Өгүүллэг

Удам /өгүүллэг/

Зохиолч:Ванхүүгийн Батбаяр

Цахиурт, тамхи асаасан шүдэнзэээ няслахад малгайных нь хос улаан залаа саг саг хөдөлж байв. Царай нь гэж зүлгүүлж зүлгүүлчихсэн хэрнээ хэдэн зуун жил өгөрч зэвэрч хэвтсэний ул мөр арилаагүй хүрэл чоно шиг харагдах аж. Түүний завилсан өвдөг доороос эрч томолт нь хариагүй оонын хүзүүн хуйв могой орооцолдсон мэт шар алагран цухуйна.

  • Гансум! Чи юу хийж байна. Долоон худгийн түнгээс гангийн байван авчрах чинь яасан бэ?!
  • За за, өнөөдөр явна.
  • Ороод ир хө !
  • Яасан бэ?
  • Юун чинь яасан бэ гэж. Ороод ир гэж байна шүү.
    Цахиуртын малгайн залаа дахин хөдлөв. Галын тэндээс эхнэрийнх нь дуу гарч:
  • Цахиурт минь. Та юундаа ингэж бухимднав. Муу хүүгэз өөлж үглээд л. Эрийн цээнд хүрсэн хүн байна, явдал суудлаа… гэтэл
  • Амаа татаж орхиоч, та. Унд ус, гал хөсөө өөрөө мэдтүгэй. Удам угсаагаа бол харин би мэдэлцэнэ. Тогоо шанага руугаа ороогүй байна шүү би гэж захирч тушаасан өнгөөр хэлэв.

-Та шал дэмий юманд уурсав. Тэнд Бөхтэйн хүү хүн хороочихсоны төлөө энд хүүгээ загнаад. Адилтгаж жишээд. Үд өнгөртөл орондоо хэвтэв гэж нүцгэн шалдан биеийг нь ороолгож байх. Миний хүү чинь хорь гарчихсан эр шүү дээ. Айл хунараар орж оройтоод ирсэн хүн орон гэртээ жаал хэвтэж амрахад болохгүй болж байна уу… гэж хэлэх гэснээ больж “Эцэг нь мэдэж байгаа байлгүй дээ” хэмээн бодож бүхнийг уучлаад ширгэж байгаа ээзгийний үнэр ханхалсан тогооны халби авч арслан эрслэн уулзуулж урласан том мөнгөн бугуйвчтай гараараа зузаан ташаа дээгүүрээ тохогдон хойш унасан энэтхэг торгон халаадны хормойг урагш татаж зогсов.

Цахиурт нөгөөх ад ёр мэт харуусал эмгэнэлт бодлоос салж чадахгүй байлаа. Тамхиа улам улам шунанги сорж гашуун утааг нь цай шиг залгиж суув. -Бөхтэй чи ёозгүй юм хийж байсан хүн. Ийм юм болохыгI мэдэхгүй ч бүтэлгүй юм бүтэлгүй юмыг зөгнөдгийг мэдэж байсан баймаар даа. Хичнээн олон мал цааш нь харууллаа! Бүр нэг зовоож шүү. Өрийг нь зурчихаад байгаад байна. Тэр нэг хугархай шүдтэй савар шиг гар чинь амьд амьтны халуун нөж атгах гэж заяасан юм шиг татвалзаж байдаг сан. Арван голтой амьтан муулж байгаа юм шиг дахин дахин гараа оруулж тэр тоолон бөөн нөж атган гаргаж ирнэ.

Тохойгоо хүртэл цусанд будагдсан гараа долоох нь халаг бахархалтай харж байх чинь Толь булагийн уснаас хоёр талаас нь ууж өссөн миний багын нөхөр биш гэгээн цагаан өдрөөр айлын хотонд орчихсон Бөхтэй хэмээх идэр чоно гэрээс гараад ирэх эзэнгүйг далимдуулан дураар аашилж байгаа юм шиг ой гутмаар харагддаг байв шүү. Яах гэж ингэж амьтны үйл үзнэв дээ гэхлээр өөртөө ганц болж байгаа янзтай дарвайтал инээнэ гээч. Олон адууны нулимс үзсэн дээ, чи. Хүн харахын аргагүй тамласан. Орилдоггүй амьтан тулдаа л тэр хөөрхий адгуус Бөхтэйн шээсийг өмдөнд нь гоожуулж байсан байлгүй. Тэгж байхдаа чи харин цэргийн зарлан авчихаад уйлж байсан хулчгар амьтан биш, зүрх тархий нь орчлонгийн хамгийн хатуу чулуугаар зорж хийсэн юм шиг даанч аймшигтай зоригтон болчихдог. Шүд чинь тачигнаж байдаг сан. Үр хүүхдэдээ үзүүлчих

сайн сайхан юмаар хомсхон хүн дээ. Түүний чинь лай ланчиг энэ. Асга авирч нурдаг юм. Үр нь ч гэж үр. Эцэг өөдгүй явбал ч дээ… гэж боджээ. Тэгээд:

  • Цаад Бөхтэй чинь газар алгадлаа даа … гэж эг маг хэлэв.
    Цахиурт энэ зуур өнөөх шар алаг могой ороолдуулсан мэт эвхрэн хэвтэж байсан хуйвыг авч униндаа хавчуулангаа цааш өгүүлрүүн:
  • Хэд хоногоос Гансумыг аймаг явуулахаас. Найзынхаа цамцыг сольж тамхи татуулаг.
    Цахиурт цээжний гүнээс нүнжиг нөөлөгтэй дуугарсанд хэлэх хөдлөхийг нь дагуулан харж байсан авгай нь өлгөн авч:
    -Хүн алчихсан хүнтэй уулзуулдаг юм уу! гэж хариу хүлээсэн янзтай нүдээ онийлгон ширтсэн хэвээр

Чааваас даа. Залгиур дээр нь туулайн тойг тээглэчихсэн юм шиг амьтан хөл гар нь хүлээтэй хэвтэж байгаа байлгүй яав гэж. Цагаан юм хоолойгоор нь давуулахсан даа. Ганц бяслаг, хэдэн ээзгий болохноо ч өгье гэж нэг амьсгаагаар шахам хэллээ. Энэ яриаг гэрийнхээ гадаа хаяанд сууж байсан Гансум нэгд нэгэнгүй чагнаж гаднаа хатуу аавынхаа дотроо зөөлнийг гайхаж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button