Өгүүллэг

Гэмгүй гэмтнүүд… /10-р хэсэг/

… Ээжийгээ хөдөөлүүлчихээд ирсэн Тамирын гэрийн үүдэнд нэг хүн зогсож байсан нь Туяа байв. Уй гашууд автан уйлж, гэнэтийн сэтгэлийн цочролоос дуугарах ч тэнхэлгүй болсон Тамирыг машинаас сугадан буулгасан Санж, Удвал хоёрыг харсан Туяа жигтэйхэн ууртай амьтан хэл амаа билүүдсээр хажууд нь ирж үсээ зулгааж уйлсаар байдгаараа сэгсийсэн Тамирын хажууд зогсоод Өө за за. Хүний хамаг мөнгө авч хүн хохироочихоод гэгээн цагаан өдрөөр архидаж, бүр тасартлаа уучихсан байх шив дээ. Мэдээд байсан юмаа муу хар луйварчинг.

Хоёр хоногийн өмнө даалтанд гарсан гэхээр нь л мэдсэн юм. Арчаагүй муу хулгайч одоо бүр охиноо зарж архиддаг болж л дээ. Адгийн луйварчин заваарсан биеэ үнэлэгчид өөрсөдтэйгөө адилхан нэг өлбийсөн гуйлгачин дагуулчихжээ бас хэмээн элдэв үгээр дайрч давшлан эх охин хоёрыг доромжлоход Туяагийн энэ ёс бусын дээрэлхүү зан, хэлж байгаа үгсэд нь жигтэйхэн унтууцаж дургүй нь хүрсэн Санж За эмэгтэй уучлаарай. Та наад үг хэлээ бодож ярина уу. Нэгдүгээрт энэ хүн архи уугаагүй. Хууль зөрчсөн овилгогүй хүмүүсийн золиос болж настай ээжтэйгээ ч уулзаж чадалгүй хоригдож байсаар сая эцсийн замд нь үдэж уй гашууд автан шаналж яваа хүн.

Хоёрдугаарт та бусдыг гүтгэж доромжилж байна. энэ үйлдлээрээ та хуулийн хариуцлага ч хүлээж бас болно шүү гэсэн Санжийн өмнөөс ихэд зэвүүтэй харсан Туяа Хө ерөө. Битгий хуц чи. Бас нэг өлбийсөн хар луйварчин хаанаас гараад ирсэн хулгайч вэ чи. Хм энэнд ямар үхсэн хатсаны эх байдаг юм. Ер нь тэр эх нь үхэж хатсан ч надад ямар хамаатай юм. Би хохирсон хүн. Хохирлоо барагдуулж авмаар байна. Холд чи замаас зайл өмхий гуйлгачин гэсээр ханцуй шамлан эх охин хоёр руу довтлоход дундуур нь самбаачлан орсон Санж эмэгтэйг цааш нь хүчтэйхэн түлхээд

  • Та биднийг хангалттай доромжиллоо. Энэ хүмүүс танд өртэй байж болно. Гэхдээ ингэж доромжлуулах хэрэг хийгээгүй. Би бол эрүүгийн хэргийн улсын прокурор Санж. Таны байдлаас харахад эдгээр эмэгтэйчүүдийг их дарамталдаг шинжтэй байна. эдгээр эмэгтэйчүүд таны эсрэг гомдол гаргаж хуулиар шийдвэрлүүлэх эрхтэй гээд энгэрийн халааснаасаа ажлын үнэмлэхээ гаргаж харуулахад ихээхэн балмагдсан Туяа наалинхайтан инээмсэглэж
  • За ёстой уучлаарай миний дүү. Эгч нь харин уурандаа жаахан зохисгүй аашилчихлаа. Юу л даа эгч нь зүгээр л Тамиртай уулзаж энэ хэргээс гарах гарц гаргалгаа юу байна туслая гэж л ирсэн юм. Гэтэл согтуу юм шиг харагдахаар нь л уур хүрээд жаахан хэтрүүлчихлээ. Эгчнь ер нь жаахан түргэн ууртай хүн л дээ. ёстой уучлаарай миний дүү
  • Та надаас уучлал гуйгаад яах вэ. Энэ хүмүүсээс гуй гэсэн Санж Туяагийн хажуунаас холдож хөл дээрээ тогтож чадахгүй сөхөрчих гээд байгаа Тамирын хажуунаас очиж сугадахад жигтэйхэн ярвайсан Туяа явахаар эргэв.
  • Хөөе эмэгтэй та энэ хүмүүсээс уучлал гүйсангүй шүү гэх Санжийн эршүүд чанга дууг сонссон Туяа навтасхийн эргэж Тамирын дэргэд ирээд
  • За Тамираа миний найзаа ёстой уучлаарай. Найз нь ийм зүйл болсныг ёстой мэдсэнгүй. Эгчийн дүү ч гэсэн эгчийгээ уучлаарай гэсээр хорин мянгатын дэвсгэрт Тамирын өмнө барьж
  • Май. Миний найз талийгчийнхаа араас ном уншуулаарай гээд сарвайхад ихэд уурсан гарыг нь цааш түлхсэн Удвал
  • Уучлаарай эмэгтэй та ядарсан ээжид минь зам тавиад өгөхгүй юу. Таны наад хүн зовоож олсон мөнгө талийгчийн минь араас буян биш нүгэл болох биз гэсээр ээжийгээ түшин цааш алхав. Тэдний араас ихэд заналтай ширтсэн Туяа – Түй муусайн гуйлгачид хэмээн амандаа шивнэж нулимснаа өнөөх мөнгөө халаасандаа хийгээд
  • Болино л биз. Муусайн гуйлгачид хоосон ходоодондоо ганц удаа хоол аваад шидчихгүй.

Туяагийн хайр дааж чадаагүй гөлөгнүүд яадгийг харуулнаа хэмээн зүхсээр цааш одов. Ээжийгээ гэртээ оруулан хэвтүүлээд түргэн тусламж дуудан үзүүлж ойр зуурын эм, тайвшруулах тариа хийлгээд унтуулсан Удвал жижиг өрөөндөө Санжтай жаал ярилцаад түүнийг гаргаж өгөөд ээжийнхээ хажуугаар орж хэвтэв. Хөөрхий ээжийнх дандаа инээмсэглэж явдаг сайхан царай цонхийн зовлон шаналлын ул мөр болсон үрчлээсүүд энд тэнд нь тодрон харагдана. Тамир батлан даалтанд гарснаас хойш хэд хэдэн удаа цагдаа дээр дуудагдан байцаалт өгсний эцэст хэрэг нь дахин прокурор руу шилжиж дахиад л улсын яллагчаар Мятав прокурор томилогджээ. Санж ээж охин хоёрт туслахыг туйлын хүсэвч ажлын шугамаар болохгүй тул дэмий л хажуунаас нь харж хууль зүйн зөвлөгөө өгөхөөс хэтрэхгүй.

Дарам өмгөөлөгчөө солиод өөр хүнийг өмгөөлөгчөөр ав гэж хичнээн хэлэвч анхнаасаа Дарам өмгөөлөгчид жигтэйхэн итгэсэн Тамир гайгүй байх гэсээр өөр өмгөөлөгчид хандсангүй. Удвалыг нэг сарын хугацаатай Хятад руу сургалтанд явуулах санал ажиллаж буй газраас нь тавьсан тул боломж олдсон дээр нь яваад ир гэж ятгасаар Тамир охиноо явуулжээ. Ээжийнх нь хэрэг шийдэгдээгүй яах нь мэдэгдэхгүй байхад яаж явах вэ гэж Удвал цааргалсан ч чамайг иртэл шийдэхгүй гэж ятгасаар охиноо явуулж чадав. Мятав прокурор Тамирыг нэг л зуусан занасан шинжтэй байхыг анзаарсан Санж байн байн сануулах ч сайн өмгөөлөгчдөө ихэд итгэсэн Тамир ямар нэгэн арга хэмжээ авсангүй.

Шийдэгдэхгүй удаашраад байсан хэрэг гэнэт л шүүх рүү шилжиж ердөө арван дөрвөн хоногийн дотор шүүх хурал товлогдож Тамирын хувь заяа шийдэгдэх дээрээ тулав. Удвал буцаж ирэхэд найм хоног дутуу байлаа. Шүүх хурлын танхим. Хэрэгтний суудал дээр Тамир сууж ар гэрээс нь хүнгүй тул ар тал нь хоосон харагдана. Туяа болон бусад хуурамч хохирогчид хохирогчийн суудал дээр сууцгааж өмгөөлөгчид тус тусын суудлаа эзэлсэн харагдана. Түрүүчийн шүүх хурал дээр өмгөөлөгч нь өөрийнх нь эсрэг ажилласан тул Туяа дахин шинэ өгөөлөгч хөлсөлжээ.

Учрал охин нь дүү Баяртайгаа ээжийнхээ шүүх хуралд ирсэн ч насанд хүрээгүй хүүхэд шүүх танхимд оруулаагүй тул дэмий л шүүхийн гадна хүлээнэ. Шүүх бүрэлдэхүүн орж ирсэнээр шүүх хурал эхэлж мөнөөх л гэрч хохирогч, хэрэгтний мэдүүлэг үргэлжилж өмгөөлөгчид өмгөөллөө явуулсаар эцэст нь улсын яллагчийн яллах дүгнэлтийг уншиж танилцуулахад л Тамир Санжийн үгэнд оролгүй ямар том алдаа хийснээ ухаарчээ. Гэвч горьдлого тасарсанүй. Шүүх бүрэлдэхүүн завсарлахад тусгаарлалтын өрөөнд орж суухдаа ч завсарлагааны дараа улсын яллагчийн шийдвэрийг шүүх зөөлрүүлж үзэх байх. Үнэн мөн нь олдох байх гэж горьдсоор байлаа. Шүүх хуралдаан дахин эхэлж яллагдагч Тамирт долоон жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биеэр эдлүүлсүгэй.

Иргэдэд учруулсан нэг зуун хорин сая төгрөгний хохирлыг ар гэрээр төлүүлсүгэй. Урьдчилан хорих төвд биеэр эдэлсэн хорин долоон сарыг хорих ангид биеэр эдлэх долоон жилээс хасан тооцсугай гэх шүүхийн шийдвэрийг уншин танилцуулж байхад ч “Арай ингээд ял өгөөд явуулчихгүй байлгүй дээ. Энэ чинь Монгол улсын шүүх шүү дээ. Арай ч ингээд үнэн худлыг дэнслэлгүй нэг иргэнийхээ хувь заяагаар тоглоод ял өгөөд явуулчихгүй байлгүй дээ. Өмгөөлөгч маань одоо л жинхэнэ ажлаа хийх байх. Тэгээд надад өгсөн хорих ялыг хэрэгсэхгүй болгох байх” гэж дотроо бодон горьдлого тасралгүй өмгөөлөгчөө ширтэж зогсов.

Тэрээр өмгөөлөгчийнхөө ямар нэгэн зүйл хэлэхийг өөрийгөө өмгөөлөхийг хүлээж байлаа. Гэвч бүх зүйл өнгөрчээ. Хийгээгүй хэргийнхээ төлөө амьдралынхаа бүхэл долоон жилийг шоронд өнгөрөөхөөр болж. Юу болоод байгааг сая л бүрэн ухаарсан Тамир мэгшин уйлсаар цагдаад туугдан гарахад хэргээ бүтээсэн хүний бардам ихэмсэг инээмсэглэлээр зэвүүтэй инээсэн Туяа бөгсөө хайвгануулан шидсээр Дарам өмгөөлөгчтэй хэлхэлдэн гарч одов. Өнгө мөнгөний хорвоод мөнгө дэндүү хүчтэй аж. Насанд хүрээгүй хоёр хүүхэд амьдралд дөнгөж хөл тавьж буй эгчийнхээ асрамжинд өнчрөн хоцорч зөвхөн мөнгөний төлөө хүнийг хайрлах сэтгэлгүй хүмүүсийн тоглоом болсон Тамир бүсгүй хувь заяандаа л гомдож хоцров.

Өдөржин толгой өөд татах завгүй ажилд дарагдаж суусан Санж орой ажил тарахад сая л ширээнээсээ өндийж Тамирын утсанд залгавал холбогдох боломжгүй байв. Түүний шүүх хурал болоод өнгөрснийг мэдээгүй тэрээр ойрын хэдэн өдөр завгүй ажилласан толгойгоо сэргээж бас ч үгүй хайртай бүсгүйнхээ ээжийн гарын хоолыг идэж бяцхан Баяртай оройг тоглож өнгөрөөхөөр шийдэн тэднийд очих гэж байгаагаа Удвалд дуулгахаар Удвалын байгаа азрын утсанд залгав. Удвал хэн нэгэн залгахыг хүлээж байсан бололтой утсаа хурдхан аваад Байна уу. Ээж та чинь өдөржин утсаа асаахгүй яачихваа бүр санаа зовчихлоо гэсээр Санжийг биш ээжийгээ гэж бодсон бололтой үг хэлэх ч сөгөө өгөлгүй ярьж эхлэхэд

  • Би байнаа. Санж байна. Тамир эгч яагаа вэ. Танай хэд зүгээр биз гэсээр Санж урдаас нь сөргүүлэн асуув.
  • Өө чи байсан юм уу. Би харин ээжийг гэж бодлоо. Уучлаарай.
  • Намайг залгасанд баярлахгүй байгаа юмуу даа.
  • За яалаа гэж дээ. Харин ч баярлаж байна. Сүүлийн хоёр гурав хоног холбогдоогүй тэд нилээд удаан ярилцсаар Санж ч тэднийд очих гэж байгаагаа хэлэн утсаа тасацгаав. Өглөө Удвалыг залгахад утсаа аваад бүх юм зүгээрээ санаа зоволтгүй гэж байсан ээж нь шүүх хуралд ороод ял аван ачигдсан гэх бодол тэдний хэнийх нь ч толгойд орсонгүй.

Өмгөөлөгчдөө хэт найдсан Тамир наймхан хоноод ирэх гэж байхад нь охиныхоо сэтгэлийг зовоочихоно гээд шүүх хурал нь болох гэж байгаагаа тэднээс тас нуужээ. Хүүхдүүдэд зориулан жаал жуул амттан авч Тамирт сүү чихэртэй авсан Санж тэдний гадаа ирээд дээш цонх руу нь харвал харанхуй байсанд эзэнгүй байгаа юм боловуу гэж бодсоор ямартай ч хаалгыг нь цохиж үзэхээр дээш өгсөв. Гэрийнх нь хаалгыг нилээд удаан цохисон ч ямар нэгэн хариу чимээ байхгүйд эзэнгүй байгаа юм байна гэж бодсоор шатаар доош уруудав. Тортой зүйлсээ барьсаар урамгүйхэн гарч ирсэн Санжтай жигтэйхэн уруу царайлсан Учрал Баяр хоёр таралдаад Санжийг харангуутаа гүйн ирж энгэрт наалдаад уйлж гарахад дотор нь далхийгээд явчихсан Санж хоёр хүүхдийг аргадан тайтгаруулаад юу болсныг асуухад

  • Өнөөдөр ээжийн шүүх хурал болсон. Бид хоёрыг насанд хүрээгүй гээд оруулаагүй ээж ганцаараа орсон гээд Учрал мэгшин уйлав.
  • Тэгээд… тэгээд юу болсон юм бэ? Тамир эгч хаана байна.
  • Мэдэхгүй бид хоёр шүүхийн гадаа зөндөө хүлээсэн. Ээж ерөөсөө гарч ирээгүй. Ажил тараад шүүх тартал хүлээсэн. Ээж ерөөсөө гарч ирээгүй.
  • Та хоёр тэгээд ороод асуухгүй яасан юм бэ?
  • Бид хоёр орж асуусаан. Аймаар муухай ааштай эгч цаанаа хүлээж бай.

Гараад ирнэ биз гээд загнаад байсан. Бид хоёрыг ердөөсөө оруулаагүй. Ахаа ээж минь яасан юм болоо. Дахиад шоронд орчихсон юм боловуу гэсээр Учрал байдгаараа мөгшин уйлахад Баяр дагаад уйлав. Шүүх хурлын шийдвэр ямар гарсныг хоёр хүүхдийн ярианаас ойлгосон Санж хүүхдүүдийг аргадан гэрт нь оруулаад бодол дүнсийж суув. Хувь заяагаа шийдвэрлүүлэх гэж байж Тамирыг ийм тэнэг хөнгөн болчимгүй зүйл хийсэнд нь харамсана. Тэдний ярианаас хийсэн хэрэг байхгүйг нь сонсоод ойлгосон ч хавтаст хэргийн бүртгэлд хэрэг нь ямар явцтай байсныг мэдэхгүй тул өөрөө хуульч бүр улсын яллаг хүн байж хайртай бүсгүйнхээ ээжид тусалж чадаагүйдээ өөртөө харамсаж Удвалд юу гэж хэлэхээ мэдэхгүй шаналж суулаа.

Нэг хүний бүтэн амьдралаар тоглож орхисон хууль шүүхийнхэний шийдвэрт харамсан халаглаж байв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, хохирогчдын мэдүүлэг, улсын яллагчийн дүгнэлт зэргийг үндэслэн шүүх бүрэдэхүүн шийдвэрээ гаргадаг тул тэрээр шүүхийг бус хавтаст хэргийг анхнаас нь бүрдүүлсэн мөрдөн байцаагч, хянасан прокурор нарын хууль бус ажиллагааг илчлэхээр сэтгэл шулуудан байлаа. Тэгэхийн тулд түүнд өмгөөлөгч хэрэгтэй. Түүний хамгийн сайн зөвлөгч хууль зүйн багш нь өмгөөлөгч тул багштайгаа холбогдон зөвлөлдөөд энэ хэрэг дээр багшийгаа өмгөөлөгчөөр ажиллахыг гуйвал багш нь ч зөвшөөрчээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаан болтол дахиад олон хоног шаардлагатай байлаа. Тэр болтол хөөрхий Тамир хоригдоно гэхээс Санж өөртөө шаналж байв. Шүүхийн тогтоол гартал арван дөрвөн хоног, тогтоол гарснаас хойш давж заалдах хонг арван дөрвөн хоног тэгээд ахиулсан шатны шүүхэд шилжээд хэрэг нь хир удахыг хэн ч мэдэхгүй. Бас дахиад л дор хаяж хоёр гурван сар Тамир тэнд хоригдоно…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button