Өгүүллэг

БАРИВЧ ӨГҮҮЛЛЭГ

Тоодгор жаахан баривчыг тэврэн хэнгэнэтэл уйлах залуухан ээж, хаад нэг үнэгчлэх жаалхан үр. Болороо ээжийнхээ баривч оёхыг харах дуртай. Юм хөгжөөд ямар л бол ямар хувцас дэлгүүрээр нэг байхад ах эгчийн шинэ төрсөн жаалуудад ээж нь заавал нэг баривч оёж өгдөгсөн.

Тэрнийгээ мөн ч их баясгалантай оёно. Даавуугаа сонгох, оёж эхлэх өдөр судраа харах, оёдлоо дахин дахин шалгаж үзэх гэх мэтээр өнөө муу алгын чинээ баривч оёх гэж их л юм болдог байлаа. Оёсон хойноо ч мөн зүгээр байлгахгүй.

Дахин дахин хөхрөөд л ийм хөөрхөн жаахан амьтан байх гэж хэмээн амандаа бувтнах нь эгээ л балчир хүүхэд шиг. Үнэндээ тэр баривчыг оёж байхыг нь л харснаас өөрт хэрэгтэй гэж бодож байсан нь насан залуу Болороод үгүй билээ.

Орчлонгийн жамаар ижий нь оройн дээд хөх тэнгэрт залраад, ижий үгүй 10 хавар өнгөрөхөд өөрөө ээж болон, гурав дахь үрээ тэвэрчээ. Гэлээ ч түүнд хэн нэгэн хэзээ ч шинэхэн хүүхдэд нь гээд баривч барьж ирсэнгүй.

Зориулж хийгээгүй болохоор зорьж авсан ч үгүй. Шинэхэн үрийг нь харахаар ажлынхан нь эргэж ирлээ. Үйлчлэгч эгч мөнгөгүй байна гээд багахан баривч чамд оёж явуулсан гээд нягтлан хүүхэн мушилзав. Юу юугүй нүдийг нь бүрхэх нулимсыг Болороогийн аньсага тогтоож дийлсэнгүй.

Өнөөх баривчыг шүүрэн авч энгэртээ наан эг маггүй мэгшин суух залуухан ээжийг яаж аргадах учраа олохгүй сандран тэмтчих ажлын эгч дэмий юм авчирсанаа гайхан өөрийгөө буруутган сууна… Тоодгор жаахан баривчыг тэврэн хэнгэнэтэл уйлах залуухан ээж, хаад нэг үнэгчлэх жаалхан үр. Баривчинд багтдаг бяцхан хүсэл… ХУЛАН /Hulan Diamond/

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds