Монгол

Ч.Ганхуяг аавдаа бичсэн захидал

Аавуудын өдрөөр “Хас”-ын гэх тодотголтой Ч.Ганхуяаг өөрийн твиттертээ аавдаа бичсэн захиагаа оруулжээ. Тэрбээр “Алс холоос ширтэн суугаа аавдаа. Сайн байна уу, та? Таныгаа гэнэт ихэд санав, хүү нь. Тэгээд захиа бичээд үлдээе гэж бодлоо. Та эргэж ирдэггvй тэр газар руу яваад яг хорин жил боллоо. Ээж сайн. Хоёр дүү биднийг хүний дайнд хүргэх гэж өөрийгөө хайрлалгүй зүтгэсэндээ. Одоо л нэг амсхийгээд сайхан болох байх. Энэ жил 60 насыг зооглох нь, ижий минь.

Бид хэд ярьж байгаа, сайхан тэмдэглэнэ ойг нь энэ намар. Уг нь та ч байсан болоосой гэж бодох юм, хүү нь. Бага хүү тань 27 хүрлээ. Сургуулиа төгсөөд ажил хийж яваа. Сайн ч, сайхан ч залуу гараад ирсэн тэр маань. Таныг маш их санагдуулна.

Сайн өвөө гэж таныг таньдаг болсон 7 ач зээтэй болсон шүү, та! Цаг амархан хөвөрчээ. Хүү нь таны нэрийг ямагт өндөрт авч явах гэж хичээсэн, энэ 20 жилд. Дутуу дулимаг зүйл ч зөндөө хийлээ. Уучлаарай. Хоёр дүүгийн хамт бид танд нэг зүйлийг амлая: хэзээ ч санаатай таныхаа нэрийг хөсөр хаясан үйлдэл бид хийхгүй.

Улс орон ард нийтийнхээ төлөө бид ямагт явнаа. Манлайд нь. Яг тань шиг. Энхрий ижийгээ халамжилж, дүү нараа хайрлаж, бяцхан үрсээ сайн хүмүүс болгоноо. Эх орныхоо төлөө өөрийгөө хайрлалгүй зүтгэнээ. Андгайлъя, таныхаа нэрээр. Танд мөнхөд хайртай том хүү чинь. Тэнгэрийн орондоо та тавтай суугаарай. Аливаа юманд бүү санаа зовоорой. Би бүгдийг сайхан байлгана.

Таны ууган хүү, Хуягаа” хэмээн бичсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button