Өгүүллэг

3р палатын найз Өгүүллэг

Эхнэр маань жирэмсний хяналтанд орох гээд хоёул “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” -ийг зорилоо. Анхных болохоор туршлагагүйтэж хүлээн авахаар орж оочир, дугаар, жирэмсний тасаг асуутал буруу талаар орсон,төрөх тасагтай хамт гаднаасаа өөр хаалгаар орохыг мэдэж аваад гарж явтал гэнэт нүдний үзүүрт танил дүр зураг үзэгдэж “анхны хайраа” харах шиг болов. Харах шиг гэж, харсан юм. Тэр маань өнөөх л багын дүрээрээ нүдэнд минь бууж , сэтгэлд минь хурж би гэдэг хүн сандрах шиг магадгүй цочрох шиг болов. Гэвч намайг таньсангүй эмнэлэгийн коридоороор чигээрээ яваад өнгөрлөө. Эсвэл бүр хараа ч үгүй , магадгүй намайг танихыг ч хүсээгүй байх. Ингэж би олон таамаг дэвшүүлсээр өнөөдрийг хүртэл бараг мартаж байсан дурсамж минь сэргэж, зүрх булиглан сэтгэл сэмрэх шиг…

Одоогоос хориод жилийн өмнө хүүхэд байхдаа бөөрний өвчнөөр хүнд өвдөж эх нялхасын эмнэлэгт Доторын-2 тасагт удаан хугацаагаар хэвтэж билээ. Анх бүсэлхийгээ нимгэн алчуураар баадагнасан, цонхийсон юм ээжтэйгээ хамт ирж 9 палатанд хэвтэж байснаа бодвол долоо хоноод л тэнхэрч сахиургүй боллоо шүү. Угаас эрэгтэй хүүхдийн сахилгагүй зангаар юун тэр хэвтрийн дэглэм барих, өрөөндөө ч удаан тогтож чадахгүй эмнэлэг дотор хэсч, энэ тэрийг ажигласаар өдөр хоногийг арай ядан өнгөрөөсөөр…

Өнөөдөр 6 сарын 13. Оройн хоолоо очиж авахаар аягаа барин коридоороор дуртай дургүй гиеүрэн алхаж байваа. Амталтын өдөр болохоор цагаан хоолтой, дээр нь ээж аавыгаа ажилтай байгааг мэдэх учраас угаас их иддэг би гэдэг хүн өнөөдөр хэцүүхэн байх нь гэж олон юм бодсоор алхаж явлаа. Яг энэ үед хоол тараадаг өрөөний хажуу талын 3-р палатнаас “бор шаргал үсээ 2 сүлжсэн, цулгай хүрэвтэр өнгийн даашинз, урт цагаан түрийтэй оймс, хар зөөлөн шаахайтай, том цэнхэр нүдтэй охин гараад ирэв. Түүнийг харангуутаа л би “арваад хонохдоо яагаад хараагүй байдаг билээ? , өнөөдөр хэвтсэн юм боловуу? бас ямар гоё яг л хүүхэлдэйнийх шиг том цэнхэр нүдтэй юм бэ? хэмээн бодол болон зог тусахад өнөөх охин гарах хаалгыг чиглэн зөрж өнгөрлөө.

Хоолоо авч өрөөндөө орж ирэв. Яагаад ч юм нэг л дотно бас нууцлагдмал санагдсан нь өөртэй минь үе тэнгийн, бас хөөрхөн даруухан тэр охин надад энэ эмнээлэгт хань болох мэт сагадаж байсан нь яг л өчигдөр болоод өнгөрсөн мэт одоо ч тодхон… Нээрээ сонин юм шүү. Бодож бодож унтсан болохоор ч тэрүү өнөөх охиныг, тэр дундаа түүний үзэсгэлэнтэй нүдийг тод гэгч нь зүүдэлсэн нь сонин ч юм шиг гайхмаар ч юм шиг нэг л сайхан.

Орой бүр сувилагчийн өвчин эмгэгийн талаар, эм уух заавар, гам барих талаар хийдэг яриандаа суухаар амралтын өрөөрүү ортол нөгөө охин цаашаа цонхруу хараад зогсож байдаг байгаа. Гэхдээ гуталтайгаа байгааг нь хараад гайхав. Бид уг нь өрөөний үүдэнд тавчикаа тайлаад хивсэн дээгүүр оймстойгоо сууцгаадаг юм. Аан аягүй бол цагаан оймсоо муухай болгохгүй гэж байгаа юм байхдаа? Хмм, хүн орж ирээд, хоолойгоо засч байхад тоох ч үгүй зогссон хэвээр байдаг шүү, их зантай маягтай охин бэ?

Заза энэ охин ч яахав, хурдхан эмнэлэгээс гарах юмсан. Байрныхаа хүүхдүүдтэй грашин дээрээс үсэрч, байлдаж тоглоод, гялгар уутанд ус дүүргэж тагтан дээрээс шидэж тоглохсон… Зуны амралт ч гоё шүү, гэтэл би гэдэг хүн эмнэлэгт байдаг гэж бодожээ суутал нөгөөх чинь цааш харсан хэвээр “Өнөөдөр яриа хийхгүй байхаа, сувилагч нар нэгдсэн хуралтай” гэж ам нээх нь тэр. Хөөх ямар ч шингэн, яасан ч содон, сайхан хоолойтой юм бэ?

Ингэж л бид анх яриа өрнүүлж, танилцсан юмдаа. Түүнийг Тунгалаг гэдэг аж. Их даруухан, үг дуу цөөтэй, эхэндээ тийм ч нээлттэй биш байлаа. Бид хааяа амралтын өрөөнд таараад ярилцаж, өмнөхөөсөө улам дотно болж, найзууд болсон нь үнэхээр сайхан хэрэг , бас байнга уйдаж байдаг надад түүнтэй уулзах нь маш том хүслэн болсон юм.

Хэвтээд олон хонож байгаа, дээс резин их тоглоод бөөр нь өвддөг болсон, ном унших, зураг зурах дуртай гээд түүний талаар би олон мэдээлэлтэй болж бид сансар огторгуй, уран зохиол гээд бүхий л зүйлсийн талаар ярилцана. Би ч ямар шинжлэх ухаан, уран зохиолын талаар мэдэх биш, хичээлээ ч сайн ойлгодоггүй нөхөр болохоор ихэнхдээ Тунгаа ярьж би сонсоно. Харин нохой зодоон, усан цэрэг, үзсэн киноныхоо талаар үйлдлээр үзүүлэн, нүдэнд нь харагдтал ярьж бүлтэрч өгнө. Миний ярьж байгаа чдээ, түүнийг л уйдаахгүй бас хамтдаа байх гэсэндээ элдвийн л юм хамж шимж ярихад минь хааяа нэг инээмсэглэх нь хамагаас хөөрхөн.

Бид бие биенээ маш сайн ойлголцдог боллоо. Заримдаа амралтын өрөөнд шөнө уулзаж юм ярьж суухад хааяа тэр минь нулимс унагана. Түүнд маш их гомдол, цөхрөл нуугдаж их гунигтай байдагийг мэдэрдэг ч тэр энэ талаар эрс үгүйсгэн огтхон ч ярихыг хүсдэггүй байсан нь намайг улам ихээр татаж, хүүхдийн гэнэн шохоорхлоор түүнд илүү ихээр тэмүүлж байх шиг… Гэхдээ бид энгийн сайн найзууд, бас хязгаарыг давж болохгүй гэдэгийг би сайн мэднэ. Учир нь Тунгаа зөвшөөрдөггүй, хаалт тавьдаг. Өөрт нь сайн болж болохгүй, бид тохирохгүй гээд л энэ хоёр өгүүлбэрийг хааяа анхааруулж хэлнэ. Гэхдээ би энэ бүгдийг огт тоолгүй түүнтэй зүгээр л дотно байж, эмнэлэгийн урт өдрүүдийг их л сайхнаар өнгөрөөдөг байсан.

Уг нь өсвөр насны хүүхдүүд үерхэж нөхөрлөхөд юу нь буруу байх вэ?, эмнэлэгээс гараад түүнтэйгээ хамт мөхөөлдөс идээд паркаар зугаална, төрсөн өдрөөр нь дуртай уран зохиолын номыг нь бэлэглэнэ, бас найзуудтайгаа танилцуулж гайхуулна гээд л олон зүйлийг бодож төлөвлөсөөр… Бас эмээ сайн ууж,өрөөнийхөө сахиур эгч нарт ойр зуурын юмыг нь дөхүүлж өгч, ээжээс ном нэхэн байж авчруулан уншиж, түүнд таалагдах гэж би хэрэндээ л хичээж байлаа. Цаг товлож амралтын өрөөнд уулзах үедээ түүнд шинэ ном уншсан тухайгаа ярьж, бас үйл явдлынх талаар түүний саналыг сонсож, бид сонирхол нэгтэй болов. Гэхдээ тэр хааяа нилээн хоцорно. Хоцорч ирэхдээ өнгө нь өөр ч загвар нь ижил дэрэвгэр хормойтой даашинз өмсөж ирнэ.

Гаднаа өөрөөсөө түлхдэг ч надад хөөрхөн харагдах гэж хичээсээр хоцордог юм байхдаа гэж дотроо инээд алдан байж түүнийгээ хүлээдэгсэн. Ээлжит уулзалтан дээр бас л хоцорч байна. Уг нь маргааш эмнэлэгээс гарах болсноо, дараа нь уулзаж байж болох эсэхийг асуух гэж, бас хамт байх гэж дэндүү их яарч байгаа юмсан. Ямар их догдлолоор түүнд өөрийн гараар 17 удаа ноороглон байж бичсэн захиа, ээжид захиж авчруулсан “Тайлагдашгүй нууц” номоо өгөх гээд хүлээж байгааг минь төсөөлөө ч үгүй байгаадаа, магадгүй бас л даашинзаа солиод хөөрхөн болж орж ирэх гээд удаж байгаа байх… Хичнээн удаан хүлээсэн юм бүү мэд нилээн орой болжээ, өнөөдөр тэр ирсэнгүй.

Түүнийг бодоод, ирээгүйд нь гомдон эргэж хөрвөөсөөр унтаж ч чадсангүй өглөө болж эмнэлэгээс гарах боллоо. Эрт юмаа бэлдчихээд амралтын өрөөндөө захиа, ном хоёроо барин түүнийгээ хүлээгээд л байлаа. Бас л ирсэнгүй. Ээж аав хоёр маань хурдал, юугаа хүлээсэн юм явъя гэж яаруулсаар тэсэлгүй өөрөө очихоор шийдэн 3 палатны хаалгыг зөөлөн тогшоод ортол голдоо цонхтой өрөөнд хоёр ор, хоёр шүүгээ байх агаад нялх хүүхэдтэй нэг эгч, бас нэгэн бага насны эрэгтэй хүүхэд байх нь тэр.

Айн??? надад хэлэлгүйгээр эмнэлэгээс гарчихсан хэрэг үү? гэж гомдож бараг уйлах шахаж Тунгалаг гарчихсан юмуу? гэж асуутал нөгөө эгч: “Миний дүү тасаг андуурсан байхаа, эгч нь сар гаран хүүхдээ сахиад хэвтэж байгаа, тийм охин энэ өрөөнд байхгүй ээ гэж хэлэхэд бүр ихээр гомдож хаалгыг нь хүчтэй хаагаад гүйж гарлаа. Яасан өөдгүй юм бэ? Энэ эгчид тэгж хэлээрэй гээд хуувилдчихаад гарсан юм байхдаа гэж бодоод хар хурдаараа сувилагчийн поструу гүйж түүнийг асуутал “Манай тасагт тийм хүүхэд байхгүй ээ миний дүү” гэж хэлэхэд бараг чих шуугиж толгой эргэсэн…

Энэ тасагийн бүх өвчтөний мэдээлэл, тарианы хуудас, эм уусан, эмчийн эмчилгээ бичсэн гээд бүх дэвтэрийг нэг нэгэнгүй шалгасан ч түүний нэрийг би олоогүй. Үгүй ээ, би юу ч ойлгохгүй байна. Яг энэ үед ахлах сувилагч эгч ирж миний учрыг ойлгосон бололтой, мөрөн дээр минь гараа тавиад надад нэг л зүйлийг хэлсэн юм. “ЧИНИЙ ХАЙГААД БАЙГАА НАЙЗ, ТУНГАЛАГ ОХИН ЦАГ ХУГАЦААНЫ ГАЖУУДАЛ, МИНИЙ ДҮҮ ОДОО ЯВ” Харин яг тэр үед түүний үзэсгэлэнтэй том цэнхэр нүд намайг хаа нэгтэйгээс харж байх шиг…

Өлзийбаярын Болор-Эрдэнэ 2016.04.16

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button