Өгүүллэг

“Тарнийн шидтэй үг” ( Богино өгүүллэг)

Ажил орой тараад, хаяа нэг нохой хуцах харанхуй гудмаар гэрлүүгээ товчилж явав. Саргүй шөнө байсан болохоор тас харанхуй дээр доор гишгэнэ. Согтуу хүн яваа юм болов уу гэсэн шиг зэргэлдээх айлын нохой боргож хуцна. Тээр харагдах гэрийнхээ цонхийг харан яарсан маягтай явж байлаа. Гэтэл хэсэг залуус, чанга дуугархана сонсогдов.

Яг л тэр байрлуугаа ордог гудамны үзүүрт байх нь тодорхой боллоо. Тойроод явав гэхээр товчилсон үр дүнгүй болчих гээд, аргагүй эрхэнд хажуугаар нь зөрөхөөр боллоо. Яг л 70 80 аад оны атамантай үе санаанд оров. Халамцсан олон залуусын ойрхоноо очтол. Нэг залуу ууж байсан пивоныхоо шилийг хажуу талын хатуу зүйл дээр тас цохин хагалж, намайг барах хүн байна уу ? гээд нөгөө хэддээ агсамнаж байлаа. Ойролцоогоор 5 6н залуус харагдлаа. Юу л болвол болог гээд яг тэр хэрүүл дээр нь очлоо. Уламжлал ёсоор нөгөө агсан тавьж байсан залуу өрөөсөн нүдээрээ харан,

  • -Чи хаанахын хүн бэ гэж асуув.
  • -Эндхийн хүн байна аа гэв.

Гэтэл нөгөө агсан тавьж байсан залуу надруу хагархай пивоныхоо шилийг барин, ална, бүлнэ гээд баахан сүржигнэв. Харин тэр дунд нэг нь ‘’Болио наадахаа явуул’’гэлээ. Нөгөө агсам нөхөр хүний үг дуулж байх шинж алга. Харин надаас хаа хүрч яваа юм чи гээд ууртай нь аргагүй асуулаа. Би:

  • -Ээжрүүгээ яарч явна аа

гэж хариултал. Араатан шинжтэй байсан согтуу залуу, “Ээж минь байсан бол” гээд асгартал уйлж билээ. Хэсэг уйлаад сэтгэл нь тайвширч намайг тэвэрч аваад, “Ээж дээрээ эртхэн ордоо” гэхэд завсаргүй тавьсан олон чонын хавхнаас эсэн мэнд гарах шиг санагдав. Тэрхэн үед, “Ээж” гэдэг үг тарнийн үгнээс илүүтэй шидтэй үг гэдгийг ойлгосондоо.

( Богино өгүүллэг) П. Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button