Өгүүллэг

Уулын мухарт /Өгүүллэг/

Хаа нэгтээ ямар нэгэн зүйл хугарахыг сонсож зүүрмэглэхүйн орчилоос “унасан” Буманхүүгйин бяцхан зүрх зүгээр л сулхийгээд явчихав. Үл мэдэг далидчих дэнгийн гэрэл ч аанай л бүүдийчих шиг санагдлаа. Буманхүү дэмий л тооноод хяламхийхэд хошуулдсан өрхний сиймхийгээр бужигнах үй түмэн цагаан илтэс хүйтнээр гялбалзаж байлаа. Буманхүү “Юу ч хугараагүй юм байна. Өрхний оосор л салхинд дэрвэж…” гэж таамаглалаа. Ээж нь явахдаа зуухаар дүүргэсэн хөрзөн асаж цогшоод араатны нүд шиг улалзаж харагдана.

Ишш үүү… гэж улин исгэрэх чимээ гарахад чихээ дарав. Дэнгийн гэрэл хэдэнтээ савчих адил бөхөлзөөд унтарчихав. Буманхүү араатны нүд адил улалзах цогны гэгээнд ханьсан зуухны ам руу дөхөж хамаг биеэ хураан атгынхан чинээ болоод бөгтийн суулаа. “Өмхий хатиарууд чинь юугаа эргүүлээд тасраад явчихдаг байнаа. Тэгж зөнгөртөж явж хангайн амьтаны ам руу орох гэж байгаа юм. Ээж арай буруу явчихаагүй байгаа даа. Өдийд Мухар хүнхэд л хэвтэж байгаа даа, тэр хэдэн хатиарууд…” хэмээн эгээ л том хүн шиг “топ хийтэл” бодож суулаа.

Салхины эрч ширүүсэн хуйлраад нөөлөг ирж гэрийнх нь унь тооныг шажигнатал балбахад Буманхүү “Ээжээ…” гэж хоолойгоо цахиртуулан хашгирсан ч исгэчин хуурних цасан шуурга дэнгийн гэрлийн унтраасан шигээ өөдөөс нь цохиод авах шиг санагдав. “Ээж хонио олоогүй ч гэсэн Мухар хүнхэд орсон байгаа… гэсэн бодол чимээгүй урсах нулимастай нь гадагшлав. Ар нуруунаас нь хүйт дааж эхлэхэд хүү түлээний дөрвөлж рүү гараараа тэмтрэхэд юу ч баригдсангүй. Хоосон дөрвөлжний улыг хумсаараа маажихад дотор аягүйцэж улам айдас дагуулахад араас нь сэрүү тауулан ямар нэгэн амьтан гэтэх шиг болов.

Бумдарь зүүхны ам руу нуруугаа ээж хоёр гараа зөрүүлэн ханцуй руугаа шургуулан шомбойгоод “Уг нь шуурахгүй орвол ч цас гоё л доо. Өглөө тэнгэр онгойхоор хойд энгэрийн бэл рүү цас бөөрөнхийлэн өнхрүүлж тоглох юм шүү. Ноднингийн цаснаар өнхрүүлсэн цас урд дэрсэнд тогтоогүй бол ч их хол явах байсан даа. Энэ жил нэг насаар том болсон юм чинь арай том цас бөөрөнхийлж байгаад өнхрүүлнэ дээ. Урд бэл рүү торохгүй өнхөрвөл ч гэрийн дайтай том болох байх даа…” гэсэн шүү бодоод инээвхийлэхэд энгэр заам нь үл ялиг бүлээцэх шиг боллоо. Буманхүүгийн хөл даарч ар нуруунаас нь ээх илч ч аанай л үгүй болж буйг мэдээд гарч хөрзөн оруулахаар босов. “Ямар гэртээ даарч хөрч суултай биш дээ.

Тэгээд ч ээж даарч ирнэ…” гэсэн додьдгор бодлоороо харанхуйг сүлэн “газарчлуулсаар” хаалгаа нээсэн ч салхины хүчийг сөрөх тэнхэл дутаж хаалгандаа савууллаа. Дахин мөрлөж ирээд түлхсэн ч онгойлгож эс дийлэн өчүүхэн нээлхийгээр чихэлдэх, хүйтэн, нойтон элсээр цацах адил нүүр нүдгүй шавхуурдах шамраганд хацраа хорсгоод шарандаа учиргүй чангаар бэр тавин бархирахад оройжингоо аг чиг байсан шар жингэр гэрийн гаднаас жав жавхийн чимээлэв. Буманхүү “Үхсэндээ худлаа хуцаад байгаа юм бэ? Хүн хаалгаа онгойлгож чадахгүй байхад…” гэж нус нулимастайгаа холилдон гоморхоод улам чангаар бархирсаар харанхуйд тэмтчиж, хөлөө гулсуулан зөөсөөр зуухныхаа өмнө багцаалдан суугаад нусаа шор шор татан нулимсаа арчихад гар нь мөлүүхэн гилгэр гадаргуу дээгүүр гулсах шиг л болж агзасхийлээ.

Буманхүү нар, бороо, салхинд гажаад хүчлэн огшоож татахгүй л бол эвээрээ уулзалдахгүй болсон хаалгаа зөнгөөр нь орхин завсар заальхай гаргаснаа анзаарсангүй. Тэвний сүвэгчин чинээ сиймхийгээр тэмээн чинээ жавар шургалдаг юм хойно доо. Үүд хойморгүй жавар сэнгэнэж босго давуулан шуурах цас мөрлөн хунгарлаж байлаа. Цусан шуурга эрчлэн хуйларч шужганы оройд исгэчин хошуулдсан өрхний засраар сэгэлзтэл жаварлан чихэлдэх цас зуухан дээр хайлж байсан бол өдгөө цавцайж эхлэв. Бумдарь доороо бохирон нугалсан хөлийнх нь хуруунууд хүйт даасаар эзэнгүй юм шиг болохын хэрд шуухитнан гутлаа тайлж хөлөө гараараа барилж үрчвэл бага зэрэг бүлээцэх аядав.

Тэрбээр “Ээж эрхбиш нөмөр бараадсан байгаа. Хонио олсон бол ч дунд нь ороод хэвтчихэд алзахгүй дээ…” гэсэн шүү хэрсүү бодол ургуулж бас зүгээр ч үгүй ингэхэд, ээж муу шар жаамаандаа хоол өгөө болов уу? Хүйтэнд хоосон цагираглаж хэвтэхвий дээ…” хэмээн зовинож өөрийн эрхгүй анилдах нүдээ цавчлан байлаа… Буманхүү ээжийгээ хонинд явсан хойгуур хад дамжин тоглож яваад үхэр чулууны дэргэд нэг бүрзгэр шар “эд” байхыг хараад “өдийд арай үлээсэн гүзээ ингээд хийсээд ирмээргүй дээ” гэсэн шүү юм бодон сониучирхан гүйж очвол нэг муу хальстайгаа хатсан адууны хавирга шиг мээтийсэн шар жингэр төвөгшөөх аятай дуртай дургүй өндийж иржээ.

Шар жингэрийн нүд хаврын тэжээлийн төлөг шиг сүүмийж хөл дээрээ тогтож ядан гуйвлана. Буманхүү “Ишш чааваасдаа ёстой үлээхэд хийсчихэж мэдэх амьтан байна даа.” гэж бодон зориг орж додийгоод хэсэг тойрч ажигласнаа өөрийг нь дагуулан харах шар жингэрийн нүднээс “шимшрэм нэхэл” буйг хараад нэгийг санан гэр рүүгээ дүүгүүрийн чулуу шиг чавхдсаар өөрийнхөө тагштай хоолыг тэр чигээр барьсаар гүйн хүрч шар жингэрийн ирүүн доор асгажээ. Хаяанаас нь холдохоо байсан шар жингэрт Буманхүү өвдөл цөвдөл хаяж өгөн ойр зуур хонь малын наагуур цаагуур гүйхдээ дагуулан хөөцөлдөх нь халаг болоход ээж нь нилээн таа муутай “ Намрын сүүлээр үүгээр өнгөрсөн отор дагаж явсан жингэр л байна даг. Эзэн нь хаяад явахыг бодоход ямар л олигтой амьтан байгаа аж…” хэмээн цэхэлзэнгүй байдаг байлаа.

Хамхуул уруудан цогисон хүйтэн хавсарганаар хонинд явсан ээж нь “Хадны нөмөрт хургалсан хонины дэргэд гувчийгаад зогсож байна, нөгөө өлөн гичий чинь…” хэмээн хашгичсаар хурганыхаа уутыг мөрнөөсөө мултлах зуур “дахиж тэр гудрагтай сүжрээд үзээрэй чи…!!!” хэмээн дүрэмдээд Дандар гуайн том хүүгээр буудуулах дээрээ тулан азнаснаас хойш хэд хоногийн дараа ээлж халаагүй хонины хишигтэй ээж нь “Эвий хөөрхий” дэвссээр орж ирвэй.

…Үерт идэгдсэн жалганд бүлээрээ хөлдүүс болсон гөлөгнүүд цасан доороос гарч иржээ… Амь тавьтлаа биеийнх нь илч бүрхсэн цасыг хайлуулсан бололтой хуялаж мөстөөд хоорондоо наалдан хөлдүүс болчихож… эвий минь эх амьтан л болсон хойно үрсийнхээ цогцсыг ч болов өмгөөлж хамгаалсан уу эсвэл нялх хургыг үрстэйгээ зүйрлүүлж бодоод эхийг нь орхиод явчихна гэж бодсон ч юм уу, эвий дээ… Тэгэхэд би гэж эргүү толгой хар сэрийн нүдээр харж, үгээр утаж байдаг… хэмээн ээж нь “эвий.., халаг” зэрэгцүүлж өмрөнө. Харин Буманхүү “Дандар гуайн хүү ирж амжаагүй нь яамай даа. Тэгсэн бол ч…” гэсэн шүү бодол өвөрлөж суулаа. Энэ өдрөөс хойш шар жингэр гэх доромж нэр нь үл ялиг зөөлөрч Шар Жаамаа гэх болсон билээ. Буманхүү ч ямар нэгэн хүчирхэг эсвэл эрхэмсэг нохойны нэр бодож түвдсэнгүй. Зүгээр л Шар жаамаа хэмээн дуудахад нөгөөх нь ч соотолзон гүйж ирдэг болсон билээ.

…Суганы шилбэ шиг сураг хол уулын мухрын өвөлжөөнд ээж хүү хоёрын ам чацуулж хэлцсэн яриа хөлгүй өтгөнд гээгдсэнд товч адил сэтгэл сэтгэлийнхээ цөлд шингэсэнээс хойш хөөрхий муу шар жаамаа өнгө засан зоолж нам гүмхэн ахуйд чимээ чийрлэж, бүл нэмсэн билээ… Тэргэл, аясыг нь дагаж аргыг нь авч сурсан тэнгэр хангайнхаа ааль зөөлрөхыг хүлээзнэн Мухар хүнхийн нөмөрт тасарсан хоньдоо хурааж үүр ай чүү үүр цайлгав. Тэрбээр гэрт үлдсэн хүүдээ зовнивч хэдэн хонио эзэгүйдүүлж түвсэнгүй ч бас цасан шуурга сөрөн гэрээ олоод очино гэх итгэл хазгай билээ… “Чүү чаа болон хоолойгоо сөөтөл хашхирч, татаж чангаах нь холгүй хэдэн хонио Мухар хүнхээс гаргаж туусаар хотны бараа харагдахуйц орхиод гэр рүүгээ хурдлав.

Дуусашгүй юм шиг урт, тэвчишгүй хүйтэн, цээрлэл мэт цасан шуургатай тэрсэлдэн цурам хийгээгүй холхионд чийгтсэн гутал нь өглөөний жаварт долоолгон хөлдүүс болоод алхаж гишгэхэд тун ч тээртэй байлаа. Тэргэл “чих хацар хайрагдах ч яамай л” явсаар гэрийн хаалгаа татахад хамаг бие нь сулхийгээд босго давуут л унаад өгмөөр санагдсан ч ”Хүү минь…” гэх бодол тамир сэлбэв.

Үүд сэпхийх чимээнээр ухасхийсэн шар Жаамаа ганц харайгаад Тэргэлийн хормой доогуур санаандгүй шургалахад бүсгүй дээгүүр нь даван түлээний дөрвөлж тэврэн уналаа. “Хувхай жингэр чинь гэрт ордог болоо юу? Хойноос ирээд хот минийх хойморт гараад гэр минийх гэдэг л болоо шив. Энэ гэрийн эзэд амьд шүү л байна…” гэх үгс өглөөний жавартай амь нийлэн тас нясхийх цуурайн дундуур хөөрхий муу шар Жаамаа Тэргэлийн гилээд орхисон хонины зүг ажиггүйхэн хайвганан шогшууллаа.

…Жавар хургаж, цас зурваслан хунгарласан гэрт ажралгүй хоносон Буманхүү ээжийнхээ хашхичих дуунаар цочин өндийхдөө хуруун завсар нь сэвэгнэх хэдэн шаргал үсийг үл анзааран хөлөө татахад өсгийг нь хайрах эрхий дарам мөндөртсөн мөсийг харан гайхахдаа өмднийхээ салтаа руу гараа явуулан “Арай ч аваад хаячихаагүй байнаа… “ гэж бодоод уужрангуй босон харайв.

…Шар жаамаа дутуу хаагдсан хаалганы завсраар, эх амьтаны зөндөө хөтлөгдөн шургалж, хичнээн атийвч хормойгоороо хараахан хулдаж чадалгүй “ноёноос ч айдаггүй зөөлөн бөхөд дийлдсэн” хүүгийн хөлийг цавиараа шахан нааж бүлээцүүлэн хэвтжээ. Хүү бүлээцэхийн хэрээр хөлөө жийж арвагануулахад шар Жаамааны эх амьтаны зөн сэрж нялхран хатаж хогжруутсан хөх дэлэн нь саамшин шар ус дуслуулсаар товруутсан хөлдүүс үлдээсэн нь тэр ажгуу…

Суганы товч шиг уулын мухрын ганц гэрийн утаа амар амгалангийн айлтгалтай мандах наран зүгт ойлгойдож алсын анир авсан шар жаамаа хөв хөв хуцах дуунаар чавхдан гарсан Буманхүү “Шар жаамаа хонио эргүүлж л явна..” хэмээн хашхирах дуун цуурайлсан өвлийн нэгэн цийлэлзсэн тунгалаг өглөө ажина үгүй эхэлвэй.

Мөрөн. 2020-11-29. Зохиолч: Цэвэгжавын ГАНБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button