Өгүүллэг

Алмасын дуун Өгүүллэг 1-дүгээр хэсэг

Монгол туургатны зохиол бүтээлээс… Аминбөхийн Одсэр (Өвөрмонгол )

Хаврын сүүл зуны эхэн сарын нэгэн сайхан өдөр ,Баарин вангийн адуу тал дээр үлгэр үүсгэжээ. Сүүдэрлэн харагдах Хан хайрхан ногоон саа нөмөрсөн саяхан хуримлах гэж байгаа хүүхэн шиг эевэрүү тогтуун байлаа.Түүний өмнө нэгэн өндөрлөг газар дэнж дээр ,мянган адуу сүрэглэн багширч огторгуйд дэгдэх улбар тоос нь үүл манантай залгалдана.Энэ нь үнэхээр идэр залуу нас болон ,ид хүчийг үзэх цаг байжээ. Угалзтай майхныг тойрсон хүүхдүүд үрээний бөөр булаалдан идэцгээнэ.Ягширтал хураасан адуун дунд бургасан уурга намилзан ,би гэсэн эрчүүд гарын хороо гаргаж,хормойгоо шуусан залуучууд даага чихдэнэ.Энэ үед униартан харагдах уудам талын балархай муруй замаар нэг өндөр хар юм гэтэн гэтэн ойртоно.

  • -Морьтой хүн юм уу ?
  • -Биш ээ явган хүн !
  • -Үгүй ээ илжигтэй хүн
  • -Хэ хэ ,юуны илжигтэй хүн юм.Өнөө өндөр хар чинь.
  • -Уухай юун сайн юм .Алмас хүрээд ирлээ гэж ярилцав.Алмасын бие өндөр, мөр өргөн, царай хар .
  • Тэр хүмүүстэй адилхан

Мэнд үү ? Сайн уу ? гэж эетэй аашилж чадахгүй эв хавгүй.Ээж нь хичнээн удаа зааж өгсөн боловч тэр л хэвээрээ байгаа. Адууны дэргэд ирмэгц бүсээ чангалж ,ганц нулимаад шууд адуутай ноцолдож эхлэв. Манай Алмасын ам хар боловч зүрх цагаан, айл аймгийн ах дүү олны өмнө хойно явж ,улаан цагааны хурал цуглаанд ус түлээгий нь зөөн үхэр морь мэт зүтгэдэг боловч ,үнэ хөлс ер горьдоггүй.Алмас аваад тохох эмээлгүй,алавхийгээд мордох морьгүй нь ямар хамаа байна.Цагийн сайхан хаварт ,насны сайхан залууд гэдэгчлэн Алмас жилийн жилд адуу дэллэх үрээ агтлахаас ер хоцордоггүй.

  • -Хөөе ! Алмас аа наашаа.
  • -Өндөр хараа нааш ир гэж эндээс ч түүнийг дуудаж ,тэндээс ч түүнийг даллана.
  • Түрүүчийн хүн чихдээд дийлж чадаагүй эмнэг морь Алмасын төмөр хүрз мэт гарт орвол газар үнсэхээс биш өндийж чадна гэжүү санахын гарз.
  • -Энэ гайхлыг байхад онгон саарал азарганы онгоныг сэргээцгээе гээд вангийн адууны даамал ,
  • -Хэн уургалах вэ? гэж олноос асуув.
  • Тавиуртай цай хүрээлэн суусан адуучид нэг нэгнээ харж баахан суутал,олны дундаас нэг залуу :
  • -Би уургалаад үзье гэж бослоо.Энэ үед гол майхны үүдэн дэхь олбог түшлэг дээр шар орхимжтой лам хонх дамар хөдөлгөн сан тавина.

Онгон саарлыг барих чимээнээр ,хүн амьтан хөл болж адуу дэллэхээ түр бользнов.Нөгөө залуу гарын алгаа нулимж ,мориндоо мордоод ягширтал хураасан адуун дунд морио ташуурдан орлоо.Мөнгөн утас мэт ,талын галын сор адил гялалзсан онгон саарал азарга ,үүлэн доторх цахилгаан мэт мянган адууг шувт зүсэн гархад ,залуу дэмий удсангүй уургаа алдаж орхилоо. Энэ азаргыг дааган дээр нь давталгүй өсгөсөн ардаг догшин мал мөртлөө,жил бүр онгоныг нь сэргээхээс өөр хүзүүнд нь уурга ,чихэнд нь гар хүрдэггүй учир,улам ардагшин догширч ,хан уулын хандгай шиг болжээ.Хурдан морьтой хэдэн адуучин ,саарал азаргыг ээлжлэн дагасаар ойртуулан айсуй. Энэ үед морь уургаа солиод хүлээж байсан нэгэн залуу ,азаргыг хэрээд авлаа.

  • Уурга хүзүүнд нь ормогц азарга бултан үсэрч ,адуучинг морьтой нь тонгорон татаж унагалаа.
  • Уурга чирсэн азаргыг эргүүлж дагахлаар Алмас урагш давшин ,
  • -Морио наашаа! гэж бархирхад түүний хажуудах адуучин цулбуураа өглөө.
  • Алмас морины эмээлийг авч газар хаятал дэргэдэх хүмүүс
  • -Хүүе чи яах нь вэ ? гэж сонирхон асуув.
  • Алмас мориндоо алавхийн мордоод Ингэвэл хөнгөн биш үү гээд уурга чирч цайвалзан ирэх саарал азаргыг тосож давхилаа.Хүзүүндээ уургатай азарга угалзтай майхныг тойрон гарах үед хөндлөнгөөс нь гарч очоод ,буруу талруу хэлбийн чирсэн уургыг нь шүүртэл ,азарга гялсхийн огцом эргэхэд бургасан уурга тасхийн хугараад ,

-Сүүлд муу сэгийг.Сүүлд гэж хүмүүс зүг зүгээс хашгирна.Алмас онгон саарлын сүүлнээс шүүрэн автал өнөө амьтан чинь чихээ хулмайн өөдөөс нь өшиглөлөө. Алмасын уур нь хүрсэн бололтой ганц сэжээд тавьтал азарга үүдэн хоймрын хэр газарт толгойгоороо шаан уналаа.Сэтэрт саарал босч чадахгүй байхад нь хүмүүс ирж азаргыг тойрч үймэлдэнэ. -Булай болжээ гэж Алмас дотроо айсаар мориноосоо буутал ,ван ноёны адууны даамал Холжир мээрэн дэргэдэх хүний гараас хугархай ёзоор шүүрэн авч Алмасын толгой руу үг дуугүй хэд цохиод ,

-Энэ муу хулгайг барь гэж их дуугаар хашгирав. Вангийн шударга нохой хэдэн хүн,хазаар ногт авч ирэн Алмасын гарыг чивчиртэл хүлэв .Савхан чинээ хүрэн улаан цус Алмасын өтгөн хар хөмсөгийг даган нүд рүү урсана.Дотор нь нэг хэсэг харанхуйлж сэхээрэх үест тэр хажуу тийш эргэж онгон саарал азаргын зүг хальт харж үзэхүйд ,хүмүүсийн салхинд хийсэх хормойн завсараар цус шороонд бялдаж хэлээ хөндлөн зуусан адууны толгой хальт харагдав.Наран шингэх шахахад онгоныг сэргээхээр залж ирсэн хутагт лам нар саарал азарганы толгойн дэргэд олбог засан саатаж ,хонх дамар хөдөлгөн ерөөл уншиж азарганы сүнсийг хөтлөв.Хүмүүс урьдын заншлаар азарганы аманд шар тос хуурсан будаа үмхүүлж ,нүх ухан оршуулав.

Орой болоход Алмасын хоёр гарыг солбиж ард нь уяад ,хөлийг нь гурмасан чөдөрөөр чөдөрлөж,төмөр гадсанд аргамжжээ.Энэ шөнө Баарин вангийн адууны гэр дээр нам жим байлаа. Гагцхүү уяатай морьд бэлчсэн адууны зүг хааяа хангинатал үүрсэнэ.Зуны эхэн сарын сарын сэрүүн жавар Алмасын уранхай дээлийн хормойг навталзуулна. Монгол гэрт ч майханд ч хүмүүс ,дулаан галыг тойрон сууж онгон саарал азарганы тухай ярилцана.Зарим нь Алмасыг үхэл нь ирсэн огтоно муурын хамрыг маажсан гэдэг боллоо гэж байхад зарим нь,

  • -Хөөрхий.Анх төрлийн нүгэл шүү дээ.Түүнээс биш Алмас хэзээ муу санаа гаргаж байсан билээ гэлцэнэ.Улсын хөл татарсан хойно нэг ягжгар хар юм Алмасын зүг ойртон дөхнө. Дэргэд нь ирээд эвэршсэн ширүүн хуруугаараа түүний хүлээсийг тайлж
  • -Хүү минь энэ шөнөдөө хурдан холд
  • -Эндээс бушуу холхон дутаа.Ноёны хүрээнд орвол чи амьгүй л гэж мэд.Алмас тэр өвгөний гараас атган чичирхийлсэн дуугаар :
  • -Авга аа би санаандгүй л …гэтэл өвгөн түүнийг түлхэж ,тэрнийг хүн бүхэн мэднэ.
  • Тэр чөдөртэй морь байна гэв…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button