Өгүүллэг

Гэмгүй гэмтнүүд… /5-р хэсэг/

Сургуулиа төгсөөд удаагүй ажилд томилогдсон шинэхэн прокурор Санж үдийн цайндаа гартал үүдэнд цагаан сорочкан цамцан дээр биеэ тасам барьсан хар желитка өмсч бариу хар юбка, өсгийтэй гутал өмсөн урт хар үсээ задгай тавьсан, цэвэрхэн цагаан царайтай өөрөөс нь бага зэрэг дүүмэд боловуу гэмээр сайхан охин сэргэлэн хар нүдээрээ орчныг тэмтчих мэт ширтэж ихэд яарсан бололтой бугуйн дахь цагаа байн байн харж суух нь анхаарлыг нь ихэд татав. Санжийн харц өөрийн эрхгүй охин дээр тогтож хаачих гэж, юу хийх гэж байгаагаа ч мартсан бололтой дүйнгэ царайлан хэсэг мэлрэн зогссоноо гэнэт тачигнан дуугарсан утасныхаа дуунаас ихэд цочин өөртөө унтууцаад гарч одов.

Охины цэвэрхэн цагаан царай, үл ялиг гуниг бүрхсэн сэргэлэн хар нүд, дэгжин хирнээ даруухан цэвэрхэн хувцаслалт, гартаа барьсан ухаалаг бус утас нь хүртэл Санжийн анхаарлыг гойд татаж хоол идэж суухад нь хүртэл яагаад ч юм охины төрх нүдэнд нь харагдсаар байлаа. “Солитой юм. Огт танихгүй хэнийг нь ч мэдэхгүй хүнийг ингэтлээ бодоод байдаг. Анхны харцаар дурлана гэдэг нь болж байгаа юм байх даа” Санж өөртөө ийнхүү бодоод инээмсэглэнэ. Цайны цагаа дуусгаад хариуцсан хэргийнхээ шүүх хуралд суугаад эргээд ажилдаа ирэхэд арван зургаан цаг гучин минут болж байлаа. Өнөөх охин ихэд бухимдсан бололтой хүлээх сандал дээр сууж л байв.

очоод хэдэн үг солихыг туйлаас хүссэн ч ажлын хариуцлагтай холбоотой асуудал болохоор яаж ч чадалгүй ширтсээр яваад өрөөндөө оров. Хамт суудаг хижээл насны прокурор Мятав нэг их чухал ажил хийж байгаа аятай ширээнийхээ ард суун компьютерийн дэлгэц ширтээд нүүр номоо ухаж сууснаа Санжийг хараад ихэд залхуу нь хүрсэн бололтой томоор эвшээлгэнЗа дүү хүү хурлаа тараад ирэв үү. Тэгээд хэн гэгч рецедив гэмт хэрэгтэнг нарсны амьдралд нь хэдэн жилээр цөлчихөөд ирэв дээ гээд нэг их ухаантай үг хэлчихсэн аятай пар пар хөхрөв.Рецедив нь ч юу юм бэ? нэг муу ядарсан амьтан хэдэн хүүхдээ тэжээхийн тулд дэлгүүрээс хулгай хийгээд яалт ч үгүй хэд хэдэн удаагийн үйлдэл болохоор яаж ч чадсангүй гурван жилийн биеэр эдлэх ял өгчихлөө.

Болж муу нахиур хулгайчийг. Чи харин ч багадуулсан байна. би байсан бол арван жилийн ял өгөх байсан юм. Бүр олон дахин давтан гээд чангад морилуулах байлаа.

За тэр нь ч юу юм бэ. Чаавас хулгайлж авсан гээд байгаа зүйл нь гурил будаахан. Учруулсан гээд байгаа хохирол нь хоёр зуун мянган төгрөг. Хоёр зуухан мянган төгрөгний төлөө гурван жил хорих ялаар шийтгүүлнэ гэдэг арай дэндүү хатуу байна. Тэр хүний ард үлдсэн эхнэр хүүхдүүд нь яаж амьдрах болж байнаа. Манай хууль ядарсан муу иргэддээ арай дэндүү хатуу байна. Гэтэл төрөөс идсэн, өчнөөн тэрбумаар нь шамшигдуулсан нөхдүүд ял завшаад ажлаа хийгээд эрх чөлөөтэй явж байна шүү дээ. Санж өнөөдрийн оролцсон шүүх хурлын шийдвэртээ цаанаа л нэг бухимдаж харамсаад байснаа нэг өрөөнд суудаг өчнөөн насны зөрүүтэй ахимаг прокурортоо ийнхүү гаргачихаад цаанаа л гэмшингүй суудалдаа суув.

За тэр томчуулын хэрэг маньд ямар хамаа байхав. Иднэ үү ууна уу падлий ч алга. Харин тэр хулгайч нөхөр бол хүртэх ёстойгоо л хүртэж. Олон давтсан хэрэг дээр гурван жил байтугай ял өгөх байсан юм. Тэгж байж л тэд чинь хашрана шүү дээ. Төрийн хайр даахгүй муусайн ноход. Мятав прокурор ийнхүү хэлчихээд энэ юу гэх нь үү гэсэн аятай Санжийн нүүр өөд харахад тэрээр юм дуугарсангүй. Гаднаас нь харахад буурь суурьтай шударга үнэний талд тууштай зогсогч, хууль цайзын шударга ажилтан мэт дотроо бол нэг суудалдаа өчнөөн жил бугшсан дотроосоо ялзарсан энэ мэт бул чулуунууд байгаа цагт шударга үнэн хэзээ ч тогтохгүй хэмээн өөртөө ихэд бухимдан бодсон Санж яагаад ч юм гэнэт өнөөх охиныг санаж хөмсгөө зангидан бодол болов.

“Тийм хөөрхөн жаахан охин ямар хэрэг хийчихээд өдөржин гадаа суудаг байнаа. Энэ Мятав шиг бас нэг бул чулуу хэрэгтнийг залхаан цээрлүүлэх хуучны аргаа хэрэглээд өдөржин хүлээлгэсэн байх даа. Хүн харахад нэг их ажилтай, чухал царайтай хүмүүс. Нидэр дээрээ ингээд хэрэгтэй хэрэггүй юм үзээд л цагийг өнгөрөөж суугаа даа. Тэр охиныг хэн гэдэг юм болоо. Ямар хэрэг хийсэн юм бол. Өдөржин суусан бололтой байсан. Ядаж аяга цай уусан болов уу” хэмээн өөрт огт хамааралгүй зүйл бодон хэсэг суув. Ажлын цаг дуусахыг хүлээж суусан Мятав прокурор цагийн зүү арван долоог заав уу үгүй юу бушуухан босож өөрт нь нэг их хэрэггүй том цүнхээ үүрээд

За дүү баяртай. Сайхан амраарай гээд гарч одов. Маргааш болох шүүх хурлын хавтаст хэрэгтэй танилцаж нилээд удаан суусан Санж оройн бүрий нөмрөх үес сая суудлаасаа өндийн явахад бэлдэн зогсохдоо “Маргааш өнөө охинтой таарах боловуу” гэж бодсоноо өөрийгөө шоолон мушийн инээмсэглээд цүнхээ үүрэн гарлаа.

Ээждээ эргэлтийн бичиг авахаар бүтэн хоёр өдрийн ажлаа алдан прокурорын газрын үүдийг сахисан Удвал ихэд бухимдангуй байлаа. Ээжийнх нь нөхцөл байдал мөрдөн байцаалтанд байснаасаа илт дордсон мэт санагдахад түшээд туслах ах дүүгүй жаахан охин дотроо уйлахаас өөрийг хийж чадсангүй. Өдөржин суулгаад орой ажил тарахад гарч ирсэн Мятав прокурор ажил ихтэй байна. Өглөө ирээд бичиг аваарай гэсэн тул ихэд бухимдаж байсан ч бас ч жаахан горьдлого тээн толгой гудайлган ажил руугаа алхав. Даргадаа болсон явдлыг хэлээд дахин нэг өдрийн чөлөө авсан Удвал өглөө ажил цугларахад аль хэдийнээ прокурорын газрын үүдэнд ирчихсан Мятав прокурорыг хүлээж суулаа. Удвалыг ирчихсэн өөрийг нь хүлээж суугааг харсан Мятав прокурор

Хүлээж бай гэснээс өөрийг хэлэлгүй яваад орчиход одоохон ингээд бичиг хийгээд өгөх байх гэж итгэсэн Удвал ээждээ аваачихаар бэлтгэсэн цүнхтэй зүйлсээ барьсаар хүлээлгийн танхимд үлдэв. Цагийн зүү арван нэг гучин минутыг заасан ч Мятав прокурор гарч ирэхгүй байх тул түүнд хар аяндаа л уур бухимдал төрөн цухалдаж байлаа. “Арай ч дээ. би ямар хэрэг хийсэн хэрэгтэн биш дээ. хүнийг ингэж хүлээлгэж болно гэж үү. Нэг өдөр бол яая гэхсэн. Гэтэл гурвын гурван өдөр шүү дээ” бодохоос л дотроос нь нэгэн гашуун огшин хэнд ч юм бэ гомдон хэн нэгэн хүн зөөлөн дуугарвал уйлчих юм шиг санагдаад Удвал хямарч эхлэв. “Дахиад л нэг өдөр хий дэмий өнгөрлөө. Хайран цаг хугацаа” охины хувьд хий дэмий өнгөрч буй цаг хугацаа алтнаас үнэтэй байлаа. Ганцхан эргэлтийн бичиг авахын төлөө бүтэн гурван өдөр прокурорын үүдийг сахиж суугаа охиныг өрөвдсөн аятай үүдний жижүүр хэдэн зүйл асууснаа

  • За миний дүү дээшээ гар. 203 тоот өрөөнд Мятав прокурор суугаа. Өөрөө ороод бичиг өгөх үгүйг асуугаад ир гэхэд Удвалын дотор нар мандах шиг болон нүдэнд нь өөрийн эрхгүй нулимс гялтагнаад
  • Баярлалаа ахаа гэсээр дээш гүйв.
    Өдрийн хуралдаа бэлдэн толгой өөд татах завгүй суугаа Санж хажууд нь гар утсаараа оролдон ямар нэгэн тоглоом тоглоод байгаа аятай байсгээд л толгой сэгсрэн шогшрох Мятавыг хараад “Үгүй мөн завтай хүн шүү. Ойрмогхон нэг хурлын тов байсан. тэрэндээ бэлдэхгүй ингээд тоглож сууж болдог л юм байх даа. Яаж ч бодсон хүний хувь заяа шийдэх гэж байгаа хүн гэхэд арай дэндүү хэнэггүй юмаа” гэж бодсон ч юм хэлсэнгүй толгойгоо сэгсрээд өмнөх ажилдаа шуурхайлав. Хэн нэгэн хаалгыг нь зөөлөн тогших шиг болоход

За хэмээн шахмал бүдүүн хоойлойгоор дуугарсан Мятав царайгаа төв болгон их л ажилтай байгаа хүний дүртэй компьютерын дэлгэц ширтэхэд Санжийн инээд хүрсэн ч түүнээ ил гаргасангүй. Хаалга зөөлөн онгойн өчигдөрийн харсан хөөрхөн охин ороод ирэхэд Санжийн зүрх хүчтэйгээр түг түгхийн цохилж амьсгал нь түргэсээд ирэв.

  • Уучлаарай прокуророо. Би нөгөө бичгээ хүлээгээд зөндөө удчихлаа. Охины зөөлөн эерүү дуун эгээ л ардын дууны шуранхай гэлтэй.
  • Би завгүй байна. Өчнөөн ажилтай байгааг харж байна уу чи. Наад хаалгаа хаагаад доор хүлээж бай. Ойлгож байна уу нөхөр минь. Мятав прокурорын шахмал бүдүүн дуугаар зандчих сонстоход охины царай эрс шийдэмгий өнгөөр солигдон

Уучлаарай прокуророо. Ганцхан эргэлтийн бичиг хийгээд өгчих тийм их завгүй байгаа хэрэг үү та. Би таниас ганцхан бичиг хүлээж бүхэл бүтэн гурав хонолоо. Бүхэл бүтэн гурван өдрийнхөө ажлыг алдлаа. Хэрэгтний ар гэр гэхээрээ хэрэгтэн болчихдог юм уу. Та яагаад надтай хэн нэгэн гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг харьцаад байгаа юм. Би таны ажлыг хүндэтгэж бүтэн гурван өдөр хүлээлгийн танхимд суулаа. Ганцхан бичиг хийгээд өгөхөд тийм их хугацаа, тийм их ажил шаарддаг хэрэг үү.

Тэгээд та тэр бичгийг бичихгүй шүү дээ. Танд туслах гэж нэг хүн байдаг л юм байна лээ шүү дээ. Таныг зөвшөөрөл өгвөл хийгээд өгч болно гэсэн. Миний ард хоёрын хоёр дүү минь байна. Хэрэв би ажлаасаа халагдчихвал хэн тэднийг минь тэжээх вэ. Та юу үгүй л байхгүй юу. Гэтэл би өөрөөс чинь болж бүтэн гурван өдрийн ажлаа алдаад байна. Магадгүй маргааш ажилдаа очиход намайг халчихсан байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Хэрэв би ажлаасаа халагдчихсан бол таныг хамаарах байгууллагад чинь хандана хэмээн тачигнаад явчихад Мятавын царай хүрэнтэн чинэрч

Чи… чи нөхөр минь гэхээс өөрийг хэлж чадсангүй. Мятавын тийм инээдтэй байдалд байгааг харсан Санжийн инээд хүрсэн ч охины хэлсэн үгс зүрхийг нь базлах шиг болон Мятавт дургүй нь хүрч суулаа. Охины толгой дээгүүр бардам төрх, хэний ч өмнө нугаршгүй зоригийг хараад Санж бишрэх шиг л болж байв. Ямартай ч ээжийгээ эргэх эргэлтийн бичиг авахаар болсон Удвал толгой дээгүүр нуруу цэх алхлан гарч одоход охины гол шиг нарийхан бэлхүүс, нуруугаа даган намирах урт хар гэзэг, шилбээ барьсан нарийхан гутлын түрийг араас нь харж суусан Санж “Хөөрхөн бас зоригтой, ямар ихэмсэг бардам охин бэ” хэмээн бодож суулаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button