"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Хийлч- Нэгдүгээр хэсэг

Нэгдүгээр хэсэг-Цасан цагаан даашинзтай, мушгирсан гил хар үстэй, гантигаар сийлчихсэн шиг зэгзгэр гоолиг бие хаатай, гань залуухан гоо бүсгүй зураасгүй мөлчгөр хүзүү, тэгшхэн мөрөө донжтой хөдөлгөн ганхасхийснээ, гэнэт хийлийнхээ маш нарийхан дээд өнгөнд тулгаснаа, тэгснээ бүр доошоогоо оруулж, ерөөс энэхүү ертөнцөөс ганцаараа тасарсан мэт сүмбэн цагаан хуруунуудаа чавхдасан дээгүүр хараа гүйцэгдэмгүй гүйлгэж байлаа.

Гайхамшиг Энэ чинь юу вэ Дурын хийлч гар хүрэхийн аргагүй нөгөө Кабалевскийн симфони байна шүү дээ”… Хачинаа… бас… үүнд бас ор байхгүй дорно зүгийн чамин сувд аваачаад шигтгэчихэж гээч… гэж Москвагийн их театрын хамгийн өмнөх эгнээнд суусан оросын хоёр суут хөгжмийн зохиолч аяархан шивнэлдэхийг хийлч бүсгүй яахин сонсох билээ.

Хажуудаа суусан нойтон алчуур мушгичихсан шиг үрчлээтсэн гооногор урт хүзүүтэй, дундад зууны хатагтай шиг сийсгэр торон хар малгайныхаа дор гүн бодолд дарагдсан авгай руу хандаж,Эрхэм ардын жүжигчин гуай минь Чиний анхи галзуу залуу насыг чинь энэ дорнын цахлай шиг бүсгүй санагдуулахгүй байна уу? гэхэд,Дуугүй чи минь Урлагийн тэнгэр бурхан шилээ харуулна шүү,чимээгүй юун минийх надаас өөр өөр тасархай тансаг төгс хэний ч гаргаагүй аяз түрүүхэнд яс зураад өнгөрөх шиг боллоо та хоёр маань тохитойхон байгаач надад битгий саад болоод бай, дараа дараа гэж дотносог хэрнээ уцаарлангуй шивнэснээ торгон сиймгэр алчуураар нулимсаа арчлаа.

Савхан нарийхан хуруунууд нь эх биеэсээ салан алдан хийлийн дөрвөн чавхдас дээгүүр гүйснээ гэнэт хийлийн өнгө часхийснээ, нэг утас нь тасарч, гялтганан санжигнахыг их театрын тайз руу тусгасан өдрийнх шиг цэлийлгэх гэрэлд ойрын хүмүүс байтугай арын хүмүүс ч харчихаар байв. “Ээ бурхан минь xайран охин хайрхан хөгжим одоо яанаа” гэж түрүүчийн хөгшин авгай тодоос уулга алдах нь сонсогдлоо. Гэвч бүсгүй дутуу гурван утсан дээр юу ч болоогүй юм шиг дуусгахад, тэр бүсгүйн торомгор хар нүдэнд нулимс сувд шиг гялтганав. Бүсгүйн хасын цагаан хацар улсхийх хийх шиг болсон хэрнээ хашийн шүдээрээ ярсхийн инээмсэглэн мэхийн ёсолчихоод жаахан охин шиг хөнгөн дэгдсээр хөшигний цаагуур оров.

Ялаа ниссэн ч тод сонсогдмоор амьсгал даран сонсч байсан хүмүүс гэнэт ухаан орох шиг дүнгэнэлдэн нижигнэтэл алга ташсаар…”Браво” гэж хашгиралдсаар… тал шиг цэлийх тайз руу бөөн бөөн сарнайг ар араас нь шидсээр байв. Галуун хүзүүт мөнөөх авгай, “Гайхамшиг…яана гэнээ гуравхан утсан дээр байхгүй өнгөө тааруулж шигтгэж тогтооно” гэдэг чинь миний байтугайн зүүдэнд ч ороогүй… Парижийн чих ч сонсоогүй…Энэ чинь нөгөөх “Паганины шулмасын” үл үзэгдэх гар байна шүү дээ. Аяа..бас дутуу утаст хийл ингэж бүтэн дуугардаг юм байж дээ, үзээгүй юмаа ч үзлээ…сонсоогүйгээ ч сонслоо” гэхэд, хажуу дах туранхай өндөр өвгөн хөгжмийн зохиолч, “Хэлэх үг алга…би хаа байгаагаа ч мэдэхээ болиллоо…хаанаас гараад ирсэн хэн гээч вэ?” гэж толгой сэгсрэн, нөгөөдөх рүүгээ хандахад, “Байз хө…түрүүчийнхээсээ гарч чадахгүй байна. Надад бол “Өдрөөр гэрэл бариад ч олдохооргүй хөгжимчин юм гээч” гэж өөрийн эрхгүй дуу алдлаа.

Хийлч бүсгүй тайзны ард дахь өрөөнд оронгуутаа гоо мөрөө чичигнүүлэн нулимс унагаснаа, ”Ийм ёрын юм тохиох гэж…яагаад..яагаад…ямар чөтгөр нь хаанаасаа гарч ирээд утсыг минь тасалчихав аа? Золтой л тайзан дээр ухаан алдаад уначихсангүй…Ёох…Зүрх амаар сугарах шахлаа. Хөлгүй юм шиг агаарт дүүжлэгдэх шиг боллоо” гэхэд, буржгар халимагтай өндөр гоё залуу

Үргэлжлэлийг дараагийн мэдээнээс үзээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!