Өгүүллэг

Алмасын дуун Өгүүллэг 3-дугаар хэсэг

…Тэр нэгэн өдрөөс хойш аянчид Алмасын бяр тэнхээтэйг гайхан ,ээж хүү хоёрыг их л анхаарах болжээ.Тэд Алмасын муу гэр,бага сага эд хогшлыг нь тэргэндээ ачиж ,ээжийг нь хүндлэн мухлаг тэргэндээ суулган явах болов.Зав чөлөөндөө барилдацгаана.Энэ аянчдын ахлагч Хүдэрчулуу гэгч хүн нь сайн бөх бөгөөд ,нэг удаа өөр хошуу наадамд үлдхэд нь тэр хошууны ноён өөрийн бөхийг дийлэх шинжгүйг мэдээд Хүдэрчулууг албан хүчээр бууж өгүүлсэн аж.Гомдож хорссон Хүдэрчулуу :

-Үүнээс хойш энэ насандаа дахин барилдахгүй гэж тангараглан гэртээ харьж мужаан болжээ.Алмасын атганы хүч,хөлийн зогсолт ,бяр тэнхээг таньж мэдсэн Хүдэрчулуу түүнийг сайн бөх болгохыг хүсч ,сурсан эрдэм олсон туршлагаасаа зааж өгье !гэв. Алмас ийнхүү аянчид даган Үзэмчин хошуунд очиж ,төрж өссөн нутагаа өдөр бүхэн бодон санааширч ,хэл амтай хадам эхийн гар доорх номхон бэр мэт дуугүй амьдарч ,баян айлын аргал түлшийг түүж нэгэн оныг арайхан өнгөрөөжээ.

Нэг өдөр Хүдэрчулуу гаднаас их л баяртай ирээд Авга ван ,Шилийн голын чуулганы баярт арван хошууны их найр хийнэ гэж сонссоноо хэлж ,Алмаст тэр наадамд барилдахыг зөвлөв.Хүний нутагт танил талгүй болохоор барилдуулахгүй биз анх эхлээд Алмас цааргалсан боловч Хүдэрчулуу: -Дүү минь үүний төлөө санаа зовох хэрэггүй .Хоёулаа явая.Авга хошуунд манай нэг сайн танил байх ёстой гээд Алмасыг дагуулан явж Авгын нэг сумын занги Сандаг гэдэг айлд очив.Сандаг ч өөрөө барилдаж явсан ,морь бөхөд дуртай хүн тул туслахаар болов.Алмаст багтах том монгол гутал олдохгүй зовоож байтал ,нэгэн наймаачны гутлын зар сурталчилгааны тэмдэг болгон хийсэн том гутал харваас үнэхээр түүнд таархуйц ажээ.

Гэвч гутлын үнэ тэнгэрт хадам тул Алмас арга мухардана.Эцэст нь нэг бүтэн тэрэг болдог таван хунз цайг ганц удаагийн үүрэлтээр худалдааны хүрээнээс гарган пинд хүргэхээр хятад худалдаачинтай мөрийцөж ,мөрийгөө алдвал ээжийнхээ хүүдээ зориулж хураасан найман зоосыг өгөх ,мөрийгөө авбал тэр гутлыг үнэ өртөгггүй авахаар тохиролцжээ.Хүний санаанд багтамгүй тийм хэцүү мөрий тавьсан Алмасын хэрхэхийг үзхээр монгол ,хятад олон хүн цуглажээ.Алмас нэр төрөө бодож хамаг хүчээ шавхан таван хунз цайг хүнээс тусламж авалгүй үүрч ,улмаар нуруугаа шилгээн үүргээ засаад тал газрын зөөлөн хөрсөнд хоёр хуруу шигдтэл гишгэн найрын талбай чиглэн явсаар аваачих ёстой пингийн үүдэнд хүрч үүргээ тасхийтэл буулгасанд хулсан хунзтай цай чийгтэй газарт тохой хэртэй шигдэв.

  • Цугларсан олон Алмасыг шагшин магтаж баяр хүргэнэ.
  • Алмас ийнхүү өөрийн хүчээр гуталтай болжээ.
  • Хүсэн хүлээсэн наадам ч боллоо.
  • Хоёр талын бөхийн засуулууд :
  • Өлзийт үүлнээ ширвэн тоглогч
  • Эрээн лууны зулзага мэт шунгаж
  • Өндөр огторгуйд халин дүүлэгч
  • Хангарьд шувуу мэт дэвж
  • Өтгөн шугуйд хүрхрэн агч
  • Хүчит барс мэт харайлдан
  • Өндөр уулнаа хүрхрэн явагч
  • Цагаан арслан мэт үсрэлцэн гарагч
  • Алтан зодогт бөхчүүдээ
  • Ар араас нь тавия
  • Мөнгөн зодогт бөхчүүдээ
  • Мөр дараалан урилаа …гээд бөхчүүдээ тавив.

.Тэдний дунд олон оны утаанд үжирсэн хар ширэн зодог эгэлдэргэлсэн Алмасыг анхаарсан хүн ер үгүй .Гагцхүү наадмын хоёрдахь гуравдахь өдрөөс хүмүүсийг нүдэнд өртөж :Энэ өндөр хар яагаад наймд үлдчихэв ээ? гэж ноёд хувилгаадын зарим нь хилэгнэж ,зарим нь сонирхож байх хооронд Алмас, эхлээд нутгийн вангийн алдарт дөрвөн бөхийн нэгийг,шувтаргын бөхийн тоонд үлдсэн хойно бас нэг бөхийг нь, -Өндөр харыг бууж өг гээ ! хэмээн ван ноёны зарлигийг дамжуулах ёстой хүнийг ирэхээс өрсөн хавсран унагав.Хүрээлсэн олон: -Чармай ! Түрүү ав ! хашгиралдан Алмаст тал өгнө.Алмаст одоо удаа дараагийн чуулган найрт түрүүлсээр ирсэн Да вангийн гавьяат бөхтэй үзүүр түрүү булаалдах сүүлчийн барилдаан үлджээ.Энэ мөчид Сандаг занги амьсгаадан ирээд,Алмасын мөрнөөс атган : -Да ван их уурлаж бөхийн даамлын жинсийг бүр хасуулчихлаа.

Хүү минь бууж өгөхгүй бол ,миний зангийн зэрэг хасагдахаар үл барам,чиний амь бас үгүй болно, буугаад өгчих! гэв. Алмас нэг үе эргэлзэж ,нэг үе цухалдан байна.Энэ үеэр нэг хөл нүцгэн хүү амьсгаадан ирж, -Би …тэдний майханд…толгойгоо хийж үзэхэд …өнөө тарган бөх харин нэг …яргай шиг өргөстэй юм өмсөж байна гэв.Тэгтэл үзүүр түрүүнд барилдах бөхчүүдийг дуудав.Алмасыг майхнаас гарч ирэхэд малчид :

  • -Хичээ.Да вангийн бөх иртэй гутал өмссөн шиг байна.
  • -Хичээ. Тэр гайхал өргөстэй зодог өмссөн байдалтай байна гэх мэтийн нам дуун дөрвөн зүгээс сонсогдоно.Хүдэрчулуу Алмасыг барилдуулхаар гаргахдаа:

-Дүү минь хичээ,Амин газар чинь эсгэж шархдуулах вий хэмээн захив.Алмас дөхөж очоод ажваас,Да вангийн бөх тарган биендээ,зайгүй шигтгэсэн товруутай мөнгөн зодог өмсөж ,товруу нэг бүрийн төвөөс гурвалжин иртэй ган шүд арзайн харагдана.Тэр бөхийг нэг таших шиг болоход Алмасын шинэ булгиар гутал хутгаар зүссэн мэт зад тавив.Алмас баахан уурлаж гар нулмин урагшилж,түүний мөрөн дээрээс атган автал хар цuс дуслав.

Алмасын хор шар буцаллаа.Ван ноён өөрийн биеэр ирж , -Өндөр хар аа ,бууж өг ! гэж амь тэмцэн хашгирна.Зэвүүцэж дургүйцсэн олон Алмасыг дэмжин зоригжуулна.Алмас ч зориг орон Да вангийн бөхийг хий өргөж гурав эргүүлээд хавсарсанд өнөөх нь дөрвөн мөчөөрөө дээш харан сарвайн унав.Да ван Алмаст их бэлэг сэлт ,Да вангийн эрхт бөх гэсэн алтан үсэгтэй зангиа шагнасан боловч энэ бүхэн заль мэх ,цаанаа аюултай байж болох учраас тэр бэлэг сэлтээс татгалзан ,шөнө дөл болмогц эмээл хазаартай нэг морь олж унаад аюулаас зугтан монгол нутгийг зорилоо.

Хөх тэнгэрийн хормойноос үүрийн гэгээ тэмдэгрэх үед Алмас морины жолоог эргүүлж үүрийн туяаг угтан довтолгоно.Нүдэн бараа үл гүйцэм өргөн уудам тал нутаг нам жимхэн байгаа нь сая нярайлсан эх мэт намдуу дөлгөөн байлаа. Төгсөв

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button