Энтертайнмент

Дауны синдромтой аавдаа зориулж бичсэн охины захидал хүн бүрийг уярааж байна

Охидууд аавтайгаа онцгой харилцаатай байдаг нь нууц биш. Аавууд бол бидний хамгаалагчид, дэмжигчид, мөн анхны хайрууд. Ричи Анне Кастилло гэх бүсгүй аавыгаа яг л адилхан ингэж мэдэрдэг. Нөхцөл байдлаас үл хамааран түүний аав хүч чадал, зоригийн жишээ болж, охиныхоо амьдралд гэрэл гэгээ нэмсэн юм. Өнөөдөр та бүхэндээ Ричи гэх бүсгүйн Дауны синдромтой аавдаа зориулж бичсэн сэтгэл хөдөлгөм захидалыг нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

“Хайрт аав минь, Өнөөдөр бол таны амьдралын хамгийн онцгой өдрүүдийн нэг. Та минь 50 нас хүрч байна. Эмч нар ч гайхаж байгаа даа. Та энийг уншихгүй л байх, фэйсбүүк хэрэглэдэггүй юм чинь. Гэхдээ би таныхаа гайхалтай түүхийг, би таниараа хэчнээн их бахархдаг болохоо дэлхий нийтэд хуваалцахыг хүсэхдээ энэ захиаг бичиж сууна. Та минь гаднаа ч, дотроо ч ямар үзэсгэлэнтэй болохыг тэдэнд харуулахыг хүссэндээ энийг бичиж байна. Ааваа, бага байхад хүүхдүүд таныг бусдаас өөр, гажигтай гэхчлэн шоолоход би огт ойлгодоггүй байсан. Та миний нүдэнд зүгээр л хамгийн сайхан аав минь гэж харагддаг байсан болохоор. Харин сүүлд тэдний юу яриад байсныг ойлгосон минь ямар их айдас, муу муухай зүйлсийг дагуулсан гээч.

Таныг ааваа гэж дуудахаас ч ичиж явсан өдөр надад бий. Та минь над шиг хулчгар амьтнаас илүү сайн охин хүртэх эрхтэй юмсан. Дауны синдромтой хүн бүрийн адил та хайр, ойлголт, тэвчээр, хүлээн зөвшөөрлийг хүртэх эрхтэй юмсан. Ааваа, та бол миний мэдэх хамгийн хүчтэй, хамгийн зоригтой хүн. Та бараг бүхэл амьдралынхаа турш мэс засал хийлгэж, эмчилгээнд хамрагдаж, тоо томшгүй олон удаа тариулж, асар их өвдөлтийг мэдэрч, гашуун чихэрлэг гээд бүх эмийг ууж, хүнд хэцүү дэглэм барьж ирсэн. Гэсэн ч та минь гомдоллож байсан удаагүй. Тэр олон мэс засал, эмнэлэгт өнгөрүүлсэн шөнүүд, диализын төвд удтал хийлгэсэн эмчилгээний дараа ч та нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар охин дээрээ ирдэг.

Таны оронд өөрийгөө тавьж үзэх төдийд л чадахгүй гэдгээ ойлгож, таныхаа тэр их зориг тэвчээрийг бахдан бишэрдэг. Таны өвдсөн ч тэвчих гэж хичээж байгааг тань харах намайг юу юунаас илүү ихээр өвтгөдөг. Оронд тань би өвддөг болоосой гэж, ядаж тэр их өвдөлтөөс нь хуваалцаж чаддаг болоосой гэж залбирч, гуйсан өдрүүд, нулимсандаа живсэн шөнүүд олон байсан ааваа. Гэсэн ч та даваад гарчихдаг, тэсээд өнгөрдөг болохоор надад урам зориг минь болдог. Таны шүднүүд унаад дуусчихсан, үс чинь халцарчихсан. Ийм байдалтай хоног өдрүүд үргэлжилсэн ч, өнөөх шүдгүй буйлаараа тоглоом хийж намайг инээлгэнэ.

Үсээ угаамаар байна гэж надаар даажигнана. Та тийм л гэгээлэг. Таныгаа хангалттай хайрлаж чадахгүй байгаадаа, таньдаа хийж өгч чадах зүйл энэнээс хэтрэхгүй байгаад би хэчнээн их шаналж, давчдаж байгаагаа үгээр илэрхийлэх арга алга, ааваа. Таныгаа далай руу хангалттай олон удаа авч яваагүйд уучлаарай, таныхаа дуртай хоолыг өдөр бүр хийж өгч чадаагүйд уучлаарай, цаг тутамд таныхаа дэргэд байж чаддаггүйд уучлаарай. Хамгийн ихээр харамсаж байгаа зүйл минь бусдад шоолуулах вий гэж айсандаа таныг бусдаас нууж байсан тэнэг охины үйлдэл.

Гэхдээ би таньдаа юу юунаас илүү, хамгийн ихээр хайртай гэдгийг мэднэ биз дээ. Охин нь том болсоон ааваа. Таниасаа хүч авч, өдөр бүр хичээж амьдарч байна. Та гэхдээ яаж тийм хөгжилтэй байж чаддаг юм бэ? Хүнд хэцүү өдрийг арайхийн өнгөрүүлэн тань дээр ирэхэд та тэр дороо л намайг инээлгээд, хамаг гуниг, бухимдлыг минь арилгачихдаг. Та шидтэн юм болов уу, бурхнаас надад илгээсэн бэлэг гэвэл хамгийн гоё таарах байх.

Хүн бүрт хайрлагдах гэж л төрсөн миний уяхан, зөөлөн аав. Таныхаа сайн сайхан чанаруудыг яриад байвал дуусахгүй. Хэдэн өдөр, хэдэн шөнө хүүрнэн яриад ч, талдаа ч орохгүй. Тиймээс ийм тэнэг охиноо өдийг хүртэл хайрлан халамжлан ирсэнд талархлаа. Та бол миний амь амьдрал, тэмүүлэл, амнаас гарах хамаг сайхан үгсийн минь эзэн. Одоогийнх шигээ жаргалтай, хөгжилтэй, хүчтэйгээр илүү удаан амьдарцгаая, ааваа. 50 насны төрсөн өдрийн мэнд хүргэе”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button