Өгүүллэг

МОНОС ЦЭЦЭГЛЭХ ЦАГААР /1-р хэсэг/

Зуны амралт болж Намсрай аймгийн төвд байх өвөөгийндөө очихоор яарна. Энэ жил арван жилийн сургуулиа төгсөж, хүссээр хичээсээр байж барилгын инженерийн ангийг авсан хүүгээ аав ээж хоёр нь магтан урамшуулж, намар хичээл орох хүртэл өвөөгийндөө очихыг нь зөвшөөрчээ. Лувсан гуайнх хоёр хүүтэй, хамгийн том ач Намсрайдаа арай л өөр, чихэр байсан ч, мөнгө байсан ч Намсрайд л илүү өгнө.

Намсрай ч зуны амралт болгоноор ирж гар хөлийн үзүүрт туслан хань бараа болсоор хоёр хөгшний амьны хүүхэд болжээ. Энэ удаа Намсрай өвөө эмээдээ биш, харин хөрш айлын Алимаад сургууль авсан тухайгаа бас хайраа илчлэх гэж яарч байлаа. Хичээлийн шинэ жилээс амралт хүртэлх хугацааг хуруу даран тоолж, догдолсоор дуусгаад яаран яаран явдаг нь Намсрайгийн хувьд энэ удаагийнх тав дахь жил нь болжээ.

Пүрэвийнх олон хүүхэдтэй, хашаагаараа дүүрэн жимс ногоо тарьдаг их хөдөлмөрч найрсаг хүмүүс өвөөгийнхтэй нь их олон жил айл хөрш байсаар муухан ах дүүгээс илүү дотно болцгоосныг хараад бахархмаар ч юм шиг, бас азтай ч юм шиг. Пүрэвийн бага охин ах эгч нараасаа нэлээд хол зөрөөтэй гарсан болохоор аав ээж нь охиноо эрх дураар нь өсгөсөн хэдий ч Алимаа ажилсаг хичээнгүй зөв хүмүүжилтэй нэгэн болж өсчээ.

Зуны амралт болгоноор Намсрай Пүрэвийн ногоо тарих ажилд тусалж, Алимаатай хамт хоёр гэрийн ажлаа хамжиж хийчихээд гудамныхаа хүүхдүүдтэй тоглож өнждөг байсан нь саяхан.Өнгөрсөн жилээс тоглох нь цөөрч, буу халж суух нь олширсон билээ. Харин энэ удаа Намсрай Алимааг хэр өөрчлөгдсөн бол, надаас өндөр болчихсон болов уу, ямар сургууль авсан бол, хотод ирээд хаана байх бол, миний сэтгэлийг ойлгож хүлээж авах болов уу гэх, түмэн асуултанд дарагдан хариултаа хурдан авах гэж яарсаар сая нэг явахаар болж, хувийн бэлтгэлээ базаахаар ээжтэйгээ өдөржин гадуур яваад ядарч унахын даваанд гэртээ ирж, усанд орчихоод хувцас хунараа цэгцлэхээр өрөөрүүгээ оров.

Амьдралын эрхээр аав ээж нь ажил гээд гэрт орох нь ховор болохоор дүү нараа асрахаас гадна, гэрийн бүх ажил Намсрайд оногдож өдөржин л завгүй өнжинө. Үеийн хүүхдүүд тоглож байхад Намсрай л айл гэрийн эзэн шиг, эзэгтэй шиг ажилласаар,сүүлдээ миний л хийх ажил, би л хийх ёстой гэж бодон түүртэхээ ч байснаар барахгүй үеийнхнээ бодвол ажилсаг, хаана ч өөрийгөө аваад явахтайгаа болж хүмүүжсээр.

Үдшийн бүрийтэй уралдан аав ээж дүү нарынхаа хамт өвөөгийндөө ирэхэд хоёр хөгшин хөл хөөр болон угтаж, бүгдээрээ үдэш орой болтол хууч хөөрсөөр унтацгаахад Намсрайгийн нойр хулжин Алимааг бодон хэвтэнэ. Нэг сэрэхэд нь аав ээж дүү нэр нь явах гэж байгаа бололтой гарч орох чимээ сонсогдоход яаран босч суниагаад гадаа гарвал аав нь, за миний хүү өвөө эмээдээ сайн туслаад сайхан амраарай гээд хөдлөхөд эмээ нь дээжээ өргөөд үдэв.

Намсрай усанд явж түлээ бэлтгэх зуураа Пүрэвийнхрүү байн байн харсаар байсан ч Алимаа ер харагдсангүй, Өдийд ногоогоо услаад дуусч байх ёстой доо, бүр эрт усалчихсан юм болов уу гэж бодсоор хагалсан түлээгээ тэврэн гэрт орж ирээд цай уух зуураа эмээгээсээ Пүрэвийнхнийг байгаа эсэхийг асуухад, хот явсан, хэд хоногоос ирнээ, Алимаа маань гадаадад сурахаар болсон гэсэн шүү гэж их л бахархалтай хариулахыг сонсоод Алимаа арай ирэхгүй явчихаж байгаа юм биш биз дээ, хэрэв тийм бол би яах болж байнаа гэх бодол хамаг хөөр баяр, догдлолыг нь борооны үүл шиг л хөөчихлөө.

Үргэлж л асууж шалгааж ярьж байдаг ач хүү нь хэдэн өдөр дуу муутай унжгар байгаад хоёр хөгшиний санаа зовж, аль байдгаараа л бөөцийлнө, харин Намсрай орой бүр хашааныхаа урдхан талд байх моносны хаяанд сууж, Алимаатай ирээдүйн мөрөөдлөө ярьдаг байснаа санан дурсаж, монос минь бид хоёр чиний жимсийг олон ч удаа идсэнсэн, Алимаа маань чиний цэцэг шиг анхилуун үнэртэй хөөрхөн шүү гэж дотроо моносны модтой ярилцаж, хань хийнэ.

Баруун толгодын дээгүүр нар тонгойж, оройн сэрүүн орохтой зэрэгцэн өвөө хүү хоёрын түлээ бэлтгэх ажил ч цэгцрэн гэрийн зүг хөдөллөө. Өдөржин халуунд мод өргөж ачсан хоёр эмээгийн хийсэн борцтой банштай цайг хөлсөө дуслуулан уухад, иш миний бор хүү ч том залуу болжээ, алив миний хүү аягаа, эмээ нь дахиад хийгээд өгье гээд уулгалан өндийхөд, Лувсан миний хүүтэй ханилсан бүсгүй жаргана даа, санаагаар болдог бол энэ Алимаатай л нийлүүлчих юмсан, ааш ажил сайтай, удам сайтай охин доо, харин миний бор хүүг тоодог болов уу гээд тамхиа нэрэн эмгэнээ ажина.

Өвөөгийн хэлсэн үг бодогдоод нойр нь хүрэхгүй хэсэг хэвтсэнээ, босож Алимаад сэтгэлийн үгтэй захидал бичихээр суулаа. Зуны өдрүүд шувтарч, Намсрай хүүгийн явах өдөр ойртсоор эмээ өвөө хоёр хүүдээ хоргодонгуй байхад хүү хөрш охиныг хүлээсээр….. Лувсан эмгэнээ дагуулан банк орж хүүдээ өгөх гэж хадгалсан хэдэн төгрөгөө аваад ирэхэд хүү нь хувцас хунараа цэгцлээд сууж байв.

Өвөө эмээ хүү гурав бууз хийгээд идэх зуур Намсрайгийн аав давхиад ирэв. Намсрай эмээгээ сэмхэн дуудаад, та энийг Алимааг ирэхээр өгөөрэй, өөр хүнд өгч, үзүүлж болохгүй шүү эмээ гээд, жижигхэн шар хайрцаг өгөхөд эмээ нь бушуухан авдарлуугаа хийж аваад, за миний хүү эрдэм номоо сайн сураарай олон аавын хүүхдүүдтэй эвтэй, хүнд тустай яваарай, эргэж ирэхэд нь зүүн хацрыг нь үнснээ гээд баруун хацар духыг нь үнэрлэхэд, Лувсан өврөөсөө нэлээд хэдэн аравтын дэвсгэрт гаргаж ирээд хүүдээ өгөв.

Аав хүү хоёр машиндаа суухтай зэрэгцэн Пүрэвийн гадаа машин ирж зогсоод Намсрайгийн хүсэн хүлээсэн Алимаа нь буугаад ирэх нь тэр. Намсрайгийн зүрх хүчтэй цохилон цонхоороо харсаар, уулзаж чадаагүйдээ харамссаар бараа тасарлаа…

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button