Өгүүллэг

Эзэнгүй салхи

Дэлгэр зуны наран дээрээс шарах үед гартаа богино шилбүүр барьсан хүү өндөр хиа, халгай зэргийг цавчин явна.Өөрийгөө яг л сэлэм барьсан баатар мэтээр төсөөлөн тэдгээр өндөр зэрлэг ургамалуудыг дайсан хэмээн сэтгэж амандаа цавчих мэт дуу гарган яваа энэ хүүг Амгалан гэдэг билээ.Хэдийгээр тэр энэ нутагт төрсөн унаган хүү боловч 4 жилийн өмнө тэднийх хотруу нүүж хотын айл болсон байлаа.Өдгөө яг 10 настай энэ хүү зуны амралтаараа л хөдөө байдаг нагац ахындаа ирдэг болсон нь энэ юм.

Өглөө гарч хонио бэлчээгээд өдөр нь барааны газар ойртуулан цайгаа уух гэж яваа нь тэр боловч гэрлүүгээ нэг их яарахгүй байлаа.Учир нь түүний сүүдрэн цаг 12 болоогүйг илтгэнэ.Тэр нь газар дээр тойрог зураад голд нь мод гозойлгон сүүдэр нь хаана тусч байгаагаар цагаа баримжаалан явдаг арга юм.Тийнхүү тоглож дуулж үсчин харайж явж байтал нагац ахынх нь хажууд олон жил айл хөрш явсан Бор өвгөнийх ачааны машинаар гэрээ ачаалан нүүж байхыг харлаа.Өчигдрийн томчуудын ярианаас дуулахнээ эднийх хот хүрээ бараадан нүүж яваа гэдгийг Амгалан мэдэж байсан юм. Уг нь Бор өвгөний ач охин Жаргалмаатай тоглож наадан хөдөө арай зугаатай байдаг байсан түүнд тун харамсалтай санагдаж уртаар санаа алдан зогсоно.

Нутгийн хүн малыг ундаалдаг “Булгийн Эх” жилээс жилд татарсаар айл өрхүүд тэндээс олноороо нүүх болсон билээ.Цагтаа энд олон айл өрхүүд мал сүргээ өсгөн айраг цагаагаа ч исгээд л хүүхэд залуус бужигнасан жинхэнэ амьдрал өрнөсөн сайхан газар байсансан.Одоо ч нутгаа сахиж үлдсэн 3 айл байснаас сая ийнхүү нэг нь нүүж яваа нь энэ билээ.Амгалан хүү гунигтайгаар нүүж яваа айлын араас харж зогсож байтал нагац ах нь мотоциклтой өөдөөс нь ирж яваа харагдлаа.

Тэр лагс биерээ мотоциклийн дээр намбалаг сууж явах бөгөөд зөөлөн явсаар түүний дэргэд ирээд “Ахын дүү суугаарай.Хонио бэлчээсэн бол юунд ингээд л халуун наранд яваад байдаг юм.Шууд л гэртээ ирчихэж байхгүй юу?” хэмээн аргадангуй өгүүллээ.Амгалан ард нь суухаар гудайн явж хажууд нь очоод “Бор гуайнх нүүчихэж байгаа юм уу ахаа?” хэмээн гунигтайгаар асуулаа.”Тиймээ… миний дүү.Манай Булгийн Эхийнхэн гэх айлууд бүгд л нутаг сэлгэх нь сэлгэж, хот хүрээ бараадах нь бараадлаа даа” гэж хэлээд уртаар санаа алдан нутгийнхаа өвгөн уулсын зүг тойруулан нэг харснаа “Ахын дүү энд тоглох хүүхэд байхгүй ганцаараа гиюүрч байхаар гэрлүүгээ буцах юм уу.

Ах нь маргааш төв оруулж унаанд суулгаж өгье” хэмээн Амгаланд хэлээд суу гэж толгойгоороо дохьлоо. Өчигдөр орой Жаргалмаатай тоглож байгаад орхисон майхан мэт бүтээлэг доторхи эд хогшилууд гэрийн хойно үзэгдэнэ.Тэр хоёр энд айл гэр болон тоглож үнэхээр зугаатай байсан боловч орой болж хоёул дуудуулан гэр гэртээ орцгоосон билээ.

Амгалан тоглож байсан өөрийн гэр мэт овоохойгоо тойруулан хараад “Манайх ч гэсэн нүүе дээ.” гэж санаа алдан хэлээд буулгаж хурааж эхэллээ.Жаргалмаа уг нь хэлэхдээ “Хоёулаа Булгийн Эхээс яасан ч нүүхгүй шүү” гэж байсан боловч өөрөө ингээд яваад өгсөнд нь Амгалан хүү дотроо багахан гомдолтой байлаа.

Маргааш нь нагац ахынхаа ард сундлаад мотоциклтой сумын төв рүү явлаа. Тийнхүү явж байхдаа Амгалан хүү эргэн эргэн харах бөгөөд ард үлдсэн нутгийн хөх уулс дүнсийн хоцорч “Битгий яваач” гэж шивнэхэд өөдөөс үлээх салхи “Үлдээч” хэмээн нүүр лүү нь шавхруудан байв.Түүний дотор ер бусын хоосон орон зай үүсч бяцхан цээж нь хөндүүрлэн өөрийн мэдэлгүй нулимс мэлмэрүүлэн явна.

Сумын төвд ирлээ.Мөн л эл хуль дүнсийн байна.Нагац ах нь Амгаланд хандан “Ах нь айраг цагаа ааруул ээзгий зэргийг машинд нь хийчихлээ.Очоод идээрэй миний дүү.Төрж өссөн нутаг усаа битгий мартаарай.Удахгүй сайхан болоод айлууд буцаж ирнэ гэж ах нь боддог юм.Май энэ хэдэн төгрөгийг ав.Ахдаа их тус болсон ажилсаг хүүхэд шүү” гэж хэлээд багахан мэлмэрэх доголон нулимсаа арчаад мөнгөө гарт нь атгуулан үнслээ.Тэгээд эргэн мотоциклруугаа гунигтай алхах боловч эргэн харж инээмсэглэн далласаар явж одов.

Тал нутгийн эзэнгүй салхи Амгалан хүүг заавал эргэж ирээрэй гэж хэлэх мэт түүний үсийг зөөлөн илбэх үед түүний дотор цэлмэж Булгийн Эхийн зүг инээмсэглэн харж явлаа. Зохиосон: Энхтайваны Чинзориг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button