Өгүүллэг

“МОНОС ЦЭЦЭГЛЭХ ЦАГААР” /3-р хэсэг/

Аягандаа үсчин, уруул чимчигнүүлж, хамар сэтлэм үнэртэх, намрын сайхан айрагтай найр ид дундаа орж зочид гийчид нүүр хагаран яриа дэлгэж, дуу хуур эгшиглэх өргөөний хойморт Дорж Алимаа хоёр жаргалтайхан тухлахыг сэмхэн харсаар, Намсрай ангийн нөхөдтэйгөө орж ирлээ.

Дорж зочидоо угтан мэндлээд эхнэрээ танилцуулахад, Намсрай Алимаа хоёр харц тулгаран, сайн явж ирсэн үү, сайн сууж байв уу гэж бусдаас өөрөөр мэндлэхийг сонсоод залуус та хоёр бие биенээ таньдаг юм уу гэж зэрэг зэрэг гайхан асуулаа. Нэг хашаанд тоглож өссөн багын минь найз байгаа юм, уулзаагүй уджээ гэж Алимааг хариулахад, Дорж би ч азтай юмаа гээд инээв. Намсрай найзуудынхаа нүдийг хариулж байгаад сэмхэн Алимааруу харц чулуудан ажиглаж, дотор хүнтэйгээ зөрчилдсөөр сууна.

Архи дарс төдийлөн уугаад байдаггүй Намсрайг хэд хэдэн хундага тогтоохыг харсан нөхдийн зарим нь гайхна, зарим нь ажилд ороод юм үзэж, сурч байгаа юм байна даа гэж бодно. Намсрай өглөө сэрээд яаж гэртээ ирснээ ч санадаггүй, ямар ч байсан сэтгэл нь хоосорч жингүйдээд ч байх шиг мэдрэмж төрж байснаа л мэдэж байлаа. Ингэхэд би хамаагүй юм ярьж, янз бүрийн авир гаргаад Алимааг эвгүй байдалд оруулчихаагүй байгаа, за байз намайг хэн хүргэж ирсэн юм болоо, ёоё толгой хагарах нь ээ, энэ хүмүүс яаж юу ч болоогүй юм шиг ууж чаддаг байнаа, хэрэв Алимааг эвгүй байдалд оруулчихсан бол яана, нөгөөдүүлрүүгээ залгаж асуудаг юм билүү, ер нь байдлыг ажаад хүлээж байх нь зөв байх гэж шийдээд гүйхээр гарлаа.

Шинэ хороололын барилгын ажил эхэлчихсэн болохоор Намсрай ажил дээрээ хонохоос наагуур ажиллаж байлаа, Дорж, Дорж, залгаж байна, авахгүй бол бүр буруудна гэж өөртөө хэлээд автал, сайн байна уу, Алимаа байнаа, ажил нь сайн уу, надад зав гаргах боломж байна уу гэхэд нь сандрахдаа байна байна одоо юу гэхэд, орой 19.00 цагт “Дуулим” кафед уулзая гээд утас тасарчихав. Айж түгшсэн, харамссан Намсрай цагтаа ирэхэд Алимаа ч бас ирж таараад хоёул дотогшоо орж уух юм хоол захиалаад хэн хэн нь яг юунаас эхлэхээ мэдэхгүй хэсэг чимээгүй суусны дараа Намсрай зориг гаргаж хуриман дээр чинь очоод их согтсон байна лээ, уучлаарай, би уг нь бараг уудаггүй юм л даа гэхэд Алимаа зүгээр дээ, хөгжилтэй сайхан л байсан шүү дээ, ирсэнд чинь баярласан шүү гэв, Намсрайн сэтгэл уужраад л явчихав.

Хуучилж ярьж суусаар байгаад цаг нэлээд орой болсныг сая л анзаарч явах болоход Намсрайн хүргэж өгөх саналыг хүлээж авсан Алимааг хаалгаа онгойлгон суулгаж аваад хөдөллөө. Намсрай чамд маш их баярлалаа, хүүхэд насны дурсамжуудаа ярихад сайхан байлаа, бас хэзээ хамгийн сүүлд ингэж чин сэтгэлээсээ инээснээ ч санахгүй байна гэж Алимаа баясгалантай хэлэхэд, зүгээр дээ, надад ч бас сайхан байна, насан туршийн мөрөөдөл минь биелээгүй ч, уулзсандаа баяртай байна, Алимаа би олон жил хадгалж явсан үгээ хэлмээр байна, чи сонсох уу гээд хэсэг чимээгүй боллоо.

Намсрай би чиний хэлэх үгийг мэдэж байна, намайг уучлаарай, тэр зун би нутагтаа байсан бол арай өөр байх байсан байж магадгүй ч бид хоёр аль эрт өөр өөр замаар алхчихсан. Би энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа, надад санаа зоволгүй одоо сайхан амьдраарай, найз минь чи бол миний мэдэх хамгийн сайн залуу шүү гээд хацар дээр нь үнсчихээд бушуухан буучихлаа. Намсрай хацраа барин, сэтгэл дотор нь халуу шатах шиг болж, улам ихээр хайрлаж байлаа. Амьдрал үргэлжилсээр нэг л мэдэхнээ таван жилийг ардаа орхиж, тушаал дэвшсэн улам л сайхан залуу болж, бүсгүйчүүд араас нь их хөөцөлддөг болжээ.

Намсрайд эхэндээ их л таалагдаж заримтай нь болзож ч үзлээ, харин одоо бол бүр залхаж зугтдаг болов.
Нэг орой ажлаа тараад явж байтал арван ес, хорьтой гэмээр хэдэн хөвгүүд нэг бүсгүйг зодож байх шиг, яаран очиход тал тал тийшээ бутраад гүйчихэв. Ухаангүй хэвтэх бүсгүйг тэврээд автал Алимаа байлаа. Намсрай хоёр өдөр ажилдаа явсангүй Алимаагийн дэргэд ухаан орохыг нь хүлээж сахина, бас Доржруу байн байн залгана, утас нь холбогдохгүй байсаар, дахиад залгалаа ашгүй дуудаж байв. Байна уу, Доржоо чи хаана байнаа гэхэд хоёр хоног амралтанд явчихаад орж ирж байна гэхэд цаана нь хүүхнүүд шуугих сонсогдлоо, Доржоо чи эмнэлэг дээр яг одоо яаралтай ирэх хэрэгтэй байна, Алимаа ухаангүй байна гэмтлийн эмнэлэг гэхэд Дорж хариу хэлэлгүй утсаа тасалчихав.

Цаг орчмын дараа Доржийг ирэхэд Намсрай уураа барьж дийлэхгүй нэг сайн цохиод авав, Дорж оюутан цагийн нударга хэвээрээ байх чинь гэсэн шүү юм бодоод дотогш ортол цонхийж цайсан царайтай эхнэр нь ухаангүй хэвтэж байхыг хараад өөрийгөө буруутган зүхэж, хайрт минь битгий яв л даа намайг орхиж болохгүй шүү, үлдсэн насандаа чамайгаа жаргаанаа хайрт минь, чамайгаа халамжлаагүй, чамайгаа өвдөхөд хайхардаггүй байсан миний буруу гэж бувтнан уйлсаар байгааг харж зогссон Намсрай нуруун дээр нь зөөлөн алгадаж, би яваад хоол цай хийгээд ирье дээ, анд минь тайван бай, явчихаагүй байна шүү дээ гэж хэлээд гарлаа.

Шөнөжин цурам хийлгүй хоносон хоёр сайхан залуу өнгөрсөн одоог тунгаан, элэг зүрх нь эмтрэн шаналахыг мэдэрсэн юм шиг өглөөний нарны алтан цацраг хөшигний завсраар тусч, дулаахан илчээрээ төөнөх нь эхийн сэтгэлийг санагдуулна. Хүний энэхэн орчлонд хайр ургуулан ирчихээд, хэлэх үгийг минь гүйцэт сонсолгүй, хайр энэрэлийг минь ханатал мэдрэлгүй хамгийн сүүлчийн удаа хацар дээр минь үнсэлгүй явчихаж болохгүй шүү дээ гэж Намсрай сэтгэлдээ мэгшинэ.

Зүрхэнд минь гийсэн наран минь байж, заяаг минь түшсэн хань минь байж, зөв бурууг минь тэгшитгэх ухаан минь байж чи минь, чинийхээ халамж хайрыг ямар их үгүйлнэ вэ хайрт минь гэж Дорж ухааран харамсан гэмшинэ. Намсрай ажил дээрээ ирж, хэд хоногийн овоорсон ажлаа цэгцлэн, өргөдөл хүсэлт, албан бичигт хариу өгч, ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөөд нэлээд орой болчихсныг сая анзаарч яаран гарлаа.

Замаараа хоолны газраас хоол аваад эмнэлэг дээр ирэхэд Дорж байсангүй, сувилагч орж ирснээ өө ашгүй та ирэв үү өдрөөс хойш сахиур байдаггүй, байдал ер нь нааштай байгаа, тиймээс та дэргэдээс нь холдож болохгүй шүү, ухаан оронгуут нь дуудаарай гээд гарлаа. Доржруу залгахад утас нь холбогдохгүй байсанд гайхсаар байлаа…

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button