Өгүүллэг

НАМРЫН ШӨНӨ ТӨРСӨН БУУЦАН ДЭЭРЭЭ

Говь талын минь тунгалаг шар намар. Тэнгэрт үүлс суваргалан босож, тал хөндийд сүрэг мал багшран налайсан халиун хонгор улирал. Ийм сайхан газар усаа, зэрэглээ мяралзсан хөндий хоолойгоо тэнд л төрж өссөн хүмүүний үр мартаж яахан чадах сан билээ. Хацарын хэц, Их бага Шанхай, Буур, Номгон, Булган, Цохио, үлгэрийн хөх мананд униартан хөндөлсөх Говь гурван сайхан…сүрлэг цэнхэр уулсын цуваа. Алийг нь ч нэрлэж барах вэ, амин хайрын халуун дулаан өлгий минь ээ.

Эгээрэл, дурсамжийн сайхан бодолд зүрхээ умбуулан жаргаасаар Улаан овооныхоо бууцны хөлд би ирлээ.Намрын эхэн сар гарсан ч өвс ногоо халиуран найгаад, таанын толгой цавцайн цайрч юутай гоёмсог харагдана вэ. Ээнэгшин дассан хөдөө гэртээ давхиад очлоо.

Арав гаруй унагатай, хориод ботготой, хот дүүрэн хонь налайсан мундаг айл аа. Хэдэн хөөрхөн бор хүүхэд бужигналдаад, энд ч гүүгээ сааж, тэнд ч ямаагаа холбоод аргагүй л малчны удам. Тэнд хэд хонож, зээ хүүхний ингэний нэрмэлд хөлс дааварласхийж жаргалаа. Хааяа нэг унага татах. Надад хийх ажил алга юмаа. Би бодлоо. Өнөө шөнө бууцан дээрээ очиж хоноё байз. Ямар соньхон сайхан байх бол оо. Хүргэндээ хэллээ. “Ах аа, та тэгээд ганцаар хонох гэж үү, айхгүй юу, хамт хонох уу ?” гэж байна. “ Өө миний хүү зүв зүгээр ээ,төрсөн бууцан дээрээ унтаж байгаа хүн чинь гэртээ байгаагаас юуны нь ялгаа байв гэж. Ямар манай энд чоно нохой байх биш.”

гэснээр бүрий барай болохын багцаанд хөнжил гудсаа, бидон айрагтай аваад Улаан овооныхоо бууцан дээр залрав аа. Хүргэн хүү намайг буулгачихаад “Ах сайхан амраарай” гэж хэлээд давхиад явчихав. Тээр жил ах маань надад миний дүүгийн төрсөн гэрийн буурь яг энд байсан юм шүү дээ гэж зааж өгсөн. Би түүнийг сайн тогтоож авч билээ. Хорооноос хойш яг хорин нэгэн алхам газар юм л даа. Би тоолж алхаад гэрийнхээ буурин дээр гудсаа дэвсэв. Хотныхоо овоон дээр идээ будаахан өргөөд хэсэг суулаа. Нэг их том цагаан сар мэлтийтэл гараад ирэв. Сар улам хөөрнө, салхи зөөлөн сэвэлзэнэ.

Буцаж ирээд айрагнаасаа уучихаад хэвтэв.Ганц нэгэн од сүүмэлзэнэ. Сартай шөнийн од цөөхөн харагдах л даа. Олон юм бодогдож байна шүү.Юуны түрүүнд ээж минь санаанд тодроод ирэв. Ийм тунгалаг сартай шөнө ингэ хөөслөөд зогсдог байсан нь, хажууд нь би оччихоод хөөсний намуухан дууг нь бүр нэг зүрхээрээ сонсох дуртай байсан минь өчигдөрхөн юм шиг санагдаад иртэл хоолой зангирч байна. Ийм намуухан тунгалаг шөнийг ойрдоо би үзсэнгүй ээ. Багадаа бол зуны шөнө гадаа унтах дуртай байж. Одоо бодох нь ээ би нутгийнхаа амгалан дулаан шөнийг үгүйлэн, түүгээр ангаж цангаж явсан байна шүү дээ. Гараа явуулбал хонины хоргол тэмтрэгдэв.Хэдийг авч үнэрлэв.Нялхын үнэр ч юм сан уу, ээжийн минь үнэр ч билүү, ер нутгийн минь үнэр ажээ.

Ямар өег дотно, юутай сайхан юм бэ. Хот газар олон жил суусан над мэтийн хүн төрсөн бууцныхаа үнэрийг мартах дөхсөн байдаг бололтой. Тийн элдвийг бодмоглох ахуйд зүүхэн хойно амьтан дуугарав.Аа муу хярс гэчихээд тоосон ч үгүй. Үес үесхэн салхинд нэг их нялх хонгор үнэр сэнхийнэ. Би багынхаа үнэрийг энд үлдээчихээд явсан юм биш байгаа гэх соньхон бодол төрөв. Далан хэдэн жилийн өмнө би энд л унаж шүү дээ гэж бодохлоор өр өмөлзөж, нүд чийгтээд ирэх янзтай. Нас ахих бүр нутаг санагдаж, нулимс ойрхон болдог ажгуу. Үнэнийг хэлэхэд мань мэтийнхний иймэрхүү үгийг эдүгээгийн багачуул ойлгох нь ховор, бараг тоохгүй болж дээ. Өнөөх хотжих, даяарших гэгчийн нөлөө биз. Хөөрхий тэдгээр залуусын буруу ч гэж юу байх вэ.

Харин монгол хүний мах цусанд бүрэлдсэн төрсөн газар нутгаа, эх орноо гэсэн зуун зууны чанадаас өвлөгдсөн тэр үзэл бодол, төрөлх араншин л бүү алдагдаасай хэмээн залбирнам.Ийнхүү урд хождыг бодоод, бас нэг муу улс төржих шүү маягтай элдвийг эргэцүүлэн тунгалаг хөх тэнгэрийнхээ доор уужуу тавиу амьсгалан хэвтэнэ гэдэг насанд олдомгүй жаргал болой. Боджээ байх нь ээ, миний бага нас тун хөөрхөн нас байсан биз ээ. Хөх бууцан дээрээ мөлхөж, хонины хоргол өвдөг гижигдэхүй ход ход инээд алдаж, шар бууц руу шургачин унаж… Ийн бодож хэвттэл тэнгэрт шувууд дуугарав. Галуун цуваа ажээ.

Уярмаар, нулимс алдуурмаар, хоргодон ганганасан энэ дуу бүр зүрхэнд минь сонсогдов. Хангай газар, олон жилийн өмнө оюутан ахуй цагтаа алс умрын сэрүүн тунгалаг Сөгнөгөр голын хөвөөнд оюутны шаргал намар хол нутгийн хонгорхон Сарантайгаа учирч уярч явсан юм чинь би галуун дууг танилгүй яах вэ. Миний говьд ч шөнийн тэнгэрт галуун цуваа зэллэж л байдаг юм чинь,тэр эргэн хургасан гэгэлгэн хонгор дууг яахан мартах билээ. Зүүн хойноос салхи сэвэлзээд эхлэв. Таана шарилжны үнэр сэнгэнэнэ. Нойр хүрдэггүй ээ. Овоон дээрээ гарлаа. Мэлтийсэн цагаан сарны доор уужран цэлийсэн тал нутаг минь цайран байна л. Тэгтэл ойрмогхон адуу тургилах дуулдлаа. Бүүр тод гээч. Наашилж байгаа л юм шиг. Бууц руу ирнэ гэж баймгүй юм. Хол зайдуухан, сэрмүүн газар идээшилмээр юмаа гэж бодлоо.

Тэгэх нь ээ шөнийн агаарт адууны тургилах холоос ч гэсэн тодхон сонсогддогийг мартсан байх юмаа. Унага янцгаах дуулдана. За хөөрхий би ханьтай хонох нь ээ гэж бодохуй нойр аяндаа хүрээд ирэв ээ. Таг унтчихсан бололтой. Зүүдэлнэ үү гэтэл болжмор жиргэж байна. Үүр манхайтал цайжээ. Айраг залгилчихаад овоон дээрээ гарлаа. Бие хөнгөрөөд, ухаан цэлмэж, санаа сэтгэл улам ч саруулссан юм шиг нэг л сайхан байна аа. Хойшоо даамайхан явж хамгийн өндөр овоон дээрээ гарах үес тэнгэрийн хаяаг дөвийтөл өргөөд алтан шижрийн өнгөтэй нь улбартан ягаарсан тууз тууз туяа хоршин хяр толгод бут бударганыг шунхдан будсаар наран мандав. Тойром цайдам нь гялтайн цайрах тэртээ өмнө хоолойд сүрэг хулан үлгэр домгийн алтан морьд шиг дэл сүүлэндээ бас л нарны гал асаах мэт тоосоо орхин торолзтол хатирна.

Тэрүүхэн зүүн доор нь хэсэг хар сүүлтийн зоо шаргалтан ягаарч, тана нь гялан гялан цайвалзана. Ахар хатгасан ухаа хонгор тэмээд бэлчиж харагдах агаад ургаж буй булган хонгор зогдорт нь алтан мөнгөн туяа цацран бүжнэ. Энэ бүхнийг харж, их говийнхоо мандмал тунгалаг өглөөтэй золгосондоо би сэтгэлийн доторх ис тортогноосоо салах мэт боллоо. Хэн нэгний гашуун үг, жишүү харц, хотын нөгөөх хэрүүл шуугиан, солонгос кинонд гардаг шиг атаа жөтөө, адсага мэт ааш зан лавтайяа арилан хийсэв бололтой. Бууц руугаа харлаа.

Нэг л их умбарч хөглөрсөн нургисан ухаа хонгор бууц. Нээрээ л хөөрхий ээжийн минь дулаан өвөр шиг ээ. Бууж ирэх замд мөн ч олон зүйл бодогдсоор байлаа. Нутгаа би санажээ. Хорвоогоос халин одсон ижий ааваа дурсав. Хонгор багад минь эрхлүүлж, зэмлэж өсгөсөн нутгийн сайхан буурлуудаа дурсав. Алдхан биедээ нутгийнхаа, төрсөн бууцныхаа үнэр, нарны илчийг шингээж авсандаа би хийморьтой, баян буцах нь ээ. Тэртээ зүүнтээ Дулаанхайрхан уул минь дөрвөлжлөн дүнхийнэ. Хөөрхий буурал ижий минь энэ л уулынхаа энгэрт нойрсон бий. Тэмээ малын бараа торолзоно. Ногоонд цадсан адуу хэвтэх нь хэвтэж, унаганы цовоо дуу цангинана. Тэртээ баруун урд айлаас аргалын зөөлөн цэнхэр утаа утас мэт угалзарна. Саяхан тооноо өргөж, өрхөө татсан шинэ айл.

Амьдралын мөнхийн давлагаа долгилж, алтан ургийн хэлхээ он жилүүдийг туулан үргэлжилнэм. Овооноосоо бууж ирээд гутлаа тайлж бууцан дундуураа хэсэг алхлаа. Бойтгондоо хонхон дуутай, божийж борлосон хүүхэд хонгор нас минь хүрч ирээд хүзүүдээд авах мэт сэтгэл нялхран, бодол хэнзэлнэ. Ээ хөөрхий дөө, эгшиглэнт хонгор нутаг, ээжий аавын минь дулаан зөөлөн өлгий минь ээ. Муу хүү чинь тандаа эрхэлсээр л явна даа. Дахиад би ирнэ ээ.

Зохиолч, яруу найрагч: МУСГЗ Э.Хархүү 2018-3-14

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button