Өгүүллэг

“Тумбаржий” (өгүүллэг)

Эрт балар цагаас өвөг дээдэс маань идээ цайныхаа дээжийг тэнгэр хангайдаа өргөж амь нас ,ажил амьдралаа даатгасаар өдгөө бидний цаг үед төдий л өөрчлөгдсөнгүй иржээ.Тэгвэл тэнгэр хэмээх хязгааргүй гүн цэнхэрлэгийн хаа нэгтээд ямар нэгэн зүйл байж л таарах нь.Бүр бидний оюун санаа,ухамсар сэтгэхүйтэй харьцаж байдаг хий биет,хийсгэлэн дүрт,амидлаг чанарт нэгээр тогтохгүй нилээд юм ч байж болох мэт..

Яг л түүний нэгэн зах сэжүүр гэмээр ч юм шиг нэвсэрсэн цагаан манан Тумбаржий уулын оройгоос далбийж уруудсан Дэвсэгийн хөтөл дээр унтаж хаягдсан хэнз хурга шиг сонин содон үзэгдэл эртлэн боссон эхнэр хүүхнүүдийн нүдэнд тусч алдаад л замхархыг хүн бүр тэгтлээ ч анзаараагүй нь мэдээж.Зүүн,баруун салаа,улаан хад,хөтлийн булаг гээд л гол усаараа команд авсан цэргийн суман шиг хүнтэй малтайгаа дуу шуу болон бужигнасаар хорвоогийн нэг өдөр эхэлнэ.Ээрцгийн хөтөл өгсөж ёстой л Дөрөөгийн овоог дөрөөлөн босох шиг зуны нар яах ийхийн зуургүй их уулсын сүүдрийг шувтлан өндийхтэй зэрэгцэн дутуухан хар толгой сууж алдан яваа тарвага зурам хүртэл нүхнийхээ аман дээр яаран сандран гарч ирээд нар ээх нь яалт ч үгүй сав шим ертөнцийн жам хэдий ч аливаа юмс заавал нэгэн учиртай байдаг даа гэсэн нууцхан бодол төрөх нь миний сэтгэлийн тайлагдашгүй нэгэн уяас болон үлдэх нь гайхамшигтай агаад бас битүү цагаан шаналан нэхнэ.

Халуун залуу насны минь нэгээхэн зайд торж үлдсэн гоёмсог дурсамж тэгтлээ ч нэг өтөлж өөрчлөгдчихөөгүй ч аль хэдийнээ айлын эхнэр,хүүхдийн ээж болчихсон гэрийнхээ гадаа цай сүүнийхээ дээжийг өргөн ямар нэгэн зүйл шивнэж л зогсоо доо.Бас бид хоёрын тухай тэр цагт шивэр авир гэж, жалга судгийн салхи савир шиг явсан охид бүгд л сайхан ээжүүд болчихож.Харин хамрыхаа цусыг гаргалцаж эсвэл уулын зоон дээр тарвага боож идчихээд,дээлээ ханзартал барилдаж аваад тарайж тогтсон таван салааныхаа аль нэгтээрүү давхилдаж,саагиж,халамцаж дэнжийн салхи хувааж,дээлийн хөлсөө үнэрлэж нэгэн дошны мөндөл шиг явсан тэр л залуус өнөө өглөөхөн тэнгэрлүү сарниж одсон мөнөөх хурган цагаан манантай зөрөөд тэнгэрээс наашилж байгаа мэт их уулсыхаа аль нэгтээгээс сумын наадамд бэлдэн уяж сойсон моридоо хөтлөн уруудаж ирнэ.

Тэдний унаж хөтөлж яваа моридын хөлөөс үсэрсэн хурц шовх ирмэгтэй хөх чулууд бага залуу насны алдаа эндэгдлийг нэг нэгээр нь чавхдан намнан байх шигээ…яаж ч болохгүй тархи толгой манаран цээж ам булхайхын эрхэнд нэг л их гавъяа байгуулчихсан амьтан лугаа….–Залгилчихмаар юм байна уу?..гэсээр өндийж ядан байх үед дүү хүүхэн маань аль хэдийн зэхчихсэн халуун цай аягалангаа,аргалын гал дээр зутан бургилдуулах нь муу ахыгаа л гэснийх биз.Би гэдэг нэг амьтан ус нутгаасаа гараад хэдэн жил болсных ч юмуу..хэдэн муусайн найз нарыхаа хийсэн болгоныг тонгойсоор байгаад одоо нэг иймэрхүү царайтай болчихоод байгаа нь энэ л дээ.За энэ ч яахав..

хүргэн маань гадаа сүрхийтэл тоормослон пидхийтэл юм чулуудах нь муу хадамдаа л гэж боодогны тарвага тоншиж ирээд гэрийн сүүдэрлүү чулуудаж байгаа нь л тэр ажээ.Удалгүй бид хөтлийн булгийн морины үсэргээ үзхээр хөдөллөө.Ёстой л хар багын хэдэн найзууд голдуу унаач хүүхдүүдтэйгээ цугларчихсан байхыг нь харах юутай сайхан .Аав ээжийгээ өвчөөд,өмсөөд төрчихсөн цовоо цолгин багачууд морь унан чавхдахыг харахад энэ эдний,тэр тэдний хүүхэд гэж таамнахтайгаа санагдах нь элгэн садан,ахан дүүсийхээ дунд байгаа юм шиг халуун дотно гэдэг нь.

Батаа,Соотон,Мөөмөө,Манхүү,Зул,Аяхүү,Маань гээд л миний найзуудын үргэлжлэл болсон багачуудыг хараад хөөрч догдлохгүй байхын ч арга алга.Гэтэл тээр доороос цагаан саарал илжигтэй хүн жоорон жоорон гэлгүүлсээр буух нь Даржаа ах байлаа.Би ч нутгийн сайхан хөгшинтэй золгож олзуурхан яриа дэлгэлээ.Өвгөн нэлээд халамцуу байгаа нь илт.Надаас хол газрын сонин сайхан шалгаах зуур бидний яриа ч морьлуу ороод явчихлаа…

  • –Муу хөгшин ах нь яахав…Бууж мордход намхан,явдал гишгээ зөөлөн болохоор энэ муу чогироог л эмээллэх юм …гэсээр ам халлаа.
  • –Таны жороо халтар ч олон жил тоосоо өргөсөн шүү..гэж..намайг ганц мэддэгээ ярин саймширвал..
  • –Аа тэгэлгүй яахав хүү минь.. гэсээр хар аяндаа л ханхалзаад эхлэх нь ..идэр чийрэг үе нь эргээд ирэх шиг боллоо..

–Алив хүүхээс..тэр хүрэн морийг эмээллээд орхи .ах нь хэд сайхан тойроод орхьё гэх нь тэр.Тэр дор нь л нутагтаа зартай гэгдэх жороо хүрэн морийг залуус хөтлөн авчрав.Буурал ах маань олоон жилийн өмнө л ийм явсан боловуу гэмээр гэрэл цацартал инээмсэглэн босч биднийг тойруулан харах нь магадгүй бидний дундаас хаа нэгтээ үлдээчихсэн үе тэнгийхнээ хайгаа боловуу..яагаа ч бол хөөрхий минь..Тэр жолоогоо тасхийтэл татан,сэпхийтэл мордлоо.Би лав сандарсандаа дуу алдаж билээ л.Тумбаржийн тос даасан энгэрт хүрэн бүргэд эргэлдэх шиг Даржаа ах жороо хүрэн морин дээр үл мэдэг найгалзан ,мориных нь хөлөөс босох найраг шаргал тоос уртын дууны аялгуу шиг харагдана.–Хөөрхий дөө хөгшин амьтан хийморь нь сэргэж байна даа..

–Ах хөгшин ч ануухан байна шүү.Гүйэ тэр морины явдалыг яаж оруулж байгааг нь хараач….бид энэ мэтээр шагшин ярилцана.Харин өвгөний хүү цаанаа ааваараа бахархаж байгаа нь илт харагдавч энэ байдлаа харуулсангүй ээ…

–Хнн..хөгшинөө мэдэхгүй галзуурч байж хэмхэрч үхэх нь…гэсээр зогсох нь аргагүй эгэл даруу монгол эрийн эр цөлх араншин биз.Би тэр залууд

–Ингэж хэлж яахнав дээ найз минь..энэ чинь дахин давтагдахгүй түүх шүү дээ.Хожим бид энэ явдлыг бахархан ярилцах болно..гэж амьхандаа өвгөнийг өмөөрөн хэдэн үг унагалаа.Тэр нээрээ ч тийм дээ гэсэн маягтай инээсээр зогсч билээ.Өвгөн бидний дэргэд ирэн буугаад гаанс гарган тамхиа нэрэн өмнөхөө бодвол их л тайван дөлгөөн сууна.Ахиад нэг ч үг дуугарсангүй..нэг л амар амгалан сайхан болчихлоо..гэсэн янзтай цагаан саарал илжгэндээ сууж аваад хөтөл уруудан гэлгүүлж одлоо.Миний сэтгэлээс нэг том юм алсраад явчих шиг санагдан

–Даржаа ах хаашаа яваа юм бол гэхэд…

–Аа цаад хөгшин чинь Бямбаа ахынд хүрч таарна.Хоёр хөгшин хааяа сууж ганц нэг балгадаг юм гэж хэн нэгэн хэллээ.

Нээрээ ч миний нутагт аавын минь үеин хөгшчүүлээс одоо энэ хоёр л торойж үлдэж шүү.Ай хөөрхий Тумбаржий …чи яасан олон сайхан хүний тухай,ямар их учрал баяр бас ямар олон хагацал гунигийн тухай мэдэх бол…гэсэн хөндүүр бодол өөрийн эрхгүй цээжинд эвхэрч сэтгэл энсэрснийг төсөөлхийн ч аргагүй.Би хөнгөрч хөвсөлзсөн сэтгэлээ далд битүүхэн гунигаар хучиж аваад цааш үргэлжлэх аяныхаа замд гарлаа.Дараа жил би бас л ирнэ.Шувууд жил бүр ирээд буцдагийн адил би бас тэгэх болно.Ай ..Тумбаржий минь..

Зохиолч Б.Баянцогт 2020.9.30

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button