Өгүүллэг

Амны хишиг

Эрдэнэсувд гэнэт давхийн цочиж сэрээд зүрхээ даран – Ум дари дүд дари дүүрий сууха гэж хэд хэд уншаад жаахан тайвширсан тул босч ноолийн өрөөрүүгээ зүглэв. Явах зуураа саяын зүүд ээ бодлоо. Түүний зүүдэнд – тэр гуйлгачин болсон байх бөгөөд хаа ч юм нэг гудамжинд суучихсан урдаа нэг муу цаасан хайрцаг тавьсан харагдана. Түүн дотор нь хэдэн бутархай төгрөг байх аж. Толгойд нь – би яагаад гуйлгачин болсон байдаг билээ.

Аав ээж хоёр минь намайг гуйлгачин болгох учиргүй, тэд маань – энэ гуйлгачингууд чинь урьд насныхаа, зарим нь энэ насныхаа үйлийн үрийг эдэлж байгаа учраас тэднийг өрөвдөх хэрэггүй гэдэг хүмүүс ш дээ. Бүр мөнгө төгрөг, идэх уух юм ч өгсний хэрэггүй буянд чинь бузар орно гэж үргэлж шахуу сануулдаг байсансан.

Гэнэт түүний толгойд зурсхийн орж ирсэн – үгүй ээ би даанч тэднийхээ үгийг тоолгүй үргэлж нууж идэж уух юм, мөнгө гуйлгачинд өгдөг байсан ш дээ гэх бодол байлаа. – Өө тэр нэг танил царайтай хүн чинь миний хажуугаар нь гарах бүрдээ юм өгдөг байсан хүн байна ш дээ. Даанч нэг танил санагдаад байсан юм аа. Гайтай амьтан миний амны хишгийг авчихаж. – Одоо би яана аа, яаж урьдынхаа амьдралаар амьдардаг болох вэ гэж бодогдоход өөрийн эрхгүй нүд нь бүрэлзэн нөгөөх хайрцгаа ч үзэхээ болив.

Хэсэг уйлж суусан бүсгүй хаашаа ч юм явахаар босохдоо сэрсэн нь энэ аж. Эрдэнэсувд орондоо орж унтахаар хэвтсэн боловч нойр нь хүрсэнгүй. Аймгийн төвд амьдардаг аав ээжрүүгээ залгах гэснээ больж – харанхуй шөнөөр дэмий, хоёулангийнх нь санааг зовоохын нэмэр гэж бодлоо. Бас – нөхөртэй, хүүхэдтэй болсон бол одоо надад хань болохгүй юу гэж бодоод – ер нь ингэхэд амьдралын хамаг утга учир үр хүүхэд юм байна ш дээ. Хэрвээ үнэхээр гуйлгачин болчихвол олигтой хоол ундгүй тэнэсээр яваад vхнэ.

Үр хүүхдээ ч үлдээж чадахгүй, тийм хүн хүүхэдтэй байгаад ч сайн сайхан ирээдүй байхгүй. Ийн бодсоор тэр нэг мэдэхэд нам унтаж өглөөний сэрүүлэг дуугарах чимээнээр л сэржээ. Цагтай уралдан автобусны буудалруу гүйх шахуу алхаж явахдаа нөгөөх гуйлгачинг харвал харагдахгүй байлаа. – Яасан юм бол – за яасан байх нь надад ямар хамаатай юм, дахиж харагдахгүй бол сайн л биз гэж бодно. Бүсгүй ажил дээрээ нэг л ажлын бүтэмж муутай өнжөөд ажлаасаа тарж гэрлүүгээ алхах зуураа яагаад ч юм нөгөөх гуйлгачин залууг хайсаар явлаа.

Түүний нүд бүр нүдэнд нь харагдах шиг санагдахад жаахан эвгүйцэн өөр сайхан зүйл бодохыг оролдовч бүтсэнгүй бүр сүүлдээ – өвчин тусаа юу арай vхчихээгүй байгаа гэж ч бодов. Ийн ийм бодолтой хэд хоноод байтал нэгэн захиа үүдэнд нь хавчуулаастай байхыг ажлаасаа ирэхдээ үзэн задалж үзвэл – Сайн байна уу би Гэрэлт байна яагаав гуйлгачин гэсэн байв. Тэрээр – өдөр бүр мөнгө өгч, заримдаа идэх уух юмаар дайлж байсанд чинь маш их баярлаж явдаг тухайгаа бичжээ.

Тэгээд эндээс явж байгаагаа мөн энэ миний гуйлгачин болохоос өмнөх зураг гэж захиан дотор байсан зургийг тайлбарлан бичсэн байлаа. Эрдэнэсувд зэргийг үзвэл бас ч дажгүй царай зүстэй хүн байв. – Аан за ашгүй муу юм тохиолдоогүй л бол болж, халтар нүүрнээс нь зөвхөн нүд нь ялгарч харагддаг шүү, сайхан нүдтэй хүн шүү гэж бүсгүй боджээ. Бүсгүйн амьдрал ажил, гэр, найзуудтайгаа уулзах, дэлгүүр хэсэх гэхчилэн үргэлжилдэгээрээ үргэлжлэн сар гаруй хугацаа өнгөрсний дараа түүнд гэрийнх нь хаягаар бас нэгэн захидал ирсэн байв.

Захидал Гэрэлтийнх байлаа. Тэр Эрдэнэсувдад талархаж явдгаа дахин илэрхийлэх далимдаа сайхан бүсгүй шүү гэж магтжээ. Бас хоёр зураг явуулсан байх бөгөөд нэг нь түүний гуйлгачин байх үеийн зураг байлаа. Гэтэл тэр зураг Эрдэнэсувдын зүүдэнд орсон дүр зураг мөн байв. Бүсгүй сая л өөрийгөө биш түүнийг зүүдэлснээ ойлгожээ. Өөр нэг зураг нь Гэрэлтийг фотошоптсон юм шиг гоё зураг байлаа. Түүний захианы төгсгөлд бичсэн – би чамайг бодож явдаг шүү гэсэн үг бүсгүйн сэтгэлийг жигтэйхэн их догдлуулахад өөрийгөө гайхан суулаа.

Тэр түүнд захидал бичсээр л, бүсгүй Гэрэлтэд – хайртай гэдгээ ч маргах юмгүй ойлгожээ. Бүсгүй сүүлийн үед хүлээлтийн байдалтай амьдардаг болов. Учир юун гэвэл Гэрэлт түүнтэй уулзахаар болж өдөр товлосон аж. Товлосон өдрийн өглөө бүсгүйн ажил дээр цэцгийн хүргэлт ирсэн бөгөөд дотор нь орой уулзах газрын нэрийг бичжээ. Бүсгүй амаа ангайн гайхахад өрөөнийх нь бүсгүй үзээд бас гайхан дуу алдаж – ээ бурхан минь чи чинь Монголын нөлөө бүхий баян хүний үр садтай учир ургуулсан юм биш үү гэж ээ. Энэ үг үнэхээр үнэн болохыг бүсгүй хожмоо мэдсэн билээ.

Харин аав ээж хоёрынх нь – үйлийн үрээ эдэлдэг гэсэн үг үнэн байв. Тэр нь Гэрэлтийн – миний гуйлгачин болсон нь би хангалуун амьдралдаа хахаж сагаад архи тамхи эргүүлж, болохгүй бүтэхгүй нөхөдтэй нийлж танхай балмад явж аавын хаалга хүртэл татаж явсны минь үйлийн үр. Миний мөрөөрөө амьдарч эхлэхийг үзэх хүртлээ эцэг эх хоёр маань гадаадад амьдарсан хугацааны үйлийн үрээ эдэлсэн амьдрал гэсэн үг байв.

Бүсгүйд хоног өдөр тоолон хүлээх шинэ хүлээлт бий болсон нь хэвлий дэх үр нь билээ. Хадмууд маань – бэрээ төрөхөөс нь өмнө гуйлга аа тавьж, хуримыг нь хийн, гэртээ оруулж авахгүй бол болохгүй гээд өдөр судар асууж бэлтгэлээ их л шавдуухан хийж байгаа гэнэ ээ гэж Эрдэнэсувдыг ярихад ээж нь – одоо тэр баян айлд чинь манайх шиг бор дүрхэн амьдралтай айл юу бэлдэж очвол болох юм бол гэж ярих аж. Цаанаас нь аав нь – ямар юмандаа санаа зовдог юм – эгчид нь бэлдэж өгснөө л бэлдэхгүй юу гэх нь утасны цаанаас дуулдахад бүсгүй инээмсэглэн – ээж та ааваас л асуу гэлээ.

Л.Дайриймаа 2021.08.25

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button