Өгүүллэг

МИНИЙ ВАЛЕНТИН өгүүллэг

Бид нэг их бороо асгарсан үдэш танилцсан юм. Зам зуурын Цайны газраар дайраад өнгөрөх зуурт нэрийг минь асууж амжсан тэр хөвгүүний хэтэрхий нүүрэмгий байдал зүрхийг минь өөрийн эрхгүй догдлуулсан. Гэвч бид уулзалгүй их удсаан. Бас л нэг их навч хийссэн өдөр… салхинаас өрсөөд хэдэн навч түүчих санаатай тонголзож байтал… хэн нэгэн тэвэр дүүрэн навч авчирч өмнө минь асгачихаад, нүүр, нүдгүй гуядан нисэлдэхийг нь хараад, тачигнатал инээд алдсан. Тэр үед би уурламаар байсан ч уурлаж чадаагүй. Учир нь,

-Чи өөрөө навч юм байж, навч түүж яадаг юм бэ? гэж чихэн дээр минь чангаар хашгирсан “галзуу” нөхөр тэр минь байсан юм. Тэр өдрөөс хойш бид өдөр бүр уулзаж, навчис хийгээд цасны тухай би түүнд ярьж, тэр анхааралтай сонсдог болсон. Уг нь тэр найзынхаа хайрын захиаг надад дамжуулдаг шууданч байсан юм. Гэгээн хайрын өдрийн анхны гайхамшигт бэлгийг ч тэр шууданч л надад авчирч өгсөн. Уран тансаг биш ч сэтгэл тэмтрэгддэг тэр захидлын үгс хийгээд Валентины баярын гэнэтийн бэлгэнд нь уяраад би түүний найзтай үерхчихэж билээ. Харин тэр манай сургуулийн дээд ангийн хөөрхөн эгчтэй үерхдэг байсан юм.

Хавар болоход би ногоорч буй навч хийгээд хайлж буй цас хоёрын дурлалын талаар үлгэр зохиочихоод, хамгийн түрүүнд түүнд ярьж өгсөн. Харин тэр: -Энэ үлгэрээ надаас өөр хэнд ч битгий яриарай. Энэ үлгэр зөвхөн минийх шүү гэж чихэнд минь шивнэчихээд тачигнатал инээж билээ. Би тэр үлгэрийг бүх хүнд ярьж өгөхийг хүсэж байсан л даа. Гэвч түүнийг тэгж хэлмэгц л хэнд ч яримааргүй санагдаж, тэрхүү хүсэлдээ үнэнч үлдэхээр шийдсэн.Тэр хаврын ааштайхан өдрүүдийг бидний нөхөрлөл аз жаргалаар бялхаасан. Бид хичээл давтах нэрийдлээр үүрээр босож, голын эрэг даган алхацгааж, нар мандахыг хамтдаа хардаг байлаа. Хэдийгээр тэр найз охиныхоо, би найз хөвгүүнийхээ гараас атгачихаад алхаж яваа ч түүнтэй хөтлөлцчихөөд, хоёулхнаа алсын алсыг зорьж яваа мэт содон мэдрэмж зүрхийг минь булгилуулдаг байж билээ.

Басхүү цэцэг тасдах дуртай түүнээс цэцэгсийг хамгаалах гэж ноцолдож, авч шидэлсэн чулуу бүрийнх нь байрыг олж тавих гэж ийш тийш гүйсээр ядарчихдаг байлаа. -Чи яагаад цэцэг тасдаад байдаг юм бэ? гэхэд минь тэр: -Намар болохоор хатаад хорчийчих зүйлийн төлөө санаа зовоод яадаг юм бэ? гэнэ.

  • -Хатах хүртлээ дэлгэрч л байг л дээ гэхэд минь:
  • -Энэ дэлхийн хамгийн энэрэнгүй зүйл юу вэ? Бурхан, тийм үү? гэж хариу асууна.
  • -Тийм ээ, бурхан л байх даа.
  • -Тэгвэл тэр энэрэнгүй бурхан чинь хүнийг үхэх хүртлээ инээж л байг гээд орхичихож яагаад болдоггүй юм бэ?
  • -Би яаж мэдэх юм бэ?
  • -Хэрэв энэ цэцэг намар болтол амьд байх учиртай юм бол хүн ч бас ялгаагүй ная, ер, зуу наслатлаа амьд явах эрхтэй биз дээ?
  • -Мхнн…
  • -Бурхан чам шиг тэгж боддоггүй учраас л дөч гарч яваа идэр эр, хорь хүрч яваа гунхсан бүсгүй, хэлд ч орж амжаагүй жаахан хүүхдийг хүртэл хайрлалгүй авч оддог…
  • -Чи заавал тэдэн шиг харгис байх албатай юм уу?
  • -Би харгис биш ээ, харин ч энэрэнгүй…
  • -Яаж өөрийгөө энэрэнгүй гэж хэлж чадаж байна аа?
  • -Намар ирэхийг хүлээгээд ганхаж байх бус газраас тасраад хэр хол явж чадахаа үзэг л гэсэндээ би цэцэгсийг тасалдаг юм.
  • -Тэгвэл чи яагаад чулуу бүхний байрыг хөндөөд байдаг юм бэ? Чулуу байрнаасаа холдохоороо гурван жил байраа хайж шаналдагийг мэдэхгүй юу?
  • -Чи чулуу шаналдагийг мэддэг юм уу? Тэр шаналах зүрхтэй юм бол ухаардаг, уужирдаг сэтгэлтэй л байж таарна аа даа. Хүн гэрээсээ гарвал даарна гээд гэртээ суугаад өлбөрч үхдэггүй биз дээ? Чулуу ч бас байрнаасаа холдоод, зовлон шаналал, хэн нэгнийг санаж шархлах ямар байдгийг мэдрэг л дээ…
  • -Чи… чи… чи тэгвэл…
  • Намайг үгээ гүйцээж амжаагүй байтал түүний найз охин Энэрэл гүйж ирээд:
  • -Хөөе, та хоёр юу шивнэлдээд байгаа юм бэ? гэснээр бидний тэрхүү ширүүхэн мэтгэлцээнд цэг тавьчихав.

Түүнээс хойш бид тэр тухай дахиж маргалдаагүй. Харин ч урьд урьдынхаасаа илүү ойлголцож, бие биенийхээ үзэл бодлыг сөрж зогсох бус эелдгээр дэмжиж, санаа нийлж байгаадаа хачин их догдолдог болсон юм. Ингээд нэгэн зугаатай зуныг үдээд, дахин намартай золголоо. Бид хамтдаа салхи сөрөн гүйж, навч түүж, том улаан хайрцагаа өнгө өнгийн навчисаар дүүргэв. Тэр салхийг улам өдөөхийн тулд чангаар исгэрч, хаашаа ч хамаагүй нисчихгүйн тулд газартай зууралдан тэмцэлдэж буй навчисыг тэвэр тэврээр нь авч шидлэн:

-Өлгийндөө өтөлж болохгүй шүү, хонгорууд минь… одоо та нар чөлөөлөгдсөн. Хандсан зүгтээ нисэцгээ, явцгаа. Залхуу золигнууд минь, ээжийнхээ энгэрт наалдаж хэвтэхээ больцгоо. Хатаж хорчийгоод, үнгэгдэж үрчийгээд үртэс болчихоосоо өмнө хол явж, шинэ содон бүхнийг үзэж харцгаа хэмээн хашгирч байлаа. Би ч бас түүний тэвэрч авчирсан навчсыг тосож аваад л дээш шидэлж, газар унасныг нь хүртэл дахин түүгээд, салхинд хийсгэнэ. Газар унасан навчсыг тэврэхээр хоёр гараа сунгатал нарийхан урт хоншоортой, дөрвөн хуруу хэрийн өндөртэй шовх өсгийтэй час улаан гутал хэдэн мойнгор хуруун дээр минь эгээтэй л гишгэчихсэнгүй. Тэр навчсыг заналтайгаар гишгэлж, үйртэл нь дэвсэлж байлаа.

  • -Энэрэл ээ, Энэрэл ээ… чи яагаад байгаа юм бэ? Болиоч ээ…
  • Тэр миний хашгирахыг ч зогсохгүй байгаа бололтой,
  • -Болдогсон бол… болдогсон бол… Хуягаа… чиний зүрхийг ч бас энэ навч шиг үйрүүлчихмээр байна гэж аман дотроо бувтагнасаар, энд тэнд хайш яайш гишгэлэн, хөөрхий навчисыг дэвсэлсээр л байлаа. Хуягаа түүнийг алсханаас хэсэг ажиглаж зогссоноо ойртон ирээд:
  • -Энэрэл ээ, яагаад юм бэ? Болиоч гээд гараас нь зөөлхөн атгалаа. Энэрэл гараа угз татан аваад:
  • -Хуягаа, би чамайг хаялаа… чи надад хаягдсан, мэдэв үү? гэчихээд гүйгээд явчих нь тэр.

Удалгүй миний найз залуу ч бас надад “салах” санал тавив. Хуягаа бид хоёр ганц бие болцгоосноороо илүү дотно нөхөрлөх болсон ч байж мэдэх юм. Хүнд хэцүү мөч бүрийд, аз жаргалтай агшин бүрт тэр л дэргэд минь байдаг байлаа. Гэвч бидний харилцаа найз нөхдийн хэмжээнээс хэтэрч байсангүй. Жил бүрийн Гэгээн хайрын өдрөөр тэр надад хамгийн онцгой, гэнэтийн бэлэг барина. Би ч дараа жилийг тэсэн ядан хүлээнэ…

Их сургуулийн хоёрдугаар дамжаанд орсон жил Хуягаа Швед рүү шилжин суралцсан юм. Би түүнд хэчнээн их дассанаа эзгүйд нь л зүрх сэтгэлээрээ мэдэрч билээ. Гэвч Гэгээн хайрын өдрөөр түүнээс бэлэг авна гэдэгтээ бат итгэлтэй байлаа. Харамсалтай нь, тэр өдөр түүнээс бэлэг ч, дуудлага ч ирсэнгүй.

Нэлээд хэд хоногийн дараа залгахад нь:

  • -Чи яагаад надад Хайрын баярын бэлэг явуулаагүй юм бэ? гэж гомдоллоход:
  • -Чи яасан шуналтай охин бэ? Найз залуугаасаа авсан бэлэгнийхээ зургийг фэйсбүүктээ оруулсан байхыг чинь харсан шүү. Тийм том шоколад авчихаад, бас надаас бэлэг нэхнэ гэнэ ээ гээд тачигнатал инээсэн.
  • -Гэхдээ… гэхдээ л чамаас бэлэг авсаар байгаад сурчихжээ.
  • -За тэгээд л уруулаа унжуулаад байгаарай. Би насан туршдаа чамд бэлэг илгээж чадахгүй шүү дээ. Хэзээ нэгэн цагт ийм өдөр ирнэ ээ гэдгийг л мэдрүүлэх гэсэн юм. Нөгөөдөр аав ирнэ. Бэлгийг чинь аавд өгөөд явуулна аа, за юу.
  • Би энэ үгийг сонсоод л тайвширчихсан. Энэ ярианаас арав гаруй хоногийн дараа түүний аав надад том улаан хайрцагтай бэлэг авчирч өгсөн юм. Бэлгээ задлахсан гэхээс байж ядаж байсан би түүний машинаас буугаад булан тойрмогцоо л том цагаан туузыг яаран задалсан.

Тэр амьдран суугаа нутгийнхаа “намар”-ыг надад илгээсэн байлаа. Улаан хайрцаг, гялгар уут дүүрэн өнгө өнгийн навчис… Бороо юм уу, цас орсны дараахан түүсэн болов уу гэмээр үл мэдэг чийгтэй, байгалийн хайр үнэртсэн навчис… Тэндээс би түүнийхээ амьдран суудаг нутгийн үнэрийг мэдрэв. Бас давраад зөвхөн түүнээс л ханхалдаг тэр нэгэн онцгой содон үнэрийг хайлаа… Хайгаад олоогүйдээ багахан урам хугарсан ч “Энэ навчисыг тэр гараараа түүгээд, энгэртээ тэвэрч хариад, ширхэг бүрийг нь илбэн байж энэ уутанд хийсэн. Хоёр улирал дамнуулан нандигнаж хадгалсан, зүрхэндээ ойрхон хадгалсан байж таарна” гэж тайтгарав.

Дахиад л хоёрдугаар сарын 14. Гэгээн хайрын өдөр. “Найз залуутай хэрнээ хамгийн сайн найзаасаа хайрын өдрийн онцгой бэлэг хүлээдэг над шиг бүсгүй байдаггүй л байх даа” гэсэн бодолтойгоо ханьсаад Хуягаагаас бэлэг хүлээж суулаа. Энэ удаа ч мөн тэр надад бэлэг илгээсэнгүй. Удаан хүлээж тэвчээгүй учир чатаар холбогдож бэлгээ нэхлээ.

“Найз нь эмнэлэгт байна аа. Чамд бэлэг илгээж чадахгүй нь ээ. Магадгүй, дараа жил, түүний дараа жил ч бас илгээж чадахгүй байх аа” гэснээс өөр хариу ирсэнгүй. Хүний хэлсэн үгний цаад утга санааг ухаж боддоггүй гэнэн залуу нас минь анх удаа л гүн бодолд автлаа. Дотны найзууд хийгээд гэрийнхэн рүү нь утасдаж, удаан шалгаасны эцэст “Хуягаа Шведэд сурч байгаа юм биш ээ, эмчлүүлж байгаа. Эдгэхгүй ч байж магадгүй” гэсэн гашуун мэдээ сонсох нь тэр.

Тэр өдрөөс хойш бидний харилцаа илт хөндийрч, хааяахан л мэнд мэдэлцэх төдийхнөөр хязгаарлагддаг болчихсон. Тэр яг л хэлснээрээ хойтон жил нь, түүний хойтон жил ч Гэгээн хайрын өдрөөр надад бэлэг илгээгээгүй. Тэвчээр алдан уурлаж, орилж хашгирч, гомдолломоор байвч түүний сэтгэлийг өвтгөхгүйн тулд бүхнийг тэвчдэг байлаа. Бүх зүйлд тэвчээртэй хандаж, хамгийн эелдэг, халамжтай үгсийг түүнд зориулдаг боллоо. Ингэж мэрийснийхээ хариуд “Чи өөрийгөө тэвчээргүй гэдгийг мэддэг. Гэвч одоо чи тэвчиж сурлаа. Удахгүй бас сав л хийвэл уйлдагаа болино. Цаашид ч олон зүйлийг сурна аа. Хамгийн гол нь, юм бүхэнд бэлэн бай. Амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн шүү, хонгор минь” гэсэн сургамж, урам сүлэлдсэн уртхан зурвас хүлээн авч билээ. Бидний харилцаа хөндийрснөөс хойш түүний над руу бичсэн хамгийн урт зурвас энэ ч байсан байж магад.

Дахиад л Гэгээн хайрын өдөр. Энэ жил түүнээс бэлэг хүлээж авахгүй гэдгээ мэдэж байгаа учир юу ч хүлээгээгүй. Хүлээгээгүй хэр нь сэтгэл хачин их дэнслээд, түүнтэй ярилцах ёстой ч юм шиг санагдаад болдоггүй. Тэвчиж сурсандаа хэтэрхий омогшоод бүтэн өдрийн турш тэвчлээ. Гэвч нар болоод тэнгэр, тэнгэр хийгээд цас, цас болоод газар хэрхэн ярилцаж ойлголцдог тухай бодон жаргах нарыг ажиглаж суугаад тэвчээр алдав. “Ядах нь ээ, энэ өдөр би түүний төлөө залбирах учиртай биз дээ?” гэж өөрөөсөө асуугаад суудлаасаа өндийлөө. Цонхоо онгойлгон, толгойгоо гадагш цухуйлгаад тэнгэр өөд гар далдлан:

-Гэгээн хайрын өдрийн мэнд ээ. Чи тэнд жаргалтай байна уу? Би энд нэг иймэрхүү л… гэж аман дотроо үглэхийн зуурт хоёр нүдийг минь нулимс бүрхчих нь тэр. Толгойгоо алгуурхан татаж дотогш оруулаад, хоёр алгаараа нүүрээ дараад чангаар цурхиран уйллаа.

Хэдий хэр удаан уйлснаа ч мэдсэнгүй, нулимс дуусчихсан мэт нүднээс дусал ч шингэн гарахаа больмогц л дотор уужирч, хоёр алгаараа нүүрээ шудран арчаад суудлаасаа бослоо. Гар утсаа шүүрч аваад, фэйсбүүк рүү орж, элдэв мэдээлэл хайж, зураг үзэх зэргээр түүний тухай бодлоос өөрийгөө чөлөөлөхийг хичээв. Хэд хэдэн хөгжилтэй бичлэг үзсэн ч инээх тэнхэл байсангүй. Дэмий л утасны дэлгэцэн дээгүүр хуруунуудаа бүжиглүүлэн, нүдээ хий гүйлгэж суутал өөрөө ч мэдэлгүй Хуягаагийн хаяг руу орчихсон байх нь тэр. Дөлгөөхөн инээмсэглэсэн хонин бор нүд, өндөр шонтгор хамар, нулимс тоссон жижигхэн хоёр мэнгэ… модод хийгээд тэнгис далай, хувь тавилан болоод бурхад, хол хийгээд ойрын тухай эргэцүүлсэн бодролууд… ганцаараа эсвэл олуулаа татуулсан өч төчнөөн зураг… бүх зүйл яг л хуучнаараа.

Яг одоо түүн рүү зурвас илгээвэл тэр надад хариу биччих ч юм шиг… Өөрийн мэдэлгүй л зурвас бичих цонхыг нээгээд “Сайн уу? Би сая уйлаагүй шүү. Зүгээр л хүзүү чилээд, үгүй ээ… нүдэнд юм орчихоод…” гэж бичээд илгээх товчийг дарчихлаа. Зүрх цээжээ тийрэн тонгочиж, хариу хүлээлээ. Сэтгэл хачин их уужирчихсан мэт мэдрэмж төрөх агшинд “Өө, би ямар тэнэг юм бэ?” гэж уулга алдаад “Чи надад хариу бичиж чадахгүй шүү дээ… гэхдээ үүнийг уншиж байгаа, тийм ээ?” гэж бичээд илгээчихэв. Түүнд хэлмээр, яримаар байгаа бүхнээ бичиж илгээсээр л байлаа. Өчнөөн зүйл бичсэн хэр нь л түүнд хэлэх үгс ар араасаа ундраад л байх аж. Бодол дотор эргэлдсээр нэлээд хугацаанд цээж давчдуулсан бүхнийг бичээд илгээчихлээ. Цээжин дээр дараад байсан нүсэр ачааг өргөөд хаа нэг тийшээ шидчихсэн мэт уужрах агшинд сайтар ганц суниагаад бичсэн бүхнээ дээш гүйлгэн уншиж үзлээ. Хэлмээр, яримаар байгаа бүхнээ л бичжээ. Төгсгөлд нь ногоорч буй навч болоод хайлж буй цас хоёрын дурлалын тухай чамаас өөр хэнд ч яриагүй үлгэрээ сийрүүлэн бичихээ ч мартсангүй.

Сэтгэл ханамжиндаа бялуурч хадуураад Хуягаатай харилцсан зурвасуудаа эхнээс нь дахин уншихаар дээш гүйлгэлээ. Гэтэл “бэлэг” гэсэн үг нүдэнд тодхон тусах нь тэр. Хуягаа энэ файлыг 2009 оны тавдугаар сарын 08-ны өдөр буюу тэнгэр болохоосоо ганцхан өдрийн өмнө над руу илгээжээ. Тэр бол миний нэрээр эхэлж, “битгий уйлаарай, юм бүхэнд бэлэн бай” гэсэн өгүүлбэрээр төгссөн, хуудас бүртээ ухаарлын жин тээсэн уртаас урт зурвас байсан юм. Би тэр зурвасыг нээгээд л хаачихсан… Жил бүрийн Гэгээн хайрын өдрийн өглөө түүний сүүлчийн бэлгийг харж сэтгэлээ сэргээдэг ч дэлгэж үзэлгүй цааш тавьсаар л байна. Уншаад эхэлбэл л дуусчих юм шиг санагдаад…

Ц.БАТТУЯА: 2018.12.10

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button