Өгүүллэг

Бурханы бэлэг

Гудамжныхаа үзүүрт ирлээ. Гэрээс утаа гарсангүй бас л хүн алга. Өнөөдөр уг нь эрт тараад намайг ирэхэд гэртээ байна гэж амласан худлаа байж. Өглөө гарахад цас хялмаалан орж байсан хүний мөр алга. Үүдэндээ ирэхэд том цагаан цоож хаалганд зүүгдээстэй. Түлхүүрээ өнөөх газраасаа авч онгойлгон ороход жиндүүхэн бор гэр минь. Өдөр бүр л энэ байдал давтагдана. Хувцсаа солиод ус буцалгагчиндаа ус хийж орхиод галаа түлэхээр суулаа. Хуурай мод байхгүй яаж асаана аа. Нүүрс тал шуудай байдаг. Аав хэзээ ирэх юм болоо. Ямар ч байсан галаа асаалаа. Хөргөгчнөөсөө махаа гаргаад ногоо арилгахаар эргэнэгээ онгойлгоход тал байцай уутны ёроолд хэдэн төмс харагдана. Өнөөдөр чинь 20 билүү аавын цалин удахгүй буух нь дээ.

Аав минь дүрлэгэр алаг нүдтэй өндөр бор царайтай жирийн л нэг гүндүүхэн монгол эр хүн. Намайг бусдаас дутаачих вий гэсэндээ энэ л амьдралыг ганцаар нуруун дээрээ үүрч яваа хүн дээ. Өглөө 4 цагт намайг духан дээр минь үнэрлэчихээд гараад явна. Үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл гудамжны цас шүүрдэж замын хаялага, байрны гадуурх хог тамхины иш цэвэрлэж орой доод дэлгүүрээс 2 талх аа барин маажигнан алхаж ирнэ. Энэ амьдралд би ээжийгээ мэдэхгүй ээ. Ээждээ эрхэлж байгаа хүүхдүүдийг хараад атаархдаг ч аав минь намайг хэнээс ч дутуугүй хайрлаж байгаа учир гомдоллох эрх надад байхгүй. Гал дээрээс хоолоо гарган хүлээсээр хөрөхөөр нь дахин халааж байн байн хаалга онгойлгон аавыгаа харсаар цаг нэлээн орой боллоо.

  • Яасан юм болоо? өдийд ирчихдэг дээ. Цаг 00:35 минут. Зурагтын суваг солиход ихэнх нь дуусчихаж. Утас руу нь залгалаа… холбогдох боломжгүй.
    Хажуу айл нэлээн том биетэй цагаан өнгөтэй нохойтой. Тэр уяагаа тасдах шахам хуцаж байвал аав ирж байна гэсэн үг. Гадаа хөлийн чимээ гарч хашааны хаалга аа түгжив. Би орноосоо босож хоолоо гал дээр тавиад цай аягаллаа. Үүдэнд гутлынхаа цасыг шүүрдэж нэлээн зогсов.
  • Өө миний охин унтаагүй байсан юм уу? аав нь 2 шуудай нүүрс мод авчирлаа гэсээр хувцсаа тайлж гарав.
  • Май та цай уу.
  • Аав нь хоол идэхгүй ээ миний охин эртхэн унтаж амар унтахдаа гэрлээ өөрөө унтраачихъя гээд зуухны өмнө доош харан суулаа.

Намайг мэдээ орсон цагаас эхлэн аав минь энэ гэрийн босгыг нэг ч удаа согтуу давж үзээгүй. Гэтэл өнөөдөр архи үнэртүүлчихэж. Би хөнжлийнхөө завсараар шагайвал доошоо харан нулимсаа арчиж харагдав. Амьдралд цөхөрч байгаа юм болов уу даа . Сайхан муухай , баяр жаргалаа хуваалцах хүнгүй ганц миний төлөө халуунд халж хүйтэнд хөрч явсаар энэ насаа элээх нь дээ. …Ангийнхан манай аавыг хот тохижуулахад ажилладаг гэдгийг хэн нь ч мэдэхгүй. Тийм ч учраас сургууль дээр ирдэггүй. Би л хувьдаа ичихгүй ээ. Хотын соёл цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлж өгч байгаа алтан гарт ааваасаа юунаас ичих билээ. Хичээлээ тараад харьж явахдаа аавыгаа харлаа. Гэрээсээ гарахдаа миний охин даарч байна уу? гээд хөнжилөө миний дээрээс тавиад галаа түлчихээд явдаг.

Аав нь даардаггүй юмаа малгай ч өмсөх хэрэггүй халууцаад байдаг юм. Ганц цамц байхад болноо өдрийн цагаар сууж амардаг өглөө орой л бага зэрэг ажилтай гэж хэлдэг нь худал байж. Харахад нэлээн даардаг бололтой малгайн дээрээсээ цамцны малгайгаа давхарлаж өмссөн байна бас ноосон бээлий ороолт.Гэрээс гарахдаа яагаад өмсдөггүй юм болоо? намайг санаа нь зовчихно гэж боддог байх л даа хөөрхий. Орой бүр л гутлаа зуухны дор ээн тавьдаг. Хааяа би гутал руу нь гараа хийж үзэхэд доод хэсэгтээ норсон байдаг. Их л даардаг байхдаа. Өнөөдөр миний төрсөн өдөр. Гэхдээ энэ баяр аавын минь ч баяр. Гар нь их даардаг юм чинь савхин бээлий авч өгье гэж бодоод цуглуулсан хэдэн бутархай мөнгөө шкафан дээрх хайрцагнаас авах гэж байгаад нэгэн боодолтой бичиг баримт унагаачихав.

Нэлээн нандин зүйл бололтой боосонг нь харвал. Нээн үзвэл бурхан минь хүүхэд үрчлүүлсэн бичиг. Нэр нь минийх. Үгүй байлгүй дээ хэмээн нулимс хацар даган урслаа. Энэ олон жил яагаад яагаад гэсээр шалан дээр сөхрөн суув.

  • Аав нь ирлээ. Охиндоо торт гэж цааш хэлж амжаагүй байтал намайг хараад миний өмнө ирэн яав яасан бэ? гэж их л санаа зовон асуулаа. Миний гаран дахь бичгийг харан юу ч дуугарсангүй.
  • Би гологдмол юм байна хаягдмал та яах гэж намайг өргөж авсан юм. Хэрвээ өргөж аваагүй байсан бол муу ч гэсэн төрсөн эцэг эхтэйгээ амьдарч байх байсан юм гэж хэлээд хувцсаа өмсөн гарч гүйлээ. Хэчнээн ч хол явсан юм бүү мэд. Нэг мэдэхэд эзэнгүй айлын байшинд орж суулаа.
    Тэнд олон ч зүйлийг бодлоо. Аав минь надад миний хүүхэд биш гэж хандаж байсан билүү? юмаар дутааж үзсэн үү? нэг өдөр ч үнсэлгүй явсан билүү? айлгаж зодож элдэвээр хэлж хоосон хонуулж үзсэн үү? үгүй дээ.

Харин ч хүний дээдээр хайрлаж хөлд ороход минь баярлаж нулимс унагаж байсанг нь санаж байна. Аав аа гэж хэлэх бүрт минь нүдэнд нь баяр гийж байсанг санаж байна. Сургуульд ороход өмсдөг гуталнаасаа үнэтэй цүнх авч өгсөнг нь санаж байна. Тиймээ миний нулимс харууслын нулимсаар солигдов. Эргээд очиход намайг юу гэх бол явдаа гэвэл би орхиод явж чадах билүү? гэлдэрсээр гэртээ очлоо. Яндангаар утаа гарч байна гэрэл асаалттай. Намайг ороход аав буруу харан сууж байв. Ширээн дээр бялуу дээр нь 14ын тоотой лаа бас дүүрэн амттан байлаа.

Тийм ээ аавыгаа уучилаарай. Өнөөдөр би чамайг өргөж аваагүй бол чи төрсөн ээжтэйгээ үүнээс ч илүү амьдралаар амьдрах байсан байх. Гэхдээ охин минь ээж чинь чамайг тэжээж чадахгүй гээд төмөр замын вагзол дээр надад тэврүүлээд өөрөө хил гарч ажил хийхээр явсан. Голсондоо биш шүү илүү сайн сайхан амьдралыг бүтээхээр л явсан байх. Тэгээд л би өвдөх эрхгүй том хариуцлага хүлээн чамайг авчирсан юм даа. Хүнээр хүн хийх хэцүү. Гэхдээ би нэг ч удаа шантраагүй юм шүү.

Тэр цагаас хойш хэдийнээ 14 жил болжээ. Энэ гэрт чи байхгүй бол би ямар ч зорилгоггүй ирээдүйгүй гэр минь сэтгэл минь хоосон хөндий байх байсан. Бид 2 бие биенээ олж төрсөн хүмүүс охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Алив аав нь үнсье гээд 2 гараа сунгалаа. Би ч өмнө нь очин сөгдөн аав аа уучилаарай та бол бурханаас надад илгээсэн хамгийн том бэлэг хэмээн хэлэв. Тийм ээ энэ хүн бол миний жинхэнэ аав…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button