Өгүүллэг

Зохиолч, яруу найрагч Эрэнжидийн ХАРХҮҮ

Миний мэргэжил агнуур зүйч юмаа. Хойд хөршийн нөгөө алдарт алтан Москвад тэр ховор агаад сайхан эрдмийг эзэмшсэн нэгэн болой. Таван хаврыг тэнд үдсэн болохоор орос хэлэнд шаггүй болсон эр. Тэр хэдэн оныг лал шашинтан Кувейт улсын Абдултай нэг ангид суралцаж сүрхий дотноссон бүлгээ. Абдул гэмээ нь нэг л их нүд, хөмсөг болсон өнгөт арьстан. Оюутны тарчигхан жилүүдэд бидний дотор хамгийн баян нь Абдул байсан юмдаг. Гэрээс нь байн байн мөнгө ирнэ. Мань эр тийм ч сүрхий нарийлаад байхгүй. Бид хоёр Москвагийн их сургуулийн дотуур байранд суудаг байлаа. Кувейтын томоохон баячуудын нэгний үр сад юм болохоор мөнгөөр гачигдахын зовлон амсахгүйгээр барахгүй бидний ширээ элдэв амттанаар байнга дүүрэн байх. Мөнгөтэйд нь болдог ч биз африк чигийн бөгсөө хаялсан, бэлхүүс нүцгэн, урт хар сормуустай, тогтвор алдан тормолзсон гоё нүдтэй охид түүнийг даган хуйлрах нь элбэг.

Заримдаа ч Скандиновын гаралтай задгай шаргал үсээ намируулсан, гоолиг цагаан охид ч мэр сэр үзэгдэнэ.Үерхдэг ч юм уу, дурлаж энээ тэрээ ч болдог юмуу, ямар ч болтугай “охидоор цангахыг” тэр цөөн жил мань эр үзээгүй юм даа. Сэтгэлийг мөнгөөр татаж болдгийг тэгэхэд би гадарладаг болж билээ. Эр улсууд юм болохоор бид хоёрт нууж хаах юм ховор, бүсэлхийнээс доошихийг бол чөлөтэй ярилцана. Надад араб охин танилцуулна, зуучилна гэж сандаргах, надаас мөнгө аваад нэг сайхан наргиж цэнгэчих гэнэ. Би нь гэвэл бараг сэрх дэлэндэх шиг болж, нөгөөх халуун яриа хөөрөөг нь зайлуулан булзааруулаад “Зав алга аа найз минь, дараа болъё” гэдэг байлаа.

“Ээ Гонгор, чи мөн урагшгүй, азгүй нөхөр юм аа. Ийм завшаан чамд насанд чинь дахиад олдохгүй шүү. Зэргэлдээ ангийн Амила бүсгүй чамд унаж үхээд байдаг гэдгийг чи анзаардагүй юм уу. Наад онигор бор нүд чинь сохорчихоо юу, жинхэнэ араб цустай бүсгүй чинь Амила байхгүй юу. Тэр алхаа гишгээ, аяг төрх, алаг нүд нь цэвэр араб гэж хэлээд байдаг юм” гээд л намайг ятгана. Оюутны жилүүд ч усны урсгал шиг шуугиад л өнгөрч Абдул бид хоёр нутаг нутгийнхаа зүг салан одох болвоо. Мань эр олон улсын вокзал дээр намайг гаргаж өгөхдөө энгэрийн халаасанд минь нэг дугтуйтай юм хийчихэв. “Замдаа үзээрэй, би монгол бүсгүйд чамаар захиа дайж байгаа юм. Хаяг нь тодорхой бий” гэж хэлээд нөгөөх л дүрлэгэр нүдээрээ инээмсэглээд “Ганц хоёр жилийн дараа би танай оронд очиж, чамд хэлдэг байсан даа, чи бидэнд гэр орны маань хаягууд цөм байгаа юм чинь. Чи харж л байгаарай, чиний гайхуулаад байдаг Монгол орныг чинь, Чингис хааны чинь нутгийг үзэхдээ л үзнэ. Намайг яаж угтахаа чи мэдэх биз” гэж хэлээд халуун дотноор тэврэн үнсээд, нүд дүүрэн нулимстай хоцров.

Олон улсны вагон гэдэг хөвөрсөн ногоон юм шуугьж довтолсооор хэдхэн хоноод Байгаль далайн хөвөөгөөр уургын морь шиг довтлон ороод ирэв. Тамхи татах санаатай халаасаа уудалбал Абдулын захиа тааралдав. Нааж барьсан ч юмгүй задгай байхаар нь задалж үзвэл Арабын алдарт “Мянга нэгэн шөнийн үлгэр” –ийн орос дээрх орчуулга ажээ. Цөөвтөр үлгэрийг товчлон орчуулсан байх юм. Миний мэдэх “Синдбад далайчин”, “Гуталчин Маруф”-ийн үлгэрүүд харагдлаа. Тэгтэл завсар нь зуун доллар байх юм. Нутгаа зорьсон муу ядуу оюутан цулайгаад явчихалгүй яахав. Нөгөө монгол бүсгүйд өгөх захиа гэгч нь алга. Мань хүн надад юм өгөх аргаа ийнхүү зохиосон нь тодорхой болов. Холын тэр Арабтай би хоёргүй сэтгэлээр үерхсэн билээ. Хар шарын ялгааг харин ч нэг тоогоогүй хоёр доо.

Би гэдэг хүн орос, англи хэлэнд мөчөөгөө өгөхгүй шинэхэн боловсон хүчин байгаль орчны яаманд мэргэжилтэй судлаачийн алба хашсан шиг таван жилийг өнгөрөөгөөд байж байтал нэг өдөр нөгөөх хар Абдул ороод ирдэг байна шүү. Лухайсан бүдүүн Араб эр миний хэдэн муу ясыг үйртэл тэврээд авах нь тэр. “Ээ лал минь лалар минь аяар гэм” гэж хэлээд харвал цахиур шиг цагаан шүдээ яралзуулан инээж байна. Нүд гялбам үнэт шигтгээтэй бөгж хэдэн хуруунд нь ч харагдав даа. Оросоор Абдул урсгаж байнаа. Ер нь мань эр сэргэлэн сүйхээтэй хүн тул сургуулиа улаан дипломтой төгссөн байдаг юм. “За Гонгор минь би наймаачин болсон. Юу гэж сананаа чи, шонхорын наймаанд явж байна. Манай кувейтэд шонхор маш үнэтэй. Үүний урд би Хятадын хойд нутагт хоёр удаа ирж шонхорын аянд олзтой явсан. Ер нь энэ талаар мундаг мэргэшсэн шүү. Хоёул танай нутгаас мөнгө саана даа.

Танай яамтай ярьж тохироод бид хэдүүлээ ирсэн. Чамайг л газарчнаар авч явна даа” гэж байх юм. Би гэгч нь шонхорыг нэлээд судалсан, тэр тухайд хөөрхөн мэдлэгтэй болчихсон байлаа.Хоёр хоногийн дараа хэдэн арван саяар үнэлэгдэх ганган машин хөлөглөөд түүний найзуудтай Дорнод, Сүхбаатарын чиглэлд гарч өглөө. Хойноо баахан тагтаа торонд хийчихсэн, хоёр машин хөлөглөсөн шонхорын ангуучид хээрийн замаар жирийлгэж өгвөө. Нөгөөдөр нь хойно хойноосоо биесээ дэрлэн цуврах намхан бор толгодуудын дунд ороод ирлээ. Зээр зэрэглээ хоёр уралдсан тэр сайхан хээр хөдөөгийн замд бид хоёр элдвийг ярлцаж явлаа. “Танай Монгол мөн ч уудам юм аа. Манай Африк шиг халуун нар, элс хоёроор байж сууж явтал төөндөггүй юм байна, бусдын нутаг үзэж хармаар зүйл арвинтай байдаг бол өөрийн нутаг эргэж хоргодож дурсан санамаар юм ихтэй байдаг ажээ” гэсэн утгатай үгийг Абдул ярьж байлаа.

Тэгтэл нөгөө эрэл сурал болсон шонхор ганц нэг үзэгдээд эхэллээ. Нөгөө машин биднээс даялаад өөр зүг рүү алга болж өгөв. Жолооч залуу буугаад хоёр тагтаа гаргаад ирэв. Абдул ажилдаа орлоо, тусгай торонд тагтаагаа бэхлээд тавьж орхив. Шонхорыг барьдаг нарийн аргатай ажээ. Тагтаа шүүрээд авмагц мөнөөх тор шонхорыг хумиад авчихдаг юм байна. Тагтаа бол торыг зүүгээд л амь наана там цаана шонхроос зугтан ниснэ. Шонхор тун эрэмгий шалмаг салхи исгэрүүлээд л хөөрхий муу золгүй тагтаа руу шидсэн чулуу шиг буучихдаг юм байна. Барьсан тагтаагаа өд сөдий нь зулгаан хаяж эд бадхийн байхад нь түүнийг баривчланадаа. Тор тагтаа хоёрт баригдсан шонхор нисээд явж чаддаггүй аж. Тэрхүү шонхрыг Абдул үзэж харж “Редакторлана”. Нөгөө алдарт идлэг шонхор биш байх аваас суллаад тавьчихна. Гурав дөрвөн төрлийн шонхор манайд бий бөгөөд арабуудын хорхойтоод байдаг нь идлэг шонхор гэгч ажгуу.

Миний мэдэх тэр хоёр өдөр Абдул таван шонхорыг суллаад тавьчихсан. Эцэстээ тэрбээр гурван шонхор авч үлдсэн юмдаг. Эд бол хамгийн зоригтой, хурц хурдан, бас гоё хэв галбиртай тэргүүн зэргийн шонхор ажээ. Нэг шонхор л гэхэд арабын ертөнцөд бүхэл бүтэн эдлэн газрын үнэд хүрдэг гэх. Абдулын баярлаж байна гэдэг тоймгүй. “Гонгороо чи бид ганзага сайхан нийлж байна. Энэ гурваа аваад очсон байхад танайхны хэлдгээр нөгөөх тэнгэрийн юуг атгана гэдэг билээ, тэр л болох юм биш үү” гэж байна. “Манайд баячууд олон шүү, тэд чинь биесээсээ дээр гарах гэж их өрсөлдөнө өө. Шонхор бол тэдэнд гайхуулах, зугаа гаргах, зүгээр л нэг тоглоомын дайтай зүйл манай тэнд ан гөрөө гэж байхгүй бүгдийг нь хядаад дуусгасан. Тэнд шонхроор ан хийнэ гэсэн юм байхгүй. Баячууд эдлэндээ туулай мэтийг тэжээдэг юм, олныг цуглуулж найр наадам шиг юм хийхдээ шонхроороо туулай бариулж хөгжицгөөдөг юм. Тэр бол тэдний нэр хүнд зиндааг өргөсөн сонин тоглоом юм шүү дээ.

Үүний төлөө л баячууд шонхорт үнэ хайрлахгүй. Нээрээ шүү Гонгор минь би энэ гурвыгаа их үнэд хүргэнэ. Танайхан араб цусны адууг сонирхдог шиг бид танай идлэг шонхорт үнэ хаях шиг болно. Надад хоёр лут баян шонхор захисан нэг нэг эдлэн зүгээр л гулгаад ороод ирнэ шүү дээ гайхмаар байгаа биз. Найз нь их том сайхан эдлэнтэй л дээ. Тэгэхдээ илүүдэхгүй, арабууд олон эхнэртэйг чи дуулаа л биз. Би гурван эхнэртэй. Тэдний шуналыг нэг нэг эдлэнгээр дарах санаатай. Надаас яаж ахиухан юм салгах билээ гэж бодно шүү дээ. Нүдэн дээр нь бичээтэй харагдаад байдаг юмаа. Эцгийн буянаар би дураараа туйлж байгаа хүн. Чамаас юугий нь нуух билээ. Гурван эхнэрийн таван хүүхэд бий. Тэд мөд том болоход манай зардал дийлдэхгүй болно шүү дээ. Миний эхнэрүүд арабын аргагүй л сайхан эмсийн тоонд орноо. Одоогоор би гэдэг хүн тэдний дунд жаргаж байгаа нь үнэн.Хүүхнүүд чинь өөрийнхөөрөө янаглана, янз бүрээр янаглана, нэг нэгнээсээ илүү гарах гэж ихээхэн маяглана шүү дээ. Алхах гишгэх, дуулах, бүжиглэх, инээх хөхрөх гээд л аль нэгнээр онцгойрох санаатай нь бүр мэдэгдээд байдаг юмаа”хэмээв.

Шонхорын ангуучлалаас буцахын өглөөгүүр Абдул нэг тагтаа гаргаад ирдэг юм байна. Аз таарвал дахиад нэгийг барьж юуны магад гэж байна. Тортой тагтаагаа шидэж орхилоо тэгтэл нэг муу хэрээ нөгөөхийг чинь хөөгөөд алга болов. Дурандаж байтал хэрээ ч тагтаанд хүрлээ яваад очтол хоёул торондоо байж байх нь тэр. Абдул хараал тавиад машинаас буунгуут сайхь хоёрыг бариад авлаа. Хэрээг салгангуут хүзүүн дээр нь дэвсэж харагдана. Би уурлалаа.

  • -“Зүгээр л тавиад явуулчихгүй, яах гэж энэ амтныг гэмтээж байгаа юм. Чи хүний нутагт яваагаа мэдэж байна уу” гэлээ.
  • -“Яадгийм энэ муу гайтай шувуу ингээд тонилог” гээд газар савж орхив. Хэрээ муухай орилоод хэсэг навагнаж байснаа үхэв бололтой.
  • -“Абдул аа чи тун тусгүй юм хийлээ дээ. Бусдын газар яваа хүн амьтан алах нь бүү хэл хад бутыг нь ч хөдөлгөж болдоггүй юм. Манай заншил ийм юм, их учиртай шүү” гэхэд мань эр
  • -“За уучлаарай, ээ аллах минь өршөөх болтугай” гээд залбирч байнаа.

Бид хотод ирлээ. Абдул хоёр хоногоос буцах аж. Шонхор малладаг тусгай хүнтэй юм чинь санаа зоволтгүй гэнэ.Тийн байтал маргааш өглөө утас дуугарав. Нөгөө кувейт чинь ярьж байна. “Чи буудалд одоохон хүрээд ир, найз нь болохоо байлаа үхэх нь” гэж их дорой дуугарав. Яваад очтол чичирч дагжаад халуурчихжээ. Хэдэн эм уусан нь хэрэг болсонгүй гэнэ. “Шөнөжин халуурч хонолоо одоо яах вэ? Нутаг руу нисэж лав чадахгүй ядахдаа Москвагаар дайрна. Энэ ёроороо бол миний бие дийлэхгүй” гэж байна. Би нэлээд бодлоо, оюутан цагийн анд минь, тэгээд хүний газар ийм байдалтай байдаг . Яадаг ч юм билээ, энэ хад чулуу шиг гүжир араб эр баргийн өвчинд ингэж дарлуулахгүй дээ гэж бодтол нэг зүйл санаанд ороод ирлээ шүү.

Олон ч юм хэлсэнгүй, “чи миний үгнээс зөрж болохгүй шүү” гээд л аваад давхилаа . Толгойтын зүүн салаанд нэг лут хувилгааныг би таних юмаа. Олон ч хүнд буян болсон, Дарамсалад арваад жил суучихсан, Хөвсгөлд бас хэдэн жил даяан хийсэн. Чухам л далдыг хардаг далай лам л гэсэн үг. Нөгөө гэгээрэлд хүрсэн ид шид, рид хувилгаан бүрдсэн дөч эргэм насны нөхөр дээрээ тавьж хүрлээ. Би ч долоон булчирхайгаа тоочлоо. Харин хэрээ алсныг нь хэлсэнгүй, хэдэн шонхор барьсныг өчив. Хувилгаан Абдулыг баахан харж байснаа бидний авчирсан архинаас дунд гарын мөнгөн аяганд мэлтэлзтэл хийчихлээ, тэгснээ арц хүж уугиулаад ном уншиж эхлэв. Бид хоёр залбираад л суулаа. Хонх дамар дуугаргаж байна, бараг цаг шахам болоод “Үүнийг уучих” гээд мөнөөх архийг Абдулд барив. -Ай Аллах минь бид архийг цээрлэдэг улс, яаж болох юм бэ? гэж байна.

-Өөрөө л мэд, амьд үлдье гэвэл уухаас өөр замгүй гэлээ.Хөөрхий муу Абдул нүдээ аниад ууж орхилоо. Дахиад л ном уншлаа, хувилгаан нөгөө архинаас балгаснаа Абдулын нүүр рүү тургиж орхив. Аллах, Аллах гэхээс өөр юу ч хэлсэнгүй, мань эр үдээ аниад залбираад л байлаа. Хэдэн мөчийн дараа хувилгаан хэлж байна аа “Энэ хүн сүрхий нүгэл хийжээ. Номонд харин буугаад ирлээ шүү. Шонхорыг ч яахав, барихыг нь бариад тавихыг нь тавиад байсан шиг байна. Харин өөр нэг амьтан шувуу л бололтой, түүнийг хороожээ. Шувууны хараал хүрсэн байна. Үүнийг аргалах хэцүү дээ, тун ч хатуу ном унших болох нь яадаг ч юм билээ” гэлээ. Энэ үгийг сонсмогц Абдул босож давхиад хэсэг залбирснаа “Та л аргалж үз” гээд хуруунаасаа доржпалам шигтгээтэй алтан бөгжөө суга татаад зуун доллортой түүнд барив. Дахиад ном уншлаа. Юм юм л боллоо Абдулын чичрэх дагжих нь багасах янзтай.

Тийн тэнд хоёр цаг шахам ном уншуулаад нэг утлага, рашаан хоёр өгснийг нь авааад хоёул гарлаа. Буудалд очоод хувилгааны зааснаар бүх үйлдлийг ёсоор нь гүйцэтгэв. Абдул их ч сүсэглэж байгаа бололтой, төдхөн утчихав. Маргаааш өглөө утас дуугарч байна. Яваад очсон чинь Абдул төрөл арилжсан мэт болжээ. Хувцас хунараа сольчихсон цэмцийсэн амьтан инээд алдаад сууж байлаа. “Сүсэглэж чадвал аль ч шашин ном хүчтэй байдаг юм байнаа” л гэнэ, “Танай тэр багш окей окей” гээд сүйд болж байна. Бид хоёрыг ярилцаж суутал хаалга зөлөн тогшоод гунхалзсан цагаан охин хоол цай бариад орж ирэв. Их л ёсорхуу сайхан амьтан санж, түүнийг буцаад гарахдаа Абдул сайхь охины бөгс хондлойг тун шимтэнгүй харж байхыг би ажиглаад “Чамд бүсгүй хүний үнэр сайхан байгаа биз. Чи чинь монгол хүүхэнд надаар тээр жил захиа явуулаад байсан. Тэр худлаа байв даа. “Муу анчuн захын оононд” гэдэг монгол үг байдаг юм.

Сайн араб эр сайхан монгол хүүхэнд бас санаархаж бололгүй яахав. Чи одоо бие эрүүл саруул болчихлоо. Монгол хүүхний үнэрийг одоо нэг мэдэрмээр байна уу, оюутан байхад чи Амилаг миний өвөрт хийх гэж мөн ч их оролдов доо тэр бүтээгүй, би бишүүрхээд байсан. Одоо миний найз нэг монгол шөл амсах уу? Манайд чинь янхан байдаг юм шүү” гэвэл Абдул “За төвөг. Бүтэн бүрэн дээрээ харьж үзье. Нөгөө хэдэн муу араб хүүхнүүд маань хагсаж сүйд болж байгаа” гээд инээмсэглэв. Эрчүүдийн яриа заримдаа задгайраад ирвэл жолоо цулбуурааа алддаг юм чинь.

Ази африкийн ялгаа гэж байдаггүй бололтой. Ингээд л тэр араб эр нутаг буцаж билээ. Бодвол өдийд Абдул хэдэн эдлэнгийнхээ дунд нөгөөх гайхуулж шагшраад байдаг хэдэн сайхан бүсгүйнхээ өвөр дамжсан шиг жаргаж суугаа биз ээ. Сүжиг, сэжиг хоёр ээлжилсэн сүрхий ч хорвоод аж төрнө гэдэг амаргүй даваа юм уу даа, хөөрхий. Надад хэлсэн нэг үг санаанд үлдсэнийг нөхөн дурсах нь зүйтэй болов уу. Тэрбээр, “Гонгор минь чиний үгэнд би ордог л байж. Тэр муу хэрээг зүгээр л тавиад явуулчихдаг байж. Тэр шөнө халуурч байхад нөгөө хэрээний бахирч чарласан дуу байнга сонсогдоод, хар дараад ёстой нэг тарчилж билээ. Танай тэр хувилгаан үгүй мөн мундаг мэдэж байдаг шүү. Заслыг ч сайн хийсний буянд би амьд гарлаа” гэж хэлээд нүдээр нь нулимс цийлээд ирж билээ. Шувууны хараал гэж сүрхий юм байдаг гэдгийг мэдүүштэй золиг бололтой, ээ базарваань хум пад.

Зохиолч, яруу найрагч Эрэнжидийн ХАРХҮҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button