Өгүүллэг

Азтай хүн Өгүүллэг 2-дугаар хэсэг

…Маргааш нь Дондог өглөө эртлэн гарч Онон өгссөөр,бага үдийн хэрд Түргэний буланд хүрч ирэв. Цэрэг ногоон майхны дэргэдээс утаа савсаж ,хэдэн хүн орж гаран байх нь хоолоо хийж буй бололтой. Дондогийг хармагц нэг нь залхуутайяа суниагаад мод түшүүлэн тавьсан буугаа авч хөндлөн бариад өөдөөс нь явав.Дуу хүрэлцэх газар ирсэн хойноо” ногоон малгайт”

  • -Зогс ! гэж хашгирхад нь Дондог зогслоо.
  • -Үлийгээ хийж энүүгээр яваад байгаа юм бэ? буц буц!
  • -Даргатай чинь уулзая.
  • -Дарга завгүй байна.Яв яв! Үүгээр хамаагүй явж болохгүй!
  • -Даргатай чинь уулзаж байж явна аа хө!
  • Дондог ингэж тайван хэлээд морио давирав.
  • Ногоон малгайт буугаа мөрөндөө авч :
  • -Зогс ,Буудлаа! гэж хашгирав.
  • Буудаж л байхгүй юу гэж !!гэж Дондог шүд зуун бодоод,мориныхоо амыг татсан ч үгүй.
  • -Буудлаа шүү!!
  • Замаг тачигнаж ,бууны ам харлан онгойно.

Хүүхдээрээ шахуу ногоон малгайтын дугуй бор царайд хөлс бурзайж ,нүд нь,айсан шинжтэй бүлтгэнэхэд гохон дээр тавьсан хуруу нь чичрэхийг Дондог бараг л зөнгөөрөө,мэдрэх шиг боллоо. -Хаана буудах бол? !… Залуу буугаа мөрлөсөн хэвээр,гэнэт дуугаа намсгаж : -Ах аа ,Та зогсчих л доо….Намайг дээр дээрээсээ загнаад байдаг юм шүү дээ. Би даргыг одоохон дуудчихая тэгэх үү? гэхэд хоолой нь чичирч байлаа.Дондог мориныхоо амыг татав.Залуу ум хумгүй эргэж майхан руугаа чавхадлаа. Дондог урсан гарсан хөлсөө ханцуйгаараа ар, хэдэнтээ урь амьсгаа авснаа мориноосоо буулаа.

Залуу нөгөөдүүл дээрээ очиж түүний зүг заан ямар нэг юм ярина.Удалгүй нэг нь босоод Дондог руу ирлээ.Өргөн шанаатай том эрүүтэй ,захан дээрээ ганц жижиг “Шоргоолж-“той дөч эргэм насны тэр эр ташаан дахь буун дээрээ тавьсан гараа авалгүй малгайны саравчин дороос гялалзах хүйтэн нүдээр ганзган дахь богцтой юмыг нь сэжиглэнгүй харснаа,Дондогийг нэвт шувт ширтэж :

-Та юу гээ вэ? гэж огцом асуулаа. -Амар байна уу хүү минь.Ах нь энэ нутгийн хүн.Миний алдар Дондог .Та нарыг ядарч болов уу гэж бодоод жаал зугаа юм авчирсан юм.Тогтоо хэмээн тайван хэлээд богцоо тайлж сарвайв. -Жаал зугаа юм гэнээ? гээд том эрүүт нэг гараараа богцыг задалснаа дотор нь байгаа галуун хүзүүт вааран лонхыг үзмэгц буцааж боогоод -Бидэнд ийм юмыг хориглодог юм шүү дээ…гэж эргэлзэнгүй өгүүлэхдээ нүд нь хорхойсон гялалзахыг ажсан Дондог : -Уул нь ч тийм .Гэхдээ эр хүний жаргал эзгүй хээр гэдэг дээ хэмээн дөгөөв.Том эрүүт яльгүй эргэлзснээ шийдэв бололтой : -Миний хойноос ! гээд түрүүлж алхлаа

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button