Өгүүллэг

“МОНОС ЦЭЦЭГЛЭХ ЦАГААР” /2-р хэсэг/

Саяхан л учраа олохгүй, хичээлдээ дарагдсан шинэхэн оюутан байсан, одоо ингээд төгсөх гэж байдаг, цаг хугацаа хурдан юм даа, их ч юм сурлаа, одоо нэг аятайхан ажилд орчих юмсан, гэж өнгөрсөн ирээдүйгээ бодон хэвтэх Намсрайг гадаа ангийнхан нь дуудав. Ангийн хэдэн хөвгүүд амралтанд очиж хонох төлөвлөгөөтэй Намсрайг авахаар ирсэн нь энэ. Намсрай сурлага сайтай, муу зуршилгүй нь ангийн хөвгүүдэд таалагддаггүй байсан хэдий ч хүнлэг, тусархаг, хэлэх гэснээ хэлчихдэг, өөртөө итгэлтэй зан нь тэднийг өөрчилсөн юм.

Хөвгүүд хоёр өдрийн турш ёстой нэг дураараа дургина гэдэг шиг наргиж авна гэж явсан ч Доржийн овилгогүй зангаас болоод арай л хэрэгт орчихолгүй буцлаа. Ангийнхан дундаас Дорж л найз бүсгүйтэй, боломжийн амьдралтай болохоор ангийнхандаа хаялгатай өглөгч, хичээлдээ ч муугүй, харин охидуудыг өдөж хоргоож, сээтэгнэдэг зуршилтай, энэ зангаасаа болоод асуудалд орчих гээд байдаг талтай.

Төгсөх шалгалтаа амжилттай өгч, сургуулиа төгссөнийг гэрчлэх дипломоо авсан Намсрай энэ баярт мөчөө Алимаатайгаа хуваалцаад хамтдаа алхаж байвал сайхансан гэж санаа алдан, дүүрэн монос цэцэглэсэн гудамжаар алхаж яваад моддын чөлөөнд байх сандал дээр хэсэг суухаар очлоо. Цүнхнээсээ дипломоо гаргаж нэг сайн хараад буцааж хийснээ, өө энэ Доржийн түрүйвчийг өгөхөө мартчихаж, аягүй бол надад хадгалуулснаа санахгүй яваа даа гэж бодсоноо, түрийвчийг нь дэлгэж үзтэл, хүүхэд наснаасаа өдийг хүртэл үнэнчээр хайрлаж яваа Алимаагийнх нь зураг байсанд гайхах харамлах зэрэгцэн, энэ олон жил хүлээж байхад хажууханд минь байж шүү дээ, яагаад таарсангүй вэ яагаад…

Намсрай Алимааг санаж, шаналан байхад алс холын Япон улсад Алимаа сургуулиа амжилттай дүүргэчихсэн, удахгүй эх орон, аав ээждээ очих өдрөө хүлээн ажил хийж цуглуулсан мөнгөөрөө хайртай хүмүүстээ бэлэг сэлт цуглуулж хэдэн өдөр л гадуур гүйнэ. Алимаа хариад аав ээждээ Доржийг танилцуулаад хуримаа хийнэ гэж төлөвлөсөн билээ.

Гадаадад суралцах болсондоо хөл нь газар хүрэхгүй баярласан Алимаа аав ээждээ хурдан дуулгах гэж яарч явахад нь Дорж таарч машинаараа хүргэж өгөн танилцсан билээ. Монхор хамартай, онигор нүдтэй өндөр шар залуу их л халамжтай хаалга онгойлгож өгөн суулгаад явах замдаа яриа өдөн танилцсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хамтын амьдралаа зохиох дээрээ хүртэл дотносжээ.

Пүрэвийнх охиноо гадагшаа явах болсонд баярлаж, сайхан амраахаар шийдэж, өөрсдөө хөгшин ахыгаа асраад хотод зусах болсон нь Алимаа Дорж хоёрт бөөн аз болж, өдөр өнжөөд л уулзаж, кино үзэж, зугаалсаар арай ядан салсансан. Алимаа зуны амралтаараа ирээд хэдхэн хонохдоо аав ээждээ хотод дадлагатай гээд байр хөлсөж Доржтой байж байгаад явна, Дорж энэ дөрвөн жилийн хугацаанд гурван ч удаа Алимаа дээр ирээд явжээ.

Хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж таван жил амьдарсан хотоосоо, ижилдэн дассан найз нөхдөөсөө, гэр нь болж байсан байрнаасаа ингээд явна гэхэд гунигтай ч юм шиг санагдан, ачаа тээшээ цэгцлэн, анх холыг зориход нь аавынх нь авч өгсөн дугуйтай хүрэн чемадоноо шүүгээний мухраас гарган онгойлгон цаасан боодолтой зүйлийг хайнгадуухан гаргаж тавиад авсан бэлгээ эвлүүлэн хийж, бүх зүйл жин тан болов. Алимаа өглөө эрт явах юм чинь эртхэн унтая гэж бодон босохдоо хөлдөө тээглэх өнөөх боодолтойг авснаа, хөөрхий дөө Намсрайгийн эмээ нь надад юу л өгсөн юм бол доо, би яагаад өдий болтол задлаж үзсэнгүй вэ гэж бодон задлахаар орон дээрээ тухлан суулаа.

Боодолтойг болгоомжтой задлахад монос модны зурагтай шар хайрцаг, хайрцгийг задлахад нямбайлан хийсэн цагаахан цэцгүүд, дунд нь нэг том цэцэг, цэцгийн дэлбээ тус бүр хөөрхөн, хөгжилтэй, нандин, мөрөөдөл минь, аз жаргал минь гэснийг уншаад цэцгийг автал цэцэгтэй хавчаарт хавчсан зүрхэн цаас байв. Зүрхэн цаасыг задлан уншаад айх гайхах, зэрэгцэн, Намсрайгийн инээмсэглэл дүүрэн дөлгөөн бор царай харагдах шиг болж, сэтгэлийн угт нь хөндүүрлэн байлаа.

Алимаа Намсрайтай хамт зунжин ногоогоо арчлан,чөлөөт цагаараа тоглож, хааяа моносны сүүдэрт мөрөөдлөө ярьж суудаг байснаа нэхэн дурсахад Намсрайтай уулзсан юм шиг, гэртээ оччихсон ч юм шиг цаанаа л нэг дотно, харин захидлыг дахин дахин уншаад ч нэг л төсөөлөгдсөнгүй бас үнэмшсэнгүй.

Дорж хайртай бүсгүйгээ хүлээж авахад бэлдэж шинэ машин, шинэ байр худалдан аваад байрандаа ирж хэсэг харснаа нэгийг сэдэв бололтой яаран гарлаа. Намсрай Намсрай гэх дуунаар Намсрай тагтан дээрээ гарахад Дорж гилийсэн хав хар марк 2 машин налчихсан баясгалантай гэгч нь зогсож харагдахад за одоохон гээд цамцаа шүүрч аваад шат уруудан гүйлээ. Намсрай машиныг нь эргэж тойрч хараад янзтай за баяр хүргэе, энэ сайхан хүлгээрээ хаашаа давхих гэж байна даа гэхэд, Дорж удахгүй явна даа анд минь, юуны түрүүнд гялс нэг ажил амжуулах хэрэгтэй байна, найзынхаа түрүйвчийг өгөөч гэхэд Намсрай түрүйвчийг нь гаргаж өгөхийн зуургүй шүүрч аваад сүнгэнээд алга боллоо. Намсрай Алимаагийн талаар асууна гэж төлөвлөсөн байсан ч ингээд талаар боллоо.

Намсрай хэдэн газарт анкет бөгөлөөд өвөөгийндөө ирж хэд хоног сайхан амарсны дараа ногоо хураах, түлээ бэлтгэх ажилруу ханцуй шамлан оров. Нэг орой Пүрэв хөгшинтэйгөө орж ирж хуучлан, хэсэг тоглоцгоов. Пүрэв Лувсанруу нухацтай харж Намсрай хүү сайхан залуу болжээ, манай Алимаа мөн ч харалган хүүхэд юм даа, гэхэд Лувсан санаагаар болдоггүй нь жам хойно доо, сайн хань ижилтэй болж сайхан л амьдраасай даа, миний бор хүү юу л бодож явдаг юм бэ бүү мэдээ, ингэхэд Алимаа маань ирчихсэн гэсэн үү, харалгүй мөн ч их удлаа шүү гэж асуух ярихыг хослуулан тамхиа нэрнэ.

Алимаа ирсэн, ажилд орох газраа уулзчихаад хоёулаа ирнэ гэсэн, бид хоёр ч шинэ хүргэн угтах болж байгаа даг шүү гэхийг сонссон Намсрай учиргүй гоморхон уйлмаар ч юм шиг болж өрөөрүүгээ бушуухан орлоо. Будаг нь ханхалсан шинэхэн инженер Намсрай томоохон барилгын компанид ажилд орж, ажлын төлөө төрсөн гэлтэй шаргуу ажилласаар бүтэн хоёр сар болжээ. Ангийн анд Дорж нь хурминдаа урьжээ, Намсрай өнөөдөр хуриманд очих эсэхээ шийдэж ядан өрөөн дотроо холхино.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button