"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

ЕРӨНДӨГ /Өгүүллэг/

-Өвөө, өвөө миний шүд уначихлаа… -Ээ эмсийж дээ Бумбагар минь гэж өвөө нь цэхэр хүрээт нүдэндээ зол баярын инээдийн оч үсэргээд эргэнэгээ ухан ууттай борцны өөхнөөс гараараа тасдан “Алив миний охин…” хэмээн охины атгаастай шүдийг мөнөөх өөхөндөө лав гэгч нь хавчуулаад: -Миний муу шүдийг аваад сайхан шүд өгөөрөй гээд Банхартаа хаяад өгчих гэхэд зээ охин нь -Өвөө энэ чинь зүгээр л уначихсан болохоос тийм муу шүд биш шүү дээ. -Муу болохоороо л унаж байгаа юм аа Бумбагархан минь… гээд харанхуй ам гарган инээхэд -Өвөө та бүх шүдээ Банхарт өгчихсөн юм уу? Тэр тэгээд танд буцааж өгөөгүй юу? -Өвөө нь юу гэж өгөхөв дээ. Хөгшин хүн өгдөггүй юм.

-Яагаад… Хөгшин хүн чинь хүн мөн биз дээ? Өвөө нь хэсэг зуур ач охиндоо гартаж, эгдүүцлээр хулдсан гоморхолоо нуун байж -Цөг гэм. Хэн биш гэж чамд хэлсэн юм. Шалавхан наадахыгаа хаяж өг хэмээн дүрэмдлээ. Охин өвөөдөө гомдчихов. Гараа суягнуулан хаялж алхалсаар гэрийн сүүдэрт үүлгэртэн хэвтээ хөгшин Банхарын сарьсан хоншоор руу гартахаа шидээд “Олигтойхон шүд өгөөрөй чи, надад” хэмээн зандчаад буцаж суягнан алхав. Охины мөрөн дээгүүр ганган цоохор эрвээхэй нисэн өнгөрөхөд охины нүд сэргэн араас нь дэгдэв.

Өвгөн “Хөгшин хүн, хүн биш…” гэж охиныхоо хэлсэн үгний талыг нь гээж гуйвуулан бодсоор буруу хараад хэвчихэв. Ач охин нь бөөн амьсгаа хөлсөө цувуулсан амьтан босго давангуут “Өвөө би эрвээхэй хөөгөөд гүйцсэнгүй…” гэж цээжээ түхэлзүүлэн эргүүлийн дунд тавиураас бидонтой хярам шүүрэн асгаж цутган залгиллаа. Өвөөгөө жишим ч үгүй хэвтсээр байхуйд охин тэсгэл алдан “Өвөө..,өвөө” хэмээн мөрнөөс нь угзчихад өвгөн гүрийхээр шийвэв.

-Хүүеэ өвөө… Би эрвээхэй хөөгөөд… яг барьж авах гэхээр л нисчихээд гүйцэгдэхгүй юм байна аа. Өвөө нь тэсэлгүй инээчихэв. -Өвөө та яасан муухай юм бэ? Худлаа унтаад… гэж охин гоморхоно. -Яалаа гэнээ.., Эрх ч биш жигүүртний өөдөс чамд яаж гүйцэгдэхэд дээ. -Маргааш чамайг заавал гүйцээд цохиж ална даа. -Уухай, тэгээд алж талах юм яриад байгаарай… Охин амьтан байж. -Яадгийн кинон дээр эмэгтэй хүмүүс хүн алаад л байдаг шүү дээ. Дарма өвгөн дуугаа хураачихав. Дарам өвгөн зурагтыг.., томчуудыг.., хүн алж тоглодог киног ер бүгдийг дотроо буруушаан зэмлэж байгаа нь тэр.

  • -Өвөөгийн Бумбардай зурагтаар тийм муухай юм гарвал нүдээ аньчихаж байгаарай.
  • -Нүдээ аниж яах юм бэ?
  • -Буртаг суучихнаа, үр минь. Сохорч ч мэднэ.
  • -Буртаг сууна гэж яадгийн бэ?
  • -Бузартахыг хэлдэг юм аа.
  • -Өвөө тө бузартчихсан юм уу? Нүдний чинь хар яагаад ийм хачин өнгөтэй байгаа юм бэ?
  • -Өвөөгийнх нь нүд үү? Энэ зүгээрээ. Өвөө нь өөр нүд ярьж байна. Хүнд чинь ухааны сэтгэлийн мэлмий гэж нэг байдаг юм даа.

Дарма өвгөний бодол холхид одов. Ач охиных нь бодол өдрийн эрвээхэйг даган цэцэгт нуга руу хулжив. Нүдээ аньчихаар яаж эрвээхэйг барих билээ. Өвөөгийнхөө үгэнд орохгүй бол гомдох болов уу? хэмээн бодсоор нам унтлаа. Одооны хүүхдүүд ч хэцүү ч цагт төрчихсөн юм уу даа. Ай хөөрхий. Мал муулахдаа хүртэл хүүхэддээ харуулдаггүй сэн. Нүд хальтарч нүүрнээс гал бутармаар юм ч их л гарах болж дээ. Энэ зурагтаар… гэж өвгөн зурагтыг буруутгана. Аль болохгүйг үзэж сонсож өссөн үрс ямар л хүн болох билээ… Сэвтээчихвий гэхдээ, энхэр хүүхэддээ буруу энгэртэй дээл өмсгөж, амьтаны нүдний хор, үгийн салхинаас төөрүүлдэг сэн. Мэдэхгүй юм даа… Юм өөрчлөгдлөө гэхэд хүн хүнээрээ л дуусдаг баймаар даа гэж элдвийг бодсоор нэг л мэдэхэд давсандаа гэлдэрчээ.

Өглөө нь Марал охин эрвээхэйтэй хөөцөлдөх хэрэг гарсангүй. Харин ээжийнхээ өвөр дээр дэрвэсэн эрвээхэй болчихов. Өглөөжингөө ээжийгээ тухтай аяга цай ч уулгахгүй өвөр дээр нь дэрвэчихээд буунгуутаа ээжийгээ дүрэмдэж гарлаа… Хөлөө ачиж суулаа, биеэ зайллаа, буруу гараараа хоол авлаа, буруу хөлөөрөө босго давлаа, босгонд тээглэлээ залуу хүн байж хөлөө олигтойхон өргөчихөж чадахгүй гэж ирээд л харин ч нэг өвөө эмээ царайлах нь тэр. Арай л охин руугаа муухай харлаа л гэсэнгүй өнгөрлөө. Ээж нь эхлээд охиноо өхөөрдөж шоолж байснаа сүүлдээ өвөөг нь орж гарахын хооронд сэм дүрэмдэн хялалзаж цэхэлзэн байж дарж авав. Оройхон, нар гудайхын алдад сүлжээ толгой гарч утсаар ярих сургаар Марал “Өвөө та ч бас аавтай ярь” гээд бараг хүчээр шахам машины бүхээгт чихчихэв.

Урангоо жолооны ард суумагц түлхүүрээ эргүүлэхэд эцэст нь тултал чангалж орхисон хөгжмөөр түргэн хэмнэлт аялгуу огцом нижигнэхэд охин “Ээж наад хөгжмөө…” гэж аанай л дүрэмдээд авлаа. Урангоо хөжмөө дуулдахтай үгүйтэй суллахад Марал ухасхийн нам унтраачихав. Урангоо охиныхоо гар руу хальт шудраадахлаа. Охин өвөө рүүгээ өмгөөлөл эрэн хяламхийснээ “Чамайг яадгийн намайг зодоод байсан аавд гэж хэлнэ. Ийм цовхчоо ая сонссон хүний ухаан бодол охор сэтгэл тогтворгүй болдог юм, за юу” гэж хоолойгоо чичигнүүлэхэд өвөө нь арын суудал дээр займчингаа “Зөв дөө хө” хэмээн урам шагнасан бодол унаган явлаа.

Бор толгойн оройд гараад ач охин нь аавтайгаа ярьж байгаа гэж хөөрхөн хэлээ хазаад авлаа. Харин бэр нь хүүд нь баахан зөвлөгөө даалгавар өгсөны эцэст “Охины уу… сайн.., сайн. Өвөөдөө тархиа угаалгаад “болохгүй” гэдэг ерөндөг суулгуулчихсан юм уу. намайг чинь хааш нь хөдөлгөхгүй байна. Яахав дээ тэгж ч болохгүй ингэж ч болохгүй гээд надад босож суух ч эрх алга…. гэх яриаг сонсоод өвгөн тээр доор энгэрийн хөх чулуун дээр буруу хараад суучихав. Ач охин нь “Аавтай ярь гэж утас атгуулсан ч, Гэртээ харъя” гэж гараас нь чангаасан ч ганц үг ганхийж хүний урманд хөдөлсөнгүй. Үнэндээ Дарма өвгөн “Зааж зурсан биш тархи толгойд нь болохгүй вм суулгасан хэрэгт унах шив. Арай ч дээ” гэсэн гомдлоо дааж өндийж чадахгүй байлаа.

Зохиолч: Цэвэгжавын ГАНБОЛД Мөрөн 2020-05-08

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button