"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Хийлч- Хоёрдугаар хэсэг

ХОЁРДУГААР ХЭСЭГ– Афродита минь өшигний араас сэм харахад, зарим хүний чих дахиад ургах шиг, зарим хүний толгойд алтан эвэр ургах шиг надад санагдлаа, тайвшир…хонгорхон минь… биеэ барь…зүрхээ дар…гарынхаа алга руу үлээ…би чамайгаа чанга тэвэрье. Цаана чинь хүмүүс театрын цонхонд цав суутал хашгиралдсаар, алга нижигнүүлсээр байна. Май…хайр минь… энэ хамгийн сүүлийн үеийн хийлийг аваад гарч үз…чи минь одоохон…цаана чинь сүйд боллоо“ гэхэд бүсгүй ёгхийх зүрхээ дарснаа, гэнэт огцом биеэ тэгшлэн эрсхнээр, “Үгүй ээ…хонгор минь… би наадахыг чинь авахгүй…харж байгаарай зүрхнийхээ судсаар хийлийнхээ гурван утсыг дөрөв болгоно. Азийгаа…энэ монголоо бүхлээр нь энэ санжигнасан утастан дээрээ үүрчихээд гараад ирнэ” гэж толгойгоо бардам өргөхөд, дэвүүр сормууст хархан нүд нь цог шиг асч гялалзав.

Үгүй ээ…хонгор минь…энхрий минь…ийм юм хаа ч байхгүй…Ганц утас гэдэг чинь энэ дэлхийг бүхлээр нь багтаах хөг. Долоон өнгө доголон болно.Хөггүй хөг гэж байдгийг харуулнаа”, санаа зоволтгүй. Харин хайрт минь миний бяцхан зүрхийг гар дээрээ тавиад тэврээд зогсч байгаарай, зүрх хатгаад байх шиг.Зөрүүдхэн минь дээ миний үгэнд ор май энэ хийлээр.Үгүй ээ би өөрийнхөөрөө.Энэ олны шуугиан алга ташилт хашгираан исгэрээ тэр хойно хойноосоо цахлай шиг дүүлэн ирж байгаа сарнай…үзэгчид суудал дээрээ тогтож ядаж байна, одоохон гаралгүй болохгүй…за би тэвэрье үнсье.

Чи миний дотор луу өнгийдөг болоосой…энэ их дуу чимээ…тасарсан утас…юу ч харагдахгүй их гэрэлэнд угийн эмзэг зүрх яаж цовхчихыг хардаг ч болоосой…Чихээ бөглөөд зугтмаар байна…хоёр хөлийг минь тушчих шиг болж байна. Гэхдээ чинийхээ хэлснээр гарнаа…хоёулаа шүү… үзүүлээд өгнө гэхэд,Хуримаа хийгээд удаагүй найруулагч залуу, “Афродита минь…хайрт хонгор минь…”Хэнтийн өндөр ууланд” шүү” гэж араас нь чанга хашгирснаа сая л анзаарч амаа барив.

Бүсгүй юу ч болоогүй юм шиг яралзтал инээмсэглэж, мэхэсхийн ёсолсноо, тасарсан утсаа дээшээ барьж харуулахад, сүлд модны чимэглэл шиг санжигнан гялтагнаж байлаа. Үзэгчид “ӨӨӨ ӨӨӨ” гэсэн аялгыг нэгэн зэрэг амнаасаа гаргах шиг болсноо дахиад л эргэн тойронд чихээ бөглөчихсөн мэт дүлий дүмбэ… чив чимээгүй нөмөрлөө. Гагцхүү их гэрлийн бүрхүүл дотор л ямар нэг үл үзэгдэх шумуулын далавч шиг тааварлашгүй юм чичигнэн сэрвэгнэх шиг болсноос өөр хөдөлгөөн хааны ордоос хавьгүй тансаг илүү цул алтан чимэгтлэлт эртний буурал бадрангуй театр хоосорсон юм шиг чимээ алдарчээ.

Уулын хормойг ороосон манан будан алгуур дээшээ хөөрсөн хосгүй үзэсгэлэнт ой хөвч…гол горхины боргио, сэнгэнэсэн агаар салхины хөөмий исгэрээ…тэртээд хөхөө ч донгодох шиг… Төгсгөлийн аязыг аадар бороо шаагих шиг хийснээ хийлч бүсгүй далайн усанд хөл алдах шиг ганхасхийсэн ч согоо шиг гоо биеэ цэгцлэн барьж чадав.

Ай урлагийн бурхан тэнгэр минь, харж байна уу? энэ чинь хаанахын, аль орны бүсгүй вэ? “Буурал үсийг минь шүргээд өнгөрөх галт шувуу” шиг яасан хачин юмс болоод өнгөрөв өө??? гэж түрүүчийн гурван алдартан бие бие рүүгээ гайхширан харлаа. Ахин дахин нижигнэтэл алга таших нь хэдэн зуунаар гайхамшигийн дор толгой бөхийхөө больсон өвгөн европын алтан тайз дорнын аугаа их хийлч, дорнын гоо үзэсгэлэнт дагинаас салж ядаж байх шиг байлаа.

Алга ташсаар…Чамгүй хугацаа өнгөрөхөд, өндөр хадан хясаанаас хүрхэрээ нүржигнэн буух шиг бүүр ч хүчтэй нижигнүүлэв. Энэ агшныг дарах мэт тайзан дээр тас хар богино хормойт хувцастай цав цагаан цамцан дээр эрвээхэй зангиа зүүсэн өндөр гоолиг залуу цээжин дээрээ гурван утастай хийлээ барьмаг болсон, мушгиа торгон үс нь задгайран доошоо асгарч, зүүн гар нь доош унжсан хун шиг бүсгүйг өргөсөөр гарч ирэхэд, театрынхан тэр чигээрээ дуу алдан “Юу вэ? Яанаа ухаан алдчихав уу? амь тавьчихав уу?” гэж шивэр авирхийн хиртхийлээ.

Царай нь барайж хөхөрсөн залуу эмгэнэн өршөөл эрэх мэт ёсолсноо, нулимсаа тогтоож ядан уруул ам нь өмөлзсөөр бие нь чулуу шиг хөшсөн түүнийгээ тэвэрсээр тайзны араар ороход том хүрэн хөшиг зугуухан хаагдав.Тэр тасарсан утсанд учир байна. Утас ч биш, энэ бүсгүйн зүрхнийх нь судас юм байж…тэр нь тасарчихлаа…зүүдний цагаан мананд толгой эргэн зогсох шиг боллоо” гэж шивнэлдэн айдас хүйдэс, бахархал гуниг хүн бүхний нүүр царайд илрэхэд, агуу их театрын асар том болор унжлагат гэрлийг гурвантаа унтрааж, гурвантаа асаахад, “Ай хөөрхий энэ их театр хэдэн зуун жилийн түүхэндээ хоёрхон удаа гэрлээ ингэж гурвантаа унтрааж ёсолсон гэдэг.

Дорнын суут хийлчийн өмнө их театр маань өвдөг сөхөрлөө. Тэртээх таньж мэдэхгүй оронд байтугай, дорнод Азид хийл хөгжим байхгүй гэж боддог байсансан. Морины дэл хийсгэн, нүцгэн талаар л нэг их давхилдсан айхтар ширүүн дориун нүүдэлчид л амьдардаг орон гэсэн…тэнд ийм торгон сонгодог уянга…ийм хосгүй хөг аялгуу байдаг байжээ…бидний нүд сохорчээ… энэ хийлч бүсгүй сүүлчийн мөчид эх орныхоо тугийг мандуулчхаад тэнгэрт заларлаа даа, хөгжмийнхөө хэлээр диваажингийн орны охин шүү гэдгээ хэлчихлээ. Хумсны толионы чинээ жижигт л очир алмааз илүү гялалздаг юм шүү дээ, тэр орон жижиг байж болно…гэхдээ том орон байн хоёр суутан минь” гэхэд үг дуугүй дүмбийсэн хоёр сонгодог хөгжмийн суутан санаа алдсанаа үг дуугүй толгой дохив

Охин хонгор насандаа гоо үзэсгэлэнгээ гайхуулж, өвгөн өрнө дахиныг тэр чигээр нь шагшруулж, өвдөгөндөө мөргүүлж бишрүүлж явсан бөнжигнөсөн галуун хүзүүт цуутай хийлч авгай толгойгоо бөнжигнүүлэн, За боллoo боллоо.. жинхэнэ их урлаг ийм хувь тавилантай …би ч бас ингэж алтан тайзан дээрээ сөхрөхийг мөрөөдөж, бодож явсан юм шүү. Одоо бол газрын эмгэн хумс шиг болчих нь чинээ санасангүй… Миний өмнө арай л эзэн хаан сөгдөөгүй юмсан…тэр бүхэн худал байж… “Хун шувуу нуурандаа жигүүрээ хумьдаг даа” гэж өөртөө шивнээд, ганган хийцийн зандан таягаа тулан, их театрынхаа аварга том болор унжлагат бүрхүүл өөд харсаар байвай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!