Өгүүллэг

Аргай аргай түг

Дэндэв ах өгүүлрүүн -Энэ явдлыг надад Янгиа гэлэн ярьж өгсөн юм.Чи ч гэсэн танина даа ламын хүрээний туйр ,Билгэх өврийн тойрмоор нутагладаг ямаа голдуу хэдэн хоньтой ,илгэн сармай дээл өмсөж ,дандаа явган явдаг .Ямаан сахалтай ,хавтгайдуу сартгар хамартай,өвгөнийг.Нэрийг нь одоо санах ч хүнгүй,Цөмөөрөө л янгиа гэлэн гэж нэрлэдэг.Дэргэд нь бол Гэлэн гуай гэж авгайлдаг. Авгай нь бас тэгж дууддагийг анзаарсан уу.Тэр Янгиа гэлэн багадаа ламын хүрээний суурингийн урдах Босго толгой,Богино дэлд хурга хариулж явж гэнэ.

Тэгсэн чинь нэг хадны цаахна, -Аргай аргай! гэж дуугараад байна гэнэ.Юу байдаг юм бол гэж бодоод өнгийтөл хүрээнд суудаг араас нь хүзүү толгой хоёр нь бараг нийлсэн юм шиг харагддаг лухгар улаан лам дөрвөн хөллөж мөлхөөд ойролцоо идээшилж буй хэдэн хонины зүг дөхөнгөө,Аргай аргай түг гэж дуудахыг үзээд ихэд гайхжээ.Тэгтэл нэг аржгар мушгиа эвэртэй зантгар толгойтой хуц сүрэг дотроос ялгарч гараад ирлээ гэнэ.Тэгснээ Аргай аргай гэж дуудах дуунаар нь ойртож ирээд толгойгоо духайлган зогсож .

Нэг ухарснаа өнөө ламтай тас хийтэл мөргөлдөөтхөж.Харж байсан Янгиа гэлэнгийн нүднээс гал бутраад явчих шиг санагдаж дээ.Толгой нь авах юмгүй болсон доо гэж бодоод ахиад хартал ажиг ч үгүй дөрвөн хөллөөстэй хэвээрээ дахиад нэг мөргөлдөөд авч гэнэ.Гуравдахиа мөргөлдөх санаатай аргай аргай түг гэж дуудахад нь хуц халширсан бололтой толгойгоо нэг сэжчихээд буцаад явчихаж гэнэ.Хүнд яривал намайг дэндүүлж худлаа ярилаа гэх байх гэж бодоод нэг хэсэгтээ хэлээ хазаж явжээ.

Түүнээс хойш сар шахуу болж.Тэгтэл ламын хүрээнийхэн Баянчулуутад байдаг Баргын дуганыхантай ам муруйлцаж зодоон цохио үүсгэжээ.Тэр явдалын үеэр өнөөх лухгар хүзүүт Лувсанбалдан лам сарлаг унаж бороохой барьж очоод Баргын дуганын хийдийнхнийг балбаж орхижээ Гэтэл түүний хонзонгоор Лувсанбалданг хашааны буланд хормойгоо дэвсэж явган суугаад морь харж байхад нь хэдэн банди нар хүзүүн дээр нь хураалттай дүнзнээс унагааж гэнэ.

Дүнз дүн дан хийтэл дуугарч хүзүү толгой дээр нь хөндөлсөж унаад цааш өнхөрч .Тэгсэн чинь харин юу ч болоогүй юм шиг толгойгоо нэг илчихээд босоод яваад өгч гэнэ.Одоо бол чухам нөгөө Цирк миркэд л таарах хүн байсан юм болов уу даа гээд Дэндэв ах яриандаа болоод зөөгшүүлсэн цайнаасаа хэд сайн балгалаа.

Аваргын бяр

Арван тавдугаар жарны ялаа шумуул янгинаж шунгинасан аагим зуны нэгэн орой ,үхрийн зэлэн дээр майн цэнхэр утаа тавивч нэмэр бага.Үнээ мал толгой түрүүгээ сэжлэн шар хэдгэнэ дүнгэнэхэд тийрэх гээд сааль сүү татаж асгачих шахам авгайчуудын уур уцаарыг барж байна.Саяхан даншиг наадмаас ирсэн Даншигийн аварга Хулгар Нацаг буюу Баянмөнх гэртээ дээлээ сугалдаргалан суугаад жижиг эвхмэл тонгорогны торгон үзүүрээр мөлчийтөл хусуулсан толгойныхоо хуйх руу шир шир хийтэл дүрүүлж ,

-Алив наад хуйхаа жаахан шахаатхаач ,наадамд хэд хоног явлаа гээд хуян хөөрч байгаа юм байх даа гэж үглэж суув.Тэрхүү хуян шар усыг нь тараах гэж тонгорог барьж зогсоо гозгор хархүү,аваргын толгойны энэ хуйх ч лав гурван хуруу зузаан даг аа гэж бодонгоо наадам дээр ,нугалаад суучихсан гары нь гурван хурууг хэд хэдэн хүн сураар оосорлож татаад дийлдэггүйгий нь санаад инээд алдчихав.

  • -Ганцаараа хөхрөөд ,Галзуурах чинь үү аварга түүнийг хялалзсанаа
  • -За за одоо боль ! Толгой хөнгөрөөд овоо боллоо гээд тунхуутай бүлээн ус авч толгойгоо шавшиж иллээ.
  • Тэгтэл

-Хүүе Баянмөнх өө чи гараач .Наана чинь үхэр мөргөлдөөд гэр дайрах нь гэх эхнэрий нь дуу чихэнд хадав.Үүд сөхөн гарвал нүд нь улаанаар эргэлдсэн хоёр улаан үхэр улангасан мөргөлдөж гэрийн хаяанд ирээд нэг нь бөгсөөрөө гэрт тулж ханыг нь нажигнуулж байх үзэгдэнэ.Энэхэн агшинд аварга нэлээд уурсангуй янзтай ухасхийж очоод хоёр эврээс нь шүүрэн авч салган завдахад үхэр улангасан өөд өөдөөсөө ухасхийлээ .Баянмөнх аварга ахин хүчлэн түрж тус тусынх нь эврийг хоёр тийш болгон дунд нь зогсонгуут өөр лүүгээ татаж авчираад хоёр бөөр лүү нь нэг нэг өшиглөөтхөв.Тэгтэл нөгөөх хоёр үхэр муухай орилоод хоёр тийшээ буцаж давхилаа.Үнээн зэлэн дээр үүнийг харж байсан,хүмүүс шагшаан шуугиан болж

  • -Ээ гэгээн минь,Бөөрий нь унагачих вий дээ
  • -Аварга мөн ч тэнхээтэй байхчив ээ
  • -Энэ жил нөгөө чулуугаа өвдгөндөө бараг дөхүүлсэн шүү.Тэгээд арай түрүүлж чадахгүй нь гэсэн.
  • -Даншигийн боорцог ч хатуу боорцог шүү.Үзүүр булаалдаад ирнэ гэдэг чинь түрүүлхэд нэг хуруу л дутуу гэсэн үг.
  • -Должин чи аваргын дэг алдуулчихсан юм биш биз.
  • -Цөг гэм.Хулгай нүдээр харуулдаж байдагаараа чи л тэгж байж мэднэ.
  • -Байтлаа энэ чинь манийгаа хардах нь
  • Тэгж байж хүрээний ганган цагаан хүүхнүүдэд алдав даа.
  • -Аяар аяар ,золигнууд минь .Аварга гуай наашаа ирж явна шүү .Ха ха ха хи хи хи гэлцэн шуугилдана.

Энэ бүхнийг тольдон харж байсан Авдар зогсоолын нуруу өнөө ч хэвээрээ цэнхэртсээр атал тэр нэгэн дурсгалт мөч ,үе түүхийн нугалаасанд орж цагийн салхинд бүдгэрчээ.Хүний амьдрал гэгч ертөнцийн цаг тооны дэргэд тун ч ахархан ажээ.Гэвч үйлс дүр хоёр нь үр удмын сэтгэлд мөнхрөн үлгэр домгийн шид хутагийг олох нь цөөнгүй бүлгээ

Ш.Сүрэнжав

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button