Өгүүллэг

Гоё эгчтэй болсон нь /Дурсамжит өгүүллэг/

Дулаахан дүмбийх бага таван ханатай гэрийн доторх эд хогшил чамин тансаг бус ч тэрүүхэн тэндээ цэмцгэрхэн зохистой. Гэрийн баруунтаа байрлах хоёр зуугийн цагаан ор бол “Налж болохгүй, хэвтэж болохгүй” хоригтой, өмнүүрээ гоёмсог эрээн хөшигтэй, хөшигний хэцэн дээр янз бүрийн үзэг харандаа, зангианы хавчаар, загас дотор нь дээшээ доошоо гүйсэн тосон бал зэргийг унжуулсан “Ахын ор” юм.

Нэгэн өглөө сэрвэл “Хүндэт ах” маань гэрийн хойморьт гудсан дээр заларч, ахын орон дээр хэн нэгэн танихгүй хүн унтаж байгаа бололтой. Харин сониноос орны өмнө өндөр өсгийтэй, урт түрийтэй, түрийгээ дагасан хар долгион дунд загасан нүд мэт хар товчтой гялалзсан цэнхэр гутал нүдэнд тодхон тусав. Оймсон дотроо утасны дамар хийж гангардаг надад өсгийтэй гутал ид шидийн юм шиг санагдаж, шилэн гутлыг шүүрэн авч хөлдөө углах гэтэл ээж “Чшш, чимээгүй, эгч нь жаахан унтаг” гэлээ. Маа эгч миний хажуугаар унтсан байхад ямар эгч байдаг билээ гэж бодоод баруун орны толгойн орчмоос ор руу өнгийн харвал цав цагаан царайтай, хөөрхөн эгч унтаж байгаа харагдав.

Би чимээ гаргахгүйг их л хэчээн ширээнийхээ дэргэд ирж суугаад хөшиг хэзээ хөдөлж, энэ эгч хэзээ босох бол гэж хүлээж суулаа. Төд удалгүй нөгөө эгч хөшигөө яран босч гоё хувцас, шилэн гутлаа өмсөн намайг үнсээд гараас маань хөтлөн гадагш гарахад би эгчийнхээ гараас зүүгдээстэй их л баяр хөөртэй өмнүүр нь хөндөлсөн байн байн нүүр рүү нь харан баясгалантай байсан сан. Энэ цагаас хойш өнөө гоё эгч маань хааяа нэгтээ үлгэрийн юм шиг үдэш ирчхээд маргааш нь хөдөө гэртээ харина гээд мотоцикльтэй юм уу? заримдаа мориор Жуужааг дагаад явчихдаг байлаа. Нэг удаа ээж маань “Миний охин сонин дээр гарчихаж гээд Анагаах ухааны дунд сургуулийн Сүхбаатарын нэрэмжит цалинт Бат-Өлзий, Галаа нар гэсэн зургийг харууллаа.

Үнэхээр манайд хааяа ирээд явчихдаг бөмбөгөр үстэй хөөрхөн эгчийн зураг мөн байлаа. Энэ явдлаас хойш ээж маань хамгийн том охиноо өөрийнхөө эгчид өргүүлсэн, одоо Дорноговь аймгийн Анагаах Ухааны дунд сургуульд онц дүнтэй суралцдаг, сургуулийнхаа амралтаар вагоноор үдшээр ирдэг, тэгээд хөдөө гэр рүүгээ явдаг байсан тухай нэгд нэггүй ярьж өгч, миний “тайлж чаддаггүй оньсого”-ыг тайлж өгсөн юм даа. Миний гоё эгчийн урд үсээ арагшаа илэхэд нь бөмбийгээд тогтчихно, өөрийнх нь гараар төөлүүлж үзэхэд гуравхан төө бэлхүүстэй байсан нь санаанаас гардаггүй юм.

Айлын хүүхдүүдтэй тоглоод муудалцахаараа “Надад гоё эмч эгч байгаа, чамд байхгүй мэдэв үү? гэж мууддаг байсан гээд боддоо… Хожим эгчийн сургуулиа төгсч ирээд сумандаа эх баригч бага эмчээр ажиллаж байх үед “Сумын 3 хоног” гэж урлагийн үзлэгийн тоглолт болдог байв. Эгч маань “Есөн эрдэнийн орон” шүлгийг яруу сайхан уншихаас гадна концертын хөтлөгч хийдэг байсан.Тэр үеэс би шүлэг сайхан уншихсан гэж оролддог болсон. Миний ганц ах маань багадаа эгчийн нэрийг хэлж чадахгүй “Бөлдөө” гээд нэрлэчихсэн гэсэн. Тэгээд л манайхан бүгдээрээ л Бөлдөө эгч гэх ба өргөж авсан ажааг нь Бөлдөөгийн ажаа гэцгээнэ. Бөлдөө эгчид хийж чадахгүй юм гэж байхгүй. Эмэгтэй хүн мотоцикль, гурван дугуйт унаж бараг эхлээгүй шахуу байхад манай эгч л унасан санагдана. Заримдаа мотоциклоор хөдөө дуудлагандаа явчихаад ирдэг байсан. Аан тийм эгчийн найз Сувдаа, Должин эгч нар бас унацгаана аа.

Биднийг багад аав ээж маань сургуулийн амралт эхлүүт л хөдөө Бөлдөөгийн ажаагийнд хүргээд өгчихнө. Тэр үед эгч байвал бөөн баяр. Ихэнхдээ л тааралдахгүй дээ. Нэг зун Маа эгч, дүү, Бөлдөө эгч тэр 3 аргал түүхээр яваад түүсэн аргалаа тэмээндээ ачиж дээр нь өөрсдөө овооролдон суугаад тэмээгээ туйлуулж хэдэн тийшээ шидэгдэж үхэцгээх дөхөж билээ. Тэгэхэд хамгийн хүнд бэртсэн нь эгч. Хамаг бие нь эрээн алаг, хөх мах нь тасарчхаад байхад дуу ч гарахгүй “гүрийдэг” байсансан.

Бөлдөөгийн ажаагийнх таван хошуу мал нь тал дүүрэн бэлчсэн,тараг айраг нь гэр дүүрэн бялхсан хол ойрын айлчин гийчний хөл тасрахгүй, өглөөнөөс үдэш хүртэл амсхийх завгүй “их хөлийн айл”. Энэ айлын ажлыг нугалдаг хүн нөгөө л эгч маань. Би Бөлдөөгийн ажаагийнд өргүүлээгүй болохоос биш яг л хүүхэд нь гэсэн үг. Хожим нь эгчийн ажлыг өвлөж авсан гэж хэлж болно. Нэгэн удаа эгчийн найз нар наадамд явах гэж байгаа шиг хамгийн гоё дээл хувцсаараа гоёод, морины зүс ижилсүүлж унаад Чойр руу явах болоход би гэртээ харихаар эдэнтэй хамт явсан юм.

Миний өмнө ах эгч нар хулсан ташуур барин эмээл дээрээ хөндлөн сууж энэ тэрийг ярилцан заримдаа инээд цалгиан явах нь надад кинон дээр л гардаг эгч ах нар шиг санагдаж байж билээ… 1970 –аад он бол эгчийн маань амьдралын “Алтан үе” байсан. Гэвч энэ цаг үе зөвхөн өөрийнхөө амьдралын замыг хөөгөөд явчих дардан үе байгаагүй юм. Хэвэл нэгт эгч дүүс биднийг төрүүлж өсгөсөн хайрт ээж минь хүнд өвчний улмаас насан нөгцөж , аавын гэрийн ачаанаас эгч л үүрэлцэх болсон.

Энэ л он жилүүдэд амраг хань, алаг үр, ажил амьдралынхаа альхан завсарт ч алдрай дүү нараа араасаа дагуулан,өмсч зүүхээр дутаачихвий, өлдөж сөгдөж өвдчихвий хэмээн “дөрвөн мөч ,таван мэдрэхүй”-гээ чилээн байж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, эзэмшсэн мэргэжилтэй, эрхэлсэн ажилтай, бусдын дайтай, боломжийн амьдралтай золгуулж өгсөн “их гавьяа”-г хэзээний эгч минь л бүтээсэн байдаг юм.

МЗЭ-ийн гишүүн Яруу найрагч Ц.Оюунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button