Одууд

Б.Жаргалсайхан: Ханьтайгаа учираагүй бол би Бөх болох гэж байсан юм

Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг Ардын жүжигчин цолоор шагнахаар болжээ.Өдгөө 57 настай түүнийг ард түмэн “Хасар” Жагаа хэмээн алдаршуулдаг. Тэрээр 1964 оны 5 сарын 2нд Дундговь аймгийн Мандалговь хотод төржээ.

Б.Жаргалсайхан арван жилд байхдаа, 1977 оноос 1982 он хүртэл тухайн үеийн Пионерын ордонд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва багшийн үндэсний болон чөлөөт бөхийн дугуйланд хичээллэж байсан гэдэг. Тэрээр чөлөөт, самбо, үндэсний бөхийн чамгүй олон тэмцээнд оролцож байжээ. Тэрээр “Говийн эр хүнээс дутахгүй, эрэмгий, бяр тэнхээтэй бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл нь миний ээж байгаа юм.

Ээж минь бадируун том биетэй, их тэнхээтэй хүн байсан гэдэг. Моринд эрэмгий, морь унах дуртай байсан гэж ярьдаг юм. Ээжийн талынхан ер нь том биетэй хүмүүс. Ээжийн төрсөн ах нь цэргийн заан Дарамбазар, манай нутгийнхан Дамбаа заан гэдэг. Батсуурь аваргатай хамт цэргийн алба хааж, барилдаж явсан хүн” хэмээжээ.

Тэрээр 1981 онд Ж.Гүррагчаа баатрыг сансарт ниссэн өдөрт зориулсан социалист орнуудын залуучуудын олон улсын тэмцээнд 90 кг жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн ажээ.Хожим Москвад сурч байхдаа оюутны спортын наадамд оролцон түрүүлж, 70 рубелийн шагнал хүртэж явснаа ярьсан байдаг. Б.Жаргалсайхан 1982-1987 онд Москва хотын Театр Урлагийн Дээд Сургуулийг төгссөн юм.

Спортын хүн болно гэж бодож явсан тэрээр санамсаргүй байдлаар урлагийн сургуульд орсон байна. Тэрээр аравдугаар ангиа төгсөх жилийн хавар тэмцээний бэлтгэлд гараад “Залуучууд” зочид буудалд байрлаж байжээ. Түүний ангийн хүүхэд ирээд “Жагаа Москвагийн Театр, урлагийн сургууль жүжигчний мэргэжлээр хүүхэд шалгаруулж авч байна” гэж хэлжээ. Тэгтэл тэрээр “Тэр надад ямар хамаатай юм. Тэмцээнд орох гээд бэлтгэл хийж байхад” гэж. Гэтэл “Чи ойлгохгүй байна уу. Алтан Москваг үзэх юмсан гээд хүсээд байдаг биз дээ. Шалгалт өгөөд тэнцчихвэл мөрөөдөл болсон Москвагаа үзнэ шүү дээ” гэж найз нь ятгажээ. Ингээд тэрээр шалгалт өгөөд үзтэл тэнцсэн байна

Ингэж л Москва хотыг үзэх сонирхолдоо хөтлөгдөн жүжигчний мэргэжлийг сонгосон ажээ.Тэрээр ЗХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт Анатолий Дмитриевич Папонов гэж алдартай хүний шавь болжээ. МонголчуудПапоновыг “Эрдэнэ нуусан гар”, “53 оны хүйтэн зун” зэрэг киноны дүрээр нь, мөн “Ну погоди” хүүхэлдэйн киноны чононд дуу оруулсан гэдгээр нь андахгүй биз ээ. 1987 онд Москвагийн Театр урлагийн сургуулийг төгсч ирсэн тэрээр н.Доржсамбуу найруулагчийн “Халуун газар” хэмээх жүжигт анхы дүрээ бүтээжээ.

УДЭТ-таа одоог хүртэл ажиллаж, олон сайхан дүр бүтээсээр байгаа тэрээр У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Парис, “Хаан түүх III”-ын хаан Саргуун, “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Гофмаршал, “шөнө амталсан нулимс” жүжгийн Төмөр, “Парисын дарь эхийн сүм” Клопен зэрэг сэтгэлд хоногшсон олон жүжгийн дүрийг тайзнаа амилуулсан авьяастан юм

Түүнийг хүмүүс “Хасар” Жагаа хэмээдэг. Тэрээр 25 настайдаа Хасарын дүрийг бүтээжээ.Тэрээр нэгэн ярилцлагадаа “Дүрээрээ овоглуулж явна гэдэг жүжигчин хүн бүхэнд олдоод байдаггүй том хүндэтгэл билээ. “Хүмүүс надаас асуудаг. “Хасарын дүрд хэдэн настай байхдаа тоглов” гэдэг. Би “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй, хутганы ир шиг 25 насандаа Хасарын дүрийг бүтээсэн” гэж хариулдаг. Кино гарсны дараа хүмүүс “Хасар” Жагаа гээд дуудна. Эхэндээ би тийм дуртай байгаагүй. Жаахан ичих шинжтэй байв. Сүүлдээ дассан. Одоо Хасар Жагаа гэж дуудахгүй бол бараг эргэж харахгүй шүү. За за худлаа. Энэ наргиа шүү. “Хасар” Жагаа гэдэг нэр, үзэгч, ард түмнээс надад өгсөн хамгийн том бэлэг” гэжээ.

Тэрээр гурван удаа Хасарын дүрд тоглосон байна. Л.Эрдэнэбулган найруулагчийн “Үхэж үл болно Чингис хаан” киноны Хасарын дүрд, Б.Лхагвасүрэн гуайн зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Баатарын “Атга нөж” жүжигт Хасарын дүрд тоглосон байна. Мөн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хасарын түүхэн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээжээ

Ард түмэндээ “Хасар” Жагаа хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ардын жүжигчин агсан Г.Гомбосүрэн гуайн халааг авч, өвлийн өвөө болоод удаж буй. Тэрбээр өвлийн өвөө хэмээх хүндтэй, эрхэм ажлыг 2004 оноос хойш хийж байна.Түүний гэргийгУлсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУГЖ Г.Урнаа гэдгийг хүмүүс андахгүй мэднэ. Драмын сайхан хос гэгддэг тэд оюутан байхдаа танилцжээ. Б.Жаргалсайханыг Москвагийн театр, урлагийн сургуульд шалгалт өгч тэнцээд Эрхүү хотод хэлний бэлтгэлд сурч байхад нь танилцаж, гэрлэсэн байна. 1983 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэр бүл болсон ажээ

Тэрээр энэ тухайгаа “1990 оноос хойш монголчууд Валентины баяр, хосуудын өдөр гэж тэмдэглэх болов. Юу билээ. Нэг л танил сар өдөр байх чинь гэж бодоод, гайхдаг байлаа. Нэг өдөр бичиг, баримтаа үзэж байтал Гэрлэлтийн батлах гараад ирлээ. Нээгээд харлаа, 1983 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр албан ёсны гэр бүл болсныг, 1985 оны долдугаар сарын 20-ны өдөр баталгаажуулав гэсэн байж билээ. Оюутны ширээнээс гэр бүл болсон бид одоо ач, зээ олуулаа болчихсон явна. Сайхан өнөр өтгөн болж байна. Амьдрал баян, баялаг сайхан юм. Би спорт болон жүжигчний мэргэжилгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй” хэмээжээ

Харин түүний гэргий “Бид хоёр хоёулаа л романтик шүү дээ. Нас ахих тусам бие биедээ уусаад амьдрал сайхан. Бид хоёр 1983 онд айл болж, 2010 онд мөнгөн хуримаа хийсэн. Тэр жил би МУГЖ болоод, уг нь гавьяатын найр хийж байсан чинь сүүлдээ мөнгөн аяга сүү болоод, хуримын ордны хүн ирж 25 жил амьдарсныг батламжлаад, Жагаа маань надад сюрприз барьсан шүү дээ” гэж ярьсан байдаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!