Өгүүллэг

Азтай хүн Өгүүллэг 1-р хэсэг

Дондог өвгөнд энэ тухай хамгийн түрүүнд нахиу Болд ирж хэлжээ.Гадаа мод хөрөөдөж зогссоноо , Болдын ирж явааг хармагцаа -Энэ муу нахиуд дуулж мэдээгүй юм гэж байх биш,зориуд манайхыг чиглэдэг нь учиртай гэж бодоод гэртээ орон халуун зуухан дээр тунхуутай цайгаа тавих үеэр Болд уяан дээр буух нь дуулдав.Нэгэнтээ хоолой засан ёсорхосны дараа гэрийн хаалгаар багтаж ядан орж ирээд ,ус гүйсэн нүдээр түүнийг тогтоон ширтсэнээ:

  • -Мэнд амоор ! хэмээхүйд Дондог,
  • -Мэнд ээ гэж дурамжхан хариулаад гаансаа нэрэх зуур
  • -Бүүр царай алдчихсан явах чинь,
  • Юун ч амархан больдог юм билээ дээ! гэж бодож амжив.Халх ёсоор тамхилалцасныхаа дараа нутаг орны байдал,хол ойрын сонин зэргийг бие биенээсээ асуух төдий болсон боловч өөр өөрийнхөө бодолд автаад үг яриа сайн авцалдаж чадсангүй учир тэгсгээд тасрав.
  • Болд өвгөн шуухинаа хүрсэн мэт хэдэнтээ агаар татсаны татсаны дараа ам нээж:
  • -Нөгөөдүүлийг маань уржигдар цааш харуулаав гэлээ.
  • Аа тэгээ юу? гэж Дондог тайван асуугаад гаансандаа дахин тамхи нэрэхэд гар нь үл мэдэг чичирч тамхины хэдэн ширхэг шаргал үртэс өвөр дээр нь уналаа
    Хоёул хэсэг дуугүй суув.
    -Хаана юм бэ дээ гэж Дондог асуугаад хоолойныхоо зангирааг нуухын тулд бүгшүүлэн ханиалгав.
    -Түргэний булангийн хойхно…
    Гаанс нь гараас нь чимээтэй уналаа.

-Өө муу салгалсан гэж …гэж Дондог амандаа бувтнаад гаансаа авч соруулыг нь сугалдаргалсан дээлийнхээ ханцуйгаар нямбайлан арчих зуур бодлоо төвлөрүүлхийг оролдов. -Би өнөөдөр очоод ирлээ Манаа харуул гэж чанга байна .Бурхан үзэг ! Хэдэн ногоон малгайтан хавьтуулахгүй байна гэж Болд үргэлжлүүлэн өгүүлэхэд ханхар мөр нь чичирч дуу нь тасалдана. -За чи битгий уйлагнаад бай.Тавилан төөрөгөөс зайлах биш . -Сахил санваартай ,буяны мөр хөөсөн улс байсныг нь бодохоор өрөвдөөд байх юм хэмээн Болд биеэ барихыг оролдон хэлээд : -Очиж очиж тэр буруу номтны дэргэд таардаг ч юув дээ.Хүний ёсоор нутаглуулах сан даа, бурхан үзэг…

  • -Цаадуул чинь хэдүүлээ юм бэ ?
  • -Тав зургаан юм харагдсан шүү.
  • -Буудаж байна уу?
  • -Над руу арай ч буудаагүй,ер нь магадгүй л билээ.
  • -Мөөн,мөн..
  • -Тав, зургаан хүн… гэж Дондог амандаа дахин давтаад санаа алдчих дөхсөнөө биеэ барив.

Тээр жил ,хувьсгалаас өмнө айхавтар сахал үстэй,ноорч гүйцсэн навсархай хувцастай яр шарханд баригдсан эр оросын хил давж орж ирж билээ.Цөллөгөөс оргосон хүн гэж түүний тухай ярьдаг байв.Хэл шашин аливаа бүхнээрээ өөр тэр эрийг асарч тойлсон хүн байсан ч гэлээ ,ялангуяа лам нар ихээхэн сэжиглэн зэвүүцдэг байлаа.Нэг их удалгүй шархны халуунд өөд болоход нь,хаана нутаглуулах тухай ярьж, ярьж нэгэн нэртэй том ламын зааснаар Түргэний буланд тавьжээ.Түүнээс хойш Түргэний буланд айл амьтан нутаглахаа байгаад олон жил болжээ. Чөтгөртэй ч гэж ярьдаг байлаа.

Гэтэл Шигмүнийг сүсэлсэн санваартан нарыг очиж очиж тийм газар тавьж таардаг.Хойтох урдьдахыг нь бодлоо ч гэсэн тэндээс заавал холдуулах хэрэгтэй.Гэтэл буу зэвсэгтэй тав зургаан хүнийг яалтай билээ. Дондог ,Болд руу хяламхийв. -Энэ золиг нус нулимс болоод хань болохоосоо өнгөрчээ.Хүүхдүүд нь хийдэд хамт шавилж байгаад баригдаад явсанаас хойш бас л нэг юманд найдаад байсан юм болов уу даа.Дондог бол хэзээний шулуудчихсан билээ.

Ямар ч байсан хүүгийнхээ шарилыг өөр газар тавих хэрэгтэй! Тэгэхгүй бол энэ насандаа ч өнгөрч ,хойт насандаа амар заяа үзэхгүй! Ингэж бодоод Дондог гаансаа тавьж , -Би маргааш тийшээ очиё.Буудвал ч буудна биз гэж тод хэлэхэд Болд цочсондоо аягатай цайгаа алдчих шахан Дондог руу айсан нүдээр харлаа. Эхний хэсэг төгсөв

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button