"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

“Хүслийн цас” 14-р хэсэг

Хулангаас сонссон бүхэндээ Очирт эхлээд итгэж ядан байлаа. Тэр тусмаа Цолмон сайн дураараа, эхнээсээ мэдсээр байж, мөнгөний төлөө тийм замыг сонгосон гэдэгт бүр ч итгэсэнгүй. Өөр нэг сонссон зүйл нь өр хатгах мэт өвтгөх нь Цолмонг Ялалт гэх өвөрмонголын нууц амраг гэсэн Хулангийн үг байлаа. Цолмонгийн амьдрал төдий сайнгүй ч арай ч мөнгөний төлөө хөгшин хятадын дэвсгэр болж явна гэдэгт үнэмшиж чадахгүй л байв. Сэтгэл нь хөдөлсөндөө жолоогоо тас зууран явахад чихэнд нь Хулангийн яриа зөгийн үүр мэт жингэнэ.

Тэр үнэг мэт жарваганасан хүүхний хэлэхээр Цолмон одоо Ялалтын нууц байранд бусад охидын хамт явах өдрөө хүлээн байгаа гэх бөгөөд хэзээ мөдгүй тэндээс хөдлөнө, ер өдийд явчихсан ч байж магадгүй гэжээ. Гэвч яг хаана байгаа гэдэг асуултанд нь яаж ч оролдоод хариулсангүй, нэлээн олон оронтой тооны мөнгө нэхэж, бэлнээр авсан нөхцөлд л тодорхой мэдээллээ өгнө гээд хавьтуулсангүй. Тийм хэмжээний мөнгө байхгүй Очирт үлдсэн ганц арга болох ааваасаа тусламж эрэхээр ийн явж байна.

Санасанаас гадуур аав нь Очиртыг их л уриалагхан угтлаа. Найзынхаа осол гаргасан өмнөх хэргээс болж их л хулчигнуур байсан Очирт шууд ирсэн хэрэг зоригоо хэлж чадалгүй суутал аав нь гадуур хувцсаа өмсөөд Очиртыг асууж амжихаас нь өмнө дагуулан гарав. Тэгээд жолоочоо ч дагуулсангүй Очиртын машины урд тухлан суугаад компани луугаа явахыг тушаав. Зам турш танихгүй улс шиг дуугүй явсаар өрөөндөө орсон хойноо сая ам нээлээ.

За хүү минь, чи одоо эрийн цээнд хүрч миний ажил хэргийг үргэлжлүүлэх цаг боллоо. Би энэ айлыг өдий зэрэгтэй авч явах гэж үсээ цайтал зүтгэсэн бол одоо чиний ээлж ирж. Энэ бүх эд хөрөнгө, байр орон, машин тэрэг зүгээр ч нэг үнэгүй олдоогүй юм. Би өмнө нь хэзээ ч ажил хэргээ чамд нарийн тайлагнаж байгаагүй, харин одоо цаг нь ирлээ. Чи бол надад байгаа бүхний эрхэт эзэн. Тийм болохоор аавынхаа бүтээн босгосоныг залгамжлан авч явах нь зүйн хэрэг… гэснээ аав нь хэсэг чимээгүй болж янжуураа асаан шуналтай сороод утааг нь алгуур гарган зогсов.

Компаний ерөнхий асуудал, ажил хэргийг Очирт мэдэх учир аавыгаа юуг ингэж онцлон хэлэх гэж байгааг гайхан чимээгүй хүлээж суулаа. Нөгөөтэйгүүр аавыгаа ярьж дуусмагц Цолмонг олох тал дээр тусламж гуйхаар тэсч ядан байвч гаднаа илрүүлсэнгүй. Аав нь тамхиа татаж дуусаад унтрааж, үнсний саванд хийснээ Очиртыг өрөмдөх мэт хурц нүдээрээ нэвт шувт ширтэж,

Миний зам дандаа дардан шулуун байгаагүй. Ер нь энэ амьдралд чинь дан үнэн цагаанаараа явж амжилтанд хүрнэ гэж байдаггүй юм шүү дээ. Шудрагаар явна гэвэл өдийд чи бид өлбөрөөд үхчихсэн байгаа. Манай орлогын гол нь Хятадын хөрөнгө оруулалттай нэг компаниас орж ирдэг. Нарийн хэлбэл Хятад руу ажиллах хүч гаргадаг гэсэн үг. Хятадууд манайд орж ирж байхад юун тийшээ ажилчин гаргах гэж чи гайхаж байна уу? Гайхах юмгүй. Манай охид бүсгүйчүүд тийшээ явах гэж бараг гуйх шахдаг юм шүү дээ. Харин бидний зүгээс хууль ёсны бичиг баримт, зарим зохицуулалтыг нь хангадаг юм.

Заримдаа бас бага зэрэг өнгөлөн далдлалт ч хийх хэрэгтэй болно. Зарим охид хүүхнүүд эсэргүүцэл үзүүлэх тохиолдол гардаг болохоор бидний тусламж бас зайлшгүй хэрэгтэй. Ерөнхийдөө нэг иймэрхүү. Гол санааг нь чи ойлгосон байх. Үлдсэнийг нь чи тэр хавтсанд бэлдээд тавьсан бичиг баримтнаас үзнэ биз гээд аав нь Очиртод тэр хавтастайг үзэх цаг өгөх гэсэн бололтой өрөөнд ганцааранг нь үлдээгээд гарлаа. Аавынхаа компанийг ийм ажил хийдэг гэж төсөөлөө ч гүй явсан Очирт мэл гайхаж цэл хөхрөх гээч болж, хавтастай бичиг баримтыг эхнээс нь аваад сайтар үзлээ. Эхнээс нь гүйлгэн уншиж байхдаа нэг мөрөн дээр нүд нь шууд тогтсон нь “Барын савар” гэсэн нэрийг олж харсан хэрэг байлаа.

Очиртын аав “Барын савар” компанитай хамтарч зөвхөн өнгөрсөн онд гэхэд 80 гаруй охидыг урагш нь гаргажээ. Хацар гоо монгол охид ийн бараа таваар мэт ачигдан гарч хэдэн халтар төгрөгний төлөө биеэ худалдан бузарлагдаж яваа гэхээс нүд нь харанхуйлах шиг болж, аавыгаа ийм хэрэгт хутгалдсанд бүр ч их гутарлаа. Хамгийн сүүлийн хуудсанд энэ удаа гаргах охидын нэрс байхыг Очирт шунамхайран унштал хамгийн сүүлийн мөрөнд Мэндбаярын Цолмон гэсэн нэр цагаан цаасан дээр тодоос тод зурайж байх нь тэр. Цочирдон балмагдсандаа хөлөрсөн гараараа хавтастайг тас атгаж, толгойд нь зүсэн зүйлийн бодол эргэлдэн байтал аав нь хаалга онгойлгон өрөөнд орж ирлээ.

Очиртыг аавынхаа ажил хэргийн үнэн төрхийг мэдээд гайхаж балмагдан байх энэ мөчид Цолмон цонх байтугай агаар орох нүх ч байхгүй гэлтэй хонгилын харанхуй өрөөнд ам нь боолттой, гар нь хүлээтэй хүйтэн хана налан сууж байлаа. Ялалтын машинд суумагц хэн нэгэн нүдийг нь боон гарыг нь багласан учир хотын хаана байх, эсвэл хотын гадна байгаа эсэхээ ч үл мэднэ. Ийм байдалтай 7 хоносон учир хамаг бие нь чилээрхэн, цохиулж өшиглүүлсэн газрууд нь тэсвэрлэшгүй хөндүүрлэн шархирч байлаа.

Тогтохбаярын Хонгорзул, “Зүрхэн шивнээ” номоос

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds