Өгүүллэг

УДИРДААЧ /өгүүллэг/

Насаараа удирдаач хийсэн Батхүү цэцэрлэгт хүрээлэнгийн модны доор ганцаараа гуниглан суув. Түүний чихэнд одоо ч дуурьсах дуурь, симфониудын эгшиг түүнд хань болох шиг. Нам гүм орчинд нүдээ анин суухуйд ноотнууд түүнийг тойрон бүжиглэх мэт, гарын аясаар өнгө эгшигээ хөг нийлэх хөгжмүүдээ сэтгэлдээ эгшиглүүлэн мөрөөдөн суух түүнд хэн ч саад болохыг хүссэнгүй. Насаараа хөгжмийн яаманд хөг аялгууг нь жигдэлж асан тэр л хөгжмүүд нь өнөөдөр ч түүнийг ганцаардуулахгүй янзтай.

Түүний энэ амар амгаланг ханхийх тубаны дуу тасалдуулав. Цочин сэртэсхийх Батхүү туба дуугарсан тэр зүг харвал урт шар үстэй гадаад залуу урдаа хайрцаг тавин ямар нэг ая тоглож мөнгө хийх бодолтой байгаа бололтой сууж байв. Хөгжим тоглож хоногийн хоол залгуулах гэж хичээдэг иймэрхүү гудамжны хөгжимчдөд ясны дургүй Батхүүд таатай санагдсангүй. Тэр тусмаа амтат мөрөөдлийг нь тасалсанд бүүр ч дургүйлхэх аж. Өнөө “гудамжны хөгжимчин” түүнийг тайван орхихгүйгээр шийдсэн бололтой. Тоглох гэж хичээх тусам Батхүүгийн цухал төрнө. Өнгө, ноот алдах нь бүүр бачуурмаар.

Гэтэл хаанаас ч юм ганц бөмбөртэй нөхөр гарч ирэн түүнтэй хослохыг хичээнэ. Хэмнэл тааруулан ганц нэг цохих нь тубатай хөгжимчинд овоо хэмнэл нэмэх шиг санагдав. Одоо тубатай нөхрийн тоглох нь тийм ч муу биш санагдах. Гэхдээ л тэр хоёрын тоглож байгаа вальс хоёрхон аккордон дээр “догонцон” чөдөртэй морь дэгэрэх шиг дутуу санагдах нь чихэнд наалдацгүй. Батхүүг тэдний энэ чийртэй “үзүүлбэр”-ээс хэрхэн ангижрах тухай бодож байтал гобойн нарийн өнгө ганц нэгээр нэмэгдэх нь тэр. Хаанаас дуурьсаад байгааг нь олж харахаар Батхүү сэргээд ирэв. Сурснаараа гобой эндээс л дуугарах ёстой гэж бодсон нь алдсангүй. Ихэд чармайн үлээх хүүхнийг олж хараад залуу насны дурсамж сэтгэлд нь ургах шиг…

Ийн нэмэгдсээр багахаан шиг ансамбль болоод авав. Тэд хэлэлцсэн юм шиг энд цуглаад байгаагийн учрыг олъё ч гэж хичээсэнгүй. Ямар ч байсан ийн цуглаад хөгжим тоглож байгаа нь сэтгэлд дотно санагдана. Өвгөн нүдээ анихад тэдний тоглох хөгжмийн ноотууд нүдний өмнө хөвөрч, бодолдоо удирдан чиглүүлж суутал гэнэт зэрэг бүгд тоглохоо больчихов. Гайхан нүдээ нээн харвал удирдаачийн хоосон тавцангийн дэргэд нэг бүсгүй түүн рүү харан инээмсэглэн дохиурыг түүн рүү сарвайн зогсох нь тэр. Батхүү гайхан эргэн тойрноо харвал тэр хавьд цугласан олон түүнийг хүндэтгэн ширтэж байгааг анзаарав. Алгуурхан босч, таягаа сандал түшүүлэн орхиод, нуруугаа цэхлэн, толгой дээгүүр алхлан удирдаачийн тавцан дээр гарч өмнөө байх цомхон ансамблиа тойруулан харлаа.

Бүгд тушаал хүлээх цэрэг эрс шиг түүнийг хүлээнэ. Батхүү охиноос дохиураа хүндэтгэлтэйгээр гардан авч ноотны тавиураа гурвантаа товшин хөгжчимдөө бэлэн байдалд оруулаад дохиж эхлэв. Түүний гарнаас, түүний дохиураас урсан гарах ид шидийн увдис хөгжимчдийг илбэдэн уянгат эгшгийг урсгах мэт… “Шостаковичийн хоёрдугаар вальс”-ийг дохиход түүний “авсаархан” оркестр огт гологдохооргүй чадварлаг тоглож эхлэв. Ялангуяа өнөө эхний “өнгө, ноот алдагч” маш өндөр түвшний мэргэжлийн хөгжимчин болох нь мэдрэгдэж, бусдаасаа үнэхээр ялгарч гоцлож байлаа. Түрүүнээс хойш нухаад тоглох гээд мунгинаад байсан болохоор нэгтгээд гоё тоглуулчихмаар санагдаад байсандаа энийг дохиод эхэлсэн ч байж магад.

Ямартаа ч одоо бол тэд үнэхээр мундаг тоглож байв. Хөөрөн догдлож, оргилох сэтгэлээ ил гаргалгүйгээр дохиход олон жил дохисон мэргэжлийн онцлог нь түүнд их тус болов. Яг л их театрынхаа тайзан дээрээс энэ гайхалтай хөгжмийг танхим дүүрэн цацлах мэт гайхалтай яруу, гайхалтай сайхан мэдрэмж түүнийг нөмрөн авсан байлаа. Түүний дохиурын аясаар чадварлаг тоглох цөөхүүл хөгжимчид нь түүнд ийм их жаргал бэлэглэж байгаагаа мэддэг ч болоосой. Гэнэт түүний хоёр талаар вальс эргэх хосууд цөөхүүл хөгжимдийг нь тойрон бүжиглэх нь тэр.

Батхүүд далавчаа дэлгэх сахиусан тэнгэр болчихсон юм шиг санагдав. Тас хар хослолтой залуус, цасан цагаан даашинзтай бүсгүйчүүд ийн бүжиглэх нь нүд баясгаж сэтгэл хөдөлгөнө. Хөгжим дуусч хүмүүс алгаа таших нь танил дотно чимээнээр хөгжимчдөө босохыг дохиод үзэгчид рүү эргэж харан гүн хүндэтгэлтэйгээр мэхийн ёслов. Мэхийн ёслоод өндийхөд хамгийн хайртай ач зээ нар нь түүнд “Өвөө төрсөн өдрийн мэнд хүргэе” гээд цэцгийн баглаа барин гүйлдэж ирэв.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button