хөшөөний нэрийг унших гэснээ болив. “ Булшны нэр унших муу ёр. Би нэг удаа хүний ажил явдалд оролцож яваад саваагүйтээд нэг хөшөөний нэр уншичихсан чинь миний овог нэртэй адил байгаад хэд хоног айж цочин халуурч бүлээрсэн” гэж найзынх нь хэлсэн үгс санагдав. Хурдаа нэмэх зуур – Ай хөөрхий ямар хүний үрс ингэж энд булуулаад хог новштой хамт мартагддаг байнаа хэмээн толгой сэгсрэв. Түүнийг даваан дээр гарч ирэхэд тоо тоймгүй асгасан их хог нарны гэрэлд цайран харагдав.

– Цагаан даваа,Цагаан даваа. Арай энэ цайрч харагдах их хогноос болоод ингэж нэрлээгүй байлтай.Уг нь сайхан нэр шүү. Цагаан өнгө, цагаан сүү, цагаан сэтгэл, цагаан идээ, цагаан сүлд… манайхан ариун нандин бүхнээ цагаан өнгөтэй зүйрлэж холбож ойлгодог шүү дээ хэмээн бодох зуур нэвсийсэн их хогийг ажиглана. Тэнд зөвхөн хог төдийгүй юм юм л байв. Шавар шавхай болсон хэдэн гахай хэвтэх нь хэвтэж нэг хэсэг нь хог ухан гүйлдэнэ. Дэлэнгээ дааж ядсан хэдэн үнээ хог онгичин хээв нэг хивж зогсоно. Зарим нь завьжнаасаа унжих гялгар уутыг хэлээрээ ороон дээш татаад шавааран бужигнах ялаа батганыг сүүлээрээ гуядан хааяа нэг эвэрээ сэжлэнэ. Түүний наахна хэсэг адуу үргэж цамнахыг ч мартаад хогон дунд ургасан лууль, шарилж руу толгойгоо шаан зогсжээ.

Хүүхэд эмэгтэйчүүд голдуу хүмүүс хэсэг хэсгээрээ бөөгнөрч мал адгуустай холилдон хог ухацгаах агаад ирсэн машиныг амдан уралдан гүйцгээнэ. Өнөөдөр монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулах өдөр. Гэвч хэн нь гарах хэрхэн юу болох нь тэдэнд ямар ч хүртээлгүй бололтой. Энэ бүхнийг ажиглаж явтал машиных нь өмнүүр хөх жинсэн өмд, хүрэн фудволктой сүүлийн үеийн охид хүүхнүүдийн ярьдагаар үсээ загасан сүлжээгээр сүлжиж дээгүүр нь саравчтай малгай эмжин дарж өмссөн нэгэн бүсгүй гэнэтхэн гарч ирэв. Сайхан гэхэд дэндүү сайхан хүүхэн ажээ. Баатар хурдаа хасаж

– Ийм сайхан амьтан энд юугаа хийж явдаг байна аа . ….Арай нөгөө….. амилсан чөтгөр … хэмээн дуу алдсан аа. Арай ч дээ гэгээн цагаан өдрөөр гээд цонхоо онгойлготол хог хаягдалын нэвширмэл муухай үнэр бүхээгт ханх тавин орж ирэхэд өөрийн эрхгүй огих шахсан үнэрийг дарах санаатай тамхиа авч асаав. Баатар машиныхаа хурдыг бүр хасаж бүсгүйн ирэхийг хүлээх зуур

– Аа энэ чинь хаана хог буулгахыг зааж өгдөг зохицуулагч бололтой гэж бодтол тэрээр бүхээгнийх нь хажуугаар зөрөн өнгөрөв. Уяхан туяхан нуруу, уран гоо бэлхүүс. Урсгал харц, даль жигүүрээ дэлгэн нисэх хараацайн жигүүр мэт хөмсөг, урт дэрэвгэр сормуус гээд бурхан түүнд гоо сайханыг харамгүй хайрлажээ. Удалгүй хэсэг хүмүүс машин руу уралдан гүйж ирэхэд аажуухан урагшилж байсан машин дээр бүсгүй ганцхан үсрэн гарч тэвшин дээрх хогийг онгичин ухаж гарлаа. Баатарын дур гутах шиг, бүсгүйг өрөвдөх шиг болоход яагаад ч юм саяхан хог ачиж гарсан дээд зэрэглэлийн зочид буудлын гадна талбайд нохойгоо салхилуулахаар гарч ирдэг ижил хүйстэн гадаад залуу санаанд нь буугаад ирэв. Түүний хоёр нохой нь …

Нохой ч гэж дээ. Даанч хэцүү. Метр гаруй урт биетэй ч төө хүрэхгүй богино хөлтэй. Хоёр чих нь газар шүргэн унжисан муухай амьтад. Дэргэд нь манай хог хэсэж явдаг эрлийз золбин ноход бол бор зүрхээрээ зүтгэсэн ёстой л нохой мөн. Тэр нохойны эзэн нь ч гэсэн. Эр хүний шинж даан ч үгүй. Хундагатай виски барин тахилзаж нахилзсаар явж нохойгоо салхилуулах тоолондоо зочид буудлын засварын ажлаас болж явах замд нь хог чулуу мод төмөр тааралдаад ноход нь бэртчих вий хэмээн зарц бүсгүйгээ хялалзан цэхэлзээд зогсохгүй буудлын зохион байгуулагч залууд байнга гомдол санал тавьж уурлан үглэж хэрүүл зарга хийсээр явж орно.

Хүмүүсийн ярианаас сонсохнээ мөнөөх эр манайд амьдарч буй нэгэн гадаадын баян нөхрийн эхнэр юм байх. Тэр баяны зөвхөн нохойг нь салхилуулдаг англи хэлтэй дээд боловсролтой зарц бүсгүй гэхэд л сарын мянган ногооны цалинтай гэнэ. Баатарын сэтгэлд бухимдал зэвүүцэл төрөөд байв. – Арайч дээ эх орондоо байж ингэж нохойноос дор амьдрах гэж дээ бид. Энэ бүсгүйг хар л даа. Цэцэг цэврүү шиг ийм сайхан бүсгүй.

Ирээдүйн монгол ээжий хэмээн уймарсаар Баатар хогоо асгаад машинаа асааж хөдөллөө. Түүний замд хогон дунд барилгын хаягдал юухан хийхнээр босгосон хэд хэдэн оромж таарав. Хамгийн наад талын бусдаасаа арай дөнгүүр оромжны үүдэнд “ Өвгөн керейста” хэмээх машин сойжээ. Оромжны оройд монгол улсын төрийн далбаа ид үдийн халуун наранд алтан соёмбоо гялалзуулан омог төгөлдөр дэрвэнэ.

Тиймээ унаж боссон ч эх орноо зүрхэндээ багтаасан монгол цус булингартаагүй, монгол сэтгэл алдраагүй цагт бид мандан сэргэх цаг ирж л таараа хэмээн санахуй Баатарын сэтгэл уужраад явчихлаа.

Доржийн Батболд Улаанбаатар хот 2017-6- 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button