Өгүүллэг

Юм гэж сонин шүү (Өгүүллэг)

Бид хорин таван жилийн хугацаанд гурав дахь удаагаа энэ ширээний хоёр талд суун ярилцаж байна. Ширээ сандал, гал тогооны тавилга, ханын будаг, гэрлийн бүрхүүл, хөргөгч, цонхны тавцан дээр тавьсан цэцгийн савнууд бүгд огт өөрчлөгдөөгүй нь сонин. “Цонхны тавцангууд дээр маш олон савтай цэцгүүдтэй. Цэцгүүдийг бүгдийг нь орос будгийн лаазанд тарьсан байсан. Зах зээлийн нийгэмд айл бүхэн л гэр орныхоо тохижилтод анхаардаг болсон цаг. Ядаж будгийн лаазаа үйлдвэрийн цэцгийн саваар сольж болноо доо” гэж бодов.

Эхнийх нь хорин таван жилийн өмнө Ариун намайг айлд бэр орсны дараахан манайд ирэхэд нь нутаг усныхандаа найз нөхөддөө яриасай гэсэндээ хадам ээж, нөхөр хоёроо хэт магтан түүнийг алмайруулсан ярилцлага байсан юм. Харин энэ гэрт хоёр дахь удаагаа Ариунтай энэ ширээний цаана наан суун ярилцсан нь миний нулимсыг барсан ярилцлага болж өнгөрсөн. Би хөдөөнөөс оюутан болж ирсний намраа мухар олгойн хагалгаа хийлгэн эмнэлэгт хэвтэж байхдаа эмчлэгч эмчдээ ухаангүй дурлан эмнэлгээс гараад сар гаруй болоод л оюутны байрнаас хувцас хунараа аваад гэрт нь очоод амьдарчихсан юм. Нөхөр болох хүн маань ээжтэйгээ ганцаараа хотын төвд хоёр өрөө байранд амьдардаг байв.

Тэр минь илүү дутуу зангүй дажгүй залуу. Бид хоёр бие биедээ хайртай. Ээж нь надад тийм ч муу байгаагүй. Би оюутны дөрвөн жилийн хугацаанд үнэхээр аз жаргалтай байсан. Юунд ч санаа зовох зүйлгүй. Харин манай аав ээж хоёр анх суухад ихэд дургүйцэж “Яасан бодлогогүй юм. Сайн муугий нь таниа ч үгүй байж яарч сандран гэрт нь очиж амьдраад, хэт түргэдсэн байна” гэж үглэдэг байлаа. Харин оюутан найз нар, дээд сургуулийн ангийнхан “азтай юмаа чи, байртай ажилтай эмч хүнтэй гэр болчихдог “гэдэг байв. Би тэгэх бүрт нь тэднийг ийм нөхөртэй болох юмсан гэдэг мөрөөдөлд умбатал нь нөхөр хадам ээжийгээ магтан ярьдаг, тэдний харцнаас атаархаж буй нь илтэд харагддагсан.

Нөхөрт маань эмчлүүлж байсан хүмүүс нь үзвэрийн тасалбар амралтын эрх их өгнө. Хадам ээж гэдэг тогоочтой, нөхөр бид хоёр үзвэр үйлчилгээ амралт зугаалганд их явдаг байлаа. Энэ бүгдийгээ ангийнхан, найз оюутнууддаа ёс юм шиг нэгд нэгэнгүй тайлагнана. Тэдний атаархлын харц, дүр төрхийг харж сэтгэлээ баясгана. Би” Энэ аз жаргалтай амьдрал минь хэдий хүртэл үргэлжлэх болоо. Түр зуурынх байвал яанаа” гэж хэзээ ч бодож байгаагүй. Намайг анх нөхөртэйгөө суухад хамгийн их эсэргүүцсэн хүн бол миний багын найз Ариун.

Бид нэг жил хөдөөнөөс хотод оюутан болж ирсэн юм. Хотод ирсэн цагаас хойш бид хоёр хөдөө байснаасаа илүү дотносон хаа ч хамтдаа хэлхээтэй юм шиг л явдаг байв. Гэхдээ түүнийг оюутны дөрвөн жилд ганцхан удаа л гэртээ авчирсан. Би хөдөө аж ахуйн тэр анагаахын дээдийн оюутан. Намайг анх нөхөртэйгөө суухад тэр надад “Чи хотын хүнтэй сууж болохгүй. Тэгээд ч арай эрт хүнтэй сууж байна. Ядаж хорь гараад хүнтэй суугаач” гэх. Бас нөхрийг маань харчихаад “Яасан хүйтэн царайтай хүн бэ? Бас чамаас их хөгшин харагдаж байна” гээд л зөндөө олон болохгүйг хэлсэн ч хайрынхаа баланд согтчихсон би яаж үгийг нь сонсох билээ нэг чихээрээ оруулаад л нөгөө чихээрээ гаргачихсан.

Харин дээд сургууль төгсөх жилийн хавар, хорин наймхан хоног хөдөө дадлага хийж ирээд гэрийнхээ хаалгыг тогшиход Ариун тайлж өгөв. Дуу алдан мэндлэхэд минь дуугарсангүй. Би мэндлээд хажуугаар нь зөрөн орохдоо “ Хадам ээж өвдчихөөд Ариун ирж гал тогоонд туслаж байгаа юм байх даа” гэж бодон гутлаа тайлаад эргэхдээ түүний хөлийн хажууд намрын ажилд авч явдаг улаан авдар минь байхыг олж хараад “Энэ юу вэ?” гэхэд “Болд чамайг ирэхээр энийг нь өгөөд явуулаарай” гэсэн гэж сулхан дуугарав. Би юу ч ойлгоогүй.

Гэрийн эзэгтэй шиг хувцас хунараа тайлж, нүүр гараа угаан гал тогооны өрөөнд ороход Ариун ширээний ард миний суудаг талд суугаад “Ээжээ, ээжээ “гэж хашгирахад хадам ээж өрөөнөөсөө гарч ирэв. Би бас л юу ч ойлгоогүй. Ариуны эсрэг талд зочны суудалд суухад минь хадам ээж ширээн доороос сандал татан бидний хажууд суун хэдэн хором чимээгүй байснаа хоолой засан над руу хараад“ Миний охин тайван байгаарай. Та хоёрын байр солигдож, Ариун манай бэр болсон. Чи л мэдэхгүй байсан болохоос би эртнээс ажиглаад л байсан…” гэж хэлэнгүүт миний дотор муухайрч биеэнд минь ямар ч шингэн байхгүй мэт мэдрэмж төрж өөрийн мэдрэлгүй ухаан алдан унасан юм.

Хэдэн өдөр хадам ээжийн өрөөнд нөхрөөрөө тариа хийлгэн хадмаараа асруулаад хөл дээрээ боссон. Нөхөр надаас харцаа нуун юу ч дуугарахгүй , бид хоёр бичгээр харьцаж байлаа. Би бүр гайхаад барахгүй байв. “Хорин найм хоног тийм их хугацаа гэж үү?” гэж өөрөө өөрөөсөө асууж хэвтэв. Бас биеэ гайгүй болонгуут шөнөжин өдөржин уйлж байлаа. “Удахгүй төгсөнө. Эндээс гараад хаашаа явах вэ? төгстлөө оюутны байранд амьдрана гэхээр санаанд багтахгүй нь. Төгсөх анги тул олон хоног хичээл таслаж болохгүй, хичээлдээ явъя гэхээр амьдрах газраа шийдээгүй. Яагаад ийм гэнэтийн юм болчихов доо” гээд л элдвийн юм бодож манарч өдөр сараа ч анзаарах сөхөөгүй байж байтал дадлагаас ирээд найм хоночихсон байв.

Найм хоносны өглөө эрт хадам ээж миний өмнө аягатай цай авчирч тавиад хэллээ. “Би ийм юм болно гэж зүүдлээгүй ээ. Ариунд би дуртай ч биш. Би хүүдээ эхнэр сонгох эрхгүй. Сонгосон сонголтыг нь хүндлэх ёстой. Тэгээд ч Ариун та хоёр хар багаасаа л бие биенээ мэдэх хүмүүс болохоор энэ явдлын буруутан нь чи. Чи л Ариунд нөхрөө эс бол нөхөртөө Ариуныг танилцуулсан . Тиймээс чи өөрийн бурууг хүлээн энэ гэрээс чимээ шуугиан гаргаж хөршүүдэд мэдэгдэлгүйгээр явах хэрэгтэй ” гэв. Хадам ээжийн үгийг бодсон чинь оргүй ч биш юм шиг. Гэхдээ нөхөр маань дуугүй ч надад гоё гоё үг хэлдэг байсныг бодохоор нөхрийгөө түр зуур ховсдуулчихсан юм биш байгаа даа гэж бодов. “Энэ өрөөнд Болдтой уулзмаар байна “гэхэд минь “Хүү хөдөө явсан.

Хэд хоног ирэхгүй гэсэн” гэлээ. Надад энэ бүгд худлаа юм шиг санагдаад ер болохгүй байв. Энэ гэрээс явмааргүй санагдана. Би босоод хадам ээжийнхээ өмнө өвдөглөж суугаад “Болд нэгэнт сэтгэлээ хувиргасан бол би эндээс явнаа. Харин төгстлөө таны өрөөнд амьдаръя. Та зөвшөөрөөч” гэв. Энэ үед хадмын өрөөний хаалганы цаанаас Ариун сонсож байсан бололтой гэнэт ороод ирэв. “Болд ажлаар хөдөө явсан. Сар гаруй болоод ирнэ. Чиний биеийг сайн болсон, өнөөдөр явуулаарай гэсэн. Би чиний юмыг бэлдээд бүгдийг нь улаан авдарт чинь хийчихсэн. Бас дадлагаар авч явсан чемодантай юм чинь үүдэнд тависан хэвээрээ байгаа. Хамтад нь аваад яваарай” гэхэд нь би “Явахгүй, чи бол хүний үнэргүй новш” гэж хэлээд удтал хэрэлдсэн юм. Чи би, чоно нохой гэж хэлэх хэлэхгүй үгээр дуудан бие биенийхээ ээж аав элгэн садан ойр тойрныхоо хүмүүсийн муу муухайг хадам ээжид хэрүүлээр тайлагначихав.

Хадам ээж гэж залуудаа ноёны ноомой зарц байсан хүн шиг хүлцэнгүй сонин хүн. Биднийг хэрэлдэж байхад “Аяар гэм… яасан чанга хэрэлддэг юм…аяар гэм” гэхээс өөр юу ч хэлэхгүй. Бас хэнийх нь ч талд орохгүй. Одоо бодоод байхад залуу насных нь туулж өнгөрүүлсэн амьдрал нь тийм болгосон байх гэж бодогдоод байдаг юм. Хүүгээ ч гэсэн нэгэнт сонгосон амьдралаа үрэн таран хийлээ. Ингэж болохгүй. Хорин хэдхэн насандаа хоёр дахь амьдралаа зохионо гэдэг байж болохгүй зүйл гээд янз бүрийн сургамж хэлэн загнаж болиулж болно доо. Тэгэхэд төвийг сахиад ганц нэг үг ган хийгээд л болоо. Явж, ирж байгаа аль алинд нь тал алдахгүй байж билээ. Би нөхрөөсөө илүү Ариунд гомдож байсан болохоор Болд байхгүй, хадам ээж юм хэлэхгүйг далимдуулж , хэлэх бүх үгээ хэлээд түүнийг хөөсөн юм. Бие минь тэнхэрчихсэн байсныг хэлэх үү? хадмын өрөөнөөс чирээд үүдэнд очиход баруун өрөөний хаалга тор хийн онгойж хөдөө явсан нөхөр гараад ирж билээ.

Ариуныг татаж аваад гарч ирсэн өрөө рүүгээ “орж бай” гэсэн. Тэгээд бид хоёр гал тогооны өрөөнд сууж ярилцсан юм. Би “Чи даанч дээ… гээд уйлаад л … гуйгаад … учирлаад… “ингэсээр байгаад үд болоход нөхөр ажилдаа явж, зөрөөд Ариун орж ирэн нөхрийн сууж байсан сандал дээр суув. Би бас зөндөө уйлж гуйж ярьсан. Орой бүрий болоход би чемодан авдар хоёроо аваад тэдний гэрээс гарсан юм. Гэвч хаашаа очихоо мэдэхгүй бас Болдыг ирэхээр уулзчих санаатай орцны үүдэнд хүлээн суусан. Тэр байранд дөрвөн жил амьдарсан болохоор ихэнх суугчдыг танина. Зарим нь “яав, ийв” гээд хүрч ирээд хэсэг хамт сууна, хүүхдүүд урдуур хойгуур гүйж, хадмын найз эгч нар орж гарахдаа шивэр авир гэхийг харж суухдаа элдвийг бодон харамсаж суув ч энэ бүгд худлаа юм шиг санагдаж байв.

Ариунд бас ангийнхаа охидод нөхрөө магтаж аз жаргалтайгаа бахархан ярих бүртээ өөрөө өөртөө атаа жөтөө, болох бүтэхгүй, мууг дуудаад байгаагаа мэдэхгүй мэдрэхгүй явсандаа их гэмшсэн. Ер нь хүн аз жаргалтай бол түүнийгээ ил гаргаж цацаж элдэв юм нэмэрлэж яриад бусдын атаархлыг төрүүлбэл өөр рүүгээ муу л юм дууддаг юм байна гэдгийг ой тойндоо ортол ойлгож билээ. Хаашаа очихоо мэдэхгүй уйлж суутал дэргэд түргэний тэрэг ирж зогссон юм. Өдөржин уйлсан нүд гэрэлд нь гялбаад өвдөж зовиурлаж байв. Нэг хүн бууж ирсэн нь нөхөр минь байлаа. Хажууд ирж зогсоод “Соёлоо…” гэж сулхан хэлээд “ Энэ түргэний тэрэгний жолооч ахтай яваад тэднийд хоночих. Тэгээд маргаашнаас нагацындаа очих юм уу? оюутны байр руугаа очоорой” гэв.

Би босон гараа зангидан далайж байгаад баруун мөр рүү нь хүчтэй цохив. Өөр яах ч билээ. Болдод юу ч хэлсэн дуугарахгүйг мэдэх болохоор л тэр. Бороонд шалба норсон хүн шиг царай гарган чемодан авдар хоёрыг минь нэг нэгээр нь зөөн машины ард хийсэн ч би гүйж очин буцаан авч газарт шидлээд жолооч ах болиулах гээд л… сүүлдээ Болд жолооч ахыг “Та яв, яв” гэхэд тэрээр арван алхмын зайд эргэн харан харан машиндаа очиж суугаад бид хоёрыг ажиглаж суусан уу? яасан явахгүй л байгаад байсан. Би уйлаад л уйлаад л… Үнэхээр хүнд байв. Хамгийн гол нь бүх зүйл гэнэт байсан болохоор бодол санаа дэн дун, дүйнгэ юм шиг л яахаа мэдэхгүй болчихсон юм. Надад Болдгүй амьдрал төсөөлөгдөхгүй байсан болохоор түүнтэй зууралдаад л бас дотроо намайг хаяад гэртээ орчих вий гэсэн айдастай сууж байхдаа тэр жолоочыг машинаа асаагаад яваасай гэж дотроо бодож байв.

Болд шөнө дөл болтол миний дэргэд суун гэртээ орохгүй байсан нь “Би өнөөдөр явлаа ч бид эргэж нийлэх юм шиг санагдаад “Чамд баярлалаа” гэж хэлэн тэндээс явсан. Тэр жолоочтой нь юу ч яриагүй. Гэр хороололд гэрт нь ирэхэд хоёр жаахан хүүхэд унтаагүй хаалгаа тайлж өгсөн юм. Би “Пөөх, энэ шөнө дөлөөр ийм жаахан хүүхдүүд унтаагүй аавыгаа хүлээж байгааг мэдсээр байж яагаад гэр рүүгээ яараагүй юм бол. Болд “Та яаж ийгээд хүлээж байгаад аваад яваарай гэж урьдчилаад хэлж байж. Олон хүүхэдтэй айл байх нь. Тэсэж нэг хоноод л маргааш учраа олно доо” гэж бодов. Гэрт ороход хоол унд гал хөс ч үгүй навсайсан айл байлаа.

Хоёр халтар жаалын нэг нь зургаан настай хүү, нөгөө нь гурван настай охин аж. Гэртээ ингээд өнждөг гэнэ. Ээж нь хаачсан юм бол гэж бодсон ч асууж зүрхлээгүй. Жолооч ах надаас юу ч асуугаагүй. Өдөржин уйлсан тул толгой өвдөөд өвчин намдаах эм нэгийг гуйн уугаад зааж өгсөн орон дээр нь унтаад өгөв. Унтахдаа “Маргааш заавал сургууль руугаа явна шүү” гэж бодоод унтсан ч үд хүртэл унтчихсан байв. Сэрэхэд дөрвөн бүлтийсэн нүд орны өмнө ширтээстэй зогсож байсан юм. Аавыгаа асуугаагүй байхад “ажилдаа явсан” гэлээ. Би босоод гэрийг нь цэвэрлэв. Цэвэрлэж дуусаад жолоочийг ирэхээс өмнө нагацындаа очмоор байсан ч тийшээ очвол Болд тэднээс айгаад над дээр ирэхгүй юм шиг санагдаад жолоочийнд хүлээсээр л … маргааш нөгөөдөр…

олон өдөр чимээгүй тэднийд байсаар байв. Би Болдыг хэзээ нэгэн цагт “Уучлаарай” гээд ороод ирнэ гэж боддог бас яг ороод ирж буйгаар төсөөлөн бодож сэтгэлээ хуурдаг байсан. Салан салтлаа бид хоёр биеэндээ хайртай байсан гэдэгт би итгэдэг байв. Харин би сургуулиасаа жилийн чөлөө авсан юм. Ангийнхандаа ганц гайхуулдаг юмнаасаа салчихсан болохоор тэднийг харах нүүр халуун байлаа. Тэгээд ч сэтгэл санаа хэцүү байн байн тархи толгой өвдөж мэдрэлийн эмнэлэгт хэвтэхээс наах нь юм болж байв. Нөхөртэйгөө яавал буцаад суух вэ? гэж элдвийг бодон өдөр хоногийг өнгөрөөдөг. Хашааны хаалга дуугархаар гүйж гарч хардаг.

Гадуур явахдаа тааралдаасай гэж залбирдаг байв. Нэг л мэдэхэд жил өнгөрсөн байлаа. Яг бүтэн жил түүнийг хүлээсэн. Жилийн хугацаанд жолооч ах нэг л удаа “Чи ядаж хөдөө гэр рүүгээ харихгүй юм уу?” гэж асуусан юм. Би шууд л “үгүй” гэж толгой сэгсэрч билээ. Жилийн хугацаанд яг л том охин нь юм шиг гэрийн ажлыг нь хийж хоёр хүүхдийг нь дүү нар шигээ асарч хоолны мөнгийг нь хүргэх гэж мэрийдэг. Хааяа жолооч ахыг оройтлоо, архи уулаа, бохир заваан хувцас өмслөө гээд загначихдаг байв. Өөрөө ажил хийдэггүй айлд байж дураараа аашлаж болохгүй гэж бодох ч төрөлхийн цэвэрч зан энэ гэрийн гурвыг загнахад хүргэдэг байсан .

Дээд сургуулиа яаж ийгээд төгсөх тухай бодогдож есөн сарыг хүлээж байтал нэг өдөр жолооч ах гэнэт осолд орж би хоёр хүүхдийг нь хажуу айлд нь үлдээгээд эмнэлэгт сахисан юм. Эмнэлгийн хүн бүр л намайг эхнэр нь гэж ойлгож бидэнд “Танай эхнэр, танай нөхөр “гэж хэлдэг болсноос хойш бид хоёрын харьцаа өөрчлөгдөж хоёр биенээ өөрөөр харах болж ирсэн. Жолооч ахыг эмнэлгээс гарах үед бид сэтгэлтэй болж удалгүй жирэмслэж билээ. Дээд сургуулиа төгсөж чадаагүй харамсал надаас өдөр өдрөөр холдон одсон ч хуучин нөхрөө ор мөр сэтгэлээсээ арчиж хаяж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Нөхрийг маань Доржбат гэдэг. Надаас арав ах. Өмнөх эхнэр нь өөр эр дагаад хөдөө явчихсан юм гэсэн. Намайг анх ирэхэд сэтгэл санааг минь өргөх гэж ихэд мэрийн үзвэр үйлчилгээ үзүүлэх гэж тасалбар авчирч өгнө. “Ахын дүү ингэж болохгүй.

Болдоос илүү сайн залуу хаа нэгтээ чамайг хүлээгээд сууж байгаа. Ийм сайхан эмэгтэй байж Болд шиг хүнийг хүлээгээд уйлж унжаад сууж байдаг” гээд л их олон үг хэлж надад учирлан гуйж, урам өгч магтан олон юм болдог байв. Гэрийнхэндээ сургуулиа төгсөөд хотод ажилд орсон гээд хэлчихсэн. Ариун бид хоёр нэг аймгийнх. Зэргэлдээ байрны хүүхдүүд. Бас багын найзууд. Тэр ээж аавдаа нөхөр хадмынхаа тухай юу гэж хэлснийг бүү мэд. Нэг жил өнгөрчихөөд байхад нөхрөөсөө салж өөр хүнтэй суусныг минь аав ээж маань мэдээгүй л байлаа. Харин сургуулиасаа чөлөө авсныг мэдчихсэн байсан. Гэвч хоёр хөөрхөн хүүхдийн ээж болоод барахгүй бие давхар болж аргагүй эрхэнд тэдэндээ хэлсэн. Ингээд эргэн тойрны маань хүмүүс нөхрөө хаяад нөхрийнхөө жолоочтой суучихсан гэсэн ойлголттой болж билээ.

Болдтой суухад хотынх энэ тэр гэж дургүйцээд байсан аав ээж хоёр “ Нөхрөө хаяад очиж очиж жолоочтой суухдаа ч яах вэ дээ, Толгой нь эргэсэн хог, заяа нь хаясан тийрэн “ гэж загнасан юм. Би айгаад утсаар ч ярихгүй дөлөөд л байдаг байв. Тэр үед бүх зүйл миний эсрэг мэт санагддаг байлаа. Харин өнөөдөр хуучин гэртээ олон жилийн дараа ирээд гурав дахь удаагаа Ариунтай энэ ширээний ард ярилцаад сууж байхдаа надаас салсны дараагаас өнөө хүртэл Болд Ариун хоёрын эд хогшил, эд эрхтэнд ч өөрчлөлт ороогүй байгааг хараад өөрийнхөө хувь заяанд баярлаад барахгүй байгаа ч тэр хоёрыг жигтэйхэн их өрөвдөв.

Яагаад ч юм тэдэнд үр хүүхэд заяагаагүй аж. Бүх юм нь бэлэн хүмүүс тэмцэлгүйгээр өдөр хоногийг өнгөрөөхөөр амьдралынхаа нэг цэг дээр гацчихдаг юм шиг. Үр хүүхэд ч үгүй гэр орон нь намайг эднийхээс гарахад л ийм байсан тэр л янзаараа. Хэлэх ч үг алга гэж дотроо шогшорч суулаа. Ганц л юм өөрчлөгдсөн нь хадам ээж бурхны орон руу явчихсан явдал байв. Гэхдээ өнгөрөөд удаагүй болохоор өрөө нь ч яг л хэвээрээ. Би сонсоод ирж байгаа нь энэ. Нөхөр эмнэлэгт биш компанид жолооч хийдэг болчихсон болохоор Болдын сураг тасарсан ч Ариуны найз нараас тэднийг сайхан амьдраж байгаа гэж сонсож байсан. Өнөөдөр тэр тухай нь бодоход Ариун надад бас хэсэг хүмүүст зориулж болохгүй байсан амьдралаа болж буй мэтээр ярьж байсан бизээ. Юм гэж сонин шүү…

Олон жилийн дараа л тэдний орцны айлын хүнтэй тааралдаж хадмыг асууж бие нь тааруу байгааг нь мэдэж нэг очихсон доо гэсээр ирсэн минь энэ. Болд эзгүй, Ариун байлаа. Өрөө хооронд явахдаа хүртэл алхаагаа тоолж буй мэт санагдтал хөл гараа зөөж явах нь хэт нямбай чамбай тооцоотой болсон мэт санагдав. Олон жилийн хойно нас тогтсон үедээ уулзаж байгаа тул залуу цагийнх шиг хашгирч хэрэлдсэнгүй. Тайван сууж ярилцав. Гэнэт тэр надад:

  • Чи нээх нэрэлхүү охин байж билээ. Миний нүд орой дээрээ гарах шахав.
  • Яагаад?
  • Манай хадам ээж, нөхрийн тухай надад ярьсан бүхэн чинь шал худлаа байсан. Яах гэж тэгж нэрлэхсэн юм. Ингэж хэлээд нэг их ёозгүй царайлав. Би энэ ч өнгөрсөн амьдралдаа сэтгэл хангалуун биш л юм байна даа гэж бодлоо. Гэнэт миний гэдэн хөдөлж:
  • Харин чи өөрийн гэсэн бодолгүй, туйлбаргүй хүүхэд байж билээ. Бас юу ч ярьсан үнэмшчихдэг хүнд хууртахдаа амархан. Тийм дээ ч миний үгэнд үнэмшээд анхны нөхрийн минь толгойг эргүүлээд аваад суучихсан даа. Ингэж хэлээд би түүнийг сайн ажиглалаа. Би хадам ээжийг бол мэднэ. Анхны нөхрөө бол сайн л хүн гэж боддог байсан. Тэдний тухай Ариуны хэлэх үг сонин байлаа.
  • Бас гэнэн үү? гэв. Би:
  • Харин гэнэн болоод л юу ч ярьсан үнэмшчихдэг, хууртахдаа амархан гэж байхгүй юу даа.
  • Чи ч намайг гэнэндүүлсэн дээ. Би сүүлчийн хэлсэн үгийг нь сонсоод “Өө за, энэ ч үнэхээр л өнгөрүүлсэн амьдралдаа сэтгэл хангалуун бус явдаг байх нь гэж бодов.
  • Тийм ээ, тийм. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ?” гэж үг бий дээ. Би тэр үед чамд хадам нөхөр хоёроо тэгтлээ магтаагүй байсан бол чи нөхрийг минь эргүүлж, надаас салгаж суухгүй байсан биз.
  • Би ч үр хүүхэдгүй хүн. Өнгөрүүлсэн амьдралынхаа түүхийг хэндээ ярьж сургамжлах билээ. Харин чи охидтой хүн тэдэндээ ярьж хэлж өгөх хэрэгтэй. Гэхдээ чам шиг газрын юмыг сансрынх болтол ярьж чаддаг хүн ховор байх л даа. Би гэнэт писхийтэл инээснээ, түүнээс санаа зовон инээдээ барив. Нээрээ би тэр үед яах гэж хадам нөхрөө хоёроо тэнгэрт тултал магтдаг байсан юм болоо. Хадам ээж гэрийнхээ олон юманд зөвшөөрөлгүй хүргэх дургүй байсан. Нөхөр их хажигч , унтамхай, бүх цалингаа ээждээ өгдөг ,бас их зөрүүд хүн байж. Би төгсөөд тусдаа гараад явахаар бүх юм өөрчлөгдөнө гэж бодоод тоодоггүй байсан шүү дээ. Бараг тэр хоёрын зан харьцааны тухай ингэж нягтлаж бодож тунгааж байсангүй. Гэнэт Ариуны амьдралд санаа зовж эхэллээ.
  • Болд хаашаа яваа вэ?

Мэдэхгүй ээ. Ингэж хэлэхдээ тэр нэг л хүйтэн хөндий нөхрөө тээршаасан янзтай хариулсан юм. Яг одоо түүний нүүрнээс өнгөрсөн хорин таван жилийнх нь амьдралыг уншиж чадахаар байлаа. Түүний санаа сэтгэлийг тайвшруулж гаднаас ганц шил вино авчирч хувааж уувал гэж бодсон ч худлаа ярин харамч хахир хадам, ханилгаагүй нөхөртэй болгож аз жаргалгүй амьдрал туулуулсан намайг халамцаж ирээд багалзуурдах биз гэсэн дээ дуугүй суухаар шийдэв. Харин би тэднийхээс харихаар гараад орцных нь гадаа сууж өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодож хэсэг суув. Муу ханьтайгаа суусан цагаас хойш өдий хүртэл өөрийгөө хорин хэдтэй залуу охин мэт бодож нөхрийгөө өөрийнхөө өмнө бөндөгнүүлж бөхийлгөсөөр ирснээ ухаарав.

Тэр минь “Намайг яаж тоосон юм болоо. Их эмчтэй сууж байсан шүү дээ” гэж боддог ч юм уу? бүх олсон мөнгөө надад л зориулж ирсэн. Би яах вэ? чи минь сайн сайхан харагдаж байвал гээд олсон долсноо над руу сарвайдаг. Хүн амьтанд намайг л магтаж ярьдаг. “Манай хүн чинь надаас болоод л дээд сургуулиа төгсөж чадаагүй. Уг нь мундаг хүн шүү дээ” гээд магтана. Дээд сургуульд сурч байсан болохоор минь мундаг гэж боддог шиг байгаа юм. “Яс юман дээрээ бол би чинь очих газаргүй оочих аягагүй гудамжинд сууж байсан хүн. Тэрийгээ мэдэхгүй бас ухаарахгүй нөхөртөө ихэрхэж иржээ. Яасан азаар эднийд ирэв ээ.

Ингэж гэмээ ухаарах гэж бодлоо. Олон хүүхэдтэй сайн ханьтай орох оронтой, унах унаатай сайн сайхан амьдраж байж өдий хүртэл “Би Болдтой сууж байсан бол” гэж байнга тархиндаа бодож өнөөгийн амьдралаа голж ирсэн бодлоо таягдан хаяхаар шийдэв. Эртхэн Ариун, Болд хоёрын амьдралын үнэнийг сонсож байхгүй яав даа гэж дотроо халаглав. “ Болдтой сууж байхад нөхрөө магтаж хүн бүхний хор шарыг малтдаг өвчин минь өдий хүртэл илааршаагүй дахиж тийм л амьдралыг хүсэж явснаас халамжтай сайн ханиа голж өдий хүрснээ ингэж нэг ухаарах гэж. Ямар азаар Ариун Болд руу сээтэн хаяа вэ? Хэрвээ би Болдтой сууж байсан бол өдийд үр хүүхэдгүй байж мэдэх нь…за за юун тэнэг юм бодчихов доо. Ариун бид хоёр чинь өөр хүмүүс “ гэж бодон, босож нөхөр үр хүүхдүүд рүүгээ, ухаарсан шинэ амьдрал руугаа яаран алхаллаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds