Өгүүллэг

Нохойны нулимс Өгүүллэг

Г.ДАВААСҮРЭН / МЗЭ- ийн шагналт / Нохойны нулимс Өгүүллэг

…Хайрхан уулд суусан манан хөөрч, хад асгатай энгэрээр зээглэн ургасан нялх хус модод мөнгөрнө. Хусны навчис гал улаан, гүн цэнхэр, номин ногоон өнгөөр алаглан солонгон өнгө аятай гэрэлтэх нь онгодтой уран зураачийн халамцуу татсан бийрийн таталбар аятай уусан алдарна. Тунгалагшин гэгээрээд одох ажээ. Хайрханы бэлд цоохор морио тушчихаад жимээр өгсөж яваа өвгөн бол байгаль хамгаалагч Сүх билээ. Өвгөн ангийн зориулалттай дурантай Чех буу үүрч, гэртэй хоёр нүдний дуран бүсэлсэн агаад яарангуй алхаж байгаа нь нэгэн зүйлд зорин шамдсан илт ээ.

Нас өндөр боловч шалмаг хөнгөн байгаа нь өдөр бүр л байгальтайгаа харьцан уул хадаар бэдэрч явдагийн ач тус. Өвгөн амьсгаадсан ч үгүй зорьсон газраа хүрээд, хүрээлсэн хад асган дунд сууж аваад ангийн буугаа урдаа тавин хүхээгт нь таван сум дараад цэнэглэв. Хоёр нүдний дурангаа нүднийхээ өмнө барин эрэвгэр сэрэвгэр торлог буттай хад асган дундуур нэгэн жим хараадан суулаа. Муу соотон улианууд үүгээр л гүйж харагддаг юм…гэж шүд зуун шивэгнэв…Байгаль хамгаалагч хүн амьтны хамраас цус гаргаж таарахгүй ээ. Дархан цаазат ховор амьтан байна уу. Чоно нохой байна уу. Болохгүй дээ.

Өвгөн үүнийг тог мэдэх газар даа. Гэхдээ л шүдээ хүртэл зэвсэглэн ирээд эгээ л дайн байлдаанд орох нь холгүй байгаа нь юу билээ. Бууныхаа дуранг болгоомжтой зөөлөн арчаад хараа барааг тохируулан хэсэг суув. Сэтгэл санаа нь тавгүйтээд уймраад ирэв. Уйлмаар болж ирэв. Зүрх сэтгэл нь нурах шиг л болов. Говь нутгийн толгод асга дамжин нэгэн сүрэг угалзан эвэрт аргаль гүйж ирээд Хэрлэн гол дагуух энэ Хайрхан ууланд нутагшаад авчээ. Байгаль хамгаалагч өвгөн тэнгэрийн умдаг атгасан аятай туйлын их баярлан хөөрч, ховор ан амьтны бүртгэлдээ оруулан, тоо толгойг нэг бүрчлэн тоолж, хариулах нь холгүй хайрлан хэдэн жилийн нүүр үзжээ.

Тэнгэр хангай ивээж нутагшсан аргаль сүргийн бүл тоо өсөх янзтай. Хээрийн чоно нохой ч хүрсэнгүй. Догшин хайрхан болохоор илүү дутуу харсан хулгайн анчид ч ойртсонгүй. Хэдэн тарвагаа ч тоолж байдаг хэнхэг өвгөнөөс бүгд жийрхээд буу дуугардаггүй байна. Дархан цаазат угалзан эвэрт аргаль ямар сүрлэг сайхан амьтан билээ. Монголын ан амьтадын сор шүү. Мяралзан урсах Хэрлэн гол руу цувраад усандаа очиж байгаа нь хийморьлог. Сонор сэрэмжтэй нь аргаггүй усандаа ирчээд буцаад өгсөнө. Цоохор морь өвгөн хоёрыгаа бараг таниад мэндлэх нь холгүй байдагсан. Үргэж цочоохгүй болохоор бүр дасан нутагшаад омог бардам ч гэмээр тайван болчоод байсан юм.

…Аргаль угалзан эвэр мушгиран зүүд нойронд цойлон ирээд хонин бор нүдээрээ тайван харж зогсоно. Гэнэт аргаль цочин үргэн харайгаад нэг их хар усруу цүлхийн ороход өвгөн давхийн сэржээ. Аргаль хар усруу үсрэн ордог амьтан биш дээ. Муу совин татсан өвгөн цоохор мориндоо мордон яаран шогшууллаа. Хайрханы суганд хэрээ, тас эргэлдэн сүйд болж байна. Өвгөн яаран ирээд дурандтал гурван соотон улиан аргалийн бүл сүргийг нэг мөсөн тарааж хоёрыг ч унаган ховдоглон зооглож байв. Зэрлэг нохойн сүүл хонхорцог дээрээ эргэн олзоо зулгаах ажээ. Өвгөн дээш буудав. Яаран давхин хүрлээ. Аргаль сүргийн хоёр ч шүдлэнг эд бад хийжээ. Буун дуунаар соотон улианууд газрын гаваар орсон аятай алга болов.

Өвгөн балмагдан сандарч хий л шогшрон газрын байдлыг харан хэсэг харамсан бэдэрлээ. Хээрийн боохой ч амар барихгүй энэ амьтадыг зэрлэгшсэн нохой эх жингэр хүнээс ч гарамгүй муу санаагаар усан дээр отон өөрийн зулзага чонон эрлийз хоёр соотон улианаараа бүслэн сүйд хийжээ. Нүд хальтрам. Хэдэн жил хэн ч үргээгээгүй бүр номхрон тайвшраад дасаж байсан аргаль сүргийг гэнэдүүлэн дайрч дур зоргоороо тараажээ. Сэглэхийг сэглэж, уул давуулан тал руу буулган хөөж, суурингийн хашааны төмөр утсанд орооцолдуулан, үргэсэн айсан амьтад өргөст төмөр торонд ороогдон нүд амаа сохолж, хэндэг цээжээ махыг гартал уржээ.

Нутгийн сайн санаат байгаль амьтанд хайртай хүмүүс таарч аварсан байх юм. Соотон улианууд буцан ирээд унагасан зоогоо барьж байгаад өвгөний буун дуунаар сүүлээ хавчин зулбасан нь энэ. Хамгийн харамсалтай нь үлдсэн угалзан эвэрт аргаль сүрэг бутран говь толгодруугаа хэзээ ч эргэн ирэхгүйгээр цойлон одсон байлаа. Хайрхан эзгүйрч, сүнс сүлдгүй болсон мэт. Сүрлэг сайхан амьтадаа санагалцах мэт дүнсийнэ.

…Өвгөн дурандангаа сэтгэл дахин эзгүйрч гансран бодож байснаа буугаа өргөн доош болов. Зэрлэгшсэн жингэр, хээрийн чоно хоёрын дундаас төрсөн ах дүү хоёр байц хадан дундаас шогшин гараад ирэв. Тэдний бие өндөр, хүч чадал их, зүс улаан шаргал сэрвээн дээрээ дэлтэй, сүүл нь хонхорцог дээрээ гэрийн нохой шиг эргэсэн байх бөлгөө. Өвгөн бууныхаа дуран хараандаа тогтоогоод авав. Эх жингэр байдагггүй ээ. Араас нь гараад ирэхнүү жаахан хүлээв. Муу эх жингэр урд нь шогшиж явмаар юм. Алга аа. Эхний соотон дээр дурангийн хэрээс очлоо…

…Байгаль хамгаалагч Сүх өвгөний саахалт айл болох залуу малчин айлд нэгэн өдөр хаанаас ч юм бие томтой улаан шаргал зүстэй жингэр гүйгээд иржээ. Нохой урвах сайн гээд эхнэр нь эхлээд хоолны шавхруу өгсөн юм байна. Даанч тэдний хотны хоёр банхар өдөр шөнөгүй жингэрийг булаалдан хоорондоо хэмлэдэн зодолдоод бөөн шуугиан болоод байжээ. Гэрийн эзэн уурсан одоо энэ жингэр энд гөлөглөж бөөн гай болно…гээд жингэрийг зодож шавхуурдан хөөлөө. Морьтой ороолгон элдээд уул давуулаад ч нэмэргүй шөнөдөө ирээд бөөн шуугиан тарина. Шөнө бас муухай улина. Аргаа барсан гэрийн эзэн нэг өглөө уурандаа калибр буугаа авч гаран хөөж гэрээсээ холдуулж байгаад дээгүүр нэг буудсан ч нэмэр алга хэвтээд өгчээ. Тэгэхээр нь нэг буудчихаж, жингэр дунгуй хадан унаад гаслаж гангинан бөөн юм болжээ.

Жингэрийн хойд хөл борвинд сум тусжээ. Шархдуулж хаяад яахав гүйцээчий гээд залуу буугаа дахин сумлаад дөхөн иртэл жингэрийн нүднээс нэг том нулимс бөмбөрөн урсаж, хачин цэнхэр туяа татаад явчив. Залуу өрөвдөх сэтгэл төрөөд буугаа үрээд буцаад алхжээ. Жингэр доголон гомдолтой гаслаад эргэн хэвтээд шархаа долоож байв. Шөнөдөө алга болсон байлаа. Жингэр хээрээр хад асгаар хоргодон шархаа долоосоор эдгээгээд, огтоно зурмаар хоол хийж явсаар өвлийн эхээр нэгэн чонотой тааран нөхцөж, хоёр гөлөг төрүүлжээ. Чоно нохойн эрлийзүүд хурдан өсөж торниод бие том, хурд хүч, арга чарга, зориг цөстэй, гал улаан зүстэй, чих соотон болохоос сүүл гэрийн нохой шиг хонхорцог дээрээ эргэсэн, сүүлээ шарваад хэвтээд байвал гэрийн нохой л гэж андуурхаар амьтад байв.

Эх жингэр тэднийгээ анд сурган, айлын хурга ишиг, шүдлэн борлон тэсгээдгүй болжээ. Том болоод даагаа сарваа ч унагадаг хорлонтой амьтад болов. Хонь мал яахав гэрийн нохой байна гээд хар балгүй идээшлэн байхад сүүлээ шарван дөхөн очоод сүйд хийнэ. Айл хотоороо буудаж хорооё гээд гарахаар уул хадаараа дамжаад алга болоод өгнө. Бүр хүн шиг болсон мэт нэгэн гэгээн цагаан өдөр эх жингэр хөтөл дээрээс өнгийн харж, өөрийг нь буудсан нөгөөх малчин залууг адуундаа мордохыг анан байгаад хоёр соотонгоо дагуулан тэдний хотонд сүүлээ шарваад хүрээд очжээ. Угтаад ирсэн хоёр банхарыг нь хоёр соотон элбэн багалзуурдаад дуугүй болгожээ. Хоттой хонинд үсрэн ороод ёстой нэг цусан зам татуулан сүйд хийжээ.

Бөөн шуугианаар гэрийн эзэгтэй яаран гартал гэрийн үүдэнд эх жингэр муухай ахираад оцойгоод сууж байв. Түүний нүднээс нэг их нулимс унан хачин цэнхэр туяа татаад өнгөрчээ. Хөөрхий бүсгүй гэртээ орон үүдээ цоожлоод хүүхдээ тэврэн хөдөлгөөнгүй суужээ… …Өвгөн Сүх шүд зуун бууны дурангаараа хараалсаар байв. Ангийн бууны дурангийн хэрээс чоно нохой эрлийзийн хэнхдэг цээжинд очив. Цээжний үс цагаан ажээ. Залуудаа хөвчийн анчин явсан өвгөн тооцоо бодон байв. Эхнийх унахад арынх эргэн хааш зугатах бол алдаж хэрхэвч болохгүй гэж бодоод газрын баримжаа харлаа. Эхний соотон гох дартал хяргуулсан мэт нам унажээ.

Сүүлийн жилүүдэд Хайрханд буу дуугарч байгаагүй. Буун дуу нүргэлж амьтай бүхэн цочив. Жигүүртэй бүхэн нисэв. Хоромхон зуур бүх юм өнгөрч арын соотон гайхан зогтуссанаа эргэн харайтал хоёр дахь буун дуу тасхийлээ. Эрлийз соотон дунгуй хадаад явчив. Өвгөн босож амжаагүй байтал ард нь архиран гаслах чимээ гарав. Энэ чимээтэй хамт эх жингэр үсрээд иржээ. Өвгөний буутай гараас хазан буу унаад өгөв. Сандарсан өвгөн гэдрэг унаж эх жингэр дээр нь архирч байлаа. Өвгөний хүзүүрүү дамжин асахад соёо шүд нь ярзайсан завьжнаас өвгөн гараа лав шургуулж гэдрэг дарна.

Гараас цус урсана. Улангассан эх жингэр хүчтэй байлаа. Хором зугуухан өвгөний хоолой гүрээний судсанд соёо шүд ойртсоор… Өвгөн эцсийн хүчээ шавхан түрийнээсээ хурц хутгаа сугалан эх жингэрийн суганд гүн зоож амжлаа. Хүн, нохойны цус холилдон урсана. Өвгөн амь тавьж буй эх жингэрийн дороос арайхын сугаран босов. Эх жингэрийн нүднээс гомдолтой нулимс урсан, хачин цэнхэр туяа татаад өнгөрдөг байна…

2021.08.21 Багануур

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button