Өгүүллэг

Үүрээр

Дүнгэнэсэн чимээнээр тэрээр сэрчихлээ.Сэрчихлээ ч гэж дээ,тэр ер нь унтаагүй зүүрмэглэж зүүд бодол хоёрын дунд оршиж дэргэдэх орчноосоо түр сатаарсан нь тэр байж л дээ.Гудасных нь захад хэвтэх даавуунд наалдаж хатсан ,өтгөний дээгүүр эргэлдэх ялаа л түүнийг бодлоос нь ангижруулж дүнгэнэсэн хэрэг л дээ.Тархинд нь үймрэх олон бодолууд дотроос сэтгэлийг нь бүлээцүүлэх нэг л хүнийг үгүйлээд ,түүндээ л очмоор санагдах нь улам ч хүчтэй болно.

Төрүүлсэн ганц хүүгээ биш,тэр л хүнийг үгүйлж дулаахан алгаар нь хацраа илбүүлэхсэн гэж бодно.Өнгөрөөд хэдэн жилийн нүүр үзсэн ч түүнтэйгээ хамт байсан нь өчигдөрхөн мэт санагдана.Хэвлийдээ үрээ тээчихсэн хойно,заяагаар учирсан тэр хүн нь,түүний амьдралд тохиосон цор ганц хань нь байж таарчээ.Дуу цөөтэй,томоотой нь дэндүү хүн байж дээ .

Ганц хүүгээ алгадуулахгүй гэж ,гараас нь зуурч авахад’ Нүд рүү нь харж байгаад:Заяа чинь мэдэг дээ! гэж хэлүүлсэнээс өөрөөр хэрэлдэж хэмлүүлж явсангүй.Тэгэхэд түүний гар нь салганаталаа чичирч байсныг тодхон санав..Гар нь биш,зүрх нь чичирч байж дээ!зайлуул.Хүү гэснээс хүү нь хаа яваа юм бол доо!Хэд хоногийн өмнө энэ эзэнгүй шавар байшинд авчирч орхичихоод явсанаас хойш үзэгдсэнгүй.Хаана хоног төөрүүлж явдагийн бол доо.

Ах дүү хамаатан садан гэхээр хүн ч байхгүй! Ганц хүүдээ дүү төрүүлээд өгчих заяа нь дутсандаа,өөртөө харамсана,гомдоно! Гомдсондоо уйлмаар болсон ч нулимас гарахгүй байхад нь бас гайхана. Уйлах ч тэнхэлгүй болчихсоноо үл ухаарна .Бодлоороо өөрийгөө тэжээж хэд хоножээ!Нэг өдөр хүү нь хэдэн хүнтэй ирээд ,хэвтэрээс нь босгож хувцаслаад хөнжил гудас,ойр зуурын юмыг нь бөөгнүүлж баадагнаад гэрээс нь авч гарахад л ,орон гэргүй болсоноо мэдсэн хэрэг.

Нар салхинд гаралгүй хэвтэрт удсан бие нь,байшингаас гарч орцны үүдэнд зогсох машинд суух зуураа л,салхитай мөртлөө дулаахан зуны үдэш болж буйг мэдэрчээ!Бие нь ядарсан ч,ухаан санаа нь эрүүл болохоор,хажууд нь түшиж суугаа хүү,урд суудал дээр суусан хижээл насны эр хоёрын яриан дундаас,хүү нь байраа мөрийнд алдчихсаныг ойлгожээ!

Ганц ч удаа хатуу үг хэлэлгүй өсгөсөн хүү нь,,Одоо өөрийнх нь төрүүлж өсгөсөн хүүгээс тэс ондоо хүн шиг санагдав.Хэзээнээс миний хүү,,миний хүү биш болчихов?Дөнгөж сургууль төгсөөд,хонуут өнжүүдээр алга болж,архи тамхи хэрэглэдэг болчихсоныг нь мэдээд загнах санаатай үглэтэл,Битгий дэмийрээд бай!гээд нэг ч үг хэлүүлээгүй.

Хожим хүү нь,өөрийнх нь ээмэг бөгж,гэрт нь байсан алт мөнгөн эдлэлүүдийг аваад явчихсаныг ,талийгч нөхөр нь мэдээд,уураа барьж дийлэлгүй гар далайхад нь,өр нь өвдөөд гараас нь зуурч,болиулж байснаа эргээд маш тодхон саналаа!…Тэгэхэд л ганц сайн алгадуулчихдаг байж дээ!гэж бодоод,санаа алдах гээд татсан амьсгал нь,түүний сүүлчийн амьсгал байлаа.

Сэвжид Хүрэлбаатар 2019.11.30

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button