Өгүүллэг

“Балчир насны минь сэтгэлд хоногшсон дурсамж” өгүүллэг

Тэнгэрт үүл бүрхээд юу юугүй бороо орох гэж байлаа. Чимбай өглөө усанд явах гэж гарснаас хойш хичнээн цаг өнгөрснийг сая л ухаарчээ. Бушуухан усаа аваад явъя гэж бодсон боловч тэнгэрт аянга цахилгаан бууж бороо шивэрч эхлэв. Гол дээр байсан хүмүүс бүгд л сандран гүйлдэцгээнэ. Хамт тоглож байсан найзууд нь ч гэсэн ум хумгүй гэр гэрийн зүг сандран гүйнэ.

Чимбай яахаа мэдэхгүй хоёр литрийн хоёр хоосон бидоноо гартаа савчуулан гэрийнхээ зүг гүйх зуураа “за одоо эгчид загнуулна даа юу гэж хэлэх вэ, ядахад усаа ч аваагүй байдаг” гэж бодон гүйж явтал нойтон өвсөн дээр халтиран ойчив. Их л эвгүй нуруугаараа ойчсон болохоор хэсэг хэвтэж байгаад арай хийж босоод харвал эгч нь шүхэр барьчихсан ирж яваа харагдав. Чимбай гуай чи одоо хаагуур дэмий тэнээд байдаг юм бэ? Аль өглөө усанд явсан одоо хэд болж байна гэж загнахад Чимбай миний нуруу өвдөөд байна эгчээ. Сая усаа аваад яарч яваад халтирч ойчоод усаа асгачихлаа гээд нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн өрөвдөлтэй царай гаргавал эгч нь сандран алив нурууг нь үзье, болгоомжтой явахад яадаг юм.

Хөөх наад нуруу чинь зулгараад улайцан байна шүү дээ. Алив наад бидоноо өг. Эгч нь л усанд явахаас. Оройн хоолны ч ус байхгүй байгаа. Ганцаараа явж чадах нь уу гэж асуувал Чимбай дуугүй толгой сэгсрэв. За тэгвэл хурдан гэрлүүгээ харь, май энэ шүхэр бариад яв бороо улам ширүүсч байна. Чамд санаа зовоод гэрээ эзгүй орхиод ирсэн хурдан яваарай, очоод хуурай хувцас өмсөнө шүү, хүрэн чемоданд чиний хувцас байгаа гэж захиж хэлчихээд эгч нь бидоноо бариад гол руу гүйв. Чимбай худлаа хэлсэндээ, эгчийгээ хүйтэн, ширүүн бороонд гол руу явуулсандаа сэтгэл нь өвдөж байлаа.

Гэнэт хүчтэй аянга цахилгаан цахихад яагаад ч юм эгчийнх нь дээр буусан мэт сандран хойноос нь байдаг чадлаараа гүйсээр гол дээр усаа хийж байсан эгч дээрээ ирэв. Чамайг харьж бай гэж байхад чинь хүйтэн бороонд цохиулаад хатгаа авна шүү дээ гэвэл Чимбай жижигхэн гараараа эгчийгээ тэврэн намайг уучлаарай эгчээ, би худлаа ярьсан юм гээд нулимс унагав. За за өдий том болчихоод эгчдээ эрхлээд гээд найз нар чинь харвал шоолно шүү гэхэд Чимбай хошуугаа цорвойлгон эгчдээ эрхэлсэн янзтай яадгийн тэгж л байг би таньд хайртай юм чинь гэвэл эгч нь инээмсэглэн өөлхөн шүү дээ миний дүү гээд тэврэн үнсэв.

Сая л Чимбайгийн сэтгэл тайвширч хэдий хүйтэн салхитай ширүүн бороо орж байсан ч тэрээр үл анзааран эгчтэйгээ хамт явсаар гэртээ ирэв. Эгч нь Чимбайгийн нойтон хувцсыг тайлж хөнжлөөр хучаад сольж өмсөх хуурай хувцас гаргаж өгөв. Миний дүү боорцог идэх үү одоохон эгч нь гал дээр гялс хоолоо хийгээдэхье гэвэл Чимбай би гал түлж чадна гээд харайж босоод зууханд боргоцой дүүргэн хормын төдийд гал асаав. Миний дүү ч том эр болж дээ гэхдээ эгчийгээ байхгүйд гал түлж болохгүй шүү гээд санаа зовсон байдалтай Чимбайд галын аюулын тухай ярьж ойлгуулав.

Гал ч дүрэлзэн асаж гэр нь халуу дүүгээд таатай байлаа. Чимбай гудсан доороос утас дуугарах чимээг сонсон хоол хийж байсан эгчдээ утсыг нь хурдан гэгч нь авчирч өгөв. Аав ээж нь ярьж байгаа бололтой, эгч нь аан тиймүү, за за, бид хоёр зүгээрээ санаа зоволтгүй. Чимбай энд тоглоод л байж байна. Чимбай ээж яръя гэж байна гэвэл Чинбай нэг их тоосон шинжгүй тоглоомоороо тоглоно. Чимбайгийн аав, ээж нь түүнийг хоёр ойтой, эгчийг нь долоон настай байхад нь гадаадад ажиллахаар болж эмээ дээр нь орхиод явсан болохоор Чимбайгийн хувьд эгч, эмээ хоёр нь л хамгаас хайртай хүн нь болжээ.

Хэдийгээр аав, ээж нь ирээд жил гаран болсон боловч одоо хүртэл эгчтэйгээ унтана. Ээж нь хааяа унтсан хойно нь эгчийнх нь өврөөс, эсвэл чихэр жимсээр хуурч өвөртөлж унтдаг нь нууц биш. Эгч нь Чимбайд хандан аав, ээж хоёр хотын гэрт хононо гэнээ, бороо ихтэй болохоор зуслангийн зам явж болохгүй байгаа бололтой хоёулаа л хонох юм байна даа гэвэл Чимбай дуугүй толгой дохилоо. Удсан ч үгүй хоол боллоо. Чимбай өглөө усанд явлаа гэж гараад жараахай барих гэж гол дээр өнжсөн болохоор эгчийнхээ хийсэн борцтой шөлтэй хоолыг хөлсөө дуслуулан хоёр аягыг идээд сая л нэг гэдэс нь цадсан бололтой жижигхэн гараараа эгчийгээ гижигдэн хоюул инээд хөөртэйхэн байх тэр агшинд хөлийн чимээ гарч хаалга тогших сонсогдов.

Эгч нь хаалга олгойлговол Чимбайгийн найз Чимгээгийн ээж нь борооны цувтай Чимгээгийн жижигхэн дээлийг барьчихсан манай Чимгээ хаана байна гэсээр орж ирэв. Эгч нь манайд орж ирээгүй шүү дээ гэвэл гэрийг тойруулан өөрийн нүдээр хараад царай нь айдас түгшүүрт автсан шинжтэй зэвхий цайгаад ирэв. Ямар сонин хүүхэд вэ. Чимбайтай тоглоно гээд гарсан юм. Чимбай чи хараагүй юу гэвэл Чинбай үгүй ээ би гол дээр тоглож байсан, өнөөдөр Чимгээг хараагүй гэхийг сонсоод тэрээр эх хүний зөн совин татсан уу, охиндоо санаа нь зовсон уу эгчийнх нь хийж өгсөн халуун цайг хүйтэн ус шиг залгилаад сандран гарч одов.

Чимбай юугаа ч мэдэхгүй балчир хэдий ч Чимгээгийн ээжийн царайны хувирлыг хараад найзад нь муу зүйл тохиолдсон мэт санагдан айна. Гадаа манан татаад бороо хувингаар асгаж байгаа юм шиг орсоор л, юу юугүй бүрэнхий тасрах болж байлаа. Чимбай нэг л сонин болсон байлаа. Чимбайг найздаа санаа нь зовж байгааг анзаарсан эгч нь Чимгээ нэг айлд л тоглож байгаа байлгүй дээ. Чамаас өөр найз зөндөө л байгаа биз гэж тайвшуулан хэлэв. Хэсэг хугацааны дараа дахиад л хөлийн чимээ гарч хаалга тогшвол эгчийнх нь найз Цэцгээ байлаа. Манай аав ээж ирдэггүй ээ.

Ганцаараа айгаад танайд ороод ирлээ гэсээр бороонд бага зэрэг норсон байдалтай орж ирэв. Одоо хотоос алхаж ирэхгүй л юм бол унаа тэрэг явахгүй байх аа, манай хоёр зам үерлээд явж болохгүй байна гээд ирж чадахгүй гэсэн чи бид хоёртой хамт манайд хонож болно шүү дээ гэж эгч нь хэлбэл Цэцгээ ингэж хэлэхийг хүлээж байсан юм шиг дуртайяа зөвшөөрөв. Цэцгээ: -Нээрээ манай доод талын Хорлоо эгчийн охин Чимгээ, олон үнээтэй айлын жаахан охин чинь хэн билээ тэр хоёр алга болоод хүмүүс хайгаад бөөн юм болж байна. Хонь хариулж явсан хүнээс борооноос өмнө хойд ууланд хоёр жаахан охин цэцэг түүж байсан гэж дуулаад одоо ойгоор самналт хийх гээд том хүмүүсийг цуглуулж байна.

Сая манайхаар Гончиг ах аавыг асуугаад орж ирсэн гэж ярихыг анхааралтай сонсож байсан Чимбайгийн жаахан зүрхэнд айдсын харанга дэлдэж байгааг мэдэрсэн эгч нь өөрөө санаа зовж байсан ч зориуд Чимбайг тайвшруулах гэж Цэцгээгийн яриаг таслан -За битгий худлаа сүр бадруулаад бай жаахан хүүхдүүд борооноос нуугдаад нэг айлд л байгаа биз гэж хэлсэн үгийг нь эрс няцаан, цаг ч орой боллоо гурвуулаа унтах уу даа. Чимгээ би ээжийн орыг засчихлаа энд унтаарай гээд Чимбайг өвөртлөн унтахаар хэвтэв. Чимбай эгчийгээ тэврэн унтсан мэт хэвтэх боловч найздаа санаа нь зовоод ч тэр үү, гадаа орж байгаа борооны дуслах чимээ түүний сэтгэлд айдсыг төрүүлнэ. Цэцгээгийн нойр хүрээгүй бололтой.

Нээрээ манай хойд уулын модонд чоно их болсон юм байлгүй оройдоо айлын мал руу их дайрч байна гэх юм. Хэрвээ тэр хоёр модонд төөрсөн бол аль хэдийн чонын хоол болсон байхаа гэж хэлэхийг сонссон Чимбай үгүй ээ гэж аажуухан орилоод мэлмэрэн уйлав. Эгч нь Чимбайг энгэртээ чанга гэгч нь тэврэн Цэцгээ эгч чинь худлаа ярьж байгаа юм аа миний дүү битгий уйл гэж тайвшруулан аргадсаар унтуулаад, Цэцгээд хандан “Чи битгий хачин юм яриад хүүхэд айлгаад бай л даа.

Тэр Хорлоо эгчийн охин Чимгээ чинь манай Чимбайгийн найз гэдгийг чи мэддэггүй юм уу хайшаа юм. Чимбай чинь хэдий балчир ч гэсэн сайн мууг сайн ойлгодог болохоор найздаа санаа нь зовоод царай нь хачин болчихоод нэг л урвайсан байхыг нь чи хараагүй юм уу” гэвэл Цэцгээ тийм үү найз нь сайн мэдсэнгүй ээ уучлаарай, даанч тийм байхаа Чимбайг яасан томоотой болчихоо вэ гээд гайхаад байсан чинь ийм учиртай байсан юм уу. За за хоёулаа унтахуу гээд уртаар эвшээлгэв.

Аль хэдийн үүр цайж өглөө болжээ. Чимбай миний дүү босч цайгаа уу гэж эгч нь зөөлхөн хацрыг нь илэн сэрээв. Чимбайд өглөөний цайнаас илүү найз Чимгээ нь яасан бол гэж илүүтэйгээр бодогдож байлаа. Эгчээ би Чимгээгийн бамбаруушыг нь өгчихөөд ирье, дээр тоглож байгаад орхичихсон байна лээ гэж шалтаглан яаравчлан гарах гэсэн боловч эгч нь инээмсэглэн, миний дүү Чимгээ зүгээрээ.

Харин ээж аав нь хотруу аваад явчихсан хэд хоног тэндээ байх байлгүй дээ. Өчигдөр борооноос нуугдаад доор нэг танихгүй айлд байсан юм байна лээ. Эгч нь өчигдөр чамд хэлээ биз дээ одоо миний дүү зүгээр цайгаа уу гэж хэлэхийг сонссон Чимбайгийн сэтгэл сая л нэг тайвширч урд шөнийн зүүдэлсэн хар дарсан зүүд нь хормын төдийд арилан одох шиг болж хамгаас аз жаргалтай байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button